Сөрөг зурвас

0 Сэтгэгдэл бичих:
Бэсүд Ч. Эрдэнэ

              Хөрөнгө мөнгө гэж юм байна. Төр түмэнд нөлөөтэй юү, нөлөөтэй. Түүнээс чухал нь төрийн нэр хүнд, засгийн нэр төр гэж бас байна.
           Өнөөдрийн УИХ,  Засгийн газарт улс орноо энэ өвөл өл, гал хоёр алдуулахгүй онд оруулаад сонгуультай мэнд золгуулахаас өөр эрхэм зорилго байж болохгүй. Үүнд л төвлөрч, өдөр дутмын ажил албаа гүйцэтгэмэр болохул их юм. Өөр элдэв долоон хий хоосон юм оролдон нэрээ хорлож, нүүрээ баастах хэрэггүй. Ямар элэнцгийнх нь Үндсэн хуулийн өөрчлөлт байх вэ. Хугацааныхаа эцэст Монгол Улсыг самарч орхиод талийж огт болохгүй. Том асуудлыг хугацааныхаа эхэнд хүчилж шийдээд хариуцлагаа хүлээхийн тулд  өөрсдөө туршдаг байхгүй юү. Тэр төсөл нь гэж товчдоо галзуу хүний өдрийн тэмдэглэл гэгч л байна билээ.
           Аливаа чухал шийд аргын хувьд хүнд, билгийнхээ хувьд энгийн байдаг. Нийгэм-улстөрийн түвшин дэхь тулгуур шийдэл өнөөгийн Монголын нөхцөлд ганцхан: энэ нь намын гишүүнчлэлийг хориглох. Хамаг бузар булайн үүр уурхай нь намын гишүүнчлэл гэж дээр дооргүй мэдэж л байгаа. Гэхдээ манайд өнөөдөр ухаан хүрч шийдэх асуудал даанч биш. Асуудлыг тодруулж амны гарз болгоод юүхэв. Ганцхан юм хэлье. Намын гишүүнчлэлийг хориглохгүйгээр Монголд юу ч нэгээхэн ч өөрчлөгдөхгүй. Одоо яая гэхэв, чадахгүй юманд арга байхгүй.
              Монголоо дотоодод нь самарч болохгүй гэх газаргүй. Болно,болно, болохгүй юм гэж байхгүй. Харин гадаад бодлогын салбарт?!
            Гадаад бодлого бол дотоод бодлогын үргэлжлэл гэдэг. Шөнө нь зүүдлээд, өглөө нь гэнэт “Байнга төвийг сахих статус” гэж орилоод босоод ирэхнь үнэндээ сэтгэл мэдрэлийн талаасаа хүнд ноцтой тохиолдол.Энэ чинь Үндсэн хуулиар тунхаглах эсэхдээ хүрэх том асуудал. Энэ чинь тусгаар тогтносон бүрэн эрхт Монгол Улсын дэлхийн тавцан дахь оршихуй, түүний олон улсын үйл ажиллагааны чөлөөний зэрэгтэй холбогдох стратегийн асуудал. “Байнга төвийг сахидаг тусгаар тогтнол” гэдэг ойлголт эхнээсээ логик зөрчилтэй. Хэнд ч хэрэггүй, юунд ч оролцоогүй Монгол Улс байх юмуу.  Дотоод самуурлыг гадаад бодлогод үргэлжлүүлэх албагүй. Нарийн ширийн нь энэхүү   зурвас тэмдэглэлээс үлэмж хэтрэнэ.
                    Хожим хойно санаатай санамсаргүй улс төрийн хорлон сүйтгэх үйл ажиллагаа гэж үнэлэгдэж тун болзошгүй хийрхлээс өнөөдрийн төр засаг татгалзваас өлзийтэй. Өдөр дутмын асуудлууд, мөнөөх хоёр толгойтойгоо ноцолдвол барав. Том асуудлуудын шийдийг удахгүй болох сонгуулиар бүрэлдэх дараагийн төр засагтаа үлдээ.
          Улс орон ядаж байхад АСЕМ-ын уулзалт гээч юмыг толгой дээр авчраад лай хураачихлаа. Ийм байгууллага, иймэрхүү уулзалтаас ямар нэг тоймтой юм дусч гарахаа больчихсон аг үе. Барууны хэвлэлд “doom and gloom” нөхцөл байдал гэж тодорхойлдог болсон. Шийдэх юм байгаад, тэгээд шийдэхдээ хүрвэл Их долоо юмуу, Их найм, Их хорийн дээд хэмжээнийу улзалтуудын асуудал байна.
          Хуучин үед Эвсэлд үл нэгдэх орнуудын үндэсний мэдээллийн агентлагуудын байгууллага (NANAAP) гэж байв. 105 гишүүнтэй. 1992 онд байх, МОНЦАМЭ агентлагийг хуралдаа уриад салдаггүй. Бараг өдөр алгасахгүй телекс ирүүлээд байх. Хурал ньТегеранд болохюм. Зардал мөнгөгүй гээд суугаад байлаа.Тэгтэл Ираны ИРНА агентлаг онгоцны зардлыг нөхөж олгоно гэж шавдууллаа. Явлаа. Хуралдлаа. Гэтэл зардлаа нөхүүлэх гэж хичнээн хөөцөлдөөд бардаггүй. Муусайн персүүд хэзээнээс ийм муухай гэж хор хөдөллөө. Ази, Номхон далайн мэдээллийн агентлагуудын байгууллага (OANA) гэж бас байна. Тэндээ бол МОНЦАМЭ нэр нөлөөтэй, би олон найзтай. Тэднийгээ нэг орой цуглуулаад хэллээ, энэ NANAAP-ын удирдах байгууллагад МОНЦАМЭ сонгогдъё, дараагийн ээлжит хурлыг Улаанбаатарт авъя, та бүхэн зохион байгуулаад ац гэлээ. Ёсоор боллоо. Тэгээд мартчихсан, 1990-ээд онд ямар элэнцгийнх нь 105 орон оролцох хурлыг Монголд хийх юм бэ. НАНААП хурлаа хийхийг хэдэн жил шаардсан. Хурлынхаа зардлыг НАНААП даах юм бол бид бэлэн гээд хэвтчихсэн. Тэгээд ээлжит хурал нь орхигдсоор байгууллага нь сураггүй болсон. Персүүдээс хариугаа ингэж авсан. Муухай л юм. Гэхдээ олон улсын харилцаанд байдаг л практик.
АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг сенсаац түвшинд хийх боломж бий. Миний мэдээллийг сонсгох. Өнөөгийн төр засагт ухаан хүрэхгүй л дээ. Харин сонгуулийн дараа асуудал хаашаа эргэх бол?!



Leave a Reply

Labels