Бэсүд Ч. Эрдэнэ, Монгол Улсын Соёлын элч
Сошиалд мэргэн цэцэн харагдаж, цаагуураа бас нэг муу улстөр горилох санаатай гэнэн балчир залуус аль олон. Нэг юмыг эхлээд анхаар. Юув гэвэл, залуус нь ёс зүй, ёс суртахуун номлож айлтгаад эхлэвээс тэр үндэстний ерөнхий төлөв тун таагүй талдаа болжээ гэсэн үг гэж эртний сургаалд үздэг юм. Уулгамч чавганц шиг чалчаа залуус сошиалаас эхлээд УИХ-аар дүүрэн. Хуучин үед хамгийн чалчаа үндэстнээр францууд тодордог байсан юм. Одоо бол монголчууд бид энэ талаар найдвартай 1-р байрт орно.
Сайн асуулт хариултынхаа хагас нь байдаг логик хуультай. Сошиалд дараахи өгүүлбэр харагдлаа. Маш чухал асуулт тавьжээ.
Боловсрол гэх мэт суурь ерөнхий
ухагдахууныг заавал тайлбарлах шаардлагагүй гэж логикт үзэх ба энэ зарчмыг
нилээд баримталдаг юм.
Гэвч
дэлхийн утгазохиолд нэг сайхан тодорхойлолт байна. “Үзсэн дуулсан, сурсан
судалсан, туршсан ажигласан бүхнээ мартаад үлдсэн нь боловсрол мөн” гэнэ.
Үнэхээр ийм л юм. Тэгвэл бүхнийг мартахаар юу үлдэж боловсрол болдог вэ? Сэтгэлгээний
соёл тунаж үлддэг. Боловсролтой хүн гэж ердөө л сэтгэлгээний соёлтой, сэтгэх
дадал заншилтай хүн. Боловсролтой хүн бодож ярьдаг, боловсролгүй нь зүгээр амаа
урдаг.
Боловсрол
гэдэг нь олон талын өргөн дэлгэр, гүн гүнзгий мэдлэг, чадварын тундас. Явцуу
боловсрол гээч юм байдаггүй. Жишээ нь, хуульч хүн ердөө л хуульчаас цаашгүй бол
боловсролгүй хуульч. Тиймээс цаагуураа маш осолтой этгээд. Энэ учрыг ойлгох нь
боловсролын эхний шат. Сайн эмч гэж зайлшгүй өргөн боловсролтон байна.
Мэргэжил
ба боловсролыг ялгаж ойлгох нь хамгаас чухал. Их, дээд сургуульд ямар нэг
хэрэгтэй, хэрэггүй мэргэжлийн онол төдийг өгнө. Мэргэжлийг ажил амьдрал дээр жинхэнэ
ёсоор олно гэх мэт.
Тиймээс
жинхэнэ боловсрол бол ямагт бие даасан
боловсрол байна. Аль олон хэрэгтэй, хэрэггүй юм сонирхон оролдож баймааж
мэдлэг, чадвар өргөжиж, ерөнхий суурь эрдэм боловсрол болдог номтой.
Анхаарах
нь, монголд боловсролын систем завхраад боловсрол замхарсан. Үндсэндээ
боловсролгүй нэг залуу үе нийхэмд орж ирж бантан хутгахын шилдэг жишээ нь манай
сошиал орчин. Одоо хоёрдахь боловсролгүй
залуу үе бэлтгэгдэж байна.
Жинхэнэ
боловсрол зөвхөн бие даасан боловсрол байна. Урьд үед бие даан боловсрох нь
хүндрэлтэй юмны нэг байлаа. Харин одоо мэдээлэл, холбооны цахим технологийн
дэвшлийн ачаар асар таатай нөхцөл боломж бүрджүхүй. Дийлэнхи олонхи мэргэжлийг
Интернетээр бие даан олж болно. Ямар ч багшаас илүү, дээр нь үнэ төлбөргүй.
Нисгэгч, эмч зэрэг зарим цөөн мэргэжлийг сургуулиар суралцаж дадлагажих
шаардлагатай л даа.
Зах
зээл, ялангуяа хөгжингүй зах зээл дээр диплом, гэрчилгээ мэтийг шаардах нь гуравдугаар
зэргийн асуудал. Чи юу мэдэж, чадах вэ л гэж асууна. Чи Интернетээр бие дааж
боловсорсон инженер, физикч, математикч байж болно. Тэгээд зүгээр мэддэг,
чаддагаа л үзүүлчих, гүйцээ.
Соёлт
ертөнцөд математик сургалтаа “Нэг
тэнэгийн чадсаныг нөгөө тэнэг бас чадна” гэсэн аксиомоор эхэлдэг. Монголд
болохоор, математик гэж хамгийн хэцүү юмны нэг гэсэн ойлголтоор улиглаад
хүүхэд, залуучуудын зүрхийг үхүүлж, сонирхлыг унтраадаг. Түүгээр үл барам, “Математик бол ерөөс тэнэг хүнд таарсан
ухаан” гэж үзэх нь бий. Математик нь зөв буруугаа өөрөө газар дээр нь
шалгадаг ухаан. Учир нь математик бол хамгийн тодорхой ухаан.Гэтэл, жишээ
нь, 20-30 намтай Монголд чи улстөр
судлаач байх гээд үз.
Математик
бол хүнийг ухаантай болгодог мэт Монголд мулгуутдаг. Хүн гэж төрсөн ухааныхаа
хэр хэмжээгээр тэнэж явсаар дуусдаг амьтан. Харин математик нь сэтгэх цэгц,
дэглэм, ерөнхий соёлд сургадаг арга хэрэгсэл.
Орчин
цагт математик сэтгэлгээ тэргүүлэх ач холбогдолтой болсон нэг онцлогтой. Энэ нь
чамайг тоо бодоод суучих гэсэн үг хараахан биш. Тоо бодож чадах бол сайн л
байна. Гэхдээ гол нь математик маягаар сэтгэх явдал. Том компаниуд чамайг
олигтой ажилд авах эсэхээ ярилцлагаар шийдэх байх. Ингэхдээ чиний сэтгэлгээний
арга маягийг тодруулах гэж оролдоно. Математик маягийн сэтгэлгээ нь ерөнхийдөө
алгоритм сэтгэлгээ юм. Ямар ч асуудлын шийдэл нь ямар нэг алгоритм байна.
Оновчтой сэтгэхийн үр дүн нь эцэстээ алгоритм. Жишээ нь, ЖДҮ-үүд байна. Аль ч
ЖДҮ дотоод, гадаад зах зээлийг эзлээд авах боломж зарчмын хувьд ямагт бэлэн
байна. Харин тухайн ЖДҮ-ийн алгоритм нь?
Цаашлаад,
одоо оршин буй та бидний өнөөгийн төв Монголыг Чингисийн Монголын эн цард
хүргэн сэргээн мандуулах зорилго байж болно. Үүний алгоритмыг миний бие
зохиосон. Тэгээд уг алгоритмын шийдвэрлэх алхмууд хэдийнэ хэрэгжчихсэн. Эцсийн
ганц алхмыг төр засаг хийх ёстой, гэхдээ хийсэн ч,байсан ч онцын ялгаагүй, учир
нь зөв алгоритм гэж автоматаар хэрэгждэг юмыг хэлдэг.
Хүн
гэж оюун ухаант амьтан. Логикоор сэтгэдэг амьтан гэхшүү ойлголт. Та бид маань Оюунт Хүмүн (Homo Sapiens) хэмээх нэгэн
зүйл дээд сармагчны төрөл дотор байна. Ухаантай, тэр тусмаа шинжлэхүй ухааны
мэдлэг эзэмших чадвартай гэх утгаар Homo
Sapiens Sapiens гэж сүүлийн үед ярьж бичдэг болсон. Гэвч хүний ухаан
үнэмлэхүй хүчин чадалтай эсэх асуудал зайлшгүй яригдаж таарнаа даа. Шинжлэх
ухаанд шийдвэрлэвэл зохих ганцхан суурь асуудал үлдсэн. Энэ нь онолын физикийн
эцсийн онолыг нээн боловсруулж, улмаар орчлон ертөнцийн бүхий л үзэгдэл юмсыг
нэгхэн аксиом буюу учир шалтгаанаар тайлж тайлбарлах асуудал.Энэ асуудлаар
дэлхийн суут ухаантнууд ХХ зууны турш оролдсон боловч хүч хүрээгүй өдий хүрсэн
юм. Энэ ньхүний оюун ухаан тийм ч үнэмлэхүй бусыг харуулж байна.
Гэтэл
танай хажуу орц, хамар хашааны нэг муу монгол миний бие тэрхүү эцсийн онол буюу
супернэгдлийн онолыг нээн олж, 21-р зууны эхний 20 жилийн турш боловсруулан
төгсгөсөн сацуу одоо дэлхийн ШУ-ы даяар хүрээнд хүлээн зөвшөөрөгдөөд байна.
Хүлээн зөвшөөрөх нь байтугай, миний нээлтүүдийн тухайд чих нь ч хөдлөхгүй
суугаа сохор нохой бол Монгол маань. Хоцрогдсон ядуу нийхмийн харгай л даа.
Норовын Тэгшбаяр гэдэг хүн сошиалд бичихдээ “Манайд би тийм ч мундаг математикийн нээлт хийлээ гээд яриад явдаг
хачин хүмүүс мэр сэр бий. Энэ бол шал худлаа гэдгийг хэлчихье” гэжээ.
Уншигч
та боловсролтой хүн байх. Үгүй ядахдаа та 5-р анги төгссөн. Энэ чинь дангаараа
маш том боловсрол. Одоо та эл Тэгшбаярын мундаг мэдэгдлийг үнэлж цэгнэх гээд
үзэхүл сайн дасгал болох юм. Молхи ард, толхи судлаач миний бие аймшиггүйеэ
үгүүлэх нь: “Тийм ээ, Бэсүд Ч. Эрдэнэ
сонгодог цэвэр математикийн салбарт олон их нээлтүүд хийсэн нь супернэгдлийн
онолын түүхэн аугаа их нээлтэд хүргэсэн юм”. Эрдэнэ нь үнэхээр ийм л хачин
хүн. Ер нь бол өндөр түвшний судлаачид сонин хачин хүмүүс байх нь нэн олонтааг
дурдъя. Үй олон тэнэг, элдэв солиотын ертөнцөд ганц юмуу, цөөн хэдэн эрүүл нь
хачин харагдахаас өөрцгүй.
Нөгөө
талаас Тэгшбаяр “Энэ бол шал худлаа
гэдгийг хэлчихье” гэжээ. Эндээс та ямар нэг учир начиргүй улангассан галзуу
солиорол мэдрэхгүй байна гэж үү? Гэхдээ
энэ бол улстөрөөр ухаангүй хийрхдэг манай сошиал сүлжээний ердийн хэм хэмжээ, төрөл
жанр шүү дээ. Үүний цаана монголын нийхмийн сэтгэлгээний эрүүл ахуй ноцтой
алдагдсан аюул эмчилгээгүй болтлоо урхагшсан дүр зураг тод илэрч буй юм.
Тэгшбаяр
нь математикийн сэдвийг хөнджээ дээ. Дэлхий даяар математикчид математикаар
хоол хороож явцгаана. Тэдний эцсийн зорилго нь математикт ямар нэг нээлт хийх.
Улмаар түүхэнд орох, хувийн зэрэг зиндаагаа өсгөх, үндэстнийхээ нэр төр, алдар
гавъяаг өргөн дэвшүүлэх. Жишээ нь, Аттилын Хүннү, Чингисийн Монголын нэр төр,
эрхшээл нөлөөг сэргээн батлахын тулд хэн нэг монгол хүн ШУ, ялангуяа математикт
томоохон нээлт хийвээс зорилго бүрнээ хангагдах юм. Харин та бидний монголчууд
хэтэрдэг заншлаараа хэтрээд дэлхийн ШУ-д бүр түүхэн хосгүй аугаа их нээлт хийж
орхилоо. Иймэрхүү сонин хачин өрнөлийг Тэнгэр мэджүхүй хэмээн хүлцэнгүй хүлээн
авахаас өөр зам байдаггүй юм шүү.
Та
5-р анги төгссөн л бол одоо шүүгч байж маргаан таслах боломжтой, ёстой, эрхтэй,
үүрэгтэй. Орчин үеийн соёл иргэншил Танд ШУ-ч боловсролыг албадан эзэмшүүлсэн
нь зорилгогүй хийсэн дэмий ажил ч биш шүү дээ.
Математик
бол хүнээс асуухгүйгээр өөрөө өөрийгөө газар дээр нь батлах юмуу, няцаадаг ганц
ухаан юмаа гэж та 5-р ангиас мэдэж авсан байх ёстой. Ерөнхий дунд сургуулийн
программ гэдэг чинь 500 жил туршигдаж боловсорсон нилээд нарийн утга учиртай юм
цаанаа байдаг. Тиймээс математикчид ямар нэг юм ярьж хачин загнаж буй бол үгүй
ядахдаа Тэгшбаяраас өмнө ярьж буйнхаа баталгаатай болчихсон байгаа шүү дээ.
Тиймээс математикчийн өмнөөс хар сохроор шал худлаа гээдхэлчихье гэж мунагтан мунхаглаж
болдоггүй юмаа. Сэтгэлгээний соёлын нэг ийм дүрмийг сайтар мэдэх шаардлагатай.
“Тэнэг хүн сар дурандаад суудаггүй” гэсэн үг бий. Заавал тэнэгүүд математикаар
оролдоод Тэгшбаярт амьдаараа зулгаалгаад байх албагүйшд.
Ер
зөв сэтгэх тухай асуудал нь логик, сэтгэлзүй, философийн хавсарсан том асуудал.
Хүмүн төрөлтөн нь логик сэтгэлгээтэй, аа бас сэтгэлзүйтэй хосмол амьтан.
Нарийндаа бол амьтны зөн совин инстинкт ч чухал үүрэгтэй. Цаана нь бас зөн
билиг (intuition) ч байна. Бүүр цаашлаад
хутагт билиг(providence) шийдвэрлэх нөлөөтэй.
Та
тэнэг хүн биш учраас цэвэр логикоор сэтгэх чадвартай. Гэтэл таны сэтгэлзүй
хажуунаас чинь шивнээд будлиулж гүйцдэг осолтой. Тиймээс дүрэм нь юув гэвэл,
зөв оновчтой сэтгэх шаардлагатай тохиолдолдоо сэтгэлзүйгээ switch offболгоход оршино.Монгол нь монголдоо дургүй, муна
гадсандаа дургүй гэж эртний үг. Монголчуудын сэтгэлзүйн нэг чухал онцлогийг
хэлсэн хэрэг. Тэгшбаярын Монголдоо
дургүй нь түүнийг шал усан тэнэг харагдуулсан юм хэлүүлчихжээ. Угтаа ухаантай л
хүмүний үр байх, хөөрхий. Нэн ялангуяа энэхүү монгол нь монголдоо дургүй
сэтгэлзүйн уламжлалт гажиг согогыг та өөрөөсөө илрүүлээддаруй таягдан хая.
Хэн
хүн зах зээл дээр мэргэжлээ гурав сольж байж амьдарч үлдэнэ гэдэг. Ийм
шаардлага тулгардгийг одоо манайхан мэдэх байх.
Хүнд
үзүүлэх бичиг цаасгүй мөртөө элдэв бусын юм хэр чадлаараа оролдон боловсорсоор
нөр их амжилтанд хүрсэн хүмүүс зөндөөн бий. Жишээ нь, Майкл Фарадей гэх банди
бага сургууль төгссөн нэр зүүгээд дараа нь ядуучуудын мэргэжлийн сургалтаар
хуучин ном хавтаслагч болжээ. Тэгээд сониуч зангаараа алдарт химич Хэмфри
Девийн олон нийтэд зориулсан лекцэнд суух зуураа ажилд орох санаагаа хэлсэнд,
Деви нь лабораторийн шил шаазан угаах ажилд авсан нь үнэн хэрэгтээ муусайн
хуучин номоо хавтаслуулах зорилготой байв. Майкл нь шөнө ном хавтаслах ажилдаа
орж, хавтасласан ном бүрийг уншиж дуусгаад байв.
Тэгсээр мань банди өөрөө туршилт тавих
болов. Тэр үед ШУ-д онц чухал сонирхолтой нь цахилгаан-соронзон үзэгдэл болоод
байв. Фарадей 11000 гаруй туршилт тавьсны үр дүнд цахилгаан-соронзон индукцийг
нээв. Орчин үеийн өндөр дээд соёл иргэншил чинь ердөө л дангаараа ном
хавтаслагч Фарадейн нээлтүүдэд тулгуурлаж байгаа шүү дээ. Деви нь, би Фарадейд
тусласан энэ тэр юм ярьсанд, ид хүчээ авсан залуу, за хуцаарай, муу төгцөг гэж
олны өмнө зандраад дуугүй болгосон түүхтэй. Цахилгаан-соронзон индукцийн нээлт
нь зөв, буруу сэтгэхийн заагт болсон маш сонин адал явдалт сургамжтай түүх
байдаг боловч энд орхихоос аргагүй.
Фарадей
мэтийн хүмүүсийг Polymath гэх эртний
заншилтай. Фарадейн ажлыг математик онол болгосон нь Максвелл гэх боловч
Максвеллын зах замбараагүй орхисон зүйлийг эмхлэн цэгцэлж Максвеллын дөрвөн
тэгшитгэлийг бичсэн хүн нь үнэн хэрэгтээ цуут полимат Оливер Хевисайд
билээ.
1990
онд би Англид сураар одов. Очсон даруй Жон Мейжорхэмээгч улстөрийн тавцанд ихэд
тодров. 8-р анги төгссөн боловсролтой хүн гэнэ. Сангийн сайд Мейжор түүхэн
гайхамшигтай төсөв боловсруулсан гэж хэвлэлд алдаршуулав. Төдөлгүй алдарт The Times сонины маш хүчтэй нөлөө,
сурталчилгаагаар Жон Мейжор төмөр хатагтай Маргарет Тетчерыг зүгээр амбаардах
маягаар түлхэн унагаад Ерөнхий сайд
болов. Энэ бол ардчилсан нийхэмдэхь хэвлэлийн хүч чадлын гайхамшигтай жишээ
байлаа. Мейжор 7 жил ажиллаж, сайн ЕС-ын тоонд ороод байв. 8-р анги төгссөн нь
ч эргэлзээтэй хүн гэхэд дажгүй л байлаа. Гэтэл Мейжор нэг өглөө хэвлэлийн хурал
дээрээ The Times сониныг нэг үг буруу
хэрэглэсэн байна билээ гэж шүүмжлэв. Үлийгээ хийнэ вэ, зургаа зуруулна шүү дээ
гэж би энд бодож суулаа. Үнэхээр маргааш нь Таймс сонинд тэргүүн өгүүлэл
нийтлэгдэж “Манай сонинд зөв буруу
хэрэглэсэн байж магад ганц үг ухаж суух зай завтай Ерөнхий сайд цаашид хэрэггүй
болмой” гэж шууд хэлэв. Гүйцээ, бандан пад. ЕС Мейжорыг хийхэд тус сонин
нэг жил зарцуулсан байхад түүнийг буулгахад ганц сар хангалттай байсан. Мейжорт
эцэстээ ялигүй албан ёсны боловсрол дутчихсан хэрэг л дээ. Тэгэхээр боловсрол
гэж нарийн юмны нэг. Манай УИХ-аас сонин сэтгэгдэл төрдөг. Албан ёсны боловсрол
нь илүүдэхээс дутахгүй гэж хөөрцгөөдөг.Гэтэл амьдралынх нь туршлагаар тунаж
үлдсэн жинхэнэ эрдэм боловсрол нь хомс хүмүүс харагдаад байдаг юм.
Энд
би залуу үеээ жаахан доош нь хийх шиг болов уу, үгүй юү. Гэхдээ ингэх нь хаана
ч хэзээ ч байдаг заншил, тийм логиктой. Ахмад нь залуусаа өөрийсөө илүү болгох
гээд шүүмжтэй ханддаг. Өнөөгийн Монголын залуу үе бол сайхан буцалсан
пассионарууд буюу халуун цустнууд харагдаж байгаа юм. Нийт дунд нь авч үзвэл
боловсролын түвшин илт хоцрогдох талдаа болсон нь анхаарваас зохих гол
доголдол. МУИС-ийн физикийн ангид уржнан 8 хүүхэд элссэнээс ноднин 4 нь сургуулиа
орхисон гэнэ. Энэ жил 1-2 нь үлдсэн үү, үгүй юү.
Энэ
мэттэй холбогдуулан зайлшгүй анхааруулах нэг зүйл байна. Юув гэвэл, ерөөс хоёр
соёл байна. 1. Урансайхны соёл, 2. Оюун сэтгэлгээний соёл. Энэ хоёр төрлийн
соёлын зохистой харьцааг барихгүйгээр улс үндэстэн хол явдаггүй, мухарддаг.
Урансайхны соёлын хувьд монголчууд, манай залуус дэлхийд ижилгүй. Зохиолын
дууны үерт автаад живж далд орох нь холгүй байна. Хэн нэгэн зохиолын дуу дуулах
төдийд л бусад нь хэдэн зуу, мянга, түмээрээ самсаа нь шархирч, нурууных нь шар
үс босоод учиргүй ээнэгшин ухаан нь балартаж нус нулимстайгаа хутгалдан
арчаагаа алддаг дүр зураг сошиалаас илт байна. Улмаар нийхмийн ахуй орчинд нэг
тийм эмэгтэйлэг мээнэгтсэн аяс хандлага,
зан суртал ноёлж ирлээ. Энэ нь үндэсний
уламжлалд эрс харш. Цаг үргэлж дуу дуулж гэнээртэхийг монголчууд огт таалдаггүй
заншилтай. Чи одоо юугаа алдчихсан гэж гасалж ганихраад, хүмүүсийн сэтгэл
санааг худлаа гэгэлзүүлээд явдаг амьтан бэ, ухаан санаа чинь зүгээр биз гэж
загнадаг. Ер дуунд хэт шимтэх, донтох нь сэтгэцийн согогийн илрэл гэж олон
үндэстэн үздэг заншилтай. Түүнчлэн Шарка-баркаг хичнээн тэшлээ гээд, бүр
дээрээс нь журай-гэлдэнг нэмж хатирлаа гээд энэ бүхэн чинь Монголыг урагш чирэх
хөдөлгүүр, эрчим хүч даан ч биш юм. Урансайхны соёлтой нь сайхан уу, сайхан,
гэвч үүгээр өрөөсгөлдвөөс эцэстээ стратегийн нөхөшгүй хохирол амсаж хөгжлөөр нэгмөсөн
доройтоно.
Ер
аливаа үндэстэн түүхэн туршдаа зайлгүй дайрч өнгөрөх ёстой юмс үзэгдэл байдаг
бололтой. Монголчууд төрөлх хэлээрээ ном зохиол үйлдэх нь маш хязгаарлагдмал
үйл хэрэг байв. Одоо хэн дуртай нь юу дуртайгаа хэвлэх нийхмийн эрх чөлөө ч
байна, технологийн боломж ч байна. Тэгээд номын соёл сайнтай, муутайгаа
тэсрэлтийн хурдаар өрнөлөө. Шүлэг бичих, нийтлэх явдал ховроос ховор юм байв.
Одоо яруу найрагчдын тоогоор дэлхийн улс үндэстнүүдийг тэргүүлэх болов гэх мэт.
Өөрөөр хэлбэл, монголчууд орхигдсон юмаа нөхөж байна л даа. Тавилан юмдаа. Тэгвэл,
шинжлэх ухаан, технологи, техникийг мөнхүү нөхөн хөгжүүлвээс яанав? Тэр тусмаа
ШУ-ы эцсийн суурь онолыг Монголд нээж боловсрууллаа. Үүнээс өөр өрсөлдөөний
талбар цаашид байхгүй.