“Хөх Монгол бүлгэм” ТББ-ын тэргүүн Д.Гансүрэн: Харийнхны хандыг нь дарж, хэмжээнд нь байлгахыг хичээдэг

0 Сэтгэгдэл бичих:

“Хөх Монгол бүлгэм” ТББ-ын тэргүүн Д.Гансүрэн: Харийнхны хандыг нь дарж, хэмжээнд нь байлгахыг хичээдэг
МОНЦАМЭ - МЭДЭЭ 2012 ОНЫ 1-Р САРЫН 27, БААСАН ГАРИГ, 22:27

“Хас” зүүсэн хэдэн залуус үндэсний үзэлтэн хэмээн өөрсдийгөө нэрийдэж хятад, солонгосын хоолны газар, баар рестораныг рекэтэлдэг хэмээн зарим нэг хэсэг нь ярьдаг бол Үндэсний үзэлтэй, эх орноо гэсэн сэтгэлтэй залуусыг дэмждэг. Эдгээр залуус буруу зүйл хийгээгүй. Аливаа улс оронд үндэсний үзэлтэй, эх орноо гэсэн чин сэтгэлтэй ийм хүмүүс хэрэгтэй гэж ярих нь ч бий. Энэ удаагийн дугаартаа “Хөх Монгол бүлгэм” ТББ-ын тэргүүн Д.Гансүрэнг урьж ярилцав.
-Танай бүлгэм хэзээ байгуулагдсан юм бэ, Та бүхний явуулж буй үйл ажиллагааны үндсэн гол зорилго тань юу вэ?


-Манай “Хөх монгол” бүлгэм 1995 онд байгуулагдсан. Үндсэн зорилго маань улс үндэснийхээ төлөө, үүн дотроо гурван зүйлийг эрхэм болгодог. Харь гүрнүүдэд алдсаар байгаад үлдсэн жаахан газар нутгаа бусдаас харамлаж, эх нутагтаа амьдарч буй ард түмнээ бусдаас хамгаалах үүний тулд эвлэлдэн нэгдэх гэсэн зарчмыг гол зорилгоо болгодог. Эх оронч залуусын нэгдэл гэж биднийг ойлгох хэрэгтэй. Бидний талаар янз бүрийн яриа байдаг л юм. Бид хэн нэгэнд таалагдах албагүй. Үндэсний үзэл гэдэг бол консерватив буюу хуучин уламжлалаа дагах үзэл. Хүн мэдээж өнгөрснөө харж дүгнэлт хийж ирээдүй рүү явах зөв замыг олдог. Ямарваа улс гүрэн үргэлж мандан бадарна гэж байдаггүй. Түүхийн нугачаанд унаж босож , доройтож, сэргэсэн байдаг. Одоо бид нийгмийн ороо бусгаа үед аж төрж байна л даа. Ийм үед голч үзэлтэй бүлэглэл зайлшгүй байх ёстой. Тэр ч утгаараа залуучуудтайгаа цуглаж үргэлж шинийг эрэлхийлж ялангуяа түүхийн улбаанаас суралцаж үүн дээрээ дүгнэлт хийж цаашдаа яаж явах ёстой вэ гэдэг талаар олон эрдэмтэн, иргэд олонтойгоо уулзаж ярилцдаг.Манай бүлгэмийнхнийг дээрэмчид, рекэтчид гэж ярьдаг нь бидний эрс шийдэмгий хийсэн үйлдлийг дургуйцсэн хүмүүсийн яриа байж болох юм. Улс эх орноо хамгаална гэдэг нь зөвхөн бичиг цаастай зодолдоод байшинд суухын нэр биш. Яагаад гэвэл бидний үнэт зүйлс рүү довтолж байгаа довтолгоо бүх салбаруудад явж байдаг. Бичиг цааснаас гадна бие махбодид нь мэдрүүлэх шаардлага гардаг. Бичиг цаас, уриа лоозон болоод ойлгохгүй бол биед нь мэдрүүлэх үе гардаг. Би түрүүн хэлсэн газар нутгаа хамгаалах, ард иргэдээ хамгаалах нь бидний зорилго гэж. Хилийн цэргээр мануулаад байгаа ч гадаадын хөрөнгө оруулалт нэрийдлээр сайнаасаа илүү саар нь орж ирдэг. Хууль нь Монгол хүнээ хамгаалж чадахгүй байгаа бол бид ингэж тэмцэхээс өөр аргагүй. Нөгөө гадны нөхдүүд чинь Монголын хуулийг уландаа гишгэдэг шүү дээ. Мөнгөтэй бол бүгдийг хийж болно гэдэг бодолтой. Тэгэхээр бид түүнд таарсан хариу барихаас өөр аргагүйд хүрдэг. Ер нь үндэсний үзэлтнүүд аль ч улсд цөөнх байдаг. Нэг их сайн хэлэгддэггүй л дээ. Ялангуяа манайхан шиг харийн улс орныг шүтэж амьдарч байгаа нийгэмд биднийг харийнхан байнга үгүйсгэдэг нь нууц биш. Христийн сүмүүд, гадны хөрөнгө оруулагчдаас эхлээд бидэнд бүгд дургүй. Яагаад гэвэл тэдний хандыг дарж хэмжээнд нь байлгадаг улс бид. Тэдэнд бас мөнгөөр худалдаж авч болохгүй юм гэж байдаг гэдгийг үргэлж мэдрүүлье гэж боддог.
-Та нарт ард иргэдээс нэлээд мэдээлэл ирдэг биз. Гадныхан ингэж, тэгж даварч байна гэдэг ч юмуу?
-Ер нь би түрүүн хэллээ. Бүгдийг гадныхан мөнгөөр шийдэж болдог гэж. Төрийн алба хашиж байгаа нөхдүүдээс ч худалдагдсан хүмүүс зөндөө байдаг. Таван төгрөгийг нь аваад дуугарч чадахаа байчихдаг. Яг ийм үед бид л очиж хэмжээнд тавихыг боддог. Гэхдээ учир зүггүй хуулийн хүрээнээс халихгүй. Хууль бидэнд үйлчлэхээ байчихсан юм биш шүү дээ. Ард иргэд мэдээллийн хувьд хүчний байгууллагууд руу хандахаасаа бидэнд илүү ханддаг. Энэ нь бас явдалтай. Зарим нь өөрсдийн буруугаас мөнгө төгрөгөө алдчихаад бид нараар авахуулах ч юмуу, биднийг нохойд барьдаг мод шиг үзэх гээд байдаг тал бий. Бид эрх зүйн хувьд шийдэх боломжгүй. Эрүүгийн хэрэг үүсэхээр хууль зөрчсөн үйлдлийг бол цагдаагийн байгууллагад хандахыг зөвлөдөг. Гадныхантай холбоотой маш их мэдээлэл ирдэг дээ. Дашрамд хэлэхэд манай иргэд иргэний хяналт гэдгээ чангатгаасай. Иргэн хүнд эрх байдаг бол үүргээ ухамсарлах учиртай биз. Эх Монгол орондоо бид л эзэн нь байх ёстой. Эзэн нь эзэн шиг, зочин нь зочин шиг байгаасай гэж хүсдэг. Аль ч улс орон тийм л байдаг шүү дээ. Бид өнөөдөр Хятадад очоод газар нутгийг нь онгичоод алт, нүүрсийг нь олборлоно гэж байхгүй. Хууль нь, иргэний хяналт нь чанга. Оросд ч ялгаагүй. Өнөөдөр хаана дураараа дургиж байна. Миний эх оронд л гадныхан дураараа дургиж байна шүү дээ. Иргэд маань үнэхээр нунж дорой болчихжээ. Монголчууддаа хандаж хэлэхэд эх орондоо эзэн шиг байгаасай гэж хэлэх байна даа.

-Нэг хэсэг биеэ үнэлэгч янхнуудын үсийг хусаад байсан. Бас дараа нь хэвлэлийнхэнд хандаж эх орноо худалдсан албан тушаалтнуудын үсийг хусна гэж мэдэгдэл хийж байсныг санаж байна. Энэ асуудал юу болсон бэ?
-Их эзэн Чингис хаан хэлсэн байдаг л даа. “Эмс садарлавал улс мөхнө” гэж. Энэ байдал 1990-ээд оны ардчиллаас хойш замбараагаа алдсан. Хүнд өвчтэй хүнийг хүчтэй тарилга хийж эдгээдэг биз дээ. Эм уулгаад нэмэргүй. Түүн шиг бид эрс арга хэмжээ авсан. Багшраад хэнээс ч ичиж айхаа байчихсан янхнууд энд тэндгүй л байлаа шүү дээ. Одоо ханд нь дарагдсан. Гадуур та бүхэн яваад үзээрэй. Манай Монголчууд анзаарагагүй байдаг. Янхнууд бөөнөөрөө энд тэнд зогсохоо байсныг г анзаарахгүй л байгаа. Бид хэн нэгэнд тоогдож хийсэн ажлаа дөвийлгөх гэж боддоггүй. Улсаа мөхөөхгүй гэж л хийж байгаа ажил.Төрийн сайд садарлаж худалдагдах аваас төр мөхнө. Энэ л хамгийн аюултай. Өнөөдөр Монгол Улсын тамгийг атгаад эрх мэдэлтэй байгаа дарга нар харийнханд учиргүй үйлчлээд байгаа нь харамсал төрүүлдэг. Хятад хүн нэг “мо”-гийн төлөө ажилладаг. Тэгвэл Монгол Улсын төрийн түшээ, сайд хүн ард түмнийхээ төлөө нэгхэн хувийг ч гэсэн илүү гаргах гэж зүтгэхгүй байгаа юм бэ. 34:66 гэдэг муухай жишиг гарч ирээд байгаа юм бэ. Өнөөдөр Монголд уул уурхай хөгжүүльеэ гэж байгаа юм бол эхлэлийг нь ингээд булингартуулаад тавьчихлаа. Ийм юмыг хараад зүгээр сууж чаддаггүй юм. Ч.Лодойдамба гуай хэлсэн байдаг. “Би Монгол хүн гэж хэлэхийн тулд Монголын төлөө цохилох зүрхтэй байх ёстой” гэж. Муугийн үндсийг тасал гэж үг байдаг. Муу юм хийсэн бол түүнийг байхгүй болгох л учиртай. Мууг сайжруулах гэж зүтгэх хэрэггүй. Монголоос урвасан, тэрсэлсэн хүн болгон заавал хариугаа авдаг.

-“Хөх Монгол” бүлгэм 16 жил үйл ажиллагаа явуулжээ. Бид ийм юмыг өөрчилж чадлаа гэсэн бахархал бишгүй л бий биз?
-2006 онд Хотын захирагчийн тушаал гаргуулж Улаанбаатар хотод ханз үсгээр бичсэн бүх хаяг адрессыг цэгцэлсэн. 7 дугаар сарын 1-ний үймээний үеэр Сүхбаатар дүүргийн цагдааг бухимдсан иргэд баллахаар байсан. Бид хамгаалж хэнийг ч оруулаагүй. Эв нэгдлийн үзэл гэдгээрээ цагдаа ч монгол хүн гэдэг үүднээсээ хандсан. Цаашид эв нэгдлийн үзлээ баримтална. Бид Ливи, Сири шиг болж болохгүй. Түүх бэлхнээ хэлдэг шүү дээ. Монголчууд хоорондоо алалдвал бусдын идэш болдог.

-Бүлгэм толгойлоод янз бүрийн л үйл явдалд оролцдог биз. Сэтгэл санааг тань эмзэглүүлсэн ямар үйл явдал тохиолдож байв?
-Ер нь янз бүрийн муухай үйлдэл зөндөө гарна. Эзэн хүн зочин хүн хоёрын байр өнөөдөр солигдчихсон. Бид нар Увс аймгийн Бөхмөрөн суманд явж байлаа. Монгол Улын гол горхины цэвэр усны ихэнх эхүүд нь нурууд мөнх цас, мөсөн голоосоо ундардаг. Уулын оргилоос бууж байгаа цэвэр усны ундарга дээр хятадууд алтны уурхай байгуулчихсан байсан. Тэр уурхайгаас доошоо буугаад явж байтал нутгийн иргэд нэг овоохойд орчихсон таараад байдаг. Та нар яагаад ингэв гэж асуусан. Алтыг дагаад газрын хүнд элементүүд гараад ирдэг юм байна л даа. Тэр хүнд элементүүд урсгал усанд орохоор хүн, мал ууж болдоггүй юм байна. Нутаг бэлчээрийн гол амин сүнс ус. Тэр усыг уусан малын гэдэс нь цэрийж үхээд байхаар нь бид үхэхээс нь өмнө аймгийн төв оруулж зарж борлуулах гэж байна гэсэн малчид малаа туугаад яг харх шиг амьдарч байгаа таарсан. Нялх нойтон үр хүүхдээ дагуулчихсан өнөө маргаашаа өнгөрөөж яваа хөдөөний ард түмний ийм дүр зурагтай их таардаг. Хамгийн эмзэглэж бодож явдаг зүйл бол Очирбат ерөнхийлөгчийн үед “Алт” хөтөлбөр хэрэгжсэн. Монголын өчнөөн газар орныг сүйрүүлж байж авсан алт хаачив. Миний ойлгож байгаагаар тухайн үед 250-300 тонн алт олборлосон гэж байсан. Энэ олборлосон алт нь дэлхийн хэмжээнд тухайн үед 1 унац нь 300-450 доллар байсан үе. Гэтэл үүнийг гадаадад худалдчихсан байдаг юм билээ. Одоо 1 унц алт 1665 доллар байгаа. Үүнийг харьцуулаад бодохоор 4-5 дахин ашигтай байгаа биз. Ухсан нүхээ яриад анхаарал сарниж байх хооронд авсан алт хаачив гэж тэр үеийн Монгол банкны удирдлага, эрхтэн тушаалтнуудаас асуумаар санагддаг. Өнөөдөр энэ ухаан сийлээд нөөцөлж байсан бол дэлхийн зах зээлээс 10 тэрбум орчим долларыг алтаа барьцаалж зээлээд Оюутолгой, Тавантолгойгоо бид өөрсдөө шийдэх болмжтой байлаа. Монголыг сүйдэлчихлээ шүү дээ. Энэ санаатай юу, аль эсвэл санамсаргүй юу гэдэг нь сонирхолтой асуудал болж үлддэг. Огт уул уурхайгүй бай гэж хэлж байгаа юм биш. Хэдхэн том уурхайг дэмжээд, энд тэнд гол, горхи уул, усны ам болгонд байгаа уурхайнуудыг цэгцлэх хэрэгтэй гэж боддог. Урт нэртэй хууль нь одоо болтол шийдвэрлэгдээгүй явж байна. Газрын хэвлий дэх баялаг ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна гэдэг хууль хэрэгжихгүй байгаа биз. Ард түмэн юуг нь мэдээд байгаа юм бэ,юу ч очихгүй байгаа шүү. Цэвэр луйвар. Аймшигтай дүр зургуудтай ард түмэн маань дасал болоод эвлэрчих вий гэж эмзэглэдэг.

-Хятад, Солонгосын ер нь гадныхны баар, цэнгээний газруудын тоог гаргаж байв уу?
-Хүнсний аюулгүй байдал айшигтай болсон. Солонгос ресторан, хоолны газар гэхэд Улаанбаатарт 80-аад, Хятадтайгаа 200 гарчихдаг. Булан тохой болгонд байдаг. Саяхан манай Даяар Монгол хөдөлгөөнийхөн Мэргэжлийн хяналтынхантай хамт шалгалт хийхэд үнэхээр сэжиг хүрмээр мэдээлэл гарныг хэвлэл мэдээллээр цацсан. Хамгийн сэтгэл эмзэглүүлээд байгаа нэг асуудал бол архи. Архи бол Монголчуудыг живүүллээ. “Азийн чоно”-д хордож үхсэн хүмүүс ийм л архи ууж бид амь насаа алдлаа гэдгийн жишиг болсон. Гэтэл үүнд дүгнэлт хийгээд архины үйлдвэрүүдийг цөөлөх шалтаг гарсан ч яагаад хөдөлдөггүй юм бол. Х.Баттулга сайдын гаргасан уриалгыг үнэхээр дэмжсэн. Ардаа архины үйлдвэртэй, уул уурхайтай хүмүүсийг төрд оруулж болохгүй гэдгийг. Тэд нар улсаа хөгжүүлэх биш өөрсдөдөө зориулсан хууль батлах гэж орж байгаа юм. Архи үйлдвэрлэдэг хүмүүс чиний хийсэн архийг хичнээн аавын хүү ууж амьдралгүй болж, амь насаа алдаж байна вэ, хичнээн олон гэр бүл салж сарниж байна вэ, хэдэн хүүхэд өнчирж байгаа бол гэж. Гудамжинд унаад хөлдөж үхэж байгаа хүмүүсийг харахаар сэтгэл эмзэглэдэг. Дэлхийд алкагол хэрэглэлтээрээ топ 10-т тууж явна шүү дээ. Ийм цөөхөн ард түмэн байж. Архи л ер нь биднийг сүйрүүлэх нь байна. Их гүрнүүдийн явуулдаг бодлого бол өдөр тутмын хэрэглээгээр нь дамжуулж боомилдог. Төмс, хүнсний ногоогоо иргэд тарьж, гурилаа тээрэмдээд хэрэглэж байгааг хараад харин баярладаг. Монголчууд төмсөө өөрсдөө тарьж байхад Хятадаас орж ирж байгаа төмс, хүнсний ногоог яагаад хааж болохгүй гэж. Өнөөдөр Монголд хийж болох юм бүгдийг гаднаас авах хэрэггүй. Гаалийн татварыг нь өсгөж төрийн зохицуулалт хийх хэрэгтэй гэж бодогддог.

-Танай бүлгэмд хичнээн залуучууд байдаг вэ? Ер нь та бүхний үзэл үйл ажиллагааг хэр дэмждэг вэ?
-Хичнээн хүн байдгийг хэлэх шаардлагагүй. Залуучууд улам дэмжих болсон. Эрдэмтэд их дэмждэг. Тэд чинь үндэсний үзэл санаа, эх оронч үзэл байж эх орон оршин тогтнодог гэдгийг мэдэрсэн улс. Манай хүндэт гишүүний нэг Бэсүд Ч.Эрдэнэ гуай байдаг. Сүүлийн үед Төрийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүс их дэмждэг болсон. Манай бүлгэмийнхэн бүгд өөр өөрийн мэргэжил, ажил албатай хүмүүс. Цуглууд л зодоон хийгээд явдаг улс гэж ойлгодог юм шиг байгаа юм.

-Бүлгэмийн чинь бэлгэ тэмдэг хас байдаг. Үүнийгээ уншигчдад сонирхуулахгүй юу?
-Ч.Эрдэнэ гуайн “Их гурвалжин” номноос хасын тухай тэндээс ойлгож авсан. Монголчуудын өвөг хүн төрөлхтний өвөг юм шүү гэдгийг дэвшүүлсэн их сайхан ном. Хасын тухай маш дэлгэрэнгүй байдаг. Хасын тухай нуршаад яах вэ.,Үл дийлдэх, бат бөх, хосмолын гээд олон шинж чанартай. Мөнх тэнгэрийн хүчийг агуулж байгаль дэлхий, ертөнцийн үүслийг өөртөө агуулж байдаг. Хүнийг шинэ сэдэл, санаа руу дагуулж, өдөөдөг, анхаарал татахуйц тотем шүү дээ. Ямар ч байгууллага өөрийн шүтдэг тотем бэлгэдлээс мандан бадрах, мөхөн доройтох үүдэлтэй. Үл эвдрэхийн бэлгэ тэмдэг хамгийн тэгш хэмтэй гоё дүрс. Өвөг дээдсээс маань үүдэлтэй. Чулуун зэвсгийн үед хамаарна гэж Эрдэнэ гуайн номд байдаг даа.

Д.Догсмаа

Leave a Reply

Labels