Мухар сүсэг, сохор итгэл

0 Сэтгэгдэл бичих:
Мухар сүсэг, сохор итгэл


Бэсүд Ч. Эрдэнэ ( "Чинад Нууцын Монгол Орон" номоос)



         Хүний мөн чанарын зүйл. Үнэн хэрэгтээ гэм хороор багахан шинж чанарын зүйл. Атомын физикийг үндэслэгч Нильс Борын цаашдын үйл ажиллагааг Данийн шар айрагны концерн дэмжих зорилгоорхүрээлэн байгуулж өгсөн нь дэлхийн шинжлэх ухааны нэг сонгомол төв болсон түүхтэй. Барилгыг нээхэд хаалган дээр нь морины тах хадчихсан байжээ. Барууны заншилаар бол азын бэлгэдэл юм. Хүмүүс гайхаад, одоо та хүртэл ийм балай юманд итгэдэг хэрэг үү гэсэнд Бор: итгэдэггүй хүнд ч гэсэн аз авчирдаг гэсэн шүү дээ гэжээ. Их сэтгэгчийн бодол буруу биш. Бэлгэдэл зүйн цаана билигзүйн шийдэл ямагт байна. Морины тах хадлаа гээд лав л гай болохгүй.

        Ямар ч юмыг мухар сүсэг болгодог амьтныг хүн гэнэ. Учир нь хүний сэтгэхүй гэж асар нарийн нийлмэл үзэгдэл бөгөөд түүний нэг элемент нь мухар сүсэгт автамтгай байдал. Мухар сүсэггүй хүн гэж угтаа байдаггүй. Байгаль нийгмийн хуулиар байж болдоггүй. Мухар сүсэггүй шинжлэх ухаанч царайлдаг хүмүүс захаас аван олдох ба тийм дүр эсгэх нь их инээдтэй харагддаг.

        Шинжлэх ухаан бол жинхэнэ мухар сүсгийн үүр уурхай. Учир нь тухайн үед шинжлэх ухаан мэдэж, хэлж байгаа нь цаанаа үнэхээр ямар нэг баталгаатай байдаг. Ямар нэг баталгаатай юм уу, баталгаатай мэт учраас мухар сүсэг, сохор итгэл болчихдог.

       Бид дээр электрон соронзон моментын гажгийг 10 секундэд тооцож үзүүлсэн. Гэтэл түүнийг 10 жил тооцох хэрийн тийм аймшигтай хүндрэлтэй юм байх ёстой гэсэн мухар сүсэг сонирхож байна. Үүгээр парадигм буюу тогтсон “үнэн”-үүд өөрчлөгдөж байна. Бүхий л мухар сүсэг бут цохигдож, парадигмууд өөрчлөгдөхийг шинжлэх ухааны хувьсгал гэнэ. Тийм юмыг монгол хүн хийж чадахгүй гэвэл мухар сүсэг. Чадах ёсгүй гэвэл тэнэгтэхийн дээд хэлбэр. Чадсан байсан ч хүлээж авахгүй гэвэл төрийн хэрэг, түмний үйлсээс урвасан хэрэг болно. Урвалт цаазтай. Цаазтай гэдэг нь бүрэн хориглосон гэсэн үг. Хориог давж, цаазыг эвдвээс цаазын ялтай. Түгээмэл энэ хууль ардчилалд мартагдсан байж болно, гэхдээ санах хэрэг гарна.

       Исаак гэдэг хүүхэд муу сурдаг, ухаалаг хүүхдүүдэд их дээрэлхүүлдэг байжээ. Тэгээд бодож, бэлтгэж байгаад нэг өдөр нэг томыг нь барьж авч тонгорч унагангуут мордож аваад балбачихсан гэдэг. Энэ мууг зодчихож байгаа юм чинь энүүн шиг сайн сурна гэж шийджээ. Тийнхүү их Ньютон төржээ. Хэрэв дунд сургуульд сурсан дүнг нь авч үзвэл Альберт гэдэг жүүд бандиас горьдох юм даанч байхгүй. Цюрихийн техникумд ч гавиагүй. Патентын товчоонд доод зэргийн түшмэл байх даа л Эйнштейн гэнэт гарч иржээ. Энэ мэт жишээ хангалттай олон. Хүний тавиланг тааж мэдэх аргагүй. Тэр хэрээр түүх бас таагдашгүй.

       “Сайн лам нутагтаа шавьгүй” гэдгийн эквивалент хувилбар нь “No prophets in their own land, Нет пророка в своем отечестве” гэх мэт аль ч соёлд олдоно. Хүний мөн чанарын зүйл бөгөөд маш нуугдмал мухар сүсэг юм.

        Бодончар мунхаг гэж элдэв балай юм сэтгэж, хэл ам таталдаг нэгэн байсан нь эх сурвалжаас лавтай мэдэгдэнэ. Ах дүү нар нь тэвчилгүй түүнийг хариглаад гэрээсээ хөөчихөж. Мань хүн хээрээр гэр хийж явахдаа шонхор шувуу гаршуулан галуу бариулж шарж идсээр, айл хунараар орж идээ цагаагаар бор ходоодоо болгосоор уджээ. Гэрийнхэнд нь гэнэт хэрэгтэй болсон уу, яасан түүнийг эрж сурсаар олж очжээ. Бодончар мунхаг бас л болсонгүй, тэнд эх адаг, эзэн харьяалалгүй хэсэг иргэн байна, дагуулъя гэжээ. Тэгээд дагуулсан байна. Энэ бол Эзэнт гүрний эхлэл байлаа. Зуун зууныг эзлэн өрнөсөн энэ их түүхэн үйл явцын улс төрийн анхдагч суурь теоремыг Бодончар мунхаг дэвшүүлжээ гэсэн үг.

    Өнөөгийн дэлхий гэж бас л эх зах, цэгц замбараагүй бужигнаж будилсан нилээд хэсэг иргэд юм. Тэднийг нэгмөсөн дагуулах үндэслэл, хүчин зүйл манай гарт орлоо. Дагуулъя.

   Суурь теоремууд ямагт мунхаг юм эхлээд харагддаг. Өөрөөр байдаггүй ийм логиктой. Сайн ламдаа шавь орж баймааж улс орон, үндэстэн угсаатан урагшилдаг болохыг мухар сүсэг болгож авахтун.

Leave a Reply

Labels