Бандан Пад

0 Сэтгэгдэл бичих:
Бэсүд Ч. Эрдэнэ
Гэнэт хэвлэл, сошиалаар “Абдул Карим гэж яасан сайхан буянтай хүн бэ?” гээд шуугиад явчихлаа. Яг үг нь энэ. Үгийг нь авиа үсэг, ацаг шүдний зөрөөгүй ишлэж байна. Яав, юу болов?
                      Балгас гэвэл биш гэх аргагүй юм болгоод хаячихсан ч барилгынхаа хувьд Монгол Улсын түүхэнд холбогдох томоохон объект Төрийн ордныг зүүн талаас нь түших. Уг нь бол Улсын хэвлэлийн комбинат.
                      Балгас болсон барилгыг 7 тэрбумаас эхэлж дуудаад 24 тэрбум хүргэж арилжжээ. Газар нь гайгүй үнэ хүрчээ л гэсэн үг.Гэвч Чингисийн талбайн буланд гэхүл чамлалттай.  Авсан эзэн нь Абдул Карим гэх ирак гаралтай хүн гэнэ. Катарын отог гэж том юм нийслэлд байдаг бололтойн эзэн нь юмуу, эсвэл эзнийх нь суурин төлөөлөгч бас энэ хүн гэнэ.. Катарын Карим нь Монгол Улсын иргэн болсон, Баян-Өлгийн харъяатын үнэмлэхтэй сураг сонинд байна.
                      Монголд маань ядаж шувуу байх боломж хаалттай болсон шиг. Монгол Улсын хуулийг зөрчин Катарын отог гэгчид 60 гаруй идлэг шонхор хоригдсон мэдээгээр шалгаж үзжээ. Хөөрхий гэмгүй жигүүртний лав 35 нь монголчуудаас Катарын батлан хамгаалахын сайдад барьсан бэлэг гээд халгаасангүй гэнэ. Шувуу барих гэж амаргүй ажил. Катарын сайдад зүгээр сэтгэлийн сайхандаа бэлэглэхийн тулд манайхан ховордсон хэдэн шонхорын үлдсэнийг олж барих гэж хөдөө хээрээр хэсэж мөн ч их зүдэрсэн нь лавтай. Ийм ард түмнийг гайхамшигтай гэхгүй юм бол өөр хэнийг.
                       Отог буурьны эзэн гэх Катарын сайд хошууч генерал Хамад бин али Ал-Аттийа манай хүнтэй саяхан уулзаж, сонирхсон асуудлуудаараа ярьж хэлэлцсэнээр үл барам монгол-катарын цэргийн хамтарсан сургууль хийсэн нь олон улсын анхаарал татжээ.

                      Энэ үүднээс Доха нийслэлтэй Катар улс гэж хаанахын юу билээ гэсэн сонирхол манай олон нийтийн хэтэрхий шувууч, харамгүй өглөгч бус зарим хэсэгт төрөхгүй гэх газаргүй. Катар нь Исламын шашны сунни чиглэлийг баримталдаг улс боловч катарчуудын дийлэнхи олонхи нь ваххаби урсгалд нэгддэг гэнэ. Оросын Умард Кавказын террористууд бол гол төлөв ваххабистууд бөгөөд их гүрний зүрхэнд орчихсон үзэгдэл.Энэ нь катарчуудыг террористууд гэсэн үг биш л дээ. Катарт шариатын хууль бүрнээ хүчинтэй үйлчлэдэг байна. Тиймээс Катар нь иргэний улс бус, шашны улс гэж харагдах боловч энэ нь  тэдний дотоод хэрэг. 

                      Бидний хувьд Катарын олон улсын тавцан дахь нэр нөлөө, үйл ажиллагаа нь анхаарал татах нөхцөл байдал үүслээ гэлтэй. Персийн булангийн жижигхэн цөл хагас аралд орших боловч байгалийн хийтэй баян улс. Ямар нэг Рахим нэг муу балгас авах бол зүгээр нохойн наадам.Сайд нь бол Улаанбаатарыг авъя гээд мөнгөө бэлэн тоолж чадахуйц улс гэвэл Катар. Далайн түрэлт лүгээ их мөнгөний урсгалыг улсынхаа төсөвт тусгаж тайлагнадаггүй улс. Ганц гэр бүлийн улс. 

                     Аливаа улс орны гадаад бодлого нь дотоод бодлогын үргэлжлэл гэдэг. Ийм логиктой. Дотооддоо ваххабист урсгалын үзэл санааны улс болох Катарын гадаад бодлогын асуудал эхнээсээ хар төрүүлэхгүй гэх газаргүй. Хий хардах нь нэг хэрэг. Харин олон улсын судалгаа, дэлхийн хэвлэл мэдээлэлд юу гэж тоймлож байна вэ? Аль-Каида, “Исламын улс” зэрэг террорист бүлэглэлүүдийн гол санхүүжүүлэгч, бас зэвсэг нийлүүлэгч нь Катар гэж нэг мөр нийтлэг үзэж байна. Алан хядагчид гэхээр гахай нүцгэн, нохой явган баахан хүмүүс дуртайдаа бороохой шийдэм барьж гүйлдээд буй юм хэрхэвч биш. Терроризм бол тодорхой ба тодорхойгүй эх үүсвэртэй маш том санхүүжүүлтэд тулгуурлан мөнгөөр зодож буй үзэгдэл болохыг сүүлийн үес онцгой анхаарах болсон байна. Арабын ертөнцийг хуйгаар нь сүйрүүлээд буй үймээн хувьсгалуудын санхүүжүүлэгч ч АНУ-ын холбоотон Катар гэж хэлэлцэх болов. 

                      Гэлээ гээд энэ бүхэн нь 1971 онд тусгаар тогтносон Катар улсын бүрэн эрхт бодлогын хэрэг. Бидэнд падлийгүй байлтай байтал гайхалтай нь,Монгол Улс холбогдоод ирж байна.Бүр гайхалтай нь, байнга төвийг сахих маягийн юм өндөр индрээс орилж зарлаад эхэлсэн Монгол Улс терроризмыг санхүүжүүлэгчтэй цэргийн салбарт хүртэл уялдаад ирэхээр хэн юу гэж ойлгох бол. Наад зах нь хойт урд хоёр хөрш маань гэхэд терроризмд эмчилгээгүй аллергитай. Катарчууд Оросын элчинг барьж зодоод алчих шахсан удаатай. Дипломатын түүхэнд тохиолдоогүй зүйл. Тухайн үед Орос тэгэсгээд өнгөрүүлсэн бол одоо Катарын үйл хөдлөлийг шүд зуун занах байдалтай болсон байна. Синайн тэнгэрт дэлбэлсэн оросын онгоцтой ч Катарыг холбосон үг хэл гар ч л байна. 

                      Д. Сүхбаатарын нэрэмжит хэвлэлийн комбинатын ор суурь дээр Катар тэнгэрт тулсан нэг юм барьж таарна, юухан байхав. Ямар нэг юмны юмуу, нилээд олон юмны төв болохдоо л болно. Төрийн ордны доторхийг харах сонсох нь энүүхэнд хэрэг.Яасан сайхан буянтай улс вэ гээд баахан монголчууд ваххабист болохгүйг урьдаас үгүйсгэхэд бас хэцүү. Хошууч генерал байтугай, Катарын ард жинхэнэ аврага зогсож байхыг үгүйсгэхгүй. 

                      Катарын отог суурин бариулсан, Абдул Каримд иргэншил олгосон, сайдад нь сүрэг шувуу бэлэглэсэн гэх мэт нь шан харамж бүхий өгөө аваатай ажил байсан нь мэдээж боловч байдаг л зүйл. Абдулд зориулж дуудлага худалдаа хийгээгүй байх, гэхдээ байхдаа бас байдаг л юмны нэг.Болохгүй юм Монголд байхгүй. Гэхдээ Монгол Улсын үндэсний эрх ашгийн зүйлийг огт огоорох нь одоохондоо арай эртдэнэ гэж хэлмээр байгаа юм.

                     Олон хөлт гадаад бодлого гэх нь сайхан нэр, сэрүүн зүүд. Будлиу бидний хувьд осолтой тоглоом.Жаран хөлт олон хөлнийхөө учрыг олох гээд эргүүтэж үхсэн гэдэг. Катар хэмээх хөл тань мөнгөнийхөө хүчээр Монголыг байтугай чирчихэж чадна, чаддагийн жишээг эрж явалтгүй байна. Монгол руу тавьсан энэ хөлний цаад толгой нь хэн, юу бол? Стратегийн зорилго нь? 

                    Дашрамд боловч зориуд дурдваас зохих нэг асуудал бий. Улаанбаатар хотын хөгжилт,барилгажилтын асуудал. Хөл тавих зайгүй боллоо. Монголын хүн амыг нэг хонхорт төвлөрүүлэх бодлогын цаанахэний ямар зорилго явдаг бол гэж  асуухуд  буруу зөрүү сонсдож болно, гэхдээ стратегийн төлөвлөлтийн түвшинд ийм асуулт гарах цаг ирэхгүй гэх газаргүй юм шүү. 
                    Аливаа улс орны нийслэл, томоохон хотуудын барилгажилт төрийн  ба хувийн хоёр шугамаар өрнөдөг. Төр нь ирээдүйд үүсч болзошгүй улс үндэстний хэмжээний ямар нэг онцгой хэрэгцээний зориулалтаар газраа нөөцлөх бодлого барьдаг номтой. Абдул Каримын авсан газар төрийн нөөцийн газар байсансан бол чухал байлаа л даа. Ухаан хүрсэнгүй. Эсвэл Монголын төр өөрөө төв талбайдаа улс үндэстний чанартай юм хэзээ ч барихгүй гэж хэн нэгний лут ухаан хэлээд байна уу? Ямар сайхан буянтай улс вэ гэж учиргүй уяран мэлрэх нь мэдээллийн хомсдолоос үүссэн ухамсар мэдрэлийн саатал юм. Олон улсын стратегийн ээдрээт нөхцөл байдлын тухайд таг харанхуй туугаад байх нь туйлын осолтой байх болно. 

Leave a Reply

Labels