Survival (Амиа тээхүй)

0 Сэтгэгдэл бичих:
Бэсүд Ч. Эрдэнэ
Survival (Амиа тээхүй)
             Дэлхийн хэвлэл, утга зохиолд хамгийн нийтлэг болсон үг өнөөдөр юу вэ?  Survivial! Амиа тээхүй, амьдарч үлдэхүй гэсэн үг.
            Ер Барууны соёлд үзэхдээ, дэлхийн бүх утга зохиолыг ганцхан үгээр хураангуйлъя гэвээс “Survival” үлдэнэ гэж эртнээс хэлэлцдэг ажээ. Худлаа гэх аргагүй юм. 
          Хэн хүн, өрх айл, орон нутаг, улс орон амьдарч үлдэн цааш үргэлжлэх нь анхдагч зорилт болно. Хэзээ ч ийм байсан. Гэхдээ орчин цагийн олон талын хавсарсан зарим ноцтой онцлогоор амьдарч үлдэх асуудал микро,  макро байтугай мега түвшиндээ ч тулгамдсан,  хурцадсан байна. 
                   Дэлхий гараг дээрхи амьдрал бол сансрын, космологийн нэгэн үзэгдэл. Амьд төрсөн амьтан ямагт насны хязгаартай. Тэгвэл дэлхийн амьдрал өөрөө энэ хуулиас гадуур байж чадах уу гэх мэт туйлын ярвигтай асуулт логикоороо урган гардаг.
                 Улмаар хүн төрөлхтөний орчин үеийн өндөр дээд соёл иргэншлийн хувь заяа, төөрөг зургий асуудал чухам өнөөдөр хоолой дээр хутга тавьж тулгамдсан ба хурцадсан шинжийг олов. Философи, улмаар шинжлэх ухааны үндсэн асуудал юу болох тухайд эргэлзэх хэрэггүй болсон. Үндсэн асуудлыг хойно тодруулна. Одоо микро түвшний ойр зуурын бичил жишээн дээр ярилцъя.
               Монголын хавар, намар, өвөл цасаар шуурдаг. Тэр бүрийд хөдөөний малчид осгодог болсон нь сүүлийн  25 жилийн үзэгдэл. Яагаад?  Хүмүүс гайхдаг, асуулт тавьдаг. Сайн мэдэхгүй юм. Наад зах нь, монгол хувцас хэрэглэлээ хийж, хэрэглэж мэдэхгүй болсных биз. Дан синтетик материалтай хятад хүрэм хөдрөөд хонь малаа эргүүлэхээр гарсан хүн цасан шуурганд хөлдөж үхэхэд хүрэх нь дамжиггүй. Арьс нэхийгээ боловсруулж дээл хувцас хийхээ больсон шиг. Ер нь бол малчны соёл алдарч, махны ченжүүд төдий болсон нь ч харагдаж байгаа юм. Одоо морины хоооронд хятад мотоцикл унаад осолддог мэдээ олон тохиолдох. Хуучин үеийн Иж-Планета бол хүчирхэг унаа. Гэм нь юув гэвэл,  2-р араа нь дорхноо эвдэрчихдэг. Тэгээд үргэлж  3-р араагаар давхих болдог. Анхаарууштай нь, нэгд, бид бүх техникийг гаднаас авдаг. Хоёрт, манайд зөвлөх-инженер гэх цолтой хүмүүс байх ба тэд нар төрийн зөвлөх-инженер юмаа гэж ойлгогддог. Улмаар гаднаас авах техник хэрэгслийг монголын нөхцөлд туршин шалгаж, гарсан үр дүнгээр нь нэвртүүлэх юмуу, хориглож байх ёстой. Ямар ч техникт зохион бүтээх шатны ба үйлдвэрлэлийн согог байна. Япон машин хамгийн цөөхөн согогтой гэх боловч согог бас байна. Ланд-200-гаар эвгүй дэнж рүү бууж яваад хүндрүүлэгчээ залгах товчлуураа дартал ажиллахгүй байв. Энэ нөхцөлд сайн жолооч ч бажгадана. Цаана нь байсан нэг муу пластмассан тээглүүр нь хугарчихаж. Японы нөхцөлд хүндрүүлэгчээ олон залгах хэрэггүй байх. Харин Монголд? Автын зөвлөх-инженер эргүүлж тойруулж хараад л хүндрүүлэгчийн залгуур чинь хэврэг байна, зас гэж үйлдвэрт нь хэлэх ёстой юм. Энэ мэт нь олон улсын практикт нийтлэг журам.
               Алтай Таван Богдод таван хүн осолджээ. Ойролцоо явсан  25 хүн ч бас амиа алдахаар аймшигтай нөхцөл байдалд тэд оржээ гэж гавъяат уулчин Г. Өсөхбаяр хэлээд уулын аялал, авиралтын талаар зарим зөвлөлгөө цухас өгчээ. Уг нь бол Онцгой байдлын газар аль эрт ууланд амиа тээх асуудлаар Г. Өсөхбаярт зөвлөмж захиалаад хэвлэж тараасан байх ёстой юм шүү дээ. Өнөөгийн дэлхийд хамгийн нийтлэг утга зохиол гэвэл “Survival Guide” (Амиа тээх гарын авлага) болсон.Орос, монгол хоёр шиг хэнэггүй балай үндэстэн байхгүй юм. Тэр хэрээрээ том, бага осол сүйрэлд үргэлж орно. Асуудлыг эхнээс нь ганцаараа барьж авч зүтгэсэн нь Шойгу гэх тува (одоо тыва гэнэ, угтаа урианхай) залуу. Одоо ОХУ бүхэлдээ амиа тээх асуудлыг Армийн генерал Сергей Шойгу хариуцаж байна. Нэн алдар суут Сүбэдэй баатараас эхлээд урианхай жанжнууд ялагдсан нь түүхэнд тохиолдоогүй юм. Барууны ертөнцөөс Оросыг сүйрүүлэх цэрэг-стратегийн хувилбарууд илэн далангүй хэлэлцэгдэх болсон өнөө үед дээрхийг хэлэхэд илүүдэхгүй.
             Гаднын хүмүүс, зочид, жуулчид Монголд хэрхэн амиа тээж авч гарах тухай зөвлөмж хэвлэгдэж, гол боомт газруудад үнэтэй үнэгүй тарж түгээгдэх ёстой. Олон улсын жишгээр ийм. Болох болохгүйг сануулж зөвлөсөн байх шаардлагатай. Энэ тухайд эгзэгтэй томоохон асуудал ч холбогдоод ирэх нь бий. Жишээ нь, гадаадын иргэн Бурхан Халдун уулын оргилд гарч болох юмуу, үгүй юү. Нэг өвөрлөгч гарч яваад бөөн асуудал үүсгэсэн. Ер гадаадынхан мэр сэр гараад байдаг бололтой. Энэ асуудлыг энгийн бид уулын хормойд түүдгийн дэргэд хэлэлцсэн удаатай. Монголчууд бид гэж нэг их худлаа найрсаг, аялдан дагалдагч долигонуур юмнууд болчихсон. Бурхан Халдунд гадныхан гарч болно гэх хүмүүс олноор олддог, төр засгийнхан ч ялгаагүй дүр зурагтай. Шууд хэлэхэд, үндэсний их шүтээн уул Бурхан Халдунд зөвхөн Монгол Улсын иргэн монгол хүн л гарах эрхтэй. Монголын бүхий л болох болохгүйд хүссэн хүсээгүй оролцож хуруу хумсаа мулталж дуусаад буй миний бие гэхэд Бурхан Халдунд гарах ёс суртахууны эрх баримт авим буй эсэхдээ эргэлзэж бодох ёстой, бодсон ч юм. Үгүй яахав, хэн нэгэн өвөрлөгч этгээд монгол угсаатны түүхэнд орохуйц том үйлс бүтээсэн ахул тусгай зөвшөөрлөөр урамшууллын хэлбэрээр гарч болох юм. Асуудал юув гэхээр, үндэсний эрхэмсэг оршихуй гэж нэг юм байна. Ийм нэг мартагдсан асуудал бий. Бурхан Халдун нь монгол үндэстний эрхэмсэг оршихуйн нандин асуудалтай нягт холбоотой. Монгол Улсын аюулгүй байдлын асуудал  бүүр ийм өндөр дээд хийсвэрлэлээс эх сурвалжтай. Гадны сониуч юмнуудад Бурхан Халдуныг Босго Тэнгэрийн даваанаас харуулаад буцаахад л хангалттай. Монгол хүн ч сүрд нь дарагдаж, бишрэл төрдөг юм. Бурхан Халдунд зорчих журам горимыг чандлан томъёолж хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Ц. Элбэгдорж  “Монгол минь мөнх оршигээ” гээд байдаг. Хэн хүний  адил мухар сүсгээрээ ерөөж юмуу, худал үнэн ээлж өнгөрөөж буй хэрэг. Гэтэл мөнх оршихуйнхаа үндэслэлүүдийг барим тавим цэгцтэй бодож боловсруулах, үгүй  ядахдааанхаарал хандуулах тал дээр манай Ерөнхийлөгч пард юм.
              Соёл иргэншил бүхэлдээ амь тээх асуудлын тухайд орчин үеийн стратегийн судалгааны  үр дүн дараахи график зургийг харуулахад товчдоо хангалттай, үүнд:
                     Уншигч сайтар ажиглаад тунгаан бодох буйзаа. 


Leave a Reply

Labels