Аравдугаар сарын 2

0 Сэтгэгдэл бичих:

Бэсүд Ч. Эрдэнэ



                     Үндэсний эмгэнэл гашуудлын өдөр. “Монголын ардчилал онгоноо хүчиндүүлсэн явдал” гэж Барууны хэвлэлд хэлсэн бий. Ингэхэд яг юу болсон билээ?
                      Тэргүүлэх нэр нөлөө бүхий улстөрийн зүтгэлтэн алагдсан. Улстөрч алагдсан байхад улстөрийн аллагын хэрэг л бүртгэгдэж үүсдэг. Өөр логик огтоос байдаггүй.
                      Улстөрийн зүтгэлтэн алагдсан байхад тухайн тэр үеийн улстөрийн хам нөхцөлбас зайлшгүй хэлэлцэгдэх үндсэн логиктой. Тэгвэл ямар хам нөхцөл байв? Ерөөс хэргийн шалтгаан нөхцөл гэж эн түрүүнд авч үздэг шүү дээ. Мөрдөн байцаалт үүнээс эхэлдэг. Гэтэл Зоригийн аллагын чухам хам нөхцөл нь анхаарлын гадна орхигдсоор ирсний учир юув.
                      Огцорсон Засгийн газрын Ерөнхий сайд Ц. Элбэгдорж үүрэг гүйцэтгэсээр яаж ийж олон сар хүлээлгэсэн. Энэ процесс нь өөрөө их сонин л доо.Да. Ганболдыг долоон удаа нэр дэвшүүлсэн байдаг. Ерөнхийлөгч Н. Багабанди 7 удаа буцаажээ. Хүний янзыг үзэж, төрийн төлвийг түншье гээд ч хоёр удаа л хангалтай шүү дээ. Иймэрхүү нөхцөлд хоёр удаа л хангалттай гэж аль ч улс үндэстний төрт ёсонд үздэг юм. Эсбөгөөс төрөөрөө тоглосон хэрэг болж, түүний учир шалтгаан яригдах ёстой болно. Тэгэж тэгэж эцэст С. Зоригийн нэр цухуйнгуут үтэр түргэн алагдсан. Би С. Зоригийг огт мэдэхгүйтэй адил, аль алиныхаа нүүрийг таних, нэрийг мэдэлцэх төдий. Алагдахаас нь тав орчим сарын өмнө болов уу, түүнтэй халз тааралдаж, тоотой хэдэн үг солилцоод зөрсөн. Бээжинд юм л даа. Үнэндээ мань хүн л хэдэн үг хэлээд алга болсон, би амаа ангайгаад хоцорсон. Яагаад ч юм нилээд жинтэй үг унагасан. Нийт байдал нэг л буруугаар эргэж буйг ухаарсан, эргэлтийн чанартай ноцтой арга хэмжээний талд болчихсон хүн юмаа гэж надад ойлгогдсон.Хурцадсан талдаа сэтгэж, төлөвлөж буй хүн ингэж хаа хамаагүй ярьж явж болохгүйдээ гэж бодсоноо санаж байна. Урьд орой нь төв ТВ-ийн мэдээ харж суутал мах комбинатын өлгөж жагсаасан гулууз мах үзүүлээд салдаггүй. Сэтгүүлзүй, мэдээллийн соёлд чанд хориотой зүйл л дээ. Хаана ч муу ёрын юм, сэтгэлзүйн террор гэж үздэг юм. Сэтгэл нэг л сэвтээд шөнө нь нойр хүрдэггүй.Оройтож бостол ТВ-ээр С. Зориг алагдсан мэдээ явж байв. Ер нь бол эцэст Ерөнхий сайдад С. Зоригийн нэр дэвших байх, тэгэх боломжтой юмуу, ёстой гэсэн ойлголт олон нийтийн дунд байсан юм шүү.Гэтэл энэ хувилбараас зайлсхийх ноцтой хэрэгцээ аль нэг хүчинд байсан л хэрэг. Тэр хүчин урьдаас бэлтгэж, цагт нь гүйцэтгэсэн л хэрэг. Дотоодын, гадаадын, эсвэл хавсарсан аль нэг хүчин. Засгийн газрууд хүчний байгууллагуудаар нэг их оролдоод байдаггүй ерөнхий дүрэмтэй. Осолтой гэж үздэг юм. Жишээ нь, саяхан шинээр суга татагдан томилогдсон залуу хурандаа Д. Мөрөн аллагын орой, шөнө, маргааш өдөр нь нилээд ярвигтай бодолд автана. Цагдаагийн даргын томилгоо нь улстөрийн томилгоо.(Мөрөнгийн тухайд гэвэл Пүрэв генералыг халж хийгдсэн цэвэр улстөрийн томилгоо байв).Улмаар олох ёстой эрүүгийн хэрэгюмуу, олохгүй ёстой улстөрийн аллага юмуу гэсэн улстөрийн шинжтэй ацан шалаа шинэхэн даргын толгойд үүсэхгүй гэх газаргүй болно. Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон жил хэлэгдэж бичигдсэнийг тоймловоос, олохгүй ёстой хэрэг байжээ л гэсэн дүгнэлт гарна. Хожим нь цагдаагийн томчуулын ярилцлага ч хэвлэлд бишгүй гарснаас үзвэл хэргийг мөрдөх үйл ажиллагаанд хүч, анхаарал төвлөрсөнгүй, төвлөрүүлэх бодлого ч байгаагүй нь бараг илт.Нэг орой үлгэрийн Оюун, домгийн Бат нарыг шүүрдсэн бололтой байдаг. Хүмүүс санах байх. Манайд цагдаагийн хоёр хүн ирдэг юм. Би ганцаараа байсан. Бүх хүний бичиг баримтыг гаргуулж үзсэн. Тэгээд намайг дүүргийн Цагдаагийн хэлтэс рүү яваад оч гэлээ. Миний сониуч хөдлөөд яваад очлоо. Дарга нь бололтой хүн сууж байна. Яах гэж явна гэж байна. Танай хоёр хүн яваад оч гэсэн гээд баримт бичгээ үзүүллээ. Мань офицер гайхаад, мэдэхгүй юм, яв яв гэлээ. Би алибитай, учир нь ТВ-ийн оройн мэдээ харсан хүн оройн 10 цагт амжиж олж очоод алаад байх боломж байхгүй л болов уу. Ер ноцтой хэргийн үеэр хэн хүн алибитай эсэхээ мэдэж баймаар юм.Аллагын дараа өдрүүдэд монголчуудын царай нэг хэсэгтээ хөрзийчихсөн, дуу нь намсаж дүнсгэр болсон. Маргааш нь Элбэгдорж л учиргүй малийтаж инээгээд тууж явсан нь нүдэнд содон туссан, ТВ бичлэг нь хадгалагдсан байх учиртай. Тийм бичлэг явсныг санах хүмүүс бий шүү.Ноцтой юм биш л дээ, гэхдээ л анхааралд өртсөн тохиолдол. Миний ЗГ-ын үед ийм айхтар юм болчихлоо, одоо яанаа гэж Ц. Элбэгдоржийн толгойд ороогүй л хэрэг.Ер нь бол Ц. Элбэгдоржийн огцорсон ЗГ-ын үеийн будлиан самуун дунд С. Зориг алагдсан гэдэг яаж ч болохгүй баримтаас одоо өнөөдөр ямар нэг эгзэгтэй дүгнэлт гарах явдлаас онцгой сэргийлэх ёстой ганц хүн, тэр тусмаа ганц улстөрч нь Ц. Элбэгдор ж байх ёстой. Улстөр гээч юм ийм логиктой, зарим асуудлаар нэхэл хатуутай. Өөрөөр хэлбэл, өнөөгийн Ерөнхийлөгч, улмаар Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлийн даргын хувь, хувьсгалын нэг гол зорилт нь С. Зоригийн аллагын хэргийг илрүүлэх явдалбайх ёстой. Эсбөгөөс улстөрийн тэрхүү аллага улстөрийн хам нөхцөлтэйгөө яригдсаар байх болно.Гэтэл асуудал мартагдсан, харин аймшиг нь аюултайгаа үлдсэн. Шинэ тогтолцооныМонголд болохгүй юм байхгүйг харуулсан нь аймшиг бөгөөд аллагын зорилго хэний юу байлаа ч үр дагавар нь энэ аймшиг, зүй ёсны хардлага.
                      Хэргийг мөрдөх явцад ямар нэг талаар нэр холбогдогсод амь үрэгдээд дууссан тухай Шаабар баримттай юм бичиж л байсан. Ингэхэд нийтлэлч, басхүү улстөрч Шаабар байгаа л байгаа даа? Чимээгүй болоод удах шиг. Иймэрхүү аймшиг үргэлжилсээр байна. Энэ аймшиг нийхэмд үйлчлэсээр байна.Ц. Элбэгдоржийн“мэргэн хүн”Баабарын нэгэнтээ үзсэнээр, нийхэмд харилцан хардлага нийтлэгтөрүүлсэн энэ аймшигт аллагын хэргийг орхиж мартах нь зүйтэй гэнэ.Энэ чухам юу гэсэн үг юм, яах тухай санаа юм, бүү мэд. Гэхдээ хэрэг мөрдөлтийг орхисон, мартсан.Ц. Нямдорж сайдын үед байх, мэдээлэл өгсөн хүнд 500 сая билэв үү төгрөг амласан. Хаана ч байдаг л практик. Гэхдээ илэрхий эрүүгийн хэргийн нөхцөлд л үр дүнтэй практик. Улс төрийн аллагын нөхцөлд огт хэрэгждэггүй, тиймээс угтаа хэрэглэдэггүй арга.Улс төрийн аллага гэж улстөрийн хүрээнд болдог юмыг хэлнэ. Тэгээд тэр лүү мэдээллээ бариад очих тэнэг хүн олддоггүй байхгүй юү.Тийм хүн олдоогүй нь С. Зоригийн аллага эрүүгийн бус байсны нэг баталгаа юм. Шаабарын бичсэнээр, ямар нэг мэдээлэлтэй нь юмуу, мэдээлэлтэй байж болох нь зүйл дууссан дүр зурагтай. Ортой л байх. Улс төрийн аллагын хэргийн тухайд ердийн үзэгдэл.
                      Ерөнхий сайдад С. Зоригийн нэр цухуйсан уу, үгүй юү гэдэг асуудал тусдаа онцгой ач холбогдолтой. Энэ нь ерөөс С. Зориггэдэг хүнийг алсан уу, аль эсвэл ирээдүйн ЕС-ыг устгасан уу гэсэн асуудалтай холбоотой. Хэвлэлд хэлэгдэж бичигдсэнийг тоймловоос, түүний нэр цухуйсан нь баримт баталгаатай юм. Нэр нь цухуйх байтугай, ер яригдаад байсныг Э. Бат-Үүл ч үгүйсгэхгүй боловч “Зоригийн Ерөнхий сайд болох асуудал албан ёсоор тавигдаагүй юм шүү” гэсэн нь үнэний хувьтай байх. Гэтэл намаас нь албан ёсоор тавих хурлыг төлөвлөөд хойшлуулсан гэсэн сураг чимээ явдаг. Хэн ямар шалтгаанаар хойшлуулав?Ерөнхий сайдыг олох, томилох ньудтал хүлээгдэж тулгамдсан асуудал байсан юм бишүү. Э. Бат-Үүл “Намайг ч яах вэ, Ерөнхийлөгч буцаасан” гэжээ. Тэгсэн, тэгээд үлдсэн нь С. Зориг боллоо гэсэн төсөөлөл нийтлэг байв. С. Зоригийг Э. Бат-Үүл “ажил хэрэгч биш, их хариуцлагагүй, хэнэггүй гэж нэлээн хатуу зэмлэдэг. Ер нь их зэмлэдэг” байсан гэнэ. Хэвлэлд удаа дараа хэвлэгдсэн өөрийнх нь үг. Бас “Зоригийг ойлгоход маш хүнд, хэцүү, хаалттай хүн” гэж дүгнэжээ. Хэн хүн хэн нэгэнд хүнд, хэцүү, хаалттай хүн гэж харагдах, ойлгогдох явдал мэдээж байна. Сэтгэлзүйгээр тохирохгүй, харьцаа зохицохгүй нь хүмүүсийн цар түвшний ялгаа юм. Нэр бүхий энэ хоёр хүний цар түвшин мэдээж ялгаатай. Хэнд нээлттэй, хэнд хаалттай байх чинь хүний ёс.Би С. Зоригийг огт мэдэхгүйтэй адил гэдгээ дээр хэлсэн. Гэхдээ харилцан мэдэлцсэн юм бас байлгүй яахав.Миний мэдэхийн хэрээр хэлбэл, С. Зориг хүнд хэцүү хүн огт байгаагүй. Ардчиллын нэрээр нэр ологсдоос хамгийн энгийн хялбархан нь С. Зориг байсан гэж хэлмээр.Бусад нь бол сонин гаж нөхдүүд гол төлөв байдаг. Чин зорилготой, өөртөө итгэлтэй, юмаа мэдсэн хүн үг цөөнтэй байх нь олонтаа ба хэнтэй ямар байдлаар харьцахаа мэдэж байдаг. Э.Бат-Үүлийн дүгнэлтээр “Зориг чинь өөрийгөө тайлбарлаж нээдэг хүн биш шүү дээ. Өөрөө нэг юм бодчихсон л бол түүндээ бусдыг захируулаад явдаг, эсвэл түүнийхээ төлөө өөрөө зүтгэчихдэг хүн байсан”гэнэ. Зөв дүгнэлт.С. Зориг хурдан сэтгэмжтэй, түргэн мэдрэмжтэй хүн харагдсан. Тийм хүн Бат-Үүлийн ээрч муурч, яраглаж янцаглаж дуустал юмаа тайлбарлаад байхгүй. 1997 онд юм, би түүнд “Их Гурвалжин”номоо 50 ам.доллараар зарсан удаатай. Тэр үед мөнгөтэй хүн гэж нүдний гэм. Ном мэддэг, өндөр боловсролтой хүн ямар ч том номыг нэг сархийтэл эргүүлээд л сайн ном, муу ном гээд ялгачихдаг юм л даа. Мань хүн авна, мөнгө алга гээд дараа ирж аваарай гэж байна. Дараа нь мөнгөө авахаар саарал байшин луу очиж явтал таньдаг хүн таараад Зоригоос номынхоо үнэ 50 доллар авахаар явна гэтэл, Зоригт ямар юмных нь доллар байхавдээ гэсэн боловч хуралтай байсан хүний туслахаар нь дамжуулаад мөнгөө олоод авчихсан. Өртэйгөө мартдаггүй л хүн байж. Бага юм биш. Түүнээс нилээд урьд мань хүн Бүгд найрамдах нам энэ тэр гэж үсэргэж явахдаа надаас Лев Гумилевын номыг авч уншсан юм. 25 жилийн дотор төр засгийн түвшиндэхь хүмүүсээс надаас ховор ном эрж сурж олж уншсан 2-хон хүн бийн нэг нь С. Зориг. Бага юм биш.С. Зориг хангалттай гүнзгий улстөрч, онолын аястай сэтгэгч, чин зорилго бүхийхувьсгалч байжээ гэж бодогдоно. Аливаа хувьсгалын нөхцөлд энэ бол ховор тохиолддог чанар. Дийлэнхи олонхидоо нийгмийн эргэлтийн хий зайгаар хонжоо харж гүйгсэд, аялдан дагалдаж горьдогсод л байна.Тэдэнтэй таарч тохирох хүн нь С. Зориг биш байсан нь нилээд зүйлээс тодорхой. С. Зориг Ерөнхий сайд байх боломжийг Монгол Улс алдсан нь өнөөгийн байдлын нэг эх сурвалж мөн. С. Зориг тэмцэх байсан нь надад тодорхой, харин амжилтад хүрэхгүй ганцаардах байсан нь бас тодорхой болов уу.
                “С. Зоригийн хэргийг илрүүлдэггүй юм гэхэд ил болгооч?!”гэж Э. Энэрэл“ӨС”-д бичиж байна. Илрүүлдэггүй нь харьцангуй нилээд ойлгомжтойг дээр цухас дурдсан. Харин ил болгох гэж яг яахыг хэлснийг сайн ойлгохгүй байна. Хэргийг мөрдөх явцын талаар мэдээлэл алга гэсэн санаа болов уу. Мөрдөх явц нь алга байхад мэдээлэл яаж байхав. Ер цагдаагийнхнаас гарсан бүх мэдээлэл гэвэл, сэжиг, сэжмүүдийг дэс дараалан мухарлаад яваа л гэдэг. Олон жилийн өмнөх үг. Бодвол, намайг дүүргийн цагдаагийн хэлтэст очуулахдаа нэг сэжгээ мухарласан хэрэг байх. Булганыг хугацаа алдаж баривчлаад бас нэг сэжим мухарласан биз. Эрүүгийнхэнтэй холилдож л явсанахуйн туршлагатай Булган хоёр алуурчныг аргалж чадаагүй нь алуурчдад зайлшгүй оноосон том даалгавар байсных. Амиа аваад гарсан эмэгтэй хүн буруугүй л дээ. Э. Бат-Үүлийн мартсан алдарт малгай, хэн нэгэн Булганыд үдэш очоод үүрээр гарсан гэх мэт баримт нь авч хэлэлцэх зүйл биш. Дөчин мянгатынханд бөөр бөгсөөрөө нийлээгүй нь байдаггүй юм.Бат-Үүл атаман байсан л биз, миний бие Цагдан сэргийлэхийн 1-р ангид данстай шахам нэг өвлийг өнгөрөөснийхөө хувьд мэдэлгүй яахав. Бүр дөжрөөд орой Туул ресторан хаах үес цагдаа нар тэндээс чанасан мах, цай авчрах ба би идэлцэж уулцаад даргынх нь ширээн дээр ногоон цэмбэн бүтээлгээр нь хучаад унтахдаа жижүүрийн офицертай нь нэг хэсэг буу халах заншилтай байв.Бүүр хожим нэг том даргыг гудамжинд ноцсон тул баривчлагдаад мөнөөх 1-р ангид хүргүүлэн ирсэнд оны цэрэг нохой хэмээх Магсар дэслэгч цолтой сууж байх юм. Нэг согтуу нөхөр баригдаж ирээд Магсарыг ноцсон тул айхтар элэгдүүлж номхров гэх мэт зугаатай зүйлсийг харж ханаад, за, өвгөн чинь явъя даа гээд явсан. Том дарга хөөцөлдөөд Сүхбаатарын районы шүүх хуралдаж би 25 төгрөгөөр торгуулсан.
                Э. Энэрэл ил болгооч гэхдээ энэ хэргийг нийгэмд ил тод хэлэлцэж байгууштай гэх гэсэн байж тун магад.Уг нь бол улстөрийн аллагын хэргийг мартахгүй хэлэлцсээр байх нь нээлттэй нийгмийн ёс, тийм шаардлага, олон улсын нийтлэг практик. Хэлэлцсээр эцэст олсон ч байна, үгүй ч байна. Гэхдээ хэлэлцэх нь нийгмийнхээ шинж чанар, ерөөс хүний нийгмийн ил далдыг танин мэдэхэд тустай зүйл. Ил тод хэлэлцэх нь осолгүй бас биш. Шаабар байгаа л байгаа даа гэхдээ надад марзганасан зүйл огт алга. Ил тод хэлэлцье гэвэл, эхлээд л хэргийн шалтгаан нөхцлийн ерөнхий асуудал буюу тухайн тэр үеийн улстөрийн нөхцөл яригдана. Ядуу оронд улс төр жинхэнэ утгаараа байдаггүй, байж чаддаггүй. Байдаг нь эдийн засгийн ашиг сонирхол. Тухайн үеийн Ц. Элбэгдоржийн Засгийн газар огцорсон нь банкуудыг идэж дуусаад үлдсэнийг нь хувьчлах эсэх асуудалтай холбоотой байсан санагдах юм гэх мэт.С. Зоригийн аллагын хавтаст хэрэг гэх зүйл хагас бүтэн буй нь дамжиггүй. Ил болгооч гэдгийг прокурор, цагдаагийн ойлголтоор хөрвүүлбэл, хавтаст хэргийг шинэ мөрдөгчид, шинэ бүрэлдэхүүн шинээр уншаад үзээч гэсэн үг юм.Би өөрөө яг Элбэгдоржтой адил зовлонд учирч явсан хүн. Би захирал нь байсан байгууллагын нэг хүн хаалгаа өөрөө түлхүүрдэжгэртээ ороод нойлд ортол араас нь хүнд юмаарцохичихсон байдаг. Гэрт нь гадна дотнын хүн байх учиргүй байсан. Их нууцлаг хэрэг болсон. Нөгөө хүн амьд үлдсэн боловч үлгэн салган юм болох нь мэдээж. Цагдаагийнхан сайн мөрдсөн боловч дүгнэлтэд хүрээгүй. Тэдэнтэй удаа дараа уулзаж шахаж байв. Эмэгтэй хүн цохисон шиг гэж хэлж байв. Эр эмийг нь яаж ялгадаг улс вэ гэж гайхаж л байв. Голлон мөрдөж байсан офицер нэг удаа хэлэхээ,туршлагатай хоёр хүнд хэргийг уншууллаа. Наадахь чинь дотроо болсон хэрэг байна гэлээ гэв. Бараг жил өнгөрсөн байх. Би бодоод л байлаа. Цагдаагийнхан ч бодсоор эцэст захирлын тухай дахь асуудал үүсэх логик гарцаагүй учрана. Хохирогчтой олон жил хамт ажилласан нэг хүн сэжиглэгдээд хэвлэлээр эвгүй балбуулсан тул нас барсан. Хэвлэлээр хүн алахын жишээ ганц энэ биш. Хэргийн мөрдөгчид бүх сэжмээр бодно. Захирал нь гэх нөхөр бахохирогч хоёр олон жил хамт ажилласан хүмүүс байдаг. Тэгээд ч захирал нь гэж дальчигнан орж гарч яваад сүүлд нь отож байгаад цохичихсон байх гэх сэжиг төрнө, тийм сэжиг төрж, сэжгийг мухарлахгүй цагдаа байж болохгүй. Бодсоор байтал нэг өдөр толгойд гялсхийж байна. Юув гэвэл, хохирогчид ганцхан товч асуулт тавиад хариуг авахад л хэрэг бүрэн илрэх нь тодорхой болов. Нөгөө нөхрийг дуудаад асуултаа тавьтал, харин тийм байналээ, би бодсоор байгаад учрыг нь олсон, одоо тэгээд яах ч арга байхгүй гэв. Цагдаагийн офицерыг бас дуудаад хэлтэл, бид учрыг нь олсоон, тэгээд дотроо болсон хэргийг одоо яалтай, танай хүн амьд үлдсэн нь их юм гэв. Үүн лүгээ С. Зоригийн аллагын хэргийн талаар бодсоор байх ёстой хүн нь Ц. Элбэгдорж.
                  Нэг сонин юм гэвэл, миний дурдсан хэргийн хохирогч нь хэтэрхий дэндүү болгоомжтой хүн байв. Олон жил хамт ажилласан нэг үеийн хүн намайг захирал гэхгүй, Эрдэнэ л гэнэ. Би тэдний гэрт нэг л очсон. Идэш авсан, мах чанаад дуудна гээд байсан юм. Нэг өдөр дуудлаа, очлоо, хаалга цохилоо. Хэн бэ гэж дахин дахин асуугаад салдаггүй. Би буцдаг юм билүү гээд эргэтэл хаалгаа онгойлголоо. Миний дууг танилгүй яахав, хажууд нь өөр хүн байна уу, үгүй юү гэж мэдэх гээд байсан болов уу. Болгоомжлох шалтгаан нь түүний нэг цуглуулга (collection) байв. Цуглуулгатайг нь хэн хүнгүй мэднэ. С. Зоригийнх ч гэр орондоо их болгоомжтой, тэр болгон хүн амьтан орж гардаг айл биш байсан гэж мэдэх хүмүүс нь ярьсан байдаг. Болгоомжлохдоо тодорхой арга маяг, дохио зангаатай ч байсан гэдэг. Хоёр алуурчин тэр болгоомжлолыг тойрох аргаа яг олсон байдаг нь сонин.Нарийн ширийнийг мэдээд сайн тооцжээ гэлтэй юм.
                   Хоёр өвөрлөгч ирж С. Зоригийг алчихаад буцсаныг манай тусгай албаныхан хойноос нь очоод алчихсан мэт нэг ном гарсан байсан. Ямар нэг логик сэжимхөөсөн боловчүйл явц нь авцалдаагүй, үнэмшил муутай зүйл байсан. Гэхдээ энэ нь хэргийг ил болгож хэлэлцэхийн нэг жишээ. Хэлэлцэхийн эсрэг Э. Бат-Үүл баттай зогссон байдаг. Нийгмийн зарим асуудлаар ойлгоц муутай хүн юмуу даа. Цагдаагийнхан шоконд орчихсон гэж ярих дуртай хүн. Гэнэн хүний яриа. Аливаа мэргэжилд мэргэжлийн өвчин гэж байна. Энгийн эрүүл бид шоконд ордог, тэгэхэд ч орсон, харин цагдаагийхан шоконд ордоггүй мэргэжлийн өвчтэй болдог юм. Ц. Элбэгдоржийн үүрэг гүйцэтгэгч ЗГ-ын хурлын бичлэг ТВ-д хадгалагдсан байх ёстой. Хавтаст хэрэгт ч орсон байх ёстой. Хэргийг ил болгохын тулд дахиад харахад тун гэмгүй. Тэр хурлаас хэргийг илрүүлэх хүн нь хурандаа Д. Мөрөн юмаа гэж огт харагддаггүй. Нэг тийм мохоо, нөхцөл байдалдаа будилсан хүний дүр харагдсан. Лав надад огт итгэл төрөөгүй. Цагдаагийн зарим хүмүүсийн бодлоор, тэр хурал ч буруу, хурлыг ТВ-ээр дамжуулсан нь ч буруу гэдэг. Нэг тийм өнгөлөн далдлалт болсон гэх нь бий. Хурандаагийн мэргэжлийн ур чадварын талаар цагдаагийн хууччуул санал хуваагддаг. Гайхамшигтай мөрдөгч гэх нь бий. За даа, шалихгүйдээ, том хэрэг дээр ажиллах хүн даанч биш дээ гэх нь бий. Яагаад биш гэж гэхээр, том хэрэг өөр шүү дээ, наад зах нь олон хүний ажил орно, тэр хүмүүст тусгай үүрэг хуваарьлана гэхэд алдаж болдоггүй нарийн ажил гэх мэт хэлдэг. Д. Мөрөнгийн хийсэн халаа сэлгээнүүд үргэлж маргаан дагуулсан, хожмоо сэжиг төрүүлсэн байдаг. Том хэргийг будлиулсан нэг хүчин зүйл бол энэ. Хурандаа бээр олох ёстой нь уу, олдохгүй ёстой нь уу гэсэн улстөрийн шинж чанартай ацан шалаанаас өнөө ч гараагүй байж магад.Угтаа үүнд хувийнх нь буруу гэх юм төдийлэн байхгүй. Миний хувьд Д. Мөрөн мэргэжлийн өндөр түвшний мөрдөгч гэдэгт эргэлздэггүй. Цагдаагийн нэг хүний үг унагасныг нэхэн санавал, хурандаа бээр чухам хуучирсан хэргийг шинээр харах онцлогтой мөрдөгч байж тун магад. Хэн хүний хувийн онцлог гэж чухал юм байдаг. Өгүүлэн буй хэрэг хуучирсан.Хуучин үеийн одоо ахмад хүмүүс бидний нэг зуршил, зовлон байдаг. Юув гэвэл, шаварт унасан шарын эзэн гэх эхнээсээ эцсээ хүртэлхи хариуцлагын тухай ойлголт. Энэ бол төрт ёсны тулгуур ойлголтын нэг. Шинэ тогтолцооны нөхдүүд болохоор төрт ёс, төрийн ажил албаны тухайд дээр дооргүй дөр хамаргүй хүмүүс. С. Зориг алагдсан хэргийн шаварт унасан төр засгийн субъектүүд нь эхнээсээ эцсээ хүртэл дэслэгч Ц. Элбэгдорж, хурандаа Д. Мөрөн. Улс төр гээч юм ийм логиктой. Үүнийг ойлгохгүйгээр төр ч байхгүй, засаг ч байхгүй. Тиймээс хэргийг болохоос нь болохгүйг нь хүртэл мөрдөх улс төрийн чин зорилго үнэхээр байх ахул одоо Ц. Элбэгдор ж нь хэргийг мөрдөн байцаах комиссыг дахин Д. Мөрөнгөөр толгойлуулан томилохоос өөр зам байхгүй. Эсбөгөөс хэн юу бодох нь дурын хэрэг болно. Урьдчилан сэргийлэх ёстой юм маань энэ.
                   Аливаа хэргийг мөрдөхөд нэг аймшиг зайлшгүй учирдаг. Өөрийгөө олоод ирэхвий гэж. Энэ нь олон намт тогтолцооны нөхцөлд улстөрийн аллагын хэрэг замхрах удиртгал нөхцөл. Тиймээс тухай тухайн төр засгаас хүчлэн мөрдөнө гэвэл түвэгтэй. Улмаар хэрэг хэзээ ч илрэхгүйн магадлал өндөр.
                   Э. Энэрэлийн өгүүллээс иш татъя. “Яг ямар хүчин зүйлс, ямар ашиг сонирхлоор хэрэг гацсаныг ил болгох хэрэгтэй” гэжээ. Улс төрийн хүчин зүйл, улс төрийн ашиг сонирхлоор гацсан. Энэ бол эхнээсээ илэрхий зүйл. Эрүүгийн нөхцөл байдлаар нь авч үзвэл Монголын цагдаа 3 хоногийн дотор олоод ирэх хэрийн хялбархан хэрэг байв гэх үзэл энгийн олон нийтэд элбэг. Тиймээс хэргийг худлаа өндөр авахуулахын оронд дүүргийн цагдаад нь орхисон бол цагдаа нь цагдаа шиг ажиллах байсан гэж цагдаагийн хүрээнд ч үзэх нь бий.  .
                   Хэргийн тухайд “Ард түмний үзэл бодол өөрчлөгдөх хэмжээнд хүрээд байна” гэжээ. Хэргийг илрүүлэхийн төлөө буй гэсэн хүлээлт нь хэргийг илрүүлэхгүйн төлөө байжээ, байна гэсэн ойлголтоор өөрчлөгдсөн талтайг үгүйсгэхгүй.
                   “Хуйвалдааны шинж чанар улам дархлагдан хадгалагдаж”, цаашлаад “барьцаанд төрийн өндөрлөгүүд орчихдог” боломж байхыг ч Э. Энэрэл анхаарсан байна. Хуйвалдаангүй улстөрийн аллага гэж ерөөс юу байхав. С. Зоригийн аллагын  тэр хуйвалдаан дархлагдан хадгалагдсаар хаана ч очиж, юунд ч хүргэж болзошгүйд жинхэнэ аюул ба аймшиг нь оршино. Чухам энэ нь асуудлыг дахин ил болгож хэлэлцэх ноцтой шалтгаан юм.
                     Молхи хүмүн толхи судлаач миний бие онолын физик ба цэвэр математикийн ухаанд том гэхэд багадахаар үр дүнд хүрээд дэлхийн 96 улс орны их сургууль, шинжлэх ухааны төвүүдэд хүргээд байна. Тэд үзэж судалж байна. Чи буруу юм хийжээ гэж хэлсэн нь алга. Тэгэж хэлэх боломж ч логик ба математикийн хувьд бүрэн хаалттай юм. Шинжлэх ухаан хэмээх танин мэдэхүйн арга хэрэгслийн эцсийн үнэмлэхүй хүнд асуудлын шийд буюу супернэгдлийн онолын нээлт нь монгол угсаатны өрлөг түүхийн эцсийн бүтээл бөгөөд монголчуудын үндэсний рейтинг чинсааг дэлхийд 1-р байрт тавьж буй юм. Супернэгдлийн онолыг гартаа барьсан Монгол Улс дэлхийн дэвшил хөгжлийг цаашид хөтлөх боломжтой ба ёстой юм. Үүнд өчүүхэн ч эргэлзэх хэрэггүй, учир нь үүний цаад дахь үндэслэл, баталгаа нотолгоо нь 100 биш, 300 хувь гэж ойлго. Нарийн шинжлэх ухааны эцсийн онол тийм найдвартай байх ёстой юм байна л даа.Гэтэл нэр хаяг бүхий ба төрийн шагналтны сүр бараа бүхий дайсагнагч этгээдүүд судлаачийг нэг бол солио галзуу, нөгөө бол усан тэнэг гэж хэвлэл, сошиалаар сурталчлаад салах юм биш. Монгол Улс Олимпийн аврагатай. Энэ бол хүлээгдэж байсан мөрөөдөл. Гуравхан сая монголчууд Нобелийн шагналтантай болохул үлгэрээс давсан домог болж түүхэнд үлдэнэ. Гэтэл онолын шинжлэх ухаанд огтоос холбогдолгүй дайсагнагчид хажуунаас юунд хорсож, ямар ноцтой шалтгаанаар хэрээний хушуугаа дүрээд явна вэ? Шинжлэх ухааны асуудал, үр дүнд хар сохроор хандах нь дээд зэргийн тэнэглэл. Харин дайснууд хэрдээ таарсан ухаан зарж, судлаачийг хэн яасан ч гарзгүй амьтан, үнэ цэнэгүй хүн болохыг нийгэмд ойлгуулахаар чармайж, цаашдын арга хэмжээгээ төлөвлөж, тэр байтугай сошиалаар зааж зааварласан удаатай. Энэ бол наана хэлэхэд тэнэгийн дарангуйлал, үзэл санааны террор, цаана хэлбэл, Монгол Улсын үндэсний эрхэм дээд эрх ашигт санаатай тэрсэлсэн үйл ажиллагаа.
                   Миний бие судалгааныхаа үр дүн, түүний үр нөлөөний тухай дэлгэрэнгүй мэдээллийг Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлээд өнө удаж атал хариугүй таг чиг дарагдсан. Шинжлэх ухааны асуудлаар юуг, ямар учраас, яах талаар Монгол Улсын Үндсэн хуульд тов тодорхой, бүрэн бүтэн заалтууд бий. Тэгвэл ҮАБЗ гэж хаана юу байна гэсэн асуулт тавигдана. Би энд хувьд холбогдох жишээгээр хэлж байна. Гэвч миний асуултыг миний жишээтэй холбогдуулан тавьдаг хүмүүсийн хүрээ өргөжсөн. Ерөөс Монгол Улсад үүссэн асуудлуудыг сөхөж хэлэлцэх нь нийтлэг үзэгдэл, үйл явц нэгэнт болсон. Гэнэт саяхан мэдвээс, ҮАБЗ-ийн зөвлөхийн зөвлөх нь гадаадын тагнуул байхын зэрэгцээ зөвлөх эмэгтэйн нөхөр нь гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компанитай гэнэ. Үнэндээ үүнд гайхах юм алга. Харин цөхөх юм байна, учир нь ашиг сонирхлын зөрчлийн ийм гинжин хэлхээ цаашид хаана очдог, юунд хүргэдгийгтаах аргагүй. За, лавтайяа монгол хүн, тус улсын иргэний шинжлэх ухаанд олсон ололт төр засагт падлийгүй болж таарлаа. Гэтэл энэ чинь шинжлэх ухаан, технологийн эрин, 21-р зуун.Нэр хаяг бүхийбөгөөд хуйвалдааны луйвраар олсон алдар цолоороо халхавчилсаннийтлэлчдийнхувьд монголчууд гэхээр шинжлэх ухаанд хавьташгүй тэнэг амьтас гэж тэд өөрсдөө үнэхээр итгэж явдаг мунхагууд уу, эсвэл бидэнд тийнхүү итгүүлэх захиалга биелүүлж яваа үйлс нь харласан дайснууд уу.
                     Аль нь ч бай, төр засаг, түүний онцгой бүтэц ҮАБЗ-д сонголтууд байх ёстой. Тэгвэл яахлаараа Ц. Элбэгдоржийн тархийг тэргүүлсэн төртэй нь хамт хэнхэгээс цаашгүй хоёр нийтлэлч базчихсан байдаг, харинсудлаач иргэн олсон ололттойгоо ямарваа сонголтын гадуур үлддэг билээ? Би зөвхөн хувьд холбогдох жишээгээр ярьж байна. Нийгэмд холбогдох жишээ нь С. Зоригийн аллага. Хуйвалдаангүй улстөрийн аллага гээч юм уранзохиолд ч байдаггүй юм.Ерөнхий сайдын суудалд удтал үлдэх санаатай Ц. Элбэгдорж захиалсан даруй Э. Бат-Үүл бэлтгэсэн хүмүүсээ явуулж угаасдургүй хүнээ алуулсан биш гэж итгэж юмуу, найдаж болох. Гэхдээ энэ ч баталгаагүй. Баталгаатай болгохын тулдхоёр сонголт байна. Хэргийг “ил болгож” хуйвалдааны асуудлаас эхлэн шинээр сөхөж хэлэлцэх үү, үгүй юү.Үгүй гэвэл улстөрийн хүрээнд гүнзгий далд бугшсан хуйвалдааны голомт яван явсаар түймэр болж Монголыг дампуурлаар тэслэхгүйг хэн мэдэж байнаа.
Аравдугаар сарын 2. Хар өдөр гэж ярьцгаадаг. Д. Төмөр-Очир алагдсан нь Ю. Цэдэнбалын дараахи үед үүсч болзошгүй, гэхдээ магадлал багатай байдлаас урьдчилан сэргийлсэн арга хэмжээ юм. С. Зориг алагдсан нь тэрбээр шинэ тогтолцооны нөхцөлд үүссэн ерөнхий үйл явцыг нэр нүүр үл харгалзан засч янзлах оролдлого хийх осол нүүрлэхээс урьдчилан сэргийлсэнарга хэмжээ байв гэсэн бодол санаа нийгэмд нийтлэг шахам. Ямар боловч С. Зоригтой улс төр, С. Зориггүй улс төр ялигүй ч гэсэн ялгаатай өрнөсөөр өдий хүрэх байсан нь лавтай хэлж болох зүйл. Миний судалгааны үр дүнг сонирхоод, чи яг юу гээд байнаа гээд ороод ирэх хүн гуйж хүсээд ч төр засгаас олдсонгүй. Харин С. Зоригт хэл дуулгаад шил юм хойш тавихад нэг орой тамхиа баагиулсаар ороод ирэх хүн байсанд итгэж болно. Надад үгүйлэгдсэн шалтгаанаар үүнийг эрээлэв. Олон нийт ч үгүйлээгүй биш дүр зурагтай.
Өнөөгийн ба чухамхүү өнөөдрийн тулгамдсан асуудлуудаар үгээ хэлэх ёс суртахууны эрхтэй, хэлэх ёстой, хэлэх юмтай хүмүүс бүгд хэвлэл, сошиалаар хэлээд тоо нь гүйцсэн шиг. Энэ тухайд дараагийн удаа тоймлон хэлэлцье.

Leave a Reply

Labels