БАХАРХЛЫН ӨДРИЙН БАЗААХГҮЙ НЭГЭН ХЭРЭГ ЯВДАЛ

0 Сэтгэгдэл бичих:

Албан ёсны урилга заллагаас нь харвал, “Их эзэн ЧИНГИС ХААН мэндэлсний 850 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хурал” болжээ. Хуралд Ц. Элбэгдорж “Тэмүжин-Чингэс бол монголчууд бидний хаан бахархал юм” гэсэн илтгэл тавьжээ. Ажиглав уу, хурал нь Чингисийг хүндэтгэх гээд, илтгэгч нь Чингэсээр бахархах гээд…
Илтгэгч этгээд хаанаас ч юм хаашаа ч юм одох зам зууртаа Монголд буухад нь хурал таараад лай болсон уу гэтэл өөрийнх нь зарлигаар л журамлагдсан үйл явдал мэт.
Үгүй ч байхыг үгүйсгэхгүй, хэн мэдлээ. Соёл моёл гэж яриад ч яахав, гэлээ гээд хэн хүний нэр гэж байна, түүнийг хэлж бичиж ирсэн уламжлал гэж бас байна. Тэрхүү нэр, уламжлалыг тээж ирсэн эх сурвалж бичгүүд яавч байна. Чингисийг хүндэтгэх, Чингисээр бахархах эсэх нь хүний эрх, харин уландаа гишгэхгүй байх нь хүний ёс юм. Төрийн ч ёс бас мөн боловч энэ тухайд ярилтгүй болж байх шиг байна.
Маргаж мэтгэлцээд яахав ээ, хэн юуны тул хэрүүлийн яс хаяад буйг энэ удаа тоохгүй орхие. Зүгээр эх сурвалж бичгүүдээс харцгаая, тэгээд болжгэм Хааныхаа нэрийг дээр дооргүй нэг мөр хэлж ярьдаг, шинэ хуучин бичгээр бичдэг зурдаг болвоос эрхбиш зохилтой мэт. Наад зах нь гадаадууд гайхаж цөхөөд, элэг доог хийгээд байхгүй болно.

Баримтлах гол эх сурвалж маань энэ тухайд
Лувсанданзаны “Эртний хаадын үндэслэсэн төр ёсны зохиолыг товчлон хураасан Алтан Товч хэмээх оршвой“ мөн. Яагаад тэр вэ? Гэхүл Лувсанданзантан бээр “Монголын Нууц Товчоон“-ы монгол  үсгийн эхийг гартаа гарцаагүй барьж байсанд чухлаас чухал учир оршино. Энэ тухайд монгол судлалд огтоос эргэлзэж маргадаггүй юм шүү. Улмаар их түүхч гүүш бээр хэн хүний нэр ус, ер тусгай нэрсийн зүйлд язгуур эх сурвалж “Монголын Нууц Товчоон“-ыхоо дэг жаягийг ёсчлон ба ягштал баримтлахаас өөрцгүй. Тэр үес буруу зөвийг ялгаж мэдэх хүмүүс ганц Лувсанданзан бус, олон байсны гэрч нь монголын түүх бичлэгийн түүх өөрөө юм. Чингээд хянаваас, Лу. Алтан Товч-ын хулсан үзгийн зурлагад үүнээс өөр бичлэг алга. Чингис хаган гэжээ. Үгийн сүүлдэхи “-гис” гурван үсгийг хураангуйлах мэт (лигатур хийх гэнэ) нь ерөөс аль ч үндэстний эртний гар бичмэл бичиг соёлд нийтлэг.
Гомбожавын “Ганга-ийн урусхал”-д бийрийн зурлагаар ийм байх ба ер эх сурвалжуудад үүнээс өөр бус нь үл тохиолдоно. МНТ-ы ханз үсгийн галиг нь ихэд нягт нямбай гүйцэтгэл бүхий ажил болох нь ажваас илт. Таамаглаваас, галиглагч хятад хүн нь ямар нэг хэмжээний монгол хэлтэй, хятад бичгийн төгс боловсролтой, түүнд зөвлөгч монгол хүн нь хоёр хэлний ба уг номын
 нарийн ширийнийг сайн мэддэг байжээ гэмээр сэтгэгдэл төрдөг. Ингээд “Чингис хаган”-ыг галиглаад Тайцзу хуанди гэж Хубилай хааны үед тогтсон ёсоор зүүлт тайлбар хийжээ. Үүнийг гарцаагүй “Чингис” гэж монгол хүн уншихаар юм.
“Тэмүжин” нэрийн тухайд гэвэл, угтаа “Төмөрчин” гэсэн үг гэж монголчууд эхнээсээ мэддэг байсан, одоо ч мэдэх нь тэгэтлээ өндөр боловсрол шаардахгүй. Нэрийн утгыг монгол зөвлөх нь хятад галигчдаа зааж өгснөөр нөгөөх нь утга, дуудлага хоёрыг нэгэн зэрэг харгалзах боломжтой сонин онцлог бүхий ханз үсгээр галигчлах ёсыг энд их сайх
ан баримтласан байгаа юм. Энд сүүлийн ханзыг заавал “- жин” гэж унших огт албагүй.
Хүндэтгэлийн санаагаар энэ ханзыг авчихмаар байна, дуудлага ч ойрхон юм гэж галигч хэлэхээр нь монгол зөвлөх нь, за тэг тэг гэсэн л байдалтай юм.
Энэ тухайд заавал хятад “- жин” талыг баримтлах гэж мунагтаад байх нь эхнээсээ огт илүүц зүйл. Учир нь, МНТ-ы монгол эхийг гартаа барьж байсан Лувсанданзантан МНТ-д чухам яаж бичсэн байв, түүнийг зүгээр хуулчихсан байх ёстой, хуулчихсан ч байна. Алтан Тобчи-д “Төмүчин” гэжээ. Чингээд Лу. Алтан Тобчи хэмээхийн сонгомол судлаач, орос хэлнээ орчуулагч Н.П. Шастина авхай мөнхүү ёсчлон галигласан нь ийм.
Дашрамд, Ц. Дамдинсүрэнгээс Хө.Пэрэнлэй гуайд бэлэглэсэн энэ ном хуучин номын худалдаагаар дамжаад эцэст надад ирчихсэн юм. Нэрт археологич Хө. Пэрэнлэй гуай надад өгсөн нэг хөөрхөн чулуун зэвсэг байсныг би согтуудаа хэн нэгэнд бэлэглээд хэнд болохыг мартчихжээ.
Эх сурвалж бичигт үлдсэн “Төмүчин” нь он цагийн явцад “Тэмүчин” гэхшүү аман аялгад хэвших бүрэн боломжтой. Алтай аймгийн хэл, ялангуяа монгол хэлний эгшиг зохицох ёс нарийн. Харин нэрийн утга, монгол хэлний үг бүтээх ёс, гийгүүлэгч зохицох ёсны үүднээс үзвэл, “Тэмүчин” -ээс өөр байх хэрхэвч боломжгүй.
Өгүүлвээс, монголын түүх, язгуур уламжлалд хүндэтгэлтэй, бахархалтай хандах санаа сэтгэл, бодлого зорилго бүхий хүмүүс Хиад
Боржигин Есүхэйн Тэмүчин-Чингис Хаан гэж хэлж бичих нь зүйтэй юмаа гэж санал нэгдэж, баримтлах зүг чигтэй байна. Гэтэл өмнөөс тургиад эхлэх ба энэ нь чухам цаанаа ямар үндэслэлтэй, санаа бодолтой нь далд үлдэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Зарлиг гаргадаг. Зарлигтаа Тэмүжин-Чингэс гэж бичиж, сурталчилж бай гэж зарлигдсан бололтой.
Өдрийн сонин гэх багагүй нөлөөтэй мэдээллийн хэрэгсэл үүнийг тууштай баримталж байна. Ямар нэг гүн гүнзгий учир шалтгаан буй учраас л тэр байх. Зарлигийг дагаж болноо, болно. Гагцхүү үндэслэл, учир шалтгааныг нь мэдмээр байна. Ямар боловч хааныхаа нэрийг нэг мөр бичиж мэддэггүй монголчууд гэж гадаад ертөнцөд харагдмааргүй байна. Эх сурвалж бичгүүдийг юу юугүй либерал-ардчилаад хаячихаж хараахан болмооргүй байна. Их эзний тухай дахь хүндэтгэл, монголын үндэсний бахархлын асуудлыг улс төрийн самуун тоглоом, мунхаг шоглоом болгоод явчихмааргүй байна.
Ц. Элбэгдорж бээр “Боорчи, Мухулай, Зэлмэ, Сүбээдэй”-г дашрамд дурдсан аядаад “Чингэс хааны…сайн нөхөд нь байсан” гэжээ. Ц. Элбэгдоржийн сайн нөхөд нь түүний тамгын газарт байгаа байх.
Харин монгол түмний түүхэн уламжлал, тогтсон заншлаар бол “Чингисийн есөн өрлөг” гэж албан ёсны илтгэл байтугай, аман ярианд ч өгүүлдэг номтой. Зэлмэ-Мухулай, Зэв-Сүбэдэй гэсэн хоршоо үг хэллэгийг Хаан өөрөө бүтээж хэвшүүлсэн юм шүү дээ. Бэсүдийн Зэв өрлөг бол одоо нэрийг нь алагчилж ардчилаад орхичох хүн биш. Өмнө
зүгт Чавчаал боомтыг анх авсан нь Зэв өрлөг. Дэлхийг эзлэхээр Өрнө тийш 95 түмэн хөдлөхөд Бэсүдийн Зэв өрлөг манлайд морилж, Урианханы Сүбэдэй баатар гэзэгт мордсон байдаг юм. Хүнээ мэдээд л Хаан тийм томилгоо хийсэн хэрэг. Хааны стратеги төлөвлөлт, хүмүнд тулгуурласан бодлого гоц мэргэн оносон нь хожмын өрнөлөөр төгс нотлогдсон түүх. Дунд Азийн нэн хүчирхэг бүс нутгийг дагуулсан даруй Зэв, Сүбэдэй хоёрт үнэндээ багахан хүч өгч цааш үл мэдэгдэх олон үндэстний газар нутаг руу аялуулсан нь одоо ч аймшигтай эрсдэлтэй шийдэл харагддаг. Кавказ! Энэ чинь одоо ч хэн хүний зүрх үхүүлдэг газар орон, хүн ам. Кавказыг нэвт цохиод тал газарт хүрч оростой тулгарч ялаад эргээд хээв нэг хүрээд ирнэ гэдэг бол цэрэг дайны түүхийн
гайхамшиг. Энэ бүхэнд Бэсүдийн Зэв өрлөгийн бүх талын урлаг, ур чадвар илэрсэн нь түүхээс илт тодорхой байдаг.
Тийнхүү Тэмүчин-Чингис хаан зарлиг болсон нь эх сурвалж Алтан Товч-ийн мэдээгээр ийм буюу.
Хад мэт дайсанд харил үгүй шургагч харвасан сум мину,
Харь атаатныг үзвээс зүтгэн ирэгч борогчин харцага мину,
Хатууд зорьсон үйлсийг үл осолдогч төмөр дэгээ мину,
Хамагт зохилдон чадагч зөөлөн мяндас мэт Зэв мину хэмээжүхүй.
Үүнийг утгазохиол судлалд магтаал гэж нэрлэдэг.
Гэвч хуучныхаар бол боловсон хүчний тодорхойлолт, өнөөгийн хэлээр бол, хүний нөөцийн ерөнхий менежерээс өгсөн үнэлгээ дүгнэлт л байна. Манлайд морилдог цэргийн жанжныхаа хувьд харвасан сум, харцага шувуу, төмөр дэгээ байснаас гадна хамагт зохилдон чадагч агуу дипломатч, арга сүйхээтэй стратегич, тактикч байсныг Тэмүчин-Чингис Хаан бас тусгайлан онцгойлж байна л даа.
Миний бие Бэсүд талдаа удамшилтай халх бөгөөд чухам яг энэ үед том том ярьдаг нэгэн бэсүд болоод байгаа юм. Яриад байгаа бус, хийчихээд байгаа юм. Энэ яриад байгаа бус, хийчихээд байгаа юманд маань Ц. Элбэгдорж дур ч үгүй, сонирхол ч үгүй юм. Тэгээд арга ядахдаа би бодлоо: Бэсүд ба захчины хооронд эрт урьдын өс байсан юм биш гэж. Нууц Товчоон, Алтан Товч, Шар тууж, Ганга-ийн урусхал гэх мэт эх сурвалжуудыг дахин барьж баахан цагаа барлаа. Тэдгээрт юун өс хонзон, яагаад ч юм захчин гэх нэр ч алга. Баймаар л юм шиг. Ц.Элбэгдорж чинь захчин гэдэг биз дээ. Эсвэл байхгүй байж байгаад нэг орж ирэхээрээ монголын түүхийг эх сурвалж бичгүүдийнх нь эсрэг самраад эхлэх нигууртай юмуу, одоо ёстой бүү мэд. Ер хоолой багалзуураа тас харвуулж халих шахсан Хаан бээр Бэсүд омог, Зэв өрлөгт өс санаагүй л өнгөрсөн түүхийг манай улстөр гэх өс хонзонгийн
үүр уурхайд санаж байхад илүүдэхгүй.
Чингээд ялангуяа залуу үеийн зандан уншигчдад зориулан Эзний төрийн түшээ есөн өрлөг гэж чухам хэнийг хэлдэг түүхэн уламжлалтайг эх сурвалжийн ориг мэдүүлгээр талибасу:
Эдгээр есөн өрлөг эрхмүүдийг одоо нам, улстөр, үндэстэн ястан, жалга дов гэх мэт шалтгаанаар алагчилж ангилах юмуу, дашрамд дэмий дурдах төдийгөөр нэр хэмээх мэт нь монгол үндэстний уламжлалаар цээртэй. Өнөөгийн манай улс төрчдөд нам хамууд нь, жалга довныхон нь, бизнесийн хоршоо түншүүд нь гэх мэт “сайн нөхөд” нь байдаг байх.
Харин “Өрлөг” бол огт өөр ойлголт. Энэ тухайд хольж хутгаж, санаатай санамсаргүй самуурч дэмийрч болохгүй.
Өнөөгийн Монгол Улсын Ерөнхийлөгч нь захчин ч байж болно. Байж ч байна. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч монголын талаа ухамсартай баримтлагч үндэсний үзэлтэн бодгаль байх ёстой, тийм байх албатай. Хүсэхгүй гэвэл хувь хүний эрхийн асуудал. Чадахгүй бол хувь хүний хэр хэмжээний асуудал. Хэнбугай ч хэнийг ч албадахгүй. Монгол угсаатны хүсэл мөрөөдлийг заяанаасаа агуулж, монголын үндэсний бодлого зорилгын төлөө тэмцэх чадал чинсаатай төрсөн нэгэн төрийн толгойд байтугай, түмний дотор ч хэрэгтэй байна. Монгол Улсад эрхэм дээд эрх ашиг, эрмэлзэл тэмүүлэл байх ба Монгол Улсын Ерөнхийлөгч зөвхөн энэ шалгуураар сонгогдох ч ёстой, шүүгдэх ч ёстой. Ард нийт ч энэ асуудлыг өнөө цагийн өндөрлөгөөс ухаарч ухамсарлах ёстой. Бэлгэдэл байх нь бага хэрэг. Билигтэн байх ёстой. Билигтэн байваас бэлгэдэл байж сая чадна.
Зэв өрлөгт зориулж Чингисийн өгүүлсэнд “Хатууд зорьсон үйлс” гэж нэг ухагдахуун дурдагдаж байнаа даа.
Хатууд зорьсон үйлс ?! Энэ юу гэсэн үг буй?
Нийтлэлч Бэсүд Ч.Эрдэнэ

Leave a Reply

Labels