Эрээвэр хурааварыг иш татан харьцуулахуй дор

0 Сэтгэгдэл бичих:



Нийтлэлч Ц.Тайхар
Газар өмчлөл
Монгол улсад гай тарьсан ганц мулгуу шийдэл. Захиалагч нь гадаад улс орон. Намаа ялуулахын тулд хуулсан санаа, харийн зөвлөгөө. Сохор олныг сонороор нь хууран мялаах гэсэн сонгуулийн харалган санаачлага. Өөрийн дураар сэлгэн амьдрахыг нь аргамжсан нүүдэлчдийн соёлыг устгах бодлого. Өмхий өтгөө нэг дор овоолж өлгий нутгаа бохирлосон нүгэл. Алсдаа иргэдээс нь худалдаж аваад өмчөө хамгаалах нэрийдлээр цэргийн хамгаалалт оруулж ирэх өрнө, дорны далд хүслийн улбаа. Эдийн засгийн эцсийн үнэт баталгаанд нь эзэн суух гэсэн шунал. Газар бол улсын өмч, улс бол үндэстэний өмч. Чухам энэ газар нутаг, улс төрийнхөө эзэн байхын утга учир нь өндөр заяатай, өргөн мэдлэгтэй, өвч боловсролтой иргэн байж чадахад оршино.

Шагнал
Нийгэм солигдох хэрээр шагнал гэдгийг ойлгох ойлголт нь өөрчлөгдсөөр өнөөдөр бидний дунд өргөмжлөл тууз, цом, одон тэмдэг, дагалдах мөнгө хөрөнгө, цол гуншин болж хэлбэршээд байх шиг байна. Хог хаягдалыг дахин боловсруулаад шахмал бэлдэц хийдэг. Тэр бэлдцээр олон бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Тэдний л нэг болох жааз маазанд хэн нэгнийг хэтэрхий дөвийлгөж бичсэнийг өргөмжлөх гэнэ. Дашрамд хэлэхэд чихмэл тоглоомны дотор мөн л хаягдал байдаг. Тэрийгээ элгэндээ тэврээд толгойн дороо дэрлээд хэвтээд байгаа нь угтаа өөрийнх нь эрүүл мэндэд шагнал болчихож байгаа юм. Айл өрх албан газруудын тодорхой нэг зай эзэлсэн хэсэгт эдгээр цом өргөмжлөх энэ тэр нь ярайж байдаг. Монгол улсын хэмжээгээр байгаа эдгээр өргөмжлөл цом энэ тэрийг нь нийлүүлбэл Алтай Хангайн аль нэг уулын дайны юм босох байх. Тэр тууз муузыг нь нийлүүлбэл бөмбөрцөг дэлхийг бүхэлд нь бүслэх хэрийн болох байх.
Цэцэрлэг сургуулийн хүүхдүүдийн хүзүүнд зүүдэг эрээн оосортой нэг хөсрийн юм байдаг. Харваас хагас дутуу боловсруулсан хогыг өнгөлж далдлаад тэнгэр тултал магтаад хүүхдүүдийнхээ хүзүүнд нь зүүчиж байгаа юм. Одон медаль энэ тэрийгээ арай ч хогоор хийдэггүй нь илт боловч зэрэг дэв нь тоймгүй олон. Батга шиг олон одонгоор, дуудаж дуусашгүй олон гуншингаар хүнийг үнэлж болохгүй ээ, болих хэрэгтэй. Ер нь монгол хүн хэзээ ийм хямдхан болцийн. Тэгээд тэрэндээ балай их баярлалдахыг нь бас дээр нь яанаа.
Төр иргэдээ амьдралын баталгаагаар шагнаж байх ёстой. Хийсэн бүтээснийх нь төлөө хангалттай биш гэхэд ханамжтай амьдрах амьжиргааны баталгаа олгох ёстой.
Нэр, Алдар
Түүхээр тунгаагдаж түмнээр шүүгдэж байж дуудах нэр нь дуурсагдах алдарт хүрдэг. Хүмүний ертөнцөд мэндлээд буцсан бүх хүмүүсийн тоог гаргаад нэрсийг нь жагсаах боломжгүй ч үлгэр туульс, аман зохиол, түүх сударт нэрээ алдар болгосон бодгалиуд олоон. Тиймээс алдар нэрийг төр олгодоггүй ба зохиож болдоггүй юм. Харин төрийн хамгийн дээд шагнал бол уучлал өршөөл. Угаасаа хүн төрөлхтөний түүхэнд зохиосон ба тохиосон хамгийн агуу шагнал бол байгуулсан гавъяаных нь хэрээр алдсан алдааг нь уучилж хэдэнтээ хэлтрүүлэх шагнал юм. Энэ нь гүндээ маш нарийн ойлголт. Ухаандаа их хүмүүс мунхагын ертөнцөд албаар алдаа гаргах тохиолдол ч гардаг. Тэр мэтийг хааж хаацайлахгүй бол хүн төрөлхтөн урагш дэвших дэвжихгүйд хүрч мэдэх олон сайн юманд саад мундахгүй учир сайруулж өршөөх ёсон тэр гэх мэт. Хүн бээр хэдий олон хүний сэтгэлийг татаж хүндлэгдэж чадна төдий хэрээр эрэмбэлэгдэж байх нь байгалийн хууль. Үлгэрлэвээс Чингис хаан зөн оюун, эрдэм боловсролоос гадна олон хүний сэтгэлд далай ихээр хүндлэгдэж хайрлагдаж чадсандаа олныг оройлж түмнийг дагуулсан буйзаа. Харамсалтай нь одооны хүмүүсийн сэтгэл шалбааг цөөрөм лугаа өчүүхэн, нэр нь цол гуншиндаа дарагдаад баларсан байнам.
Сэтгэлгүй бол Будда, Есүс, Чингис хаан тэд тийм сайн сайхныг бүтээж чадах байсан уу.
Уудам саруул ой ухаан, уужим энэрэх нинжин сэтгэл хоёрын хослол алдрыг бүтээжихүй.
Нүүдэлчин ба суурин соёл эцэстээ нэг л зорилттой….
Байгалийн хуулийг таниж түүнийг дагаж амьдарч аж төрөх нь нүүдэлчдийн сэтгэл зүй ба ухаан. Өөрөөр хэлбэл ахуйгаа оршихуйдаа зохируулан амьдарч аж төрөх соёлыг бүтээжээ. Нарны системийн олон мянганы турш дахь тогтвортой байдал манай дэлхийн байгаль цаг уурыг удаан хугацаагаар тааламжтай байлгаж чадсан нь хүн төрөлхтөний өсөлтийг магад сайн хангажээ.
Хүн амын өсөлтийн шууд нөлөөгөөр суурин төвлөрсөн амьдралын хэв маяг үүсч бичиг үсэг, худалдаа харилцаа, соёлын солилцоо, шинжлэхүй ухаан ба шашин зэрэг өнөөгийн соёл иргэншлийн ололт амжилт хөгжил дэвшил, а мөн хор хохирол хямрал сүйрэл бий болсон билээ. Тоймлон үгүүлбээс суурин ба нүүдэлчдийн амьдралын хэв маягын өрсөлдөөн ба холилдооны үр дүнг бид харж байна. Өсөхийн хэрээр өрсөлдөх, эзэгнэх, хагаралдах, тэмцэлдэх нь зүй. Цөөхөн байхаараа мөрөөөсөн үгүйлэлдэж олон болохоороо тольхилдон хороолдох нь угаас хүнд шингэсэн байгалийн зарчим. Суурин ба нүүдлийн соёлын эцсийн зорилт нь хүн төрөлхтөн өөрсдийн төөрөг, заяа тавиланг мэдэх, амьд байж амьдарч үлдэх, аврагдах явдал. Үүний тулд л хүмүн гэгчийн туйлын зорилт нь ертөнцийн нэгдмэл учир шалтгаан, юмс үзэгдлийн дээд нэгдлийн хуулийг олж нээж танин мэдэх хэрэг юм. Туйлын зорилтын эцсийн үр дүн нь аврагдах улмаар аврагдсан нөхцөлд ертөнцийн гүн нууцыг сөхөх, мэдэх суралцаж эзэмшээд сансар огторгуйгаар нүүдэллэх сонирхол санаархал байх нь зүйн юм. Энэний ч тулд төрөх үхэхийн хооронд суралцаж үзэл бодлоо тулгалцаж хүчтэй нь хүчгүйгээ захирсаар ирсэн. Чухамдаа танин мэдэхүйн үнэн онол нээгдсэнээр гагц аврал хангагдахгүй амьдрал үргэлжлэх нөхцөл бүрэн хангагдчихгүй. Цаг хугацааг товчилж ирээдүйг урьдчилан магадлалтайгаар тооцож аливаад тосон бэлдэж, эвцэлдэн зохицох, тэсэн гарах арга зам, техник технологи, тактик стратегийг боловсруулах таниулах мэдүүлэх гэгээрүүлэх үйл ажил нь гол байх учиртай. Эцэстээ хүн амьд байх, амьд үлдэх тухай асуудал хамгийн сүүлд үлддэг тухай дээр дурьдсан. Нүүдлийн соёлын үнэ цэнэ энэ зорилтод тултал үйлчилдэгээрээ гайхамшигтай. Учир нь техник технологи үйлдвэрлэл асар өндөр хөгжөөд эцэстээ хүний оршин байх туйлын зорилтыг хангахгүй бол техник технологийн эцэсийн ололт амжилт нь амьдрах орчин оршихуйгаа устгах нигууртай бол суурин соёлын үр дүн нь эцэстээ хүн төрөлхтөн гэдэг төрөл зүйлийн устгах юм. Соёл иргэншлийн хоёр сонгодог зам мөрийн гүн зөрчлөөс хальт үгүүлэхэд ийм байна. Энэ үгүүлэмжээр 2012 12 21 ны тухай огт холбогдуулах гэсэнгүй. Тэртээ тэргүй гариг эрхэс битгий хэл одот орчлон асаж унтарч мөхөж бүтэх зүй тогтолтой нь туйлын үнэн тул оршихуйн язгуур үнэнийг онож мэдэх тухайд анхааруулсан гэдгийг болгоогоорой. Нарийн тооцоотой судалгаа хэдүй цэгцэрсэн байгаа ч хүнд хүчээр мэдлэг өгөх боломжгүйн үнэнд захирагдахаас яалтай.
Энэхүү харьцуулсан маягтай нийтлэлийг цуврал болгоод цаашид Эр ба эм, тэнгэр ба газар, гэрэл ба харахуй, үхэл ба төрөх, цаг хугацаа ба орон зай энэ тэр гээд үргэлжлээд явах байх. хэрхэн хүлээж авах нь оюуны сонирхолтой уншигч таны бүрэн эрх бизээ.

Leave a Reply

Labels