Сайн цагийн мянган бурхан

0 Сэтгэгдэл бичих:


Орчлон ертөнц нууцлаг юмсаар дүүрэн байна. Олны үг ортой гэдгийг дагавал одоо өрнөн буй амьдрал маань орчлонгийн цаг хугацааны онцгой нэгэн мөчлөгт хамаарах мэт. Байгаль ертөнцийн үүсэл хувьсалын явцад онцлог үйл явдал олон байсаар ирсэний наад захын жишээ нь оюун ухаант хүн үүссэн цаг мөч. Тийм онцлог цаг мөчүүд байсаар ирсэн бөгөөд цаашид ч тохиох онцгой цаг мөчүүдэд чухам юу болох эсэхийг мэдэх нь чухамдаа ертөнцийн гүн нууцыг тайлах мэт ач холбогдолтой тул таамаглал дэвшүүлэх нь үнэхээр гэнэн санагдах ч сонирхолтой. Хорин хэдэн настайдаа хүмүүсийн муу сэтгэлийг зүхэж шаналж явахдаа хэрэв тэр Бурхан нь байдаг л юм бол бушуухан бууж ирээд сайн муугаар нь хоёр ялгаад сайныг нь үлдээгээд мууг нь …. гэж боддог байж билээ.

Сүүлийн арваад жилийн хугацаанд бөө мөргөл, далд үзэгдэл, нууцлаг зүйлсийн тухай маш их дэлгэрлээ, яригдлаа, илэрлээ. Бөө мөргөл нь өрнөх дэлгэрэх цаг хугацааны зүй тогтолтой байгалийн амьд үзэгдэл юм. Байгаль хүний амьд харилцаа явагдаж байгаа учир шашнаас ялгагдана. Байгалийн аливаа нэг онцгой цаг мөч тохиохын өмнөтгөлд хүн амьтдын зөн совин сэргэж ямар нэгэн угтвар үзэгдэл, үйлчлэл заавал илэрдэгийн жишээ нь бөө мөргөл ба далд үзэгдэлийн илрэлүүд. Сайн цагийн мянган бурхан ирэх тухай, Мянган онгодын чуулган болох тухай, Ирээдүйг эш үзүүлсэн бошгууд биелэх тухай, Мянган залуу лидер сонгогдох тухай, Ер бусын оюун ухааны хөгжилтэй хүүхдүүд ирэх мянганыг авч явах тухай, Он цаг тоолол шинээр эхлэх тухай, Энергийн шинэчлэлт хийгдэх тухай, Хүний оюун ухаан танин мэдэхүйд хувьсал гарах тухай гэх мэт ер бусын таамаг эргэлдсээр байгаагын зэрэгцээ мөн Дэлхийн соронзон туйл өөрчлөгдөх тухай, Дэлхий сүйрэх тухай, Тас харанхуй тэсгим хүйтэн болох гэх мэт муу зүйл нүүрлэх тухай дэлхий даяар түгсэн түгээгүй олон сайн муу таамаг дуулиан тасрахгүй байна. Монголын шилдэг нийтлэлчдийн клубын вэб хуудаснаа нийтлэлч Бадралын тавьсан хувь ерөөл гэсэн нийтлэлийг уншихад мөн л энэ цаг үед хүн төрөлхтөн оргил хувь ерөөлтэйг дурдсан буй. Бурхан багшийн өөрөө хэлсэн гэж иш татсан зөгнөл үгийг “Тэд эргэж төрнө” гэсэн номноос хуулбал: Миний сургаалийг 2500 жилээс хойш харцаган малгайт гахай хоншоорт гуталт улаан царайт тэрс үзэлтнүүд умраас умарт дэлгэрүүлнэ гэсэн нь дээрх хувь ерөөл гэсэн Ошогийн хэлсэнтэй холбогдох юм шиг. Саяхан телевизээр хэлмэгдүүлэлтийн үед Халхын Зая бандидын тодорсон хойд дүр нь эсэргүүнүүд хэмээгдэгчдийг эрүүдэн байцаагч нь өөрөө байсан тухай кино гарсан нь Халхын Зая бандид Наянт ван хоёрын зөрчил энэ сэдэвтэй холбоотой байсныг дурьдах шалтгаан гаргалаа. Халхын Сайн ноён хан аймгийн Сэцэн чин ван Наянт өөрийн өвөг дээдсийн үеэс тахиж ирсэн удмынхны өмч болох Монгол үсгийн Данжуурын 226 боть судрыг Монгол улсын судар бичгийн хүрээлэнд хүлээлгэн өгсөныг гэрчлэн боржин чулуун дээр сийлсэн гэрээ бүхий бичээс Монгол улсын төв номын санд хадгалагдаж байгаа. Хан Өндөр-ийн хүрээ, Монголын анхны сургуулиудын нэг Хан Өндөр-ийн сургуулийг байгуулсан энэ эрхэм эрдэм номыг түгээж итгэл бишрэл сахиулах үйлсэд их зүтгэсэн нэгэн бололтой. Наянт ван Чонотын хөндийд сайн цагийг түргэсгэх тахилгын сүм барьсан нь хожим Заяын хүрээний хамт сүйджээ. Хэдхэн жилийн өмнө Шамбала нийгэмлэгээс санаачлан Галдан зуу сүмийг дахин сэргээсэн ч сайн цагийн бурхадын тахилгын сүм хэвээрээ эсэхийг нягталж асуусангүй. Бурханы сургаал ном гэхээсээ илүү дүр сүрийг нь шавар цемент, чулуу, металаар энд тэндгүй өрсөлдөн байгуулах нь мөнөөх шүтээнээ хүндэтгээд байгаа гэхээсээ илүү огт ухаж ойлгоогүйнх болов уу. Угаас шашинд ч, танин мэдэхүйд ч, харилцаанд ч юуг яг юу гэж ойлгох нь зөрөлдөхөөрөө зөрчил болдог. Ухаандаа таны бодож хэлж байгааг би яг юу гэж ойлгох, миний бодож хэлж байгааг та юу гэж тусгаж ойлгох зэрэг нь харьцангуй. Нэг юмыг мэдэхэд ийм олон харьцангуй ойлголттой байхаар танин мэдэхүйн зөрчил шалтгаан яаж тасрах. Ийм шалтгаанаар Заяын хүрээнийхэнтэй Наянт ван зөрчилдөн тэдний хүрээний хойморт Бурхантай Булган уулын энгэр өндөрлөгт Галдан зуу хийдээ босгосон байх. Үүнийг дурсахын учир нь Халхын хавтгайд байсан гол хүрээ хийдүүд Эрдэнэ зуу, Галдан зуу, Алтан зуу ба Зуугийн хийд гэж нэрийдсэн нь мөнөөх сайн цагийг эхлүүлэх ба эзэгнэх 1000-н Бурханыг тахих тахилгын сүмүүд байсан гэлтэй.
Зуу зуун Бурхадыг тахиж муугийн үндсийг устгаж мунхагын үрийг таслан зовлонгийн үрээс ангижирч гэгээрлийн хутаг олох сайн цагтай золгох зорилго ийнхүү эртнээс эхэлсэн улбаатай. Галдан бошигт хааны үлдээсэн хондогын өөлд өрхүүд халхуудтай ураг барилдан өнөржсөөр одоо ч Архангайн Өлзийт суманд Алтан зуу хийдээ тахиж шүтэж мялаасаар байна. Өндөр гэгээн Занабазарын байгуулсан Эрдэнэ зуу хийд энэ цаг үе хүртэл эвдрэн сүйтгэгдээгүй нь их хүмүний хичээн хүртсэн нууц увидас ивээсэн мэт. Энэ дашрамд нэг зүйлийг сайтар сануулсу хэмээн учирлах нь: Ер нь Занабазар, Галдан бошигт хаан хоёрыг харгалдуулан хагаралдуулах явдал нь маш буруу бөгөөд нэн ялангуяа одоо энэ цаг үеийн судлаач түүхчид илтэд илэрхий маргаан болгож байгаа нь зэмлүүштэй. Их хүмүүсийг юмны духанд хүрэлгүй эхлээд шүүдэггүй юм. Дахин давтахад : Их хүмүүсийг эхлээд шүүхийг бүү оролд. Харин үйл хэрэг учир явдлыг тулхтай тунгааж судлууштай. Магадгүй байгалийн нууцлаг зарчим цаг хугацааны эрхшээлээр оюунт бодгалуудын үйл хэргээр илрэн сургамжлах нь гүн гүнзгий мэдлэгийг хүн төрөлхтөн тун хөнгөн хүртсэн байна гэдгийг илэрхийлэн сунжрах мэт.
Нэг-үүдэл. Нэгдэх. Нэгтгэх гэсэн тэмүүлэл ба дохио бөө мөргөлд ч шашнуудад ч ШУ нд ч нийгэм улс төрд ч аж ахуй бизнест ч хамгийн хурц байсаар байна.
Дурын байгууллага, нам, шашин, бөө, ТББ, клуб, нийгмийн байгуулал гэх мэтийн цаана нэгдэх нэгтгэх гэсэн нэг угшил бий. Гэвч хүн төрөлхтөнийг өнөө хүртэлх түүхэнд нэг мөр нэгдэж чадсан нь бараг үгүй юм. Учир нь танин мэдэхүйн нэгдмэл нэг ойлголт байхгүй бол энэ зөрчил хэзээ ч тасрахгүй. Харин математикт ийм зөрчил үүсдэггүйгээрээ үнэмлэхүй мэдлэг. Эцсийн эцэст нэгтгэх гэсэн санаа зориг хүсэл тэмүүллээс өөр юу хүний ертөнцөд байгаа юм ? хэлээд ац гэсэн үг маргаан таслах мэт сонорт хүрдэг. Тэгвэл танин мэдэхүйг нэг мөр болгоод хэлээд ац гэсэн хүсэл хаа сайгүй тэнүүчлэн буйг гүйцэлдүүлэх тийм нэгэн цаг үе ирсэн болов уу хэмээн найдан мөхөс нэгэн энэ олон мянган нэртэй зөгнөл таамаглалд дулдуйдан сэтгэгдэлээ илэрхийллээ. Танин мэдэхүйг цэгцлэн нэг мөр гэгээрэлд шуудрахыг тушаахаар сайн цагийн мянган бурхан айсуй бол, байгаль экологийн тэнцвэр алдагдахтай зэрэгцэн хүн төрөлхтөний танин мэдэхүй хэт удаашралтай байгааг засаж залахаар Тэнгэр шийдсэн бол бол та бид яах билээ? гэж өөрөөсөө асуун суухуйд Орчлон ертөнцөд буй бүх юмс үзэгдэл огоот хоосны тигт уялагадсан буй хэмээн хариулав.
Байгалийн амьд үзэгдэл, байгаль хүний амьд харилцаа гэдгийн цаана сайн муу саармаг бүгд байгаа гэдгээр хүлээн аваарай.
Учир нь нэгэнт хүн төрөлхтөн анх эцэг эхээс мэндлэхдээ бие, сэтгэл, ой нь ариун хоосон ирээд хүний ертөнцөд хэрхэн мэдлэг мэдээлэл туршлага хуримтлуулсанаараа байгальд буй сайн муу сүнснүүдийн эрхшээл нөлөөнд ордог бололтой юм. Тиймдээ ч албин тийрэн ч байгалийн харилцаа юм. Өөрөөр хэлбэл бид хүмүн байхдаа муу үйлээр бие сэтгэл ой ухаанаа дүүргэж хожим байгальд сүнс болохдоо эргээд хүмүүсд онгод нэрээр орж эзэмдэх асуудал байна. Тиймээс Хүн байна гэдэг асар чухал хувь заяа юм.
Нийтлэлч Ц.Тайхар
http://niitlelch.com/?p=1184

Leave a Reply

Labels