Замын зураг
Нилээд нийтлэг үзэгдэх “Road map” гэдэг нэр томъёо анх АНУ-аас гарсныг НҮБ ч хэрэглэх болов. Эгзэг ээдрээтэй асуудлыг шийдэхийн тулд эхлээд хүрэх газраа буюу тухайн цагийн зорилтоо тов тодорхой товлосон байх ёстой. Тэгээд тийшээ хүрэх арга зам, үйл ажиллагаагаа дэс дараалан яв цав тооцно. Ингээд явбал тийм юманд хүрнэ гэсэн л загвар зураг. Практик дээр хүрэх ч байна, үгүй ч байна. Гэхдээ ямар боловч тухайн асуудалд холбогдох тухайн удирдлагын механизм буюу жолооч нь нэгэнт тохиролцсон замын зургаа хэлбэрэлтгүй хэрэгжүүлээд л төөргөө хардаг. Ийм л логик. Угтаа шинэ юм биш.
Хуучин уламжлалт, универсаль нэр томъёо нь алгоритм. Ямар нэг зорилт ямагт байна. Түүнд хүрэх арга зам буюу алгоритмыг олох, зохиох, гөрдөх хэрэгтэй болно. Дийлэнхи олонхи тохиолдолд тухайн зорилтыг шийдэх үнэн зөв алгоритм цорын ганц байна, олон байж чаддаггүй нь цаанаасаа логикийн хорио цээртэй юм.
Шинэчлэлийн гэх гуншинтай ЗГ-ын дараа гарах авралын ч юмуу цолтой ЗГ маань эн түрүүнд Замын зурагтай болох хэрэгтэй. Энэ мөчид ийм шаардлага гарцаагүй тавигдаад байна. УИХ-ын ирэх сонгууль гэдэг монгууль хүртэл зай ч байна, лай ч байна. Замын сайн зургаар алхаа гишгээгээ зөв олж явбаас өнөөгийн хурдцын нөхцөлд эргэлт гаргахад бүтэн хагас жил бүү хэл, нэг өдөр ч хангалттай. Эргэлт эхлээд толгойд орж, санаанд багтах ёстой. Найдвар бага, бараг байхгүйтэй адил, гэхдээ нийгмийн захиалга гэж байдаггүй биш байдаг, ажиллахгүй биш ажилладаг хүчин зүйл.
Шинэ үеийн Монгол олон ЗГ үзсэн. Тухай бүр тулгарсан нийгмийн захиалгыг тэд гол төлөв шийдээд ирсний үр дүн нь манай өнөөгийн өндөрлөг юм. Одоо бүрэлдэх ЗГ-ын өмнө чухам ямар захиалга байж болох ба байна вэ?
Манай хөгжлийн хэвийн үйл явцыг үндэсний дэвшил, сэргэн мандлын үйл хэрэгт шууд ба огцом шилжүүлэх боломж, үндэслэл бий болсон. Үүнийг хэрэгжүүлэх захиалга нийгмээс бус, Дээр Тэнгэрээс байна.
Андре Вейлын теорем
Нэгдүгээр зэрэглэлийн хүн 1-р зэрэглэлийн хүмүүстэй шадарладаг. 2-р зэргийн хүн 3-р зэргийн хүмүүстэй ажилладаг, 3-р зэргийн хүн 5-р зэргийн хүмүүсийг хөлсөлдөг. Ийм л теорем байх ба баталгаа нь дэлхийн ба монголын түүх. Андре Вейл нь францын нэрт математикч (1906-1998).
Чингис өөрөө дээд чинсааны бодгаль учраас түүний шадар 9 өрлөг бол мөн тэр зиндааных. Энэ 1-р зэрэглэл нь буурахгүйгээр аравтын дарга хүртэл нэвт явна. Чингисийн Монголын нэг гол нууц үүнд байв.
Төр маань 2-р зэргийн хүнээс эхлэвэл ердөө хоёр шат доошлохдоо шалдаа буучихаж байна. Энэ бол өнөөгийн Монголын дүр зураг.
Үндэсний лидерын асуудал
Үндэсний лидерын асуудал нь Вейлын теоремын гол мөрдөлгөө болж урган гардаг. Ардчилсан тогтолцоо нь үндэсний лидерыг олж өргөн дэвшүүлэх механизм мөн үү, биш үү. Мөн байх. Өөрөөр бодвоос, ардчилал утгаа алдана.
Ардчилал бол нийгмийн дэвшил. Нийгмийн дэвшлийн эцсийн үр дүн нь үндэсний дэвшил, сэргэн мандал байх ёстой. Өөрөөр бодвоос, ардчилал утгаа алдана. Монгол үндэстний дэвшил гарч, Монгол Улс сэргэн мандана гэвэл, босго нь хэт өндөр. Чингисийн Монголын хүч чадал, нэр нөлөөнд хүрч баймааж сая монгол угсаатны сэргэн мандлын тухай ам нээж, хэл загатнаж болно. Түүнээс наашгүй. Чингисийн Монгол нэгэнт байсан ахул тэр дахин давтагдана гэсэн аксиом түүхийн философийн логикт байдаг юм. Хятад дэлхийн мануфактур байсан, дахиад дэлхийн мануфактур боллоо. Гайхах зүйлгүй.
Чингисийн Монгол давтагдана. Үндэсний лидер байваас барьж авах үндэслэл, бариад гүйх ололт нь миний гарт байна. Чингис бээр “Санааг ану авбаас бие инү хаа холдох” хэмээн гэрээслэснээс Чёрчилль “Ирээдүйн эзэнт гүрнүүд нь оюун санааны эзэнт гүрнүүд байх юм” гэсэн мөрдөлгөө гаргажээ. Орчин үеийн даяаршсэн дэлхий дахь олон улсын улстөрийн номлол гэвэл ердөө л энэ.
Америкийн дагуулах үзэл санаа нь либераль ардчилал. Бид дагаж л байна. Орос орон евразизмын үзэл санааг сэргээн дэвшүүлж байх ба Еврази нь монгол морины туурайн мөр гарсан бүх газар нутаг юм. Хятад улс “мөрөөдлийн зорилт”-той гэх боловч энэ тухай тодруулах мэдээлэл надад алга.
Ерөнхийдөө дэлхийн байдлын цаадын төлөв тов тодорхой. Еврази дахин ба англи-саксон ертөнц сөрөн зогсолцоно. Дэлхий нэг туйлтай, олон туйлтай гэж нилээд будилсан. Байгаль ямагт хоёр туйлтай ба хоёр туйл, татах төв нь дахин бүрэлдэх үйл явц эхлээд шуударчихлаа.
Тэгвэл өнөөгийн Монгол Улс чухам юугаар, яаж дэлхийг дахин даяарчилж, оюун санааны эзэнт гүрэн байгуулах юм бэ?
Санаснаас үлэмж илүү хялбархан. Англи-саксон соёл, ухааны ноёрхол 327 жилийн өмнө Исаак Ньютоны номоор эхэлж тогтоод өнөөг хүрч байна. Түүх ямагт ээлжтэй. Евразийн соёл, ухаан ноёрхохын тулд бас нэг ном л хэрэгтэй. Тэр ном нь Ньютоны үүсгэсэн онолын физикийн ухааныг төгсгөсөн байх ёстой, тэгээд байж байгаа юм, бидний гарт. Ердөө л энэ, гайхаж цөхөх юмгүй ердийн үзэгдэл. Англи-саксон ноёрхол 300 жил үргэлжлээд солигдоно, солигдохын тулд тийм тийм юм болно гэсэн зөгнөл 500 жилийн өмнөөс байжээ. Үүнийг дурдах нь мухар сүсэг. Мухар сүсгийг ч анзаардаг юмыг боловсрол гэнэ.
Чадвар
Монголын улстөрийн үгийн санд чадвар гэдэг үг оруулах гэж хичнээн жил ядаад чадсангүй. Энэ үг бүр мартагдсан. Нам төвт төрийн нөхцөлд чадварын тухай ойлголт үнэхээр хэрэггүй, үндсэндээ хортой. Чадвар ярихаар шаардлага тавих, сонголт хийх албатай болдог. Нам төвт нөхцөлд шалгуур нь чадвар биш, нам ярьж, хишиг горьдсон алиа салбадай байхад хангалттай.
Гэтэл хаана ч, хэзээ ч ЗГ-аас ганц хүсдэг нь чадвар.
Баабарын үгээр бол 76-аас 19 нь мэдрэлийн согогтой ч юмуу, ер төр засгийнхан бичиг үсэгтэй үгүй нь ч эргэлзээтэй гэнэ. Ор мөртэй ч гэсэн хэтрүүлэг биз. Огт хэтрүүлэггүйгээр тов тодорхой, туршилт ажиглалтаар тогтоогдсон баримтаар хэлбэл, Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, ЗГ-ын түвшинд ба хүрээнд 5 хуудас зүйл унших хэрийн хөдөлмөрийн чадвар, уншаад ойлгох хэрийн оюуны чадвар, ойлгоё гэх ажлын зүтгэл, ерөөс монгол гэх сэтгэл огт харагдсангүй ирлээ. Энд хэтрүүлэг огт байхгүй шүү.
ЗГ-т заавал чимэг гуншин хэрэгтэй бол одоо бүрэлдэх ЗГ-т дэвшлийн нэр өгөөд, ЕС нь чадвар гэсэн үгтэй орж ирмээр байна. Эсбөгөөс байж л байдаг хэдэн дундаж саарал түшмэд хэн нь юу болж, юуг яаж бүрдүүллээ ч байдал өөрчлөгдөхгүй. Цаашид байдал улам муудах магадлалтай ба үүнийг сөрж гарахад чадвар шаардагдана.
Үндэсний лидер алга. Монгол байтугай том улс оронд энэ чинь зуун жил, хэдэн зуун жилдээ нэг олдвол олддог, үгүй бол үгүй эд. Өнөөгийн Монголд ёстой горьдохын гарз юм байна. Энэ нөхцөлд чадварлаг ЗГ хамтын удирдлагын механизмаар юм хийж бас болмоор. З. Энхболд УИХ-ын 33 гишүүнээс хэлэлцье гэсэн нь бас л явцуу хүрээ. Бидний мэдэх хүмүүс, хэр баргийн нөхдүүд. Намын бус, үндэсний эрх ашиг, тухайн цаг мөчийн онцлогын үүднээс хандаж илүү өргөн хүрээнд эрж хайж, бодож сэтгэмээр байна. Хувийн секторт хэн, юу байгаа бол. Зэвсэгт хүчинд хүн байхгүй биз. Шинэ хүн хэрэгтэй байна. Аз сорьсон эрсдэл чухал боллоо. Арыг нь дааж болох байна. Боловсон хүчний хомсдол Монголд бүү хэл, Орост байна. Тэр бүү хэл, АНУ-д Засаг захиргааныхаа чадварын тухай ярьж эхэллээ. Эрх баригч нам ЕС-ад шууд нэр заачих хэрийн хүн бэлтгээгүй байна гэдэг бол бурангуй явдал. Бусармаг явдлын үүр уурхай болсны л харгай. Улс төр бол жинхэнэ утгаараа үндэсний амбийц байдаг юм. Манай улстөрчид гэж хувийн амбийц нь аминыхаа эрх ашгаас цааш гардаггүй хачин гаж солиотой хүмүүс. Төр засагт ажиллана гэдэг бол мөнгө босгохын нэр биш, үндэсний хэмжээнд нэр нөлөө олох арга зам. Тэр нэр нөлөөгөө хожим аминдаа ашиглах алтан боломж. Үүгээр жинхэнэ улс төр ба шудрага бизнесийн харилцан солбицол зохистой хангагдаж байдаг юм.
Тэгэхлээр яахав гэхлээр, энэхүү өгүүллийг нэг мөр суугаад уншаад дуусгачих хэрийн ажлын чадвартай, оюуны боломжтой олон биш гэхэд 1-2 хүн олдохуйц ЗГ надад хэрэгтэй байна. Монголд ба дэлхийд надаас илүү хэрэгтэй байна.
Зорилт
Орчин цагийн сэтгэлгээнд түлхүүр ба тулгуур ойлголт гэвэл энэ. Ертөнцөд ямар нэг системүүд оршин байна. Тиймээс орчин үеийн өндөр дээд шинжлэх ухааны хүрсэн нэг өндөрлөг нь системийн онол юм. Тэр онолын дүнэглтүүд, теоремууд байна. Монголын нийгэм бол систем. Системийн онол ёсоор авч үзвэл, зорилтгүй систем оршин тогтож чаддаггүй, нураад уначихдаг.
Тэгвэл Монгол Улсын зорилт яг юу байна вэ?
Энэ маш ерөнхий асуултыг хийсвэр ба бодит бүхий л утга чанараар нь өнөөдөр тавихгүйгээр болж бүтэх юм цаашид гарахгүй. Ардчилал, зах зээл үү? Үзэл суртал, улс төрийн сурталчилгааны л нэр томъёо. Монгол Улсын Үндсэн хуульд “капитализм” гэсэн үг нэгээхэн ч байхгүй. Хүлцэл өчье, миний уншдаг, судалдаг, нэг муу мэддэг ганц хууль гэвэл Үндсэн хууль. Монгол Улсын Үндсэн хуулийн зорилт нь капитализмыг цогцлоон байгуулахад оршино.
Ардчилал, зах зээл нь капитализм байгуулах арга зам. Аль аль нь манайд америкийнхаас ч илүү байна. Капитализмд хөрөнгөтний ардчилал л байна. Өөр ардчилал гээч юм огтоос байдаггүй юмаа. Тодруулбал, хөрөнгөтний төлөөллийн ардчилал байна. Компаниуд төр барина, гэхдээ УИХ дахь төлөөллөөрөө дамжуулан төр ба засгийг атгана. АПУ-гийн Г. Батхүү өөрөө УИХ-д суух нь олигархизм. Нийгмийн хөгжлийн явц дахь бараг зайлшгүй нэг шат. MSC компани нэг нөхрийг сонгуулж суулгасан нь сая төлөөллийн ардчилал. АПУ юмуу, MSC -н хөрөнгө хүчин дээр та ч, би ч хаана ч, юугаар ч сонгогдож чадна, тиймээс өнөө ч, хойшид ч манай парламентад та бид хоёроос дээгүүр ч үгүй, доогуур ч үгүй амьтад л суух болно гэх мэт хялбархан зүйлийг одоо та бид ойлгодог, ойлгохынхоо хэрээр нийгмийн амьдралдаа анализ, дүгнэлт хийж чаддаг болмоор байна. Үндсэн хуульд “хүмүнлэг ардчилсан” гэж капитализмыг ичингүйрэн нэрлэдэг ёсыг баримталж хэлсэн төлөөнөө надаас хүртэл тэр хүмүнлэг нь хаа байна гэж нэхэж шалгаадаг хүмүүс олон байсан нь сүүлийн үес цөөрсөн. Хүмүүс хар зөнгөөрөө юм ойлгодог болсон шиг байна.
Үндсэн хуулийн зорилт бол капитализм. Капитализм хүмүнлэг байх эсэх нь тухайн цаг үеүүдийн Тэнгэр мэддэг асуудал. МАН-АН-ын ЗГ хэдэн халтар төгрөг тарааж өгсөн нь лав судлаач надад багагүй тус болсон хүмүнлэг зүйл боловч сая огцордог шинэчлэлийн ЗГ үүнийг хараасаар дуусав. “Хүмүнлэг” гэдэг үг, ойлголт Монгол Улсын Үндсэн хуульд бий шүү, нөхдүүд минь гэж одоо бий болох ЗГ-т эн түрүүнд анхааруулмаар байна.
Монголын улс төрийн үгийн санд “капитализм” гэдэг үгийг оруулаад өгөөч гэж хичнээн жил гуйгаад тусыг эс олов. Уг нь маш чухал, тэргүүн зэргийн асуудал юм шүү дээ. Яагаад гэвэл, капитализм гэж хэлснээр зорилтын зүйл зүй зохисоороо тодордог. Капитализм гэж юу вэ гэхээр, шинжлэх ухаан, үйлдвэрлэл. Эхлээд шинжлэх ухаан, дараа нь үйлдвэрлэл. Зөвхөн ийм дараалал хүчинтэй байсан, байна, байх болно. Үйлдвэрлье гэж зарим хүмүүс хөөрч цуурдаг нь хий хоосон мөрөөдал гэхээсээ илүү дэмий тэнэглэл. Шинжлэх ухаан мартагдсан манай нөхцөлд зунгагны үнэр нь арилаагүй ноосоор үйлдэх аядсан өмхий углаашнаас цааш юм үйлдвэрлэж чадахгүй. Энэ тухайд Баабар хүртэл зөв хэлсэн буй. Эсгийг чулуу болтол хатууруулдаг технологи, хөдөлмөрийн соёлыг харъя гэвэл Иранд очиж туршлага судлах хэрэгтэй.
Капитализмд ямар ардчилал, яаж байдгийг дээр дурдсан. Уг нь улстөрчид өөрсдөө зааж сургаж суух ёстой сэдэв шүү.
Капитализм бол чөлөөт зах зээл гэж бид мэдэж байгаа.Тиймээс эдийн засагт хувийн сектор ноёлох ёстой. Зах зээлд арилжаа л байна. Төр засаг ба хувийн секторын хооронд татварын харилцаа ямагт байна. Аа бас, арилжаа үүснэ. Энэ нь авлига. Хэзээ ч, хаана ч зах зээлийн арилжааны энэ хуулийн үйлчлэлийг арилгаж чаддаггүй юм. Их бага, баригдах баригдахгүйн асуудал л байна. Авлига, ерөөс ямар ч тоймтой томоохон хэргийг мөрдөн байцааж болох боловч мөрдөн байцаагчид нь айдаг ганцхан юм байдаг. Өөрийгөө олоод ирэхвий гэж. Төр маань АТГ-ыг байгуулав. АТГ нь олоод ирэх объект онолд ч, практикт ч ганцхан. Энэ объект нь төр засаг өөрөө. Төр засагт байдаг юмыг л авлига гэдэг биздээ. Ингээд АТГ нь төр засгийн ажлыг хийлгэхгүй болсон нь объектив зүй тогтол. Үүнээс одоохондоо буюу капиталист анхны хуримтлалын төлөө амь тавьсан өнөөгийн бодит ба зайлшгүй үе шатанд зайлсхийх арга чаргыг би бас л олон жил хэлж бичиж байгаа хүн. Юув гэвэл, намууд хоорондын далд тохиролцоогоор авлига төрлийн арилжааг улс орны эдийн засгийн дундаж түвшинд тохируулан зохицуулж тарифжуулах явдал. Энэ бол олон улсад байж л байгаа арга хэлбэр, айж ичих зүйл хараахан бус. АТГ барьж тавиад ажил хийлгэхгүй зовлон болсон нь авлигын хэмжээ эдийн засгийн дундаж боломжоос хол давж, анхаарал хэтэрхий татах болсны харгай юм. 100 саяын авлигыг нэг нь ичээд өгөхгүй, нөгөө нь тоож авахгүй болсон гэдэг бол олон жилийн өмнөх мэдээлэл. Миний хэр барагт таарсан нэг жижигхэн жишээ хэлье л дээ. Хэдэн жилийн өмнө бид нэг нөхрийг тэр ажилладаг газарт нь тасгийн дарга болгомоор байлаа. Мэрэгжилтнийхээ хувьд ба олон жилийн туршлагынхаа хэрээр тасгийн дарга байвал байхаар л хүн юм. Тасгийн дарга болвол надад нэг өрөө гаргаж өгөх юм. Судлаач гэж сайнаар яривал гэрт багтахгүй номтой, муугаар хэлбэл гаргаад хаячих завдал болдоггүй хог цаастай хүн байдаг нь ёс юм. Гэтэл 10 сая хэрэгтэй гэнэ. Аль ч нийгэмд нэг муу мэрэгжилтэн л явсан, явсаар байгаа бидний хувьд боломжоос үлэмж хэтэрсэн тоо. Тэр газрын тамгын газрыг нэг нөхөр 200 саяар үнэлж авсныг бид мэдэх юм. Аюул нь юу гэвэл, миний бие авлигадаж чадалгүй цаасаа чихэх газаргүй явсаар буйд бус, харин мэрэгжилтэн гэдэг ойлголт төр засгийн бүх түвшинд устсанд оршино. Орчин цагийн нарийн нийлмэл, эгзэг ээдрээтэй нөхцөлд энэ бол үндэсний аюулгүй байдлыг ноцтой хөндсөн аюул занал шүү. Бусдыг нь болье, миний бие мэдээллийн талын мэргэжилтэн. Төр засгийн мэдээллийн алба гэвэл миний бие тэр талын зүйлийг тухайн цагтаа Англи, Германд төр засгуудынх нь урилгаар явж судалсан ганц хүн юм. Тэгээд жишээ нь, саяын шинэчлэлийн ЗГ-ын ХМА-ы дарга нь би байлаа гэхэд ЗГ нь огцорч харагдаач. Тийм юм байдаггүй юм. Удирдлагын бүх түвшинд хамгийн шадар хүн нь ХМА-ы дарга байдаг номтой юм. Тиймээс аль ч улсын ЕС гэхэд бодож цэгнэж, эрж хайсаар хамгийн сүүлд томилдог албан тушаал. Монголд олон засгийн газар огцорсон. Нэгээс бусад нь ХМА-ыхаа урагшгүй, мэргэжилгүйгээс огцорсон байдаг. Энэ мэтхэнийг юунд нуршив гэвэл, Баабар хүртэл мэргэжлийн ЗГ гэж дуугарахаа мэдээд байх болсон тийм нөхцөл байдалд Монгол Улс тулж иржээ. Гэлээ гээд мэргэжлийн ЗГ бүрэлдэх боломж одоогоор хаалттай. Нам төвт төрийн нөхцөлд энэ тухай ярьсны ч хэрэггүй нь маргах зүйл биш болсон. Үндсэн хуулийн нэмэлт засвараар нам төвт төрийг сэргээсэн нь уг чанартаа мэргэжлийн бус төр засгийг хуульчлаад өгчихсөн хэрэг юм. Үндсэн хуулийг яах ч арга байхгүй. Үндсэн хуулиас тойруу замаар зайлсхийх ганц гарц гэвэл, намуудын гишүүнчлэлийг хориглох явдал. Авилгын угт намуудын санхүүжилтын асуудал хаана ч байдаг, манайд ч тэр тусмаа байна. Н. Энхбаяр юмуу, Н. Алтанхуяг гэхэд намаа санхүүжүүлж чадахгүй бол ЕС байж ямар үхсэн үлийгээ хийх билээ дээ. Нам нэрийн дор дуртай дулдага, дулаахан халдага 2-3 хүн ганц өрөө хөлслөөд тэндээ Монголыг болье гэтэл хөгжүүлэх онол номлол, хөтөлбөр стратегиа боловсруулаад суудаг, бусад нь тухай тухайн цаг үеээ ажиглаж шинжээд саналаа хувааж өгдөг болвоос намын санхүүжилт гэх авилга арилжааны эх булаг арилна. Түүнчлэн сонгуулийн дараа намуудын гэх хар массыг хуй хүйгээр нь төр засгийн бүх шатанд багтаж ядтал чихсэнээр төр засгийн ажлын албад, аппаратууд нь төр засгийн засгийн ажлын дөр хамаргүйн дээр бичиг үсгийн боловсрол ч хомсдолтой нөхдүүдээр дүүрэх хэрэгцээ бас арилна гэх мэт. Намын гишүүнчлэлийг хориглох нь Үндсэн хуульд хүртэх хэрийн тогтолцооны асуудал биш боловч улстөрийн механизмыг хөндөхийнхөө хувьд эргэлтийн чанартай тул одоогоор боломжгүй. Үүнийг олон нийт Ц. Элбэгдоржоос хүлээж байсан боловч нөгөөх нь гадаадаар хувийн бэлэг цуглуулж давхиад дотоодын томоохон асуудалд төвлөрч эндээ саатах хүн биш байж таарлаа. Дараагийн Ерөнхийлөгч болох дур хүсэлтэй хүмүүс энэ тухайд юу хэлэхээ одооноос бодож болгоож сууваас илүүц огт бус. Нийгэмд ийм хүлээлт бий ба дийлэнхи биш гэхэд энгийн олонхийг лавтай хамарч байна. Гишүүнчлэлгүй нам гэхээр намуудын удирдлагууд урьдаас сэтгэлзүйгээрээ нэг бус, олон дахин үхэж хатах нь мэдээж боловч бодоод үзвэл намуудад маш ашигтайг сэтгэх хэрийн ухаан хүрэхгүй гэх газаргүй. Намуудын хар массын хувьд намын батлах нь амь ба заяа мэт бодогдоод, хүний эрх мэрх гэж дэмий донгосоод хэсэг явна. Гэвч эцэст тэр эрх ба боломжоо ямар нэг намын хүрээгээр хязгаарлуулахгүй, харин Үндсэн хуулиар олгогдсон иргэний эрхээ бүрэн бүтнээр нь эдлээд, ажил мэргэжил, чинсаа чадварынхаа хэрээр төр засагтаа сонгогдож, томилогдоод явсан нь дээргүй юү гэсэн бодол барагтай тэнэг толгойд ч ормоордоо.
Шинэчлэлийн дараахи ЗГ эдийн засгийг гэнэт годройттол эргүүлтэл хол, харин улстөрийн энэ мэт үндсэн асуудлаархи хууль санаачилж сууваас олон нийтийн санаа бодлыг сатааруулж цаг хожих сайн арга болно. Тамхины мэт асуудлыг том юм болгож тавиад нийгмийн анхаарлыг сарниулж үндсэн асуудлуудаас хөндийрүүлэх зэрэг шалихгүй муу аргыг ЗГ-ууд мэддэг, хэрэглэдэг болчихож. Тамхи хорьж хязгаарлалаа гээд үнэ л өсдөг, тамхичдын амьдрал, хэмнэл хүндэрдэг. Өөр өөрчлөлт угтаа гардаггүй. Тамхи татах нь муу зуршил боловч нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, нийт уур амьсгалаар нөхцөлдсөн гүний учир холбогдолтой үзэгдэл.
Монгол Улсын Үндсэн хуулийн зорилт бол капитализм. Биш гэж зүтгэх бол зардал чирэгдлийг нь өөрөө даагаад Цэцээр хэлэлцүүл. Хамгийн чухал нь капитализмдаа бус, капитализм бол шинжлэх ухаан, үйлдвэрлэл байдагт оршино. Ардчилал, зах зээл гэж утгагүй уянгалан донгодоод байхаар нийгмийн сэтгэлгээ, удирдлагын практик, иргэдийн үзэл санаанд тодорхой зорилтын зүйл огт орж ирэхгүй. Капитализм гэж дуугарсан л бол эрхбиш үйлдвэрлэл, технологи, экспорт, нэмүү өртөг гэх мэтийн ойлголт санаанд орно. Эцэст энэ бүхэн шинжлэх ухаан, боловсролтой холбоотой нь ойлгогдоод ирнэ. Манай боловсролд гарсан ганц хувьсгал бол МУИС-т зурхай заадаг болсон явдал. Уг нь бол ШУТИС-т машин байгуулалт (machinebuilding, машиностроение)-ын тэнхим байгуулах ёстой байлаа. Үйлдвэрлэлийн эхэнд машин байгуулалтын боловсрол, чадавхи бий болсон байх ёстой нь хууль ном юм л даа. Японууд Дарханы ган хайгуулах үйлдвэр барьж өгөөд 25 жил болж буй байх. Энэ үйлдвэрийг дагуулан металл боловсруулалтын чиглэлээр зарим нэг авсаархан үйлдвэрлэл бий болгох сацуу ШУТИС машин байгуулалтын хэдэн инженер, зохион бүтээгч бэлтгээд өгсөнсөн бол Монгол Улс одоо Уаз-469-ийг дууриалгасан жийп хэдийнэ хийгээд сурчихсан байх хугацаа өнгөрлөө. Манайхан электроникийн элдэв юм эвлүүлж наагаад сурчихсан тул оросынхоос илүү, солонгосынхтой өрсөлдөхүйц жийп гараад ирэх байсныг үгүйсгэхгүй. Монголчууд нүүдэлчин зангаараа шинэ юмыг шимтэж сонирхсон дээрээ ухаан жолоогүй хэсэг нүдэж нухдаг, хурдан суралцдаг онцлогтой юм. Нөгөө Баабарын өмсдөг өмхий эсгий углаашийг хийхийн тулд түүнийг хийдэг машиныг хийдэг машин байгуулалтын үйлдвэртэй болсноор капитализм эхлэнэ. Тийм чадавхи, үйлдвэрлэлтэй болсноор жижиг, дунд үйлдвэр гэх нь хоосон ам, хөндий цээж биш, ажил хэрэг болоод ирнэ. Тэд сэдэж санаачилсан, зохион бүтээсэн юмаа хийдэг машиныг захиалж хийлгээд л гаргасан гайхамшигт бүтээгдэхүүнээрээ дэлхийн зах зээлийг эзлээд авчих юм.
Хамгийн чухал нь, капитализм гэж яриад, болж өгвөл бодоод ирэхээр толгой ажиллах шаардлага гардаг байхгүй юү. Соёолон адууны хөлс духандаа түрхээд ухаан санаа орж ирэхгүй. Капитализм гэж хэлээд үз. УИХ гэж ямар намын ухуулгын улаан булан юмуу, тэнд ардчилал, зах зээл гэж дэмий балай чалчихыг горимоороо хориглох хэрэгтэй. Капитализм цогцлоон байгуулах Үндсэн хуулийн зорилтыг хэрэгжүүлэх талаар юу санаачилж, хэрэгжүүлж, ямар үр дүн гарсныг л ЗГ-аасаа нэхэж хянаж суух ёстой газар.
Өнөө бид манжийн үеийнхээс долоон дор авлига-арилжааны феодализмтай сууцгааж байна. Капитализм хөгжүүлэх мөнгө алга уу? Монгол шиг их мөнгө бэлэн зэлнээр хяналтгүй чөлөөтэй эргэлдсэн газар орон энэ дэлхийд энэ 21-р зуунд хараахан гараагүй байна. Хойшид ч юу л бол. Нэг хүн нөгөө хүндээ 8 тэрбум төгрөг бэлэглэдэг байна. Зүгээр л бэлэг. Албан баримт нь байналээ. АТГ 123 тэрбум төгрөгийн авлига луйвар илрүүлсэн бололтой. Илрээгүй нь их наядаар тоологдоно гэсэн үг. Нэг нөхөр мөнгөө ачааны машинаар зөөхдөө савируулсныг нь цагдаа харснаас хэрэг мандсан тохиолдол ч бий гэх мэт.
Ц. Элбэгдоржоос иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоогоод буй хятадуудын хэлдэг нэг зүйр цэцэн үг бий: Сайныг хийвэл ямагт чамлалттай, мууг үйлдвэл үргэлж илүүдэлтэй гэж. Шинээр бүрэлдэх буюу миний чин санааны ерөөлөөр дэвшлийн ЗГ-т сайн муу хийснийг эргэж харах, нягталж хянах юм захаас аван бий. Хятадын цэрэг Монгол руу нарийн төмөр зам тавихыг хүлээгээд суугаа гэж Б.Баабар арзайтал инээж харагданалээ. Ялигүй хожим монголчууд мэрзийтэл уйлахгүй биз. Х. Баттулгын кинонд хэлснээс ч хэд дахин их урт түүхтэй, хэцүү нарийн асуудал болохыг энд орхису. Хар нүүрс хэмлэх ганц зорилготой ЗГ гарч ирж хэрхэвч болохгүй. Эрчим хүчний их үүсвэр, ялангуяа нүүрсний зах зээл, эрэлт Хятад ч эрс өөрчлөгдөөд явчихлаа. Металл, ялангуяа зэсийн зах зээлийн өнөөгийн байдлаар авч үзвэл, Оюутолгой далд уурхайдаа хөрөнгө оруулах боломж ч байхгүй, хэрэгцээ ч байхгүй.
Том зорилт тавьж байж бага зорилтод хар аяндаа хүрдэг логик бий. Хэрээс хэтэрсэн том сорилт хийвээс үр дүн нь том зорилтын хэмжээнд хүрнэ.
Андре Вейлын бас нэг үг алдартай. Юув гэвэл, “Бурхан байна, учир нь математик зөрчилгүй. Гэвч үүнийг бид баталж чадахгүй тул чөтгөр бас байна” гэж. Супернэгдлийн онолоор математик зөрчилгүй нь батлагддаг юм. Тиймээс чөтгөр байхгүй. Харин гагцхүү “Бүү мэд, мэдсэнийг бүү сонс” гэсэн хар тангадын хараал байна. Монголчуудад хүрсэн гэх энэ хараалыг хариулах туйлын зорилт ба бодит чадвартай ЗГ босч ирэх болтугай.