Байгалийн цогц

0 Сэтгэгдэл бичих:
Canis lupus Linnaeus

Бэсүд Ч. Эрдэнэ

Байгалийн цогц

                Соёлжиж иргэншсэн өнөөгийн хүн уншиж танилцсан, үгүй ядахдаа дам сонссон байх ёстой 15 ном бий гэх ба чухам ямар 15 ном болохыг хүмүүс өөрсдөө мэдэхийн тулд 1500 ном унших ёстой болдог гэсэн үг бий.
                Ер нь бол түүхэн алдартай номын тоо 15 дотор багтах тун магад. Үнэнхүү аугаа их судалгаа, нээлтийг шүүж тунгаахул гарын арван хуруунд багтаад ирэх байдал бий. Ямар боловч Карл Линнейн “Байгалийн цогц” хэмээх аврага бүтээл 15-д ч, 10-т ч орно.

                1758 онд бүрэн хэвлэгдсэн энэ номонд амьтан, ургамлыг ангилах шинжлэх ухааны онол, аргазүйг анх боловсруулж, амьтны 4400, ургамлын 7700 төрөл зүйлийг ангилан тодорхойлсон байна. 
                   Монголын үндэсний онго сахиус домогт Бөртэ Чину-а нь шинжлэх ухааны нэрээрээ Canis lupus Linnaeus бөгөөд нэрт судлаач А. Г. Банниковын “Млекопитающие Монгольской Народной Республики (Монгол орны сүүгээр бойжигч амьтад)” хэмээх суурь бүтээлд чонын судлагдахуун олон нүүр эзэлж анх тоймлогдсон юм. Ер тухайн үедээ Монгол орны иж бүрэн судалгааг ЗХУ-ын Шинжлэх ухааны академийн Монголын комисс эхлүүлэн өрнүүлэхэд нөр их хүчин зүтгэл гаргаж, судалгааны материалаа нэн өндөр түвшинд боловсруулан хэвлэсэн нь өнөө ч Монгол орны байгальд холбогдох бүхий л сэдвээрхи нэвтэрхий толь хэвээр байна. А. Г. Банниковын 1954 онд хэвлэгдсэн том ном гэхэд Монголын комиссын бүтээлийн 53-р боть юм. 
                  Хүн ба чонын харьцаа буурал эртнийх. Түүхийн өмнөх гэж утгазохиолд хэлдэг тэр эрт үеийнх. Хүн ба чоно дулаан агуй оромж булаацалдан хамтран амьдарч асан үед анх гэршүүлсэн амьтан нь чоно болж, нохойн төрөл зүйл үүссэн байдалтай. Орос Алтайд 35000 жилийн өмнөх нохойн яс олдсон мэдээ бий.
                   Энэ үүднээс алтай угсаатны чоно онго эрхэмлэх ёс түүхээр нөхцөлдсөн нь илэрхий. Ер нь бол монгол угсаатан чоныг, тюрк угсаатан нохойг эрхэмлэх байдлаар алтайчууд ялгарсан байдаг. Тюрк угсаатны түүх соёл ба нохойн холбоог казах-оросын нэрт яруу найрагч Олжас Сулейменов ихэд тодруулан судалж нийтэлсэн бий. Орост ногай-татар үндэстэн байх ба ногайчууд нь өөрийн нутаг дэвсгэргүй үлдчихсэн ганц үндэстэн болов. Ийм зуйгуул үндэстэн бий нь Орост багагүй хүндрэлтэйг тэмдэглэж байна. Тухайн үедээ ногайчуудыг халимагууд дарсан түүхтэй. “Ногай” нь ”Нохой” л доо.
         Хүн, чонын харьцаа бас хүндрэлтэй, зөрчилтэй. А. Г. Банниковын зөв зүйтэй тэмдэглэснээр, Монгол орон бол чонын онцгой тархацтай нутаг. Нөгөө талаар Монгол маань мал аж ахуйн орон. Чоно, хонь, хүн гурав яаж ийж зэрэгцэн оршсоор ирсэн байна. Банников “Современная Монголия” сэтгүүлээс (хожим англи, орос хэлээр гарах болсон энэ сэтгүүлийг 1980-аад онд миний бие эрхэлж асан удаатай) эшлэн тэмдэглэхдээ, 1929-1930 онд хээрийн боохойн аманд 4000 тэмээ, 23000 адуу, 22000 үхэр, 177000 хонь, 28000 ямаа хоол болсон байна. 
            Нөгөө талаар, 1909 онд монголчууд 121400 чонын арьс экспортлосон нь рекорд үзүүлэлт байх. 1908 онд Хаалганд 120000, Хиагтад 1314 ширхэг чонын арьс гаргаж байжээ. 
                Ардын хувьсгалын дараахи үе гэхэд 1927 онд 9900, 1931 онд 7840 арьс гэх мэт бэлтгэж гадаадад гаргасан нь ерөнхийдөө дундаж тоо. 1930-1940-өөд оны байдлаар авч үзвэл, хамгийн олон чоно алж, арьсыг нь бэлтгэдгээр Увс, Дорнод, Өвөрхангай, Завхан, Архайгай  аймгууд эхний байруудыг дараалан эзэлж байсан статистик байна. Хуучин үед Архангай аймгийн Хашаат сумын хоршооны дэлгүүрт үлгэрийн том чонын арьс зарж байсныг санах юм. Энэ нь Банниковын тодорхойлсон чонын зарим үнэт дэд төрлүүдийн нэг байсан болов уу. 
                Шинэ үед чонын гулууз махыг вагон вагоноор ачиж экспортлох болов. Хэдэн жилийн өмнө юм, Улаанбаатар төмөр замын төв буудлын өмнө чоно, зээрийн гулуузыг холиод өрж хураасантай таарсан. Бодвол, Хятадад гаргахаар хөдөөнөөс ачиж ирснийг цагдаа хураасан нь тэр байх. Нүд хальтирмаар муухай юм билээ. 
              Ер шинэ үед Банниковын номонд орсон Монгол орны сүүгээр бойжигч амьтдыг хүйгээр нь хядаж, Хятадад экспортлосоор энэ их өргөн уудам газар нутаг маань ан амьтангүй хувхайрч гүйцлээ. Хятадыг чонын мах тэргүүтэн юугаар ч цатгаж дуусах арга хэзээ ч байхгүй. Монголд мөхөл учрах аюул энэ талаас нэг нигууртайг санах цаг болсон баймаар.
                   Гэтэл Байгаль орчны яам нь энд тэнд ор мөр төдий үлдсэн хэдэн аргаль угалз, янгир тэхийг өршөөлгүй устгах шийдвэр гаргаж суудаг байна. Ирэх сонгууль хүртэл түр хугацаанд сайдаар суусан бизнес авгай нь турж үхэхдээ тулсан хэрэг үү. Ерөөс агнуурын зөвшөөрөл өгөхийг хуулиар чандлан хориглох ёстой. Хангай, Хэнтийд амь тээж үлдсэн ганц муу үнэг (Vulpes vulpes Linnaeus)-ийг мэдрэлийн өвчтэй нэг нөхөр алахаар амь тавин хөөгөөр БХЯ-ы ганц нисдэг тэргийг сүйрүүлсэн нь Монголын нийгмийн сэтгэл мэдрэлийн эрүүл ахуй бүхэлдээ ноцтой, нэн осолтой алдагдсаны баримт, баталгаа юм.


Leave a Reply

Labels