Одоо гол төлөв информатик гэх болсон кибернетикийн ухааныг үндэслэгч Норберт Винерын “Хүн гээч амьтныг хүн ёсоор ашиглахуй” хэмээх ном буй. Энэ бол онцгой чухал ойлголт.
Нэг хүн нөгөө хүнийг хүн ёсоор ашиглах, нийхэм гишүүдээ хүн ёсоор ашиглах асуудал байна. Үүнээс үлэмж илүүтэйгээр хүн өөрийн бие, сэтгэл,оюунаа хүн ёсоор ашиглах асуудал урган гардаг.
Хэн хүнд байгаль эхээс үнэ өртөггүй заяагдсан амины ба хувийн өмч нь бие, сэтгэл, оюун гурав. Энэ өмчөө хүн ёсоор ашиглаж сурахын үндэс нь мэдээллийн соёл.
20-р зууны дунд үеэс дэлхий дахин мэдээллийн эринд шилжсэн. Энэ нь хоёр шалтгаантай.
Нэгд, дэлхийн соёл иргэншил, шинжлэх ухаан өсч хөгжих хэрээр мэдээллийн үйлдвэрлэл эрс хурдацтай нэмэгдсэн.
Хоёрт, мэдээлэл-холбооны цахим техник, технологи үүсч хөгжсөн.
Ингээд мэдээллийн тэсрэлт гэдэг үзэгдэл ноёрхож эхэлсэн.
Энэ үзэгдлийн ашиг хонжоо, хор холбогдлын тухай задлан шинжилсэн утгазохиол уул шиг бий.
Мэдээллийн тэсрэлт нь эн түрүүнд мэдээллийн илүүдэл гэсэн үг. Тэгвэл социализмын үед мэдээллийн хомсдол ноёрхож байлаа. Ер дэлхийн соёл иргэншлийн тухайн түвшинд ерөнхийдөө мэдээллийн хомсдол ноёрхож байлаа.
Ингээд мэдээллийн илүүдэл, хомсдолыг харьцуулан харж, аль нь юугаараа сайн ба муу юм гэдгийг тогтоох хэрэгтэй болно.
Эн түрүүнд дараахи дүгнэлт хийгддэг:
Мэдээллийн илүүдэл, хомсдол хоёулаа сүйрлийн аюултай.
Их тогтож бодоорой. Дээрхи өгүүлбэр бол батлагдсан математик теорем. Тиймээс эргэлзэж тээнэгэлзэх явдал байж болохгүй.
Социалист нийхэм мөхсөн гол шалтгаан нь мэдээллийн хомсдол. Яагаад?Мэдээлэл бол удирдлагын түүхий эд. Бас л баталгаатай теорем. Түүхий эдийн дутагдалтай удирдлага хяналтаа алдана.
Өнөөгийн даяар капиталист нийхэмд мэдээллийн илүүдэл ноёрхон буй нь мөнхүү сүйрлийн осолтой. Яагаад?
Хувь хүн танаар жишээ авъя. Танд амин чухал ямар нэг мэдээлэл хэрэгтэй боллоо гэж бодъё. Таны өмнө мэдээллийн бааз хэзээ ч бэлэн байна. Хомсдолын нөхцөлд танд хэрэгтэй амин чухал мэдээлэл огт алга байж магад ба та байхгүй нь шууд олж хараад илүү зардал чирэгдэл гаргахгүй. Хэрэв буй бол та мэдээллийн бяцхан цөөрмөөс алтан загасыг шууд олж хараад дэгээдээд авчихна.
Илүүдлийн нөхцөлд нөгөө алтан загас яавч байгаа. Харин илүүдлийн далайд түүнийг та олж хараад дэгээдээд авах магадлал тэгт тэмүүлнэ.
Ингээд илүүдэл, хомсдол хоёр дүндээ дүн адилхан.
Үүнээс гарах арга замыг мэдээлэлтэй харьцах соёл гэнэ. Энэ соёлыг эзэмших нь өнөө үед хүн өөрийгөө ба бусдыг хүн ёсоор ашиглах үндсийн үндсэн арга зам.
Ерөөс боловсрол гэж мэдээллийн соёл-оос юм бус гэж үзэх болсон. Боловсрол гэж ердөө ямар мэдээлэл хаана байдаг, байж болохыг мэдэх, хэрэгтэй мэдээллээ хялбархан олох дадал заншил юм.
Мэдээллийн соёл гэж том ойлголт, бүхэл бүтэн философи, практик туршлагын цогц. Энэ цогцын угийн угт мэдээлэл гэж ерөөс юу вэ гэсэн асуулт, түүний хариулт оршино.
Ямарваа маргаангүй хариулт зөвхөн математикт байдаг. Тиймээс мэдээлэл гэж юу вэ гэдэгт математик хариулах ёстой, тэгээд хариулдаг. Орчин үеийн мэдээллийн математик онол гэвэл хэдэн боть болно.
Та бидний хувьд энэ бүхэн холбогдолгүй. Холбогдолтой нь маш хялбархан.
Бид өдөр, цаг, хором, мөч дутам сонголт хийж байдаг. Амьдрал, аж төрөл гэж энэ. Ерөнхий тохиолдолд 2 боломжоос нэгийг сонгох хэрэг гарна. Зөв сонголт хийхийн тулд танд мэдээлэл хэрэгтэй. Сохроор сонговоос та 50 хувь ононо, 50 хувь алдана. 2 сонголтоос алийг нь сонговоос зөв болохыг зааж өгсөн яв цав мэдээлэл 1 бит хэмжээтэй.
Шинжлэх ухаан гэж хэмжихээс эхэлдэг юмыг хэлдэг. Мэдээллийг хэмждэг. 2-оос нэгийг сонгох мэдээлэл 1 бит бол олноос нэгийг сонгох мэдээлэл илүү бит багтаана. “Information”-ыг доктор Д. Бямбасүрэн “Онч дохио” гэж орчуулсан байдаг. Оновчтой сонголт хийлгэх дохио зангаа нь мэдээлэл.
Одоо зүгээр монгол хэлний логикоор хар. “Мэдээлэл” нь “Мэдэх”, “Мэдүүлэх” язгууртай. Тиймээс мэдээлэл нь жинхэнэ утга чанараа “Мэдлэг”. Тиймээс мэдээллийн далайд мэдлэг өгөх, өгөхгүй хоёр төрлийн мэдээлэл байгаа. Мэдээллийн тэсрэлтийн нөхцөлд илүүдэл нь, бохирдол нь үлэмж давамгайлна. Интернетын нөхцөлд бохирын урсгал цутгаж байгаа. Энэ үерт живж далд орохгүйн тулд мэдээллийн соёл чухал болно. Энэ бол хувь хүний боловсрол, соёлын тэргүүлэх бүрэлдэхүүн хэсэг болсонд орчин цагтийн гол онцлог оршино.
Та бидний уураг тархи байна. Энэ бол мэдээлэл боловсруулах хэрэгсэл. Мэдээллийн багтаамж нь ч, боловсруулах чадал нь ч тун чамлалттай. Мэдээллийн илүүдэл, далай, үер нь хэн хүний уураг тархины мэдээлэл боловсруулах даацаас олон дахин хэтэрдэг.
Энэ тухайд нэг аюултай үзэгдэл байдаг. Мэдээллийн урсгал нь мэдээлэл боловсруулах тухайн хэрэгслийн даац чадлаас хэтэрсэн нөхцөлд хэрэгсэл нь гацаж унтардаг.Уураг тархи, компьютер хоёр адилхан мэдээлэл боловсруулах, боловсруулснаа хариу шийд болгож өгөх л үүрэгтэй хэрэгслүүд. Жишээ авъя. Говь-Алтайд зуд болжээ. Бүх зам, даваа хаагдсан тул төвөөс онгоц нисгэжээ. Цаг агаар онц муу, газрын байдал тодорхой бус нөхцөлд нисгэгч минут дутам өөрчлөгдөн буй байдалд тухай бүр зөв шийд гаргахын тулд асар их мэдээллийг секундын дотор боловсруулж, шийд гарган онгоцоо жолоодов. Гэтэл уураг тархиных нь даац хэтрээд ухаан алдчихсан. Энэ нөхцөлд 2-р нисгэгч, (тэр нь эмэгтэй нисгэгч байв) жолоог гартаа авч сумын төвд осолгүй буулгасан. Энэ бол дэлхийн агаарын тээврийн түүхэнд цөөнгүй тохиолдсон үзэгдэл. Одоо ч онгоцны учир үл мэдэгдэх ослууд гардгийн цаана нисгэгчийн тархины гацаа бий.
Нил Армстронг Саран дээр анх буусан хүн. Сарны гадаргад ойртох тусам хөлгийн компьюпер гадаргын байдлыг үнэлэн аюулгүй тэгш хатуу газар олж буулгах ёстой байсан. Гэтэл гадаргаас ойрхон зайд удаан ниссэн ч компьютерын мэдээлэл боловсруулах дааж хэтрээд улаан гэрэл асаад унтарчихсан. Армстронгийн мэдэлд 8 секунд л үлдсэн байв. Хэрэв амжихгүй бол тэрбээр саран дээр мөнх үлдэнэ. Армстронг амжиж нэг боломжтой жижигхэн талбай олж хараад гар жолоодлогоор буусан. Армстронгийн тархи бас гацаж болох байсан. Сансрын нисэгчид онцгой бэлтгэлтэй хүмүүс байхын учир тэр юм. Сарны орбитод үлдсэн Коллинз нь Армстронг амжилттай сарандаад буцаж ирэхэд нислэгийн журнал гэдэг албан ёсны түүхэн баримт бичгийг хүзүүндээ зүүсэн байснаа аваад ураад хаячихсан. Энэ бол асар их эрсдэлийг давсан сэтгэлзүйн тэсрэлт юм.
Өнөөгийн ердийн нөхцөлд мэдээллийн илүүдэл чөлөөтөй олдоцтой байгаа нь та бидний мэдээл боловсруулах даац чадвараас хэтэрхий давсан хэрэг. Энэ нөхцөлд мэдээлэлтэй зах замбараагүй харьцсанаас бидний толгой тархи мөн л гацаанд орж байгаа юм. Огт ухаан алдаад уначихгүй байна. Гэхдээ уураг тархи маань ерөнхийдөө гацааны байдалд орж, мэдээлэл авах, боловсруулахаас татгалзах төлөвт ямар нэг хэмжээгээр шилжиж байна. Энэ нь оюуны залхуурал гэдэг үзэгдэлд хүргэж байна. Энэ нь оюуны хомсдолоос өөр үзэгдэл, хиймэл үзэгдэл. Ердөө л Интернет ухаад өөрт нь огт хэрэггүй, ямарваа мэдлэгийн агуулгагүй мэдээлэл хараад суучихаар уураг тархи маань үндсэн үүрэг буюу мэдлэг хүлээн авах, сэтгэн бодох үйлээсээ татгалзах болно. Энэ бол байгалийн хууль бөгөөд өнөөдөр нэг тийм гаж сонин, жинхэнэ мэдээлэл олж харах чадваргүй, мэдлэг хүлээн авах сонирхолгүй залуучууд нийтлэг ажиглагдах болсны гол шалтгаан нь энэ.
(Үргэлжлэл бий)