Ийм нэг үгийг математикчдын хаан гэж бараг албан ёсоор алдаршсан суут Карл Фридрих Гаусс хэлсэн байдаг. Би хувьдаа энэ үгийг ерөөс ойлгодоггүй байсан. Гаусс гэдэг хөгшин төгцөг юугаа донгосссон юм, хэн мэдлээ гэж бодох. Хэрэв уншигч Танаа Гауссын энэ үг буюу нэг ёсондоо суурь ч байж магад математик теорем эхнээсээ ойлгогдож, үнэмшилтэй сонсдож ахул Та том математикчаар төрчихсөн юм байна. Би зүгээр жижигхэн сонирхогч учраас ойлгохгүй явсаар иржээ.
Үгийн сайн нь тоо гэж Боржгин Е. Тэмүчин хэлсэн байдаг. Байгаль ертөнц математик хэлээр ярьдаг гэж Галилео Галилей хэлсэн байдаг. Энэ хоёр эрхэм зөв ярьсан ахул Бурхан нь тоогоор ярьдаг байсан байж таарах юм. Түүгээр үл барам, хэрэв тэр Гаусс нь худлаа бураагүй бол Бурхан нь бүхэл тооноос өөр юмаар ярьдаггүй байж таарах гээд байна.
Гэтэл, хатагтай, ноёд оо, физикт болохоор дан балай бутархай тогтмолууд байдаг. Эдгээр нь ертөнцийн тогтмолууд. Ертөнцийг ертөнцийн физик тогтмолууд тодорхойлж байгаа. Жишээ нь, нэгж цахилгаан цэнэг гэвэл балай бутархай л байна. Ертөнцийг бас математик тогтмолууд тодорхойлж байгаа. Тэдгээр нь бас л Пи тоо мэт бүр балай төгсгөлгүй бутархайнууд.
Үгүй, тэгэхээр чинь одоо юун яасан Бурханы бүтээл нь бүхэл тоо байх вэ? Гэлээ гээд хүний соёл иргэншил, шинжлэх ухаан олон зуун ба мянганы туршлагатай. Энэ түүхэн туршлагаар нэг юм анзаарагдсан байдаг. Юув гэвэл, их хүмүүс заримдаа оньсого таавар шиг элдэв юм донгоссон байх боловч тэр нь эцсийн эцэст худлаа ч биш болж таарах гээд байдаг гэдэг.
Чингис, Галилей, Гаусс гурвын томъёоллыг нэгтгэн хураангуйлваас, үгийн сайн тоо, байгаль ертөнц математик хэлтэй учраас тоогоор ярьдгаар үл барам, Бурханы дан ганц бүтээл болох бүхэл тоогоор… Нэмэх тэмдэгтэй бүхэл тоог натураль тоо гэж математикт хэлдэг.
Тэгвэл орчлон ертөнц, оршин буй бүхийн бүрэн төгс онол байх ёстой супернэгдлийн онол нь натураль тоонуудаас бүтэж бүрэлдэх үү?
Хэрэв Чингис, Галилей, Гаусс гуравт та бид гэнэн тэнэгийнхээ харгайгаар ч болов итгэл үзүүлвээс, супернэгдлийн онол нь угтаа натураль тооны онол баймаар сэтгэгдэл төрөхгүй гэх газаргүй. Ийм үлгэрийн юм байж болох уу?
Ер нь бол Гауссыг математикчдын хаан гэж бараг албан ёсоор өргөмжлөхдөө зүгээр нэг зугуйдсан хэрэг хараахан биш юм. Гаусс бээр 18-хан настай банди байхдаа алгебр тэгшитгэлийн онолоор оролдож, Фермагийн 5 ширхэг бүхэл тооны суурь шинж чанартайг илрүүлсэн байдаг. Эдгээр тоо нь 3, 5, 17, 257, 65537 гэсэн анхны тоонууд. Зөвхөн 1-д ба өөртөө хуваагдах тоонуудлыг анхны тоо гэдэг.
Хамгийн чухал нь энд юув гэвэл, гадаад хэлэнд их авъяастай, тиймээс тэр салбарт л суралцая гэж бодож явсан Карл гэдэг банди сая дээр дурдсан онолоороо арифметик (буюу тооны онол), алгебр, геометр гурвыг нэгтгээд цэвэр математик гэдэг нэг нэгдмэл ухаан бий болгосон юм. Энэ цэвэр математикийг нэгтгэсэн нь түрүүнд бичсэн Фермагийн тоонд буюу дан натураль тоонд тулгуурлаж буй нь илт.
Монголчууд Баабараас бусдыг уншихаа больсон. Баабар нь болохоор монгол ухаан гэж байхгүй гэж мэтгэхээр үл барам, ер монголууд гэж ухаантай амьтас мөн эсэхэд эргэлзээд байдаг. Ямар боловч дээр өгүүлснээс яагаад ч Баабарын магтан дуулаад салдаггүй Барууны суутуудын толгойд орохгүй, харин болхи бүдүүлэг, гэнэн тэнэг муусайн монголуудын толгойд орж болох нэгэн сэтгэмж төрдөг.
Тодруулж хэлье. Карл гэдэг банди цэвэр математикийг бүхэл тоогоор нэгтгэсэн байна. Тиймээс Гауссын хэлснээр, Бурхан нь цэвэр математик хэлээр буюу бүхэл тоогоор ярьдаг, бүхэл тооны онолоор л ертөнц, амьдрал, бас бус элдэв бусын юмыг бүтээж суудаггүй гэх газаргүй мэт. Монголчууд бид залхуугаараа зартай. Зарим хүний үздэгээр, энэ нь ухаантайн харгай гэдэг. Ер нь бол хүн төрөлтөн нүгэлтэй залхуу бөгөөд залхуурсныхаа харгайгаар нэг юм бодож олоод байдгаас соёл иргэншил, шинжлэх ухаан – технологи хөгжчихсөн нь маргадаг зүйл биш. Чухам ухаан мөн юмуу, биш юмуу бүү мэд, гэхдээ монголчууд бид ерөнхийдөө аливаа юмыг хялбарчлах, монголчлох аяс хандлагатай. Ахиухан мөнгө л өгдөг юм бол манай ОСНАА-н хэдэн слесарь сансрын пуужин босгоод л ирнэ гэдэгт би хувьдаа баттай итгэдэг. Тэгвэл тэр онолын физикийг нь хялбарчлах ямар арга байна вэ? Супернэгдлийн онолоор хөөцөлдсөн Өрнө, Дорнын суутуудын нас нь гүйцсэнгүй, цаашдаа ч гүйцэхгүй байдал илт. Хэрэв Чингис, Галилей, Гаусс гурав огт худлаа бураагүй бол Гауссын цэвэр математикийг орчин цагийн онолын физиктэй нь нэгтгээд хаячихаар супернэгдлийн онол нь байж байхгүй хаачих юм бэ? Ийм л сэтгэмж муу монголын тань толгойд орсон хэрэг. Энэ нь ердөө л Гауссын сонгомол онолыг цааш нь үргэлжүүлээд физиктэй ольж хутгаж шүтэлцүүлээд үзнэ гэсэн хэрэг юм.
Ингээд үзэхээр супернэгдлийн онол нь бараг автоматаар байгуулагдах ба тэр нь дан бүхэл тоон тогтмолуудад аваачдаг юм байна. Тиймээс Бурханы бүтээл нь үнэхээр зөвхөн натураль тоо байх бөгөөд ертөнцийн хамгийн суурь томъёо тэгшитгэлүүд бүгд тэнцлийн тэмдгийн баруун гарт олон цөөн оронтой бүхэл тоо өгдөг юм байна.
20-р зууны суут математикч Давид Хильберт, мөн агуу том математикч Рихард Курант нар бичихдээ, ерөөс нарийн ухаанд мэдэх мэдэхгүй бүхий л мэдлэгийг бүхэл тоонд шилжүүлдэг нэг тийм аугаа систем баймаар юм гэжээ. Үлгэр домог шиг сонсдож буй байх. Гэтэл тэрхүү зүүд мөрөөллийн аугаа математик систем нь супернэгдлийн онол юм байна. Монголчууд бидний залхуу зайлхайн цаана муу ч гэсэн хялбарчлах, монголчлох ухаан байгаа юм гээд нэг хэн тест санал болгоё. Супернэгдлийн онолд тохиолдох онцгой шинж чанартай натураль тооны наад захын нэг жишээ нь 1796 болно. Математикийн хувьд энэ тоо ердийн бус болохыг батлах хялбархан арга бий. Түүнийг олсон уншигч энэ сайтад нэр хаягтайгаа мэдэгдэнэ үү.