Үндэстэн шиг Дэвшье!

0 Сэтгэгдэл бичих:

Нэгэн зүйл. Дэлхийн түүх санамсаргүй огцом эргэлтүүдээс тогтож иржээ. Хувьсал ба хувьсгал. Зүүний, барууны, үндэсний хувьсгалууд гол төлөв байна. Монголд үндэсний, зүүний, барууны гурамсан хувьсгал сүүлийн 100 жилд багтаад гарчихсан. Эдгээр нь шат дараалсан нийгмийн дэвшил. Эхний хоёр нь үндэсний дэвшлийн шинж чанарыг бас агуулсан, тийм үр дүнгээ өгсөн үзэгдлүүд. Харин 1990 оны барууны хувьсгал үндэсний дэвшлийн хэмжээний үр нөлөө үзүүлэх эсэх нь одоогоор огт тодорхойгүй байна. Ер нь бол хувьсгал гээчийн цаана үндэсний ба дэлхийн дэвшлийн үзэл зорилго зайлшгүй агуулагддаг зүй жам, хууль номтой. Өөрөөр хувьсгал гэгч нь эхнээсээ утга чанаргүй юм болж орхино шүү дээ.

<!-- more -->
Энд анхаарваас зохих, үзэл санааныхаа угт хадгалваас илүүдэхгүй нэг хоёр зүйл дурдсу. Зүрх зүүн талдаа байдаг үлгэрээр Ардын хувьсгал гарсан байхад барууны буюу өнөө үеийн нэрээрээ Ардчилсан хувьсгал нь сөрөг шинж чанартайг үгүйсгэдэггүй юм шүү. Мэднэ гэдэг нь тухайн үзэгдэл юмсынхаа эерэг, сөрөг талуудыг авцалдуулан авч үзэхийг хэлдэг. Социализм нь хүний мөн чанарт олигтой тохирсонгүй нь түүний сөрөг тал байв. 1990 оны капиталист хувьсгалаар нийгмийг маань хүний мөн чанарт зохицуулаад тавьчихлаа гэсэн номлолтой. Гэтэл хүний мөн чанар гэж тийм сайн сайхан юмуу? Гэсэн асуулт гарна. Хэн хүнийг хүн төрөлтөн мөн гэж мэдээд авбал надад хангалттай, учир нь хүнээс муу юм гэж юу байх вэ гэж Марк Твейны үг. Хүмүүсийг судлаад байваас нэгэн аймшигтай түгээмэл зүйлд тулж очно, энэ нь хүний мөн чанар гэж Оскар Уайлдын үг. Үгүй яахав, соёлтой боловсон царай эсгэхийн тулд л хүн төрөлхтөнөөр бахархаж болох юм гээд би хэлчихбэл намайг бариад идчихнэ, гэтэл мөнөөх Твейны үг. Дэлхийг даяар нь хүний мөн чанарт найдаад орхисон 20 жилд осол гамшиг нь хаа сайгүй бүх салбарт ноцтой илрэх болсныг дэлхийн сэтгэлгээний дээд түвшинд анзаарах болов. Дэлхий даяар ямар нэг хувьсгалт эргэлт хүлээгдэх боллоо гэсэн үг л дээ. Энэ хувьсгал нь чухам юу байх, тэр хувьсгалыг хаанаас хэн өдөөж хийх вэ? гэсэн асуулт гарна. Хүлээлт бий болно. Дэлхийн даяархи хувьсгал чухам юу байх тухайд эхнээсээ тодорхой ба маргаангүй асуудал. Танин мэдэхүйн хувьсгал байх юм. Хэрэв онолын физикт удтал, уйдаж үхтэл хүлээгдэн буй супернэгдлийн онол олдвоос тэрхүү хувьсгал болж, дэлхийн соёл иргэншил даяар дэвшилд нэгмөсөн шилжинэ. Олдохгүй аваас өнөөгийн соёл иргэншил тэгэсгээд умаахан болно. Ийм л төөрөг зураг. Үүнтэй худал цэцэрхэж, үнэн мулгуутан маргаж мэтгэх огтхон ч хэрэгцээгүй. Би хэлж байгаа юм биш шүү.Нэгэн зүйл. Монголоос монголчууд дэлхийн хувьсгал өдөөнө, хүн төрөлхтөнийг дэвшилд хөтөлж, авран хамгаална гэж 15 жилийн өмнө хэлсэнд намайг золтой барьж идээгүйг МУИС-ийн дугуй танхим гэрчилнэ. Амьд салсан нь их юм болсон. Уг нь би 15 жилийн дараа одоо юу ярихаа мэдээд л хэлсэн хэрэг шүү дээ. Одоо би ингэж хэлж байна: Супернэгдлийн онол Монголд олдосноор шинжлэх ухаанч танин мэдэхүй, түүний 2500 жилийн түүх төгсөж байна. Тиймээс дэлхийн дэвшлийн шинэ хувьсгалыг Монголоос монголчууд хийхнээ. Энэ бол гавъяатай хэрэг байлтай бодогдоно. Гэхдээ гайтай зүйл гэж үзвэл түмэн олныг би гэдэг хүн хөлдөө чирч буй юм бас огт биш. Тэнгэрийн бошго тийм юм байна. Нэгэн зүйл. Төр засаг гэж сайхан хоршоо үг л дээ. Монгол хэлнээ “Сайн сайхан” гэж энгийн жирийн ч мэт сонсдох хоршоо үг бас бий. Сайн, тэгээд бас сайхан гэсэн давхар утга, хоршмол агуулга. Сайн ба сайхны ойлголтыг яг ингэж хоршиж хэлдэг хэл дэлхийд хоёрхон байна. Нэг нь монгол хэл, нөгөө нь сонгодог грек хэл. Грек хэлнээ “Кало кагатиа” хэмээнэ. Хянаваас, сайн хийгээд сайхныг эн тэнцүү багтаасан юмс үзэгдэл ер ховор учраас л дэлхийн олон хэлнээ ийм хоршоо үг, хосмол ойлголт басхүү ховор бололтой. Сонгодог монгол, грек хэлний энэ “Сайн сайхын”-ыг бусад хэлнээ, жишээ нь, англи, орос хэлээр хөрвүүлж орчуулахад ерөөс эвцтэй бууж өгдөггүй юм. 2012 оны сонгуулиар сайн төр (УИХ буюу парламент) сайхан засаглахаар (олон намын төлөөлөлтэй Засгийн газар байгуулагдав) ажилдаа орж, албандаа мордлоо. “Хүн шиг амьдаръя, улс шиг хөгжье” хэмээсэн уриа нь мартагдаж амжаагүй болов уу гэж найдна. Зөв зүйтэй уриа дуудлага, буруу зөрүү юм огт алга. Тэгье, хүн шиг амьдаръя, улс шиг хөгжье! Хүн бүрийн өдрийн бодол, шөнийн зүүд гэвэл энэ л байх. Харин яах гэж? Яах гэж, ямар агуулга зорилгоор амьдарч хөгжих гээд байгаа юм бэ? Монгол хэлнээ гэхүү, монгол ухаанд гэхүү, “Ертөнцийн гурав” гэсэн нэг сонин ойлголт бий. Монгол хэл, ухаанд илүү илэрхий тодорхой өгүүлж буйгаас бус, соёлжингуй бусад хэл, ухаанд энэ гурамсан зарчмын тухай ойлголт нийтлэг шинж чанартай. Жишээ нь, “Trinity”, “Tri-unity” гэх юмуу, ”Триединство”, “Триада” гэх мэт хэлэлцэнэ. Хаа газрын ухаанд, ялангуяа монгол газрын метафизик ухаанд онцолсон энэ гурамслах зарчим нь аливаа юмс үзэгдлийн бүтцийн математик тогтмол оршин буйн илрэл юм. Бүрэлдэхүүн 3 баймааж, сая бүтэц бүрэлдэнэ гэсэн үг. Эр эм, эхнэр нөхөр гээд орхихоор байгальд ч, нийхэмд ч нэг юм дутаад болдоггүйтэй адил. АН-ын сонгуулийн ч юмуу, зарчмын ч юмуу урианы хосмолжуу хэлбэр, агуулгыг гурамслаж байж сая хэлбэр, агуулга, зорилгын Ертөнцийн гурав бүтэц бүрэн төгс бүрэлдэн тогтоно. ЧингээдХүн шиг амьдаръя, Улс шиг хөгжье,Үндэстэн шиг дэвшье.Амьдрах, хөгжихийн зорилго нь дэвших. Амьдрах ба хөгжих нь арга зам, өмнөө тавих зорилт нь дэвшил. Ингэж хэлэхэд шинэ юм, содон санаа, сондгой үзэл огтоос байхгүй. Хүний нийгмийн хууль нь шинэ шинэ дэвшилд дэс дараалан хүрэх. Эсбөгөөс соёл иргэншил эхлээд зогсоно, дараа нь ухрана, тэгээд мөхнө. Мөхсөн соёл иргэншлүүд түүхнээ зөндөөн дурдагддаг. Тэд амьдарсан, тэр байтугай хөгжсөн, харин тухайн тулгарсан цаг үедээ дэвшил хийж чадаагүй юм. Тодруулваас зохих нь, дэлхий дахин үндэсний тусгаар төр улсуудаас бүрэлдэн тогтож байна. Тиймээс эхлээд ба эн түрүүнд үндэсний дэвшил-ийн тухай хэлэлцдэг. Дэлхийн дахин бүхлээрээ, хуйгаараа, тэр аяараа гэнэт ухасхийгээд дэвшил хийж чаддаггүй. Хаа нэг газар, ямар нэг үндэстэн эхлээд дэвшил хийвээс нөлөө нь түгэн тархдаг. Улс гүрэн, үндэстэн угсаатан бүр дэвшлийн төлөө байна. Америк, Орос, Хятад, Япон ч ялгаагүй. Тэд хөгжингүй гүрнүүд боловч хөгжсөн нь огтоос хангалтгүй. Эхлээд ойлгууштай, лавтай мэдүүштэй нь юув гэвэл, дэвшил, үндэсний дэвшил нь хамгийн хэцүү зорилт, ердөө л зүүд мөрөөдөл, үлгэр домгийн хэмжээний зүйл. Дэвшил бол төр засгууд зорилт тавих төдийд бүтдэг үйл хэрэг, хэрэгждэг үйл явц хэрхэвч биш.  АН-ын урианд нэг мөр нэмэрлэх төдийгөөр болох юм бодвоос мэдээж тэнэглэл. Тэгвэл тэр дэвшил гэгчийн тухай дэмий донгосох хэрэгцээ ерөөс байгаа юмуу? Ийм асуулт гарна, зөв зүйтэй асуулт. Асуулт зөв зүйтэй бол хариултынхаа хагас нь болдог. Логикийн нэг ийм хууль бий.  Дэлхийн түгээмэл түүхнээ хоёр сонгомол бөлөг бий. Бүх шатны боловсролд тойрохгүй дайрч үздэг судалдаг сэдэв гэсэн үг. 2500 жилийн өмнөөс Эртний Грект дэвшил гарчээ. Дэвшил гарсан нь гарцаагүй баримт. Харин ямар учир шалтгаанаар, яасан ийсэн хүчин зүйлээр дэвшил гарсан нь өнөөг хүртэл өчнөөн төчнөөн судлагдсан боловч тодорхойгүй хэвээр үлдсээр байна. Хүний санаанд орох орохгүй үй олон учир шалтгаан утгазохиолд дурдагдах боловч нэг нь ч хүлээн зөвшөөрөгдөх хэмжээний үнэмшилтэй биш гэж үздэг. Бүх учир шалтгаануудыг багцалж нийлүүлээд ч сонгодог Грекийн дэвшлийг тайлбарлаж чадахгүй байна. Ер нь бол эцсийн дүндээ ганцхан асуулт байгаа юм. Дэвшил гэж зүй тогтол уу, тохиолдол уу? Зүй тогтол бол тооцож үзээд, төлөвлөгөө зохиогоод дэвшилд гүйгээд орчихож болмоор. Тохиолдол бол зүгээр дэмий хүлээж, сэрүүн зүүдлээд сууж байхаас өөрцгүй. Хүний нийхэмд дэвшлүүд тохиолдсон, улмаар соёл иргэншил урагшилсаар ирсэн болохоор дэвшил гэдэг түүхэн үзэгдэл нь тохиолдлын замаар илэрдэг зүй тогтлын жам хууль, зам мөр бололтой. Эртний Грек дахь үндэсний дэвшлийн ямар боловч нэг чухал хүчин зүйл нь тэдгээр грекүүдийн өрсөлдөөнч шинж чанар байжээ гэж үздэг. Зүгээр, жишээ нь, Олимпийн наадам Грекээс үүсэлтэй нь нэг юм хэлээд байгаа. Түүнээс өмнө эртний грекүүд гэж зүгээр үг сөрмөгц барилцаж аваад нулилцаад эхэлдэг хүмүүс байжээ. Үүнийг албан ёсжуулаад гэхүү, зохион байгуулаад гэхүү, ер соёлжуулаад ирэхээр Олимпийн наадам болж орхино. Ийнхүү барилдсаар, уралдсаар, зодолдсоор олон үеийг өнгөрүүлнэ. Өрсөлдөөн тамирын талбарт л өрнөөд байгаа. Нэг нөхрийг дунгуйдаж цацан далаар нь тавиад юмуу, хамрыг нь чихэж, нармайг нь нээснээр хэнд юу нэмэгдээд, Грек улс юу хожоод байгаа юм бэ гэсэн асуулт нэг мөчид тавигдсан байна. Тамираас өөр өрсөлдөөний талбар байна уу гэж асуугаад эрж бэдэрч эхэлсэн дүр зурагтай. Өрсөлдөөний өөр нэг талбар нь оюун сэтгэлгээний муж болохыг чухам грекүүд анх нээжээ. Хүн гэдэг амьтан таван мөчтэй гэж эртний түгээмэл хэллэг. Амьтад сүүлтэй учраас зургаан мөчтэй. Монголчууд таван хөл мах гэдэг. Дөрвөн мөч нь тамирын мөч, тэгвэл үлдсэн нэг нь юу вэ. Зүгээд дэмий балай юм бодоод тэнгэр хараад хэвтээд байхыг хүн хэзээнээс чадна. Харин бусдаас илүү сонин хачин, сайн сайхан юм бодож олоод, түүгээр өрсөлдөж мөчөөрхөж болохгүй юу. Ийм л асуулт эртний тэр өрсөлдөөнч нийхэмд тавигдсан байна. Гайхалтай нь юув гэвэл, өрсөлдөөний талбарын шилжилт гэнэт огцом бүх нийтээр нь хамарсан гэдэг. Үг сөрмөгц босч ирээд барилцаад авдаг хүмүүс маань харин бүр сууж аваад философ маягаар маргаж мэтгэлцэх юмуу, геометрын зураг дүрс газар дээр хуруугаараа зураад зөв буруугаа ялгаж хэлэлцээд эхэлдэг болжээ. Эртний Грекийн дэвшил, дэлхий дахины түүхэн аугаа ач холбогдолтой дэвшил гэж ердөө л ийм үзэгдэл, үйл явц байжээ. Энгийн, ердийн, хялбархан, мэдээжийн үйл явц юм бишүү гэмээр. Огт үгүй. Өрсөлдөөний жинхэнэ талбар оюун санааны мужид байгааг нээсэн нь хамгийн аугаа нээлт. Яагаад хамгийн аугаа нээлт юм? Хүн бол Homo Sapiens буюу Оюунт Хүн хэмээх төрөл зүйлийн амьтан. Орчин үеийн хүнийг бүр Homo Sapiens Sapiens гэх болсон. Ухаантай нь дэндсэн гэсэн санаа байх. Хүн бол бас мөчөөрхүү амьтан. Мөчөөрхөхдөө дөрвөн мөчөө савчаад өрсөлдөгч этгээдийг хэрхэн яаж цус нөжтэй нь холихоо сэтгэж эхэлдэг. Тэгвэл дөрвөн мөчөө тайван орхиод дан ганц сэтгэн бодох замаар мөчөөрхвөл яасан юм бэ? Наад зах нь аюул осолгүй талдаа. Цаад зах нь ер хүний бодож сэтгэж олсон юм л тэр хүндээ ч, тэр байтугай, бусдад ч хэрэг болоод байх шиг. Хэрэг болох юмны төлөө бусдууд төлбөр хийнэшдээ, тиймээс бусдаас илүүг бусдаас түрүүнд бодож олохоос өөр өрсөлдөөн үнэндээ үгүй юм бишүү гэх мэт энгийн сэтгэмжүүдэд грекүүд анх хүрснээр даян дэлхийн ач холбогдол, үр нөлөөтэй дэвшил гарчээ. Товчилвоос, цэвэр оюун ба цэвэр өрсөлдөөнийг нэг үзэгдэлд сая яв цав нэгтгэсэн байна. Үүгээр соёл иргэншил оюуны замналд шилжив. Соёл иргэншлийн оньсон түлхүүр нь оюуны өрсөлдөөн. Дан ганц бясалгаж бэтгэрч сууснаар юу ч гарахгүй, юу ч бүтэхгүй. Дан ганц өрсөлдөхөөр эцэстээ зодооноор л дуусна. Тиймээс оюуны өрсөлдөөн гэсэн хосмол. Гурамсан зарчмаар хэлбэл, оюуны өрсөлдөөн бол дэвшил.                        Гэтэл гайтай нь, нийхмийн үйл явц, аяс хандлагыг оюуны салбарт шилжүүлэх шиг хүнд зорилт, хэцүү үйл хэзээ ч байхгүй юм. Манай уяач, барилдаанч, наймаач парламентчдыг юун оюун сэтгэлгээний салбарт шилжүүлэх, тийм юм ерөөс байдаг тухай үзэл санаанд чиглүүлж хүч хүрэхгүй шинэ тогтолцооны 22 жил талийж одов. Үүнд олон хүн гайхдаг, цөхөрдөг. Эцэстээ цөхөрч гүйцээд гайхахаа ч больсон тохиолдол цөөнгүй байна. Хамгийн хүнд зорилт, асар хэцүү үйл гэж ойлговоос цаашид гайхах цөхөх явдалгүй болно. Түгээмэл түүхийн сонгомол хоёрдугаар бөлөг бол Монголын Эзэнт гүрний түүх юм. Түүхчид гэж тэнэг амьтас биш болохоороо энэ бол монгол угсаатны түүхэн дэвшил байжээ гэж хэзээнээс мэднэ. Гэхдээ хэлдэггүй байсан. Хэлж болдоггүй байсан гэвэл үнэнд илүү нийцнэ. Ялсан үндэстний түүхийг ялагдсан үндэстнүүд бичихээр яаж жинхэнэ үнэнийг хэлэх билээ дээ. Монголын түүхийн нандин нууцыг нь олж мэдэхээр судалдаг байсан, судалсаар байна. Грекийн түүхтэй нэгэн адил цаад наад учир начрыг нь олсонгүй явсаар л байна. Эртний Грек ба Дундад зууны Монголын үндэсний дэвшил нь харьцахгүй хоёр өөр, эсрэг тэсрэг үзэгдэл юм шиг ойлгож иржээ. Үгүй шүү дээ, нэг л төрлийн үзэгдэл, үйл явц байсан. Түлхүүр тодорхойлолт нь дахиад л оюуны өрсөлдөөн. Македоны Грекийн Их Александер хаан бол их сэтгэгч, логикийн ухааныг бас бус олон ухаантай хамт үндэслэсэн Аристотелийн гарын шавь байсан юм. Энэ хаан түүхэнд мөнхөрч үлдсэн ганц шалтгаан нь түүний нөр их байлдан дагуулалт. Аристотелийн шавь, тэр тусмаа сайн шавь нь, сайн логикчийнхоо хувьд домогт ч орж амжсан Александер оюуныхаа давуу чанараар л байлдан эзлээд байсан нь түүхээс бүрнээ илт юм. Хүлцэл өчье, гэхдээ оюуны давуу чанар бол эцэстээ байлдан эзлэлт юм бишүү гэсэн дүгнэлтэд хүрэх аядаад түр орхие. Монголчуудын хувьд нэг их бичиг үсэг, ном соёлтой байсангүй. Гэтэл тэд түүхнээ хосгүй аугаа байлдан эзлэлт хэрэгжүүлж чадсан байх юм. Оюуны давуу чанараараа юу? Тэгэлгүй яахав, өөр юугаар? Хачин юмаа, худлаа байлгүй дээ. Тэмүчин хөвгүүнийг Чингис хаан болтол нь сургаж хүмүүжүүлэх Аристотель нь байгаагүй. Тэгвэл хэн, юу? Ердөө л нүүдэлчин ахуй амьдрал, овог аймгуудын өрсөлдөөн тэмцэл. Энэ бүхэн юунд сургасан юм? Бодит сэтгэлгээнд! Тэр нь тэгвэл юу юм? Байгалийн зүй жамаар сэтгэх нь бодит сэтгэлгээ. Бодит сэтгэж сурваас Чингис. Өнөө үед байгалийн жамаар бодит сэтгэх үйлийг шинжлэх ухаан гэж нэрлэдэг юм шүү дээ. Аристотелийн шавь Александер шинжлэх ухаанч арга маягаар сэтгэх давуу чанар олоод… Чингис шууд байгаль дэлхий, тэнгэр газрын жамаар суралцаад мөн оюуны давуу тал эзэмшээд… Нилээд хожим их Ньютон байгалийн шинжлэлийн нарийн ухаан үндэслэснээр англи үндэстэн мөн тийм чанар олоод… Гэх мэтээр оюуны сэтгэлгээгээр илт давуу шинж чанар олох арга замууд байх ба тэр чанар нь бараг зайлшгүй байлдан эзлэхүй, эзэнт гүрэн байгуулахуйд хөтөлж байжээ. Хүн төрөлхтөний өөрийнх нь түүх юм учраас энд сайн муу, буруу зөвийн асуудал байхгүй. Зүй тогтол нь тийм л байж. Зүй тогтол нь зүй тогтол учраас өнөө ч хүчинтэй баймаар. Тэгвэл өнөө үед яагаад хэн нэгэн байлдан эзлэгч гарч ирээд зах зухаас нь хамаад  эхлэхгүй байна? Хаа нэг газар дэвшил тохиолдож, хэн нэгэн оюуны давуу чанар олоогүй л байхгүй юү. Гай болж тэр дэвшил нь тохиолдоод, тэгээд оюунаараа давамгайлаад эхэлбэл дахиад л байлдан эзлээд унах уу? Өөр яах юм бэ? Хууль жам нь тийм, зүй тогтол нь ийм юм чинь өөр яах юм бэ? Соёл иргэншил, түүний түүх гэж тувт их бага ямар нэг байлдан дагууллаар тодорхойлогдож иржээ. Хамгийн сүүлийн үеийн даяар байлдан эзлэлтийг гар утасны пүүс компаниуд явуулж байна. Чадаж байна, болж байна. Үүний цаана технологийн сэтгэлгээ, бизнесийн ухааны давуу тал байна. Оюун ба өрсөлдөөний туйлын нэгдмэл утга учрыг туйлын онож ойлгоод учирлан ухааруулж хэлсэн хүн нь дан ганц Чингис. Санааг нь авбаас бие нь хаа холдох хэмээжээ. Даяар байлдан дагуулахуйн үнэмлэхүй үзэл баримтлал. Чёрчилль гэж ухаантай хүн өнгөрсөн зуунд байсан нь өнөө манай эрх баригч АН-ын бурхан шахам юм. Том улстөрчийнхөө хувьд, бага гэмээргүй ухаантай хүнийхээ хувьд Чёрчилль байлдан эзлэхээс өөрийг бодохгүй нь зүйн хэрэг. Тэрбээр хэлэхдээ: “Ирээдүйн эзэнт гүрнүүд нь оюун санааны эзэнт гүрнүүд байх юм” гэжээ. Чингисийн теоремын Чёрчиллийн мөрдөлгөө нь ийм. Македоны явган хороод, монголын морьт мянганууд, английн далайн эскадрууд, германы механикжсан дивизүүдээр байлдан эзлэхээр эргээд бутцохигддог юмсанж. Тиймээс санаа сэтгэлийг нь булаан авч, оюуны санааны эзэнт гүрэн байгуулах ганц боломж үлдсэн юмсанж. Гэтэл энэ ч бас но-той нь илт. Оросууд коммунизмын үзэл санаагаар эзэнт гүрэн байгуулсан нь бүтэлгүйтэж тарж бутарлаа. Америкууд либераль ардчиллын үзэл санаагаар бүхнийг байлдан дагуулахаар зорьж явна. За даа, хэцүү л байх гэж хэлэх олон шалтгааныг орхие. Зүгээр зугаа төдий дурдваас, Америкийн үзэл санааны далбаан дор Орост саяхан “Умдагны бослого” дэгдсэн байна. 1990 оны зун Лондоны урлагийн тайзан дээр олны өмнө умдгаа маажиж малтсан хэргээр Англиас хөөгдөхөд нь би дэргэдээс нь харж байсан Мадонна гэдэг хүүхэн (Бальзакын насны хүүхэн гэж европ утгазохиолд хэлдэг заншилтай) энэ үймээн самууныг дэмжсэн байна. Хижээл хэдий ч залуу нөхрүүдийг хольж сольдог Пугачева авгай бас дэмжжээ. Телевизээр умдагаа дэлгэж үзүүлээд салдаггүй Собчак хүүхэн уухайн тас дэмжихээр зогсохгүй, нэгдэж байгаа ч юмуу. Гайхмаар нь юув гэхээр, энэ талын хорио цээрийн зүйл өнөөгийн соёл иргэншилд ерөөс тэртэй тэргүй байхгүй болсон байтал бослого гарах юм. Мадонна гэхэд маажсаар атал хаанаас ч хөөгдөхгүй болчихсон. Хятадад хошногоны бослого гарах хүртэл даяар нь либеральчилж ардчилбал дүүрлээ л дээ. Тиймээс Орос дахь “Умдагны бослого” нь Америкийн байлдан дагуулал цаашдаа хошин гацаа, шог мухардалд орохын дохио юм. Тухай тухайн үеийн соёл иргэншлийг онцлогоор нь товч тодорхойлох зарчим түүхийн ухаанд бий. Хожим хойчийн түүхчид өнөөгийн соёл иргэншлийг тэгэж тодорхойлохдоо, бөгсний бүжгийн эрин гэх юмуу, умдагны бослогын зуун гэх тун магад.Урьд манай нэг бөхийг зөвлөлтийн зөвлөх дасгалжуулагч нь “Пошевели-ка мозгами” гэж зандарчээ. Монгол дасгалжуулагч нь “Толгойгоо ажиллуулаач ээ” гээд байнашдээ гэж орчуулж өгчээ. Манай бөх шилээ шөргөөж данхагнаад нөгөөдүүлийнхээ уур, инээдийг зэрэг барчихсан гэдэг. Манай бөх тэнэгтээ ч тэгээгүй. Толгой бол орчин үеийн бөхийн төрөлд хөл гарын адил таван эрхтэний л нэг. Үндэсний бөхөд ч жинхэнэ зангарагтай тонгорох, хөмрөхөд толгойгоороо газарт тулсхийх ном бий. Угтаа “Уураг тархиа…” гэсэн үг. Энэ нь шилээ шөргөөн гавал дахь жаахан бор бодисоо сэгсрэх, зайлах төдийгөөр ажилладаг ч юм билэв үү, хэн мэдлээ. Ямар боловч өрсөлдөөний үндсэн эрхтэн нь уураг тархи гэдэг тэр бор бодис болсон нь өнөө эрин, энэ зууны яалт ч үгүй гол шинж. Саяхан би антропологийн нэг ном олж харлаа. Хар, шар, цагаан арьстаны оюуны чадавхи ялгаатай бөгөөд зөрөө нь уураг тархины дундаж жингээр тодорхойлогдоно гэх үзлийн тухай шүүмж байна. Ерөөс антропологи (хүмүн судлал)-д уураг тархийг жинлэж дэнсэлж үзэхээр үл барам, гавлын ясны хэлбэр, хэмжээг өндөр нарийвчлалтай хэмжээд суучихдаг нь ёс юм. Дурдсан үзэл ёсоор бол уураг тархины дундаж жин, улмаар оюуны чадавхи нь цагаан, шар, хар арьстан гэж буурах дараалалтай баймаар. Үүнийг батлах гээд дэлхий даяар хэмжээд үзтэл монголчуудын уураг тархи дундаж жингээрээ хамгийн их байжээ. Нарийн судалгаагаар тун санамсаргүй үр дүн гарсан хэрэг. Монголчууд л хамгийн ухаантай байж болохгүйшдээ гэж хэнбугайд ч бодогдоно биз дээ. Монголчууд угтаа хамгийн ухаантай нь баймаар байна гэж хэлснээс тархины том багаас оюуны итгэлцүүр (IQ) хамаарахгүй гэж номлох нь дээр гэж үзэх нь мэдээж хэрэг. Хянаваас, одоогоор энэ талын баримт гэвэл, монголчуудын тархины тэргүүлэх дундаж жин. Энэ үзүүлэлтээр Ай-Кю тодорхойлогддог эсэхийн тухайд баталгаа ч үгүй, няцаалт ч байхгүй. Ер нь бол уураг тархины жин хэмжээ, ялангуяа түүнийг биеийн жин хэмжээтэй нь харьцуулсан харьцаагаар амьтны аймгийн төрөл зүйлүүдийн ухаан тодорхойлогддог биологийн хууль байна. Манай нөгөө дуулиант Батаар төрлийн үлэг гүрвэлүүд өчүүхэн жижиг тархитай, агуу том биетэй амьтан байв. Тэгээд төрлөөрөө мөхсөн байна. Шалтгаан нь ухаан муутайнх гэж хэлдэг. Хүн төрөлтөн биологийн хуулиас гадуур биш боловч Батаар, Баабар гэх мэт тусгайлан харьцуулж болохгүй нь ойлгомжтой. Гэлээ гээд зарим ерөнхий харьцуулалт өөрийн эрхгүй боломжтой. Жишээ нь, монголчууд бие бялдрын дунджаар томд тоологдохгүй, манай сумочид гэхэд тэндээ хөнгөн жингийн харагддаг. Гэтэл түрүүлээд байдаг. Тархиных нь дундаж жин, оюуных нь итгэлцүүр илүү юмуу хаашаа юм. Чингисийн үеийн монголчууд гэвэл, дунд зэргийн нуруутай, өргөн мөр, дөрвөлжин цээжтэй, бүсэлхий нарийн, махлаг бус, шөрмөслөг, хөдөлгөөн шалмаг хүмүүс байсан дүр зураг түүхнээ үлджээ. Өнөөгийн жишгээр бол цэвэр дунд жингийнхэн гэсэн үг. Тэгээд тэд хамгийн аугаа Эзэнт гүрнийг юугаараа байгуулав? Уураг тархины дундаж жин, улмаар оюуны чадавхийн илүүгээр үү? Ай-кю нь цэвэр төрөлхийн, байгалиас өгөгдсөн, соёл, боловсрол, туршлагын ямар ч нөлөө тусгалгүй тийм оюуны унаган, онгон чадавхийн үзүүлэлт байх ёстой юм. Тиймээс өнөөгийн нөхцөлд Ай-кюг үнэн зөв тодорхойлох нь маш хэцүү. Нарийн ширийн аргачлал байвч тэр аргачлалд нь соёл иргэншлийн нөлөө тэр чигээрээ тусчихдаг учраас хэмжүүр, шалгуур нь хуурмаг болоод ирдэг. Харин Чингисийн монголчуудын Ай-Кю нь нөлөөгүй цэврээрээ, тиймээс байгалиас заяасан төгс хүчин чадлаараа илрэх боломжтой байсан, тэгээд илэрсэн нь дэлхийг даяаршуулсан байлдан дагуулал болжээ гэлтэй. Үндэстэн угсаатны оюуны чадавхийн асуудлыг антропологид авч үзэхдээ түүхийн жишээ баримтад голлон тулгуурладаг. Ер өөр яах ч билээ. Бодит тест нь хүний түүх. Цаашид ч түүхэн үйл явц л Ай- Кю үзүүлэлтийн бодит тест байх болно. Өнгөрсөн түүх нь хүний мөн чанараар нөхцөлдсөн өрнөл болох нь тодорхой. Хүн гээч амьтны түрэмгий шинж чанар нь байгалиас заяагдан удамшсан үзэгдэл. Түрүү үеийн кроманьон хүн, неандарталь хүн нэгэн үед давхцан амьдарч байсан боловч кроманьон нь илүү түрэмгий дайчнаараа неандартальчуудыг ялж устгаад эцэст Homo Sapiens болсон дүр зурагтай. Тиймээс түрэмгий нь Оюунт Хүмүн гэдэг зүйл амьтан сайн юмуу, муу дуртайдаа олоод авсан бус, харин түүнд байгалийн шалгарлын хуулиар хувьслын үе үе дамжин угшсан шинж чанар байна. Homo Sapiens-аар биологийн хувьсал төгсөж, нийхмийн амьдрал эхлээд өнөөг хүртэл өсч хөгжсөн ч кроманьон элэнц өвгийн маань амьтанлаг түрэмгий инстинкт улам идэвхижсэн үү гэхээс, буурч доройтсон нь харагдах биш. Байлдан дагуулал. Энэ нэр томъёо, үүний цаад наад дахь нарийн ширийн, бүдүүн баргыг бүхэлд нь тоймолж тайлбарлаж зөв ойлгох хэрэгтэй. Учир нь олон улсын улстөр-стратегийн хүрээнд үүнээс өөр үйл явц, үзэл бодол хэзээ ч байдаггүй. Даяарчлал гэхээр хэн нь хэнээ юугаар түрэмгийлэн дагуулах вэ л гэсэн үг.Бусдыг давуу тал, сүр хүч, сайн сайхнаараа илт давагайлж дагуулан эрхшээл нөлөөндөө автуулах үйл хэрэг нь байлдан дагуулал юм. Байлдан гэхээр заавал морьт зуутууд, мото-механиксан ротууд үүр шөнийн заагаар хил гаталж, хязгаар нэвтрэн уухайлаад дайрчих гэсэн үг биш. Түүхэн уламжлалт цэрэг-стратегийн арга зам цаашдаа цэвэр оюун санааны давамгайлах эрхшээл нөлөөллийн хэлбэр, агуулгаар солигдох учир зүйг л Чингис эцэст номложээ. Энэ нь хааны толгойд гэнэт гялсхийн орсон санаа ч биш. Ерөөс монголын байлдан дагууллын жинхэнэ үзэл суртал, улс төр, стратегийн зорилт нь юу байсан юм бэ? Тэнгэрт дагуулах! Наран ургахаас наран шингэх тэнгэрийн хаяа хүртэлхи хүн амьтныг Тэнгэрт дагуулах. Өөрөөр хэлбэл, асуудлыг цэвэр оюун санааны чиг шугамаар тавьж байжээ. Үүнийг одоо бид илрүүлж байгаа юм огт биш, тэр үеийн монголчуудын цаг үргэлж ил тод хэлж ярьж, зурж бичиж, ухуулж сэнхрүүлдэг тунхаглал нь ийм байв.Тэнгэрт дагуулах! Байлдан дагуулын энэхүү үнэмлэхүй зорилтыг Чингисийн монголчууд эхнээсээ эцсээ хүртэл тавьсан юм байна. Хэрэв та бид Чингисийн монголчууд мөн юм бол түүхэн зорилт маань бэлэн зэлэн томъёологдсон юм байна. Харамсалтай нь, та биднийг Чингисийн монголчууд гэхэд үнэндээ учир нэн дутагдалтай. Оюун санаа, үзэл бодлоороо эрлийзжин хурлийзжиж, ортоомжин луусжиж гүйцсэн байх ба Эзэнт гүрний дараахи хэдэн зууны бууралт доройтолтын бүх талын  бурангуй нөлөө тусгал бараг биологийн удамшлын санд маань нэвтэрч, тэндээ тогтоод та биднийг дарамтласаар байна.Хүн гэж эцэстээ оюун ухаан ба санаа сэтгэлийн цогц л юм. Тиймээс хүмүн судлал буюу антропологийн ухааны гол судлагдахуун нь оюун санаа. Үүнээс оюун ухаан (Intelligence, Разум) нь цэврээрээ ерөөс байгалийн шинжлэлийн төв судлагдахуун болов. Юув гэвэл, орчлон ертөнц үүсч хувьсан бүтэж бүрэлдсэн байна. Хэн, юу энэ аугаа үйлийг гүйцэтгэсэн байх вэ гэсэн асуулт гарна. Бодвол, оюун ухаан гэж хэлдэг. Тэгвэл оюун ухаан гэж ерөөс юу юм бэ гэсэн суурь асуулт гарна. Хариулахын тулд хүнийг оюунт амьтан гэж үзээд хүний оюун ухааныг судлахаас өөр арга байхгүй болно. Хүн амьтны эрхтэн бүр ямар нэг хэрэгтэй хэрэггүй ялгадас гадагшлуулж байдаг. Уураг тархи гээд байгаа багахан хэмжээний бор бодисны ялгадас, баас шээс, хөлс шивэр нь оюун санаа юм л даа. Энэ оюун санааг судлахын тулд түүнийг хэмжих хэрэгтэй болно. Шинжлэх ухаан бол ерөөс хэмжихийн л нэр юм гэсэн үгтэй. Ер нь бол ухаантай тэнэгийн ялгаа зөрөө бий нь илт мэдэгддэг зүйл. Энэ ялгаа зөрөөг нарийн хэмжихийн тулд л Ай-Кю аргачлалыг бодож олсон хэрэг. Арьстан,үндэстнүүд нь лав гадна төрхөөрөө ихээхэн ялгавартай харагдах. Ингээд оюун ухааных нь түвшин ялгавартай эсэхийн асуудал босч ирнэ. Чингээд сүүлийн 5 зууны байдлаас харвал, цагаан арьстнууд илүү ухаалаг юм шиг харагдана. Түүнээс урьд үе рүү өнгийхөөр шар арьстан лут юм шиг харагдана. Бүр түрүү үе харахаар хар арьстан илүүгээр үл барам, нөгөө хоёрынхоо өвөг болоод ирдэг. Бөөн будлиан гэсэн үг. Энэ будлианаас гарах хэрэгтэй. Шинжлэх ухаан бол материалист ухаан, хэмжих ухаан. Материал нь уураг тархи байна. Хэмжих нь хялбархан: жингийн таваг дээр тавьчих. Шар үст толгойн доторхи ялзмаг илүү жин дарж таарна гэсэн хүлээлт байсан. Гэтэл хар толгойт монголчуудынх жин дарчихсан. Маш санамсаргүй хэрэг. Ингээд антропологи будлианаас гараад самуунд орчихсон. Гэтэл нөгөө жин дардагчууд нь өнөөг хүртэл хэдэн малаа тойглох төдий ба цоо шинэхэн үеийнх нь хууль тогтоогчид гэхэд морь уралдуулах ажилтай л харагдана. Барууны их сургуулиудад заадаг антропологийн нэг сурах бичиг байна. Антропологид чухам монголчууд биднийг умард монголоид гэдэг юм. Өмнөд нь вьетнамчууд, тайчууд гэх мэт болоод явчихна. Хүн төрөлхтөний анхдагч аугаа хотжсон соёл иргэншлийг сүмэрүүд Хоёр мөрөн (Месопотам, өнөөгийн Ирак, Кувейт)-д байгуулжээ. Тэдний ясыг ухаж гаргаад, шинжлээд үзэх зэргээр төрх байдлыг тодруулсанд, ерөнхийдөө умард монгол төрхтөн байж таарав. Сүмэрүүд ч өөрсдийгөө хар толгойтон гэж ярьдаг байсан. Ийм л баримт тодорсон хэрэг. Шинжлэх ухааны аливаа баримтад гайхаж цөхөх хэрэггүй байдаг. Баримт нь л байх хэрэгтэй. Гэтэл дурдсан сурах бичиг гайхаж цөхсөн байгаа. Энэ бас аргагүй. Юув гэвэл, умард монголоидууд дэлхийн соёл иргэншлийг үндэслэн байгуулсан аугаа нэгнүүд баймаар дүр зурагтай атал өнөөгийн умард монголоидууд буюу та бид маань хэн харагдаж байгаа билээ. Харьцуулаад харахаар байж боломгүй ялгаа харагдав. Энэ ялгаа зөрөө илт харагдаад буйд дурдсан сурах бичиг гайхаж цөхсөн байдаг. Угтаа гайхаж цөхөх зүйлгүйн түүхэн учрыг миний “Бид Ялав”-аас хангалттай тодруулан үзэж болох. Энд тэмдэглэн хэлмээр нэг зүйл бий. Хүн судлалын зүйлийг заавал арьс өнгөөр ялгаварлах үзэлтэн юмуу, үндсэрхэх шовинист үзэлтэн ярьдаг, судалдаг юм биш. Ер шинжлэх ухааны ганц гол объект нь хүн. Эцсийн эцэст ухаж ойлгож ёстой юм маань хүн гээч амьтан, түүний мөн чанар. Тэгэхээр түүх судлал, хүн судлалын төвд умард монголоид төрхтөн яаж ийгээд ороод ирэх хандлагатай юм. Энэ нь бусдын бүү хэл, бидний хувьд үнэмшимгүй гайхалтай, тиймээс худал үнэн ухаантай царайлаад юу ч гэсэн эсэргүүцэн тэмцмээр нөхцөл байдал юм. Материалын эсэргүүцэл гэж ойлголт бий. Хүний материалын эсэргүүцэл гэж хэцүү юмны нэг байгаль, нийгэмд бодитоор байдаг, тэр тусмаа монгол хүнийх бүр агуу үзэгдэл. Хоёр хоёрын дөрөв гэж өөрөө мэддэг, баримталдаг мөртөө нөгөө хүн тэгэж хэлэхээр, хоёр хоёрын дөрөв биш байдаг байхгүй юү гээд урдаас мэтгээд эхэлдэг. Энэ онигоо биш шүү, болсон явдал. Монголын түүхийн асуудлаархи миний судалгаанд монголчуудын дургүй хүрэх нь дийлэнхи гэж би бичсэнд нэг танихгүй хүн ихэд дургүйцсэнээ илэрхийлээд, яагаад тэгэж бичив гэж гудамжинд шалгаалаа. Энэ асуултад би хэсэг бантсанаа ингэж сөрөг асуулт тавилаа: Жишээ нь, яг таны дур хүрч байна уу, дургүй хүрч байна уу? гэж. Энэ удаа мань нөхөр бантлаа, буруу харж, дуугаа хурааж хэсэг байснаа бодолхийлсэн байдалтай яваад өгсөн. Энэ хүн ухаантай хүн байсан байх, эргэцүүлэн бодсон байх: үнэндээ миний дургүй хүрдэг, гэтэл хүмүүс дургүйцдэг гэж бичсэний төлөө миний  дургүй бүр их хүрсний учир юу вэ гэх мэт. Учир нь хялбархан: өнөөгийн монгол хүн та бид монголын үүх түүх, өнөө ирээдүй, Монгол Улс, монгол үндэстний статусыг өргөн дэвшүүлэх үзэл санаанд нэг л дургүй хүрээд байдаг болчихсон байхгүй юү. Учир нь итгэдэггүй. Итгэдэггүй нь заавал миний судалгаа, үзэл баримтлал худал юмуу, худал байх ёстойдоо биш, харин та бид ерөөс итгэл бишрэл хэмээх хүний ёс, хүний мөн чанарын асар чухал нандин нэгэн сэжмээс ангижирсан талтай. Энэ бол асар гүн далдад нуугдсан үнэн. Хэн хүний хамгийн дургүй хүргэдэг нь гүн далдын аймшигтай үнэнийг хөндөж хэлэх. Аймшигтай нь юув гэхээр, монголчууд бид монголчуудад итгэхээ больчихсон, бишрэлийн тухай ярихын ч хэрэггүй. Монгол монголдоо дургүй, муна гадсандаа дургүй гэж монгол үг. Үнэндээ тийм юм байна гэж одоо гадаадад мэддэг болчихсон монгол үг. Төр засаг маань хүртэл өнөөгийн энэ Монгол Улсын сайн муу, болох болохгүйг голж шилэлгүй үүрч дүүрч ирсэн мань мэтэд дургүй нь хүрч гүйцээд гадаадын монголчууд гэсэн гайхалтай нэр томъёо зохиогоод ийш тийшээ ухаан жолоогүй давхидаг болсон. Тэр өвөрлөгч, буриад, халимаг монгол чинь гадаадын монгол биш, төрсөн өссөн түүхэн нутагтаа суугаа тэндхийн уугуул монгол, цагаачлагчид хэрхэвч биш.   Тиймээс та бид дур хүрэхийн аль алинд асуудлыг өөрсдөөсөө эхлэвээс зохих ба энэ нь үндэстэн шиг дэвшихийн эхлэл, эх сурвалж болно. Үндэсний дэвшлийн үзэл санаа бол хий үзэгдэл, үлгэр домог. Гэтэл энэ хий үзэгдэл гэнэт санамсаргүй бодит болох тохиолдлууд түүхэнд байсан, тиймээс өнөө ч тийм боломжийг урьдаас үгүйсгэдэггүй.Үндэсний дэвшлийн бодит боломж нээгдэх нь түүний бодит үндэслэл ямар нэг хэлбэр, агуулгаар олдсонтой холбоотой байдаг. Энэ үндэслэл нь агуу том, хүчирхэг байх ёстой бөгөөд дэлхий дахины түүхэн ач холбогдол, үр нөлөөтэй байх ёстой. Оюу ба Таван толгодууд бол том толгодууд. Гэхдээ энэ бол байлдан эзлэх бус, эзлүүлэх хүчин зүйл. Зүй тогтол нь ийм. Байлдан дагуулах нь таны толгой, миний толгой, бас бус монголчуудын тархи толгой. Манай хаан Чингисийн гэрээслэлийн дагуу санааг нь авч, АН-ын бурхан Чёрчиллийн зөгнөл ёсоор Оюун санааны Эзэнт гүрэн цогцлоохын  тулд та бидний уураг тархинаас ямар нэг хүчирхэг хүчин зүйл ялгадас болж гадагшлан дусагнах ёстой. Эцэст энэ ялгадсын тухай. Оюуны итгэлцүүр буюу IQ-г хэмжихийн тулд тестүүд хэрэглэдэг. Хүний нийхмийн амьдрал, практик дээр энэ Ай-Кю тест нь шинжлэх ухааны өрнөл хөгжлийн үйл явцын ээлжит зорилтууд болдог. Халуун хүйтэн, агаар ус гэж юу болох гэх мэт асуудал ээлж дараалаан үүсэх ба эдгээр асуудлыг шийдэж, аливаа үзэгдэл юмсыг тайлж тайлбарлаж чадах эсэх нь хүний оюуны чадавхийн жинхэнэ бодит хэмжүүр. Том буюу суурь ерөнхий асуудлыг шийдсэн хүмүүсийг суут гээд байдагт би хувьдаа дуртай биш. Супернэгдлийн онол бол суут нээлт. Гэтэл би гэж тэнэг толгой л байна. Үүнийгээ нэг муу мэдэх хэрийн ухаан надад байна. Нээлтүүд цаг нь болж, шаардлага нь тулгамдахаар Дээрэс ирдэг юм л даа. Олон суурь асуудлыг шийдсэн хүмүүстэй улс үндэстний дундаж Ай-Кю нь өндөр байх гэж бодох нь бараг зайлшгүй. Энэ талаас нь авч үзвэл, монголчууд та бидний шинжлэх ухаанд олсон ололт, оруулсан хувь нэмэр гэж түүхэнд байсангүй. Байсангүй нь IQ-тэй холбоотой юу, эсвэл түүхийн таатай таагүй олон нөхцөл байдлын улмаас монголчууд шинжлэх ухаанд гавьтай гавъяа байгуулж амжсангүй явсаар өнөөдөртэй золгов уу? Тэгвэл амжих арга чарга байхгүй юү? Манай зарим нэрт нийтлэлчид бичихдээ, монгол ухаан гэж байхгүй гэдэг. Тэгсэн атлаа америк ухаан, хятад ухаан буйг ярьдаг, сурталчилдаг. Бусад улс үндэстнүүд өөрийн ухаантай, монгол угсаатан өөрийн ухаангүй юм бол монгол хүн гэж ерөөс ухаантай амьтан мөн эсэхэд эргэлзэх сэтгэгдэл төрдөг. Тэдгээр нийтлэлчид, суртал нэвтрүүлэгч улаан цагаан дуу хоолой, унгараг хошногууд ийм сэтгэгдлийг нийтлэг төрүүлж амжсан, чадсанд манай нийхмийн гол хүндрэл бэрхшээл, гай түйтгэр оршино. Тэгэвч монгол хүн бол ухаант амьтан гэж юу ч гэсэн таамаглаж болох. Энэ амьтан ухаантайгаар үл барам, байгалиас заяасан язгуурын Ай-Кю нь харьцангуй өндөр ч байж магад баримтууд бийг түрүүнд дурдсан. Манай Ай-Кю их бага, өндөр нам байхаас үл хамааран өнгөрсөн 20-р зуун нь монголчууд та биднийг орчин үеийн утга чанараар нь сургаж боловсруулаад хаячихсан. Яг боловсрол гэж ярих юм бол миний үеийнхэн гэхэд Барууныхныг голж шилж харж харьцах хэмжээний юм шүү. Угтаа ухаантай амьтан буюу ямар нэг хэмжээний Ай-Кютэй хүмүүс л энэ боловсролыг эзэмшсэн байх. Улмаар шинжлэх ухаан гэдэг үзэгдэл нь манайх гэдэг айлын тухайн үедээ нийхэмчилсэн хоттой хэдэн хонь ямааны хэрийн энгийн зүйл монголчуудын хувьд болсон хэрэг. Хамгийн чухал нь юув гэхээр, шинжлэх ухаанд түүний төгсгөлийн торгон мөчид нь яаж ийж амжаад ололт олж, нээлт хийгээд IQ-гийнхээ бодит хэмжээ дамжааг харуулчих боломж бий юм. Ийм боломж ердөө цорын ганц, тиймээс алтан байтугай, алмаз эрднийн боломж. Одоогоос яг зуун жилийн өмнө Германы том толгой тэргүүлэх эрдэмтэд нэгэн тунхаглал гаргахдаа эртний грекчүүд, өнөөгийн монголчуудыг хоёр туйл болгон заасан байдаг. Сонгодог грекчүүдийн Ай-Кю өндрөө өндөр. Энэ тухайд маргах шалтгаан байдаггүй. Нэг туйл нь тэд мөн. Харин тэдгээр том толгой тэргүүлэх эрдэмтдийн бодлоор бол та бидний Ай-Кю тэгтэй тэнцүү юмуу, тэгт тэмүүлсэн байж таарах гээд байна. Германууд тусгайдаа тэгэж боддог байсан биш, иймэрхүү үзэл бодол нийтлэг байсан хэрэг, тиймээс ч тунхаглал зохиогчид нэг их санаа зовохгүйгээр илэн далангүй хэлчихсэн хэрэг. Хүмүүсийн цаад санаа сэтгэгдэл гэж маш тогтвортой, хүнд инерцитэй зүйл байдаг. Одоо тэгэж ил тод хэлэхгүй, гэхдээ санааных нь угт байж л байгаа, байгаа ч юм. Та бидний санааны угт ч бас өөрсдийгөө үхэр монгол гэх үзэл байж л байгаа. Үгүй бол сайн л байна. Чингээд эртний грек суутууд, өндөр дээд IQ-тнүүд анхлан үүсгэсэн шинжлэх ухаанч танин мэдэхүй төгсөх мөчдөө иржээ. Төгсгөх ёстой онолыг супернэгдлийн онол гэх юм гэж тогтсон. Гэтэл тэр онол нь олдсонгүй олон арван жил хүлээгдэн байна. Олсонгүй ирсэн нь хар, шар, цагаан арьстан үндэстэн угсаатнууд хуйгаараа хоёр мянган, хоёр зууны заагт тэнэгэрчихсэнд бус. Физикийн ухааны нэгдсэн онолын асуудал нь хүний оюун ухааны үнэмлэхүй тест, шалгуур байх ёстой ба байгаад хамаг учир оршино. Ерөөс хүний ухаан суут байлаа ч зарчмын хувьд хүрэлцэхгүй байж ч магад тийм агуу ганц асуудал шинжлэх ухаанд үлдсэн хэрэг. Тэр асуудал шийдэгдэж, супернэгдлийн онол хэвлэлийн цагаан цаасан дээр хэвлэгчийн хар будгаар буулаа. Энэ нь умард монголоидуудын оюуны чадавхи Ай-Кю үзүүлэлтээрээ эртний грекүүдийнхээс ялигүй доогуур боловч өнөө манай үед тэнгэр утаж, газар буртаглаж яваа үндэстэн угсаатнуудынхаас хамгийн дээгүүр нь болохыг баталж байна. Үр дүнд нь хэрэв хүсвэл санааг нь хүчээр булаан аваад оюун санааны эзэнт гүрнийг өнөө маргаашаас эхлэн байгуулах алтан шар замд гарах үүд хаалга цэлийн нээгдлээ. Итгэнэ үү, байна уу, бишрэнэ үү, үгүй юү, хүний эрх, эрх чөлөөний асуудал. Энэ эрх ба эрх чөлөө гэгч нь  тухайн бодгаль юмуу, тийрэнгийн удамшил, боловсрол, оюун итгэлцүүрээр хязгаарлагддаг учрыг харин ухаарах хэрэгтэй. Монгол үндэстний дэвшил, Монголын Сэргэн мандлын үзэл санаа, үйл хэрэг,үндэслэлийн эсрэг сөрөг байр суурь санаатай, санамсаргүй баримтлан амны алдас, үйлийн ял хийхээсээ энэ удаа татгалзан Дээр Тэнгэрээс аюух нь зүйтэй болов уу. Монголд сөрөг хандах, тэр хандлагаа ил далд илэрхийлэх нь үзэл санааны эрх чөлөөний ерөнхий зүйлд хамаатна. Харин шууд шулуухан дайсагнах нь тусгай асуудал мөнийг манайхан заримдаа мартдаг болсон шиг. Гэтэл дайснууд дайсан мөнөө ил тод сануулахаа мартахгүй болсон байна. Төр тамирдаж, засаг замарсан цаг үеийн цоорхойгоор тэд толгойгоо аймшиггүй өндийлгөж байна. Бүхэл бүтэн 15 жил өдөр шөнө ялгалгүй үргэлжилсэн суурь судалгаануудын суурь үр дүнд хорсон бухимдсан, улмаар монгол хэлтэн цустан угсаатны аугаа их түүхэн ялалтыг улайран эсэргүүцэгчид дээр ч байна, доор ч байна. Тэд 15 жилийн өмнөөс л байсан. Тэгээд 2008 оны 9-р сарын 11-ний өдрөөс Интернетээр үзэл бодол, уриа лоозон, шахалт шаардлагаа цацаж эхэлсэн. Энд огноог анзаараарай. Дотоодын дайснууд энэ өдрийг ухамсартай сонгож, дайн зарлаж байна л даа. Тэд ингэж улайм цайм аашилж аймшиггүйтэхдээ юунд найдаж байна? Монголын нийгмийн дорой буурайд, манай нийгмийн сэтгэлгээний бурангуйд, манай хоцрогдолд. Төр тамирдаж, засаг замарсан цаг үеийн цоорхойгоор тэд улс төр, эдийн засаг, нийгэм, ахуйн бүх салбарт хүссэн бүхнээ хийж ирсэн, цаашид ч хүслийнхээ хэрээр хийнэ гэж найдаж байна. Тэд хүн ч алсан, хүрээг ч талсан. Тэр байтугай юм юм болсон. Тэдэнд хаалт хязгаарлалт, хориг саад алга. Харин бий болох уу? Тэдэнд миний судалгааны юу нь тийм аймшиг төрүүлээд тэгэтлээ дайн зарлах болов? Монголын нэн эртний ба эртний түүхийн судалгаагаар дэлхийн соёл иргэншлийн уугуул өлгий нь Монголын түүхэн нутаг дэвсгэр байжээ. Улмаар өвөг алтай-монгол угсааны хүн ам нь хүний соёл, дэлхийн иргэншлийг үүсгэгчид юм байна гэсэн үр дүн гарлаа. Дэлхийн түүх монгол-төвт юм байна, тиймээс чухам яг өнөө үед Монгол Улс дэлхийн соёл иргэншлийн төв дахин болохоор боллоо, учир нь суурь шинжлэх ухааны эцсийн онол энд л нээгдэж олдлоо. Ийм л үр дүн, хангалттайгаас ч илүү баталгаа нотолгоотой үр дүн. Энэ аймшигтай юу? Аймшигтай. Юу нь тийм аймшигтай болохоор өмнөөс дайн зарлаад байна? Монгол хэлтэн цустан угсаатны рейтинг чинсаа олон улсын тавцанд 1-рт бичигдэхнээ! Дайснуудын боддогоор муу муухай, мулгуу тэнэгээ бус, Дээр Тэнгэр язгуураас улбаа угшилтай сайн сайхан, саруул ухаантайгаа мэдэх болсон монголчууд үндэсний шинэ дэвшилд хоромхон зуур шилжиж даян дэлхийн соёл иргэншлийн цаашдын өрнөл, дэвшлийг хөтлөхнээ. Монгол хүн Дээрээс заяасан байр сууриа дахин эзлэхнээ. Монгол угсаатны түүхэн шинэ өрнөл, дэлхийг дахин даяарчлах үндэслэл, үйл хөдлөлийг эсэргүүцэн тэмцэх гадаад хүчин тэр болгон олдохгүй. Учир нь чухам өнөөгийн дэлхий дахин ийм өрнөлийг хүлээж байгаа юм. Чухам Монголоос хүлээж байгаа юм шүү дээ. Гэтэл харин дотоодоос дайснууд босч  ирэх магадлал багагүй нь илт байна. Энэ нь тухайн тэр дайсагнагчдын сүнсгүй тэнэг, үйлсгүй мунхагаас илүү, нийт нийгэмд бугшсан бурангуй сэтгэлзүйн харгай юм. Хүмүн төрөлтөнд үндэсний бахархал, тэмүүлэл, зүүд мөрөөдөл, зөн билиг байгалиас заяасан байтал хэдэн зууны турш дахь үндэсний бууралт доройтлын харгайгаар үндэсний сөрөг үзэл нийгмийн дээд доод бүх давхаргуудад бугшин архагшсаны гай гамшгийг бид амсаж явна. Энэ байдал засрах төлвийг эрхбиш олж байна, цагийн аясаар чиг хандлага тэр зүгт боллоо. Нөгөө талаар, эсэргүүцэл тэмцэл хурцдах олон шалтаг шалтгаан цаашид ч үйлчлэх нь бас илт байна. Монголын шинэ Сэргэн мандалын үзэл санаа, үндэслэл, бодит боломж нөхцлийн асуудал нь фронтын шугам үүсгэж байна. Энэ ч тааж бүү хэл, тооцож болохуйц үйл явц. Фронтын шугамын аль талд нь явахаа монгол хүн нилээд тулхтай шийдэх цаг ирлээ. Хүний эрхийн асуудал мөн үү, мөн. Үндэсний ухамсрын асуудал бас мөн. Зөрчил нь үүнд. Зөрчилгүйгээр шийдэл байдаггүй.   Түүхэн үйл явц Дээрээс явдаг. Тэнгэрийн хүчин, ертөнцийн суу заль бүхнийг шийдэж байдаг, албадан зохицуулдаг, хатуу хянадаг. Гэж монголчууд маш зөв ойлгож байж. Өнөөгийн монголчууд та бид үүнийг мартаж орхиж, мартуулж чадсан байна. Би бол ердөө л бичээч. Даян Дээрхийн илгээлтийг л чадан ядан цаасан дээр буулгаж суугаа хэрэг шүү дээ. Ийм л үүрэг хүлээсэн. Өгүүлэн буй түүхэн үйл явцад Дээрээс үүрэг хүлээсэн ерөөлт хүмүүс тоотой цөөн боловч өөрсдөө тодорч, тойрон нэгдэж л байна. Өнөөгийн хэлээр, хүний нөөцийн асуудлыг бид дараа тусд нь авч үзнэ.  Хоёр хоёрын дөрөв байдагтай маргая гэвэл маргаж болно. Харин маргая гээд ч маргаж болохгүй, чадахгүй юм бол супернэгдлийн онол гэж мэд. Яагаад гэвэл, өнөөгийн хямарч самуурсан соёл иргэншлийн аврал нь энэ юм. Физикийн нэгдсэн онол яах ёстойв гэвэл, орчлон ертөнцөд оршин буй бүхний учрыг тайлж тайлбарлаж, хамгийн чухал нь тооцож чаддаг болох ёстой юм. Тэгээд үнэхээр чаддаг болчихлоо. Нэгдсэн онолыг бүх нийтэд хялбархан хүртээлтэй орчин цагийн арга хэрэгслээр зааж сургахад бид бэлэн байна. Энэ тухай асуудлыг дараа тусд нь тодорхой хэлэлцье. Супернэгдлийн онолтой нягт холбоотой нэгэн зүйлийг эхний мөчөөс машид анхаарах шаардлага тулгарч байна. Юув гэвэл, нэгдсэн онол маань бидэнд үзэгдэх, мэдрэгдэх бүхий л илэрхий ажиглагдахуйц үзэгдэл юмсын туйлын онол. Ил үзэгдэх бүхий л юмс үзэгдлийн туйлын рациональ онол. Рациональ гэдэг нь оюун ухаанд тулгуурласан шинжлэх ухаанч, цэвэр математик онол гэсэн үг. Логикийн хэлээр хэлбэл, энэ нь дээд түвшний формаль систем юм. Ийм формаль системийн тухайд Курт Гёделийн гэх суурь теорем хүчинтэй байдаг. Курт Гёделийн теорем нь ерөөс супернэгдлийн онол зарчмын хувьд байж болох эсэх асуудлыг ч хөнддөг юм. Нэгдсэн онол нэгэнт бий болсон нь энэ талын эргэлзээ, маргааныг тасаллаа. Энэ нэг хэрэг. Ноцтой нь юув гэвэл, ил оршихуйг бүрэн бичиглэх нэгдсэн онол буюу дээд түвшний формаль системийн эцсийн баталгаа нь өөрт нь биш, түүнээс дээгүүр ямар нэг системд байх ёстой болдог. Энэ юу гэсэн үг вэ гэвэл, орчлон ертөнцөд ил үзэгдэх оршихуй ба үл үзэгдэх оршихуй хоёул байх ахул нэгдсэн онол ил үзэгдэхийг төгсгөөд далд ертөнцөд шилжих боломжтой юмуу, ёстой гэсэн үг. Сэтгэлзүйн хувьд гайхалтай боловч логикийн хувьд гайхаад байхааргүй нь юув гэвэл, Гёделийн метатеоремын дээр дурдсан мөрдөлгөө үнэхээр хэрэгждэг юм байна. Далд оршихуй үнэхээр байдаг юм байна. Орчлон хорвоо, байгаль дэлхийд ил ба далд чанарууд хосмолжсон байдаг юм байна. Чухамхүү  далд оршихуйгаас супернэгдлийн онолын үнэний туйлын баталгаа ирэх ёстой мэт мөрдөлгөө Гёделийн теоремоос урган гардагт би өөрөө итгэдэггүй байсан. Гэтэл чухам тэр теоремын тийм мөрдөлгөө хүчинтэй юм байна.Тиймээс шинжлэх ухаан, шашин хоёр угтаа зөрчилтэй бус бөгөөд эцсийнхээ дүнд нэгдэх тухай үзэл санаа цаашид хэрэгжих нь зайлшгүй мэт. Ер нь бол эцсийн эцэст ганцхан ухаан л үлдэнэ, учир нь орчлон ертөнц гэж нэг нэгдмэл үзэгдэл гэх нь эртнээс өнөөг хүртэлхи философийн үндсэн баримтлал. Тэгвэл тэрхүү эцэст үлдэх ганц ухаан нь юу байх юм? Эрүүл ухаан, саруул сэтгэлгээт монгол хүн бүхэн үүний хариуг урьдаас тааж мэдэх ёстой. Энэ бол тэнгризм. Түүхийн эхэнд ийм л ганц ухаан байсан. Шинжлэх ухаан, соёл иргэншлийн өнөөгийн өндөрлөгт үнэмлэхүй баталгаажсан ийм л ганц ухаан үлдэнэ, үлдэж байна.Ертөнц гэж супернэгдлийн онол ёсоор юу харагднав? Цэвэр математик машин! Цэвэр софтвер. Энэ софтвер хэрхэн яагаад хардвер болж харагдах учрыг онолд хялбархан олдог. Ертөнцийн универсаль математик машины хардвер загвар нь хүний уураг тархи юм. Түүнд программ суулгахыг боловсрол гэж байгаа юм. Монгол Улс капиталист анхны хуримтлалын буюу шилжилтийн үед залуу үе, бүхэл бүтэн нэг үеийг суурь боловсролгүй алдчихаад, одоо бас нэг үеийг алдах магадгүй болоод байна. Нөгөө суурь боловсролгүй залуу үеийнхэнд маань миний яриад байгаа зүйл шинжлэх ухаан талаасаа ч, үндэсний үзэл зорилгын талаасаа ч огт ойлгомжгүй байх юм. Уг нь бол Америкт очиж шил шаазан угааж, пицца зөөхийн оронд эндээ байгалийн шинжлэлийн шинэ суурь онол эзэмшиж аваад дэлхийд багшлаад явчихмаар байгаа юм.Өгүүлэн буй асуудлууд хязгааргүй гүн гүнзгийг хөндөн буй гээд үүгээр энэ удаа өндөрлье. Бэсүд Ч. Эрдэнэ,Монгол-төвт дэлхийн соёл иргэншлийн түүхийн судлаач

Leave a Reply

Labels