Бэсүд Ч. Эрдэни: Том бодол тухайн үндэстнийг дайчилдаг, авардаг

0 Сэтгэгдэл бичих:

www.superunified.org
“Их гурвалжин”, “Супер нэгдлийн онолын үндэс” бүтээлээрээ олны танил болсон сэтгүүлч, судлаач Ч.Эрдэнэ саяхан “Бид ялав” номоо уншигчдын гар дээр хүргэлээ. “МОНЦАМЭ мэдээ” сонины сэтгүүлч, уран бүтээлчид түүнтэй уулзаж шинэ ном, судалгаа шинжилгээний ажлынх нь талаар сонирхсон асуултдаа хариулт авсан юм.

-Жорж Сорос гэж дэлхийд алдартай мундаг санхүүч байдаг. Тэр хүн Хятадын эдийн засгийг унагах гэж том операци зохион байгуулсан чинь Зүүн Өмнөд Азийн эдийн засгийн хямрал болоод Хятад нь зүгээр үлдсэн гэж?

-“Сионын протокол” гэж том ном саяхан орчуулагдсан гэж дуулсан. ХХ зууны эхнээс яригдаад явдаг “Сионын мэргэдийн протокол” гэж оросоор гарсан ном. Тэр номд юу гэсэн байдаг вэ гэхээр жүүдүүдийн дэлхийг ноёлох стратегийг тодорхойлсон байдаг. Жүүдүүдийн үзлийг сионизм гэдэг шүү дээ.Сионизмийн дээд толгой нууцлаг хэдэн нөхдүүд хуралдаж, чуулаад дэлхийг жүүдүүд эзлэх, ноёлох стратегийг боловсруулаад шууд хэлчихсэн номыг “Сионын протокол” гээд байгаа юм.

Хуучин энд тэндгүй хэвлээд байдаггүй, маш нууц явж ирсэн байдаг. Би оюутан байхдаа анх олж уншиж байлаа. Гэхдээ маргадаг юм. Жүүд нар одоо ч тэр номыг оросууд биднийг бусдаар алуулахын тулд, ийм муухай санаатай хүмүүс гэж үзүүлэхийн тулд зохиосон гэдэг бол оросууд нь болохоор яалаа гэж дээ. Ийм юмыг хүн зохионо гэж байхгүй гэдэг.

Би уншигч судлаачийн нүдээр хэлэх юм бол зохиомол ч бай, үнэхээр мэргэдийн хуралдаж чуулсан төлөвлөгөө ч бай огт хамаагүй. Хамгийн чухал нь асар гайхамшигтай, ухаантай улс дэлхийн бүх байдлыг маш үнэн зөв төлөвлөсөн байдаг. Яг тэр ёсоор дэлхийн үйл явц өрнөөд явж байгаа. Өөр гажсан зүйл үгүй. Өнөөдрийн өдрийг хүртэл хараад тодорхойлсон маш нарийн ухаан зарцуулсан ном доо.

-Шинэ монголчуудын үндэсний үзэл санаа таны төсөөллөөр ямар байна вэ?, Буруу түвшинд байгаа бол хэн төлөвшүүлж яаж засч залруулах вэ?

-Зөвхөн монголчууд ч биш. Дэлхийн бүх улс үндэстнүүд үндэснийхээ үзэл санааг томьёолох гээд явж байна шүү дээ. Америкууд ялгаа байхгүй. Буш ерөнхийлөгчийн томьёолсон үзэл санаа нь “Америкийн өрсөлдөх чадварын санаачилга” гэдэг асар том программ дэвшүүлсэн.

Обама нь гарч ирээд үндэсний үзлээ томьёолоод “Бүхнийг өөрчилье” гэлээ. Оросууд ялгаа байхгүй. “Оросын төсөл” гэдэг нууц цуврал номууд гарч байна. Номын зохиогчийг хэн ч мэдэхгүй. Зарим хүмүүсийн ярих нь Кремлийн томчуудын захиалгаар хийж байгаа гэдэг нь ортой байх. Угаасаа нийгмийн захиалга нь. Орос гэдэг агуу үндэстэн өнөөдөр үндэсний үзэл баримтлалаа тодорхойлох гээд л явж байна шүү дээ.

Монголчуудынх уг нь тодорхой болчихоод байгаа юм. Үндэсний үзэл санааг тодорхойлно гэдэг нэг номын асуудал. Хаа ч тэр. Орост бол “Русский проект” гэж ном бий. Зохиогч нь мэдэгдэхгүй. Тэнд гол гол түүх, соёлын түвшний асар том санаа явж байгаа. Монголчуудын хувьд миний номын санаа хангалттай. Том санаа л барьж авах хэрэгтэй. Жижиг юм бариад огт хэрэг байхгүй. Утаагүй зуух яриад үндсэндээ ямар ч хэрэг байхгүй.

Нэг нь нэгийгээ хуураад хэдэн цаас нөгөөдөх нь авч болно л доо. Зах зээлийн ёс юм байгаа биз. Цаана нь гүнд нь ямар бодол байна вэ гэхээр “Супер нэгдлийн онол”-оос чинь утаагүй жинхэнэ технологийг бий болгох ёстой. Тэр лабораторийг нь байгуулах нь хэрэгтэй юм биш үү. Төрийн бодлого гэдэг чинь тэр түвшиндээ явах учиртай. Ер нь томоор бодох хэрэгтэй.

Оюутолгой, Тавантолгойгоос хэдэн цаас авах болов уу гэж бодоод л суугаад байдаг чинь арчаагүй бодол. Энэ зуунд дэлхийг тэргүүлье, ноёльё гэж бодвол арчаатай бодол. Сүүлд нь эцсийнхээ дүнд том бодол ялж байснаас бага бодол ялж байсан түүх байдаггүй юм. Түүх бол хүний урдаас таавраар явахгүй. Чингисийн монгол гараад ирнэ гэдгийг хэн ч таагаагүй. Нөгөөдүүл нь ч хэзээ ч жижгээр бодоогүй. Хятадын нэг мужийг дээрэмдээд буцаад ирье гэж ерөөсөө бодоогүй. Хятадын нэг тосгоныг дээрэмдээд буцаж ирээд суучихна.

Түүнээс цааш гарахгүй. Чингисийн Монголчууд асар том юм бодож явсан. Одоо миний яриад сууж байгаа чинь тэдний бодлоос хамаагүй жижиг. Ерөөсөө энэ бөмбөрцгийг мөнх тэнгэрийн хүчин дор нэгтгээд авья гэсэн бодол байж. Би бол ном, онол хоёр тарааж өгөх юм яриад сууж байна.

Жинхэнэ монголчуудын бодол шууд мөнх тэнгэрийн хүчин дор оруулах. Армянууд маш эртний үндэстнүүд гэдэг. Сүмэрээс хойш Акачууд элдэв төрлийн урарти гэж ярьдаг. Тэднүүсийн хойч нь Армянууд гэдэг. Тэр хэрээр их мэргэн үндэстэн гэгддэг. Армянууд яагаа ч үгүй. Гарамгай ноён ч билүү, монгол ноён очоод Мөнх тэнгэрийн дор бүгдийг нэгтгэж явна.

Та бүхэн нэгдэх үү гэхэд л өө тэгье гээд зөвшөөрсөн байдаг. Цэрэг татвал цэргээ нийлүүлээд дайны хөлд үрэгдээгүй. Одоо ч гэсэн Америктай сайн байхын тулд хэдэн цэргээ хаа хамаагүй явуулж л байна шүү дээ. Тэр ч яахав байдаг л ёс. Түүн шиг том л бодож сурах хэрэгтэй байна. Том бодол л хэрэгжинэ. Том бодол тухайн үндэстнийг дайчилдаг. Бага бодол үндэстнийг ухраадаг.Утаагүй зуух яриад л суугаад байвал зуух ч үгүй юу ч үгүй үлдэнэ. Харин утаагүй технологи ольё гэвэл олдоно. Олддоггүй юм гэхэд ядаж зуухтайгаа үлдэх боломжтой.

-Үйлс муутай явж байгаа хүмүүсийг монголчууд тэнгэр нь хаячихсан амьтан гэж яриад байдаг даа. Бурхан шашин дэлгэрснээс хойш, Манжийн дарлалд орсноос хойш, коммунизмын нөлөөнд орсноос хойш Монголчууд тэнгэр шүтлэгээсээ холдоод тэнгэр нь хаячихсан юм шиг харагдаад байгаа юм л даа. Энэ тэнгэрийг Монгол үндэстэнтэй нь яаж холбож өгөх вэ? Яавал сэргээх вэ?, одоо Монголд 800 гаруй христийн сүм, бурхан шашны 900 гаруй сүм хийд, дэлхийд байдаг бүх шашны урсгал ороод ирсэн. Монгол хүний оюун санааг мунхруулах хортой бодлого яваад байна уу, бөө маш их боллоо. Цаг үеийн хандлага уу, гажуудал уу?

-Гаднаас мэдээж Монголыг сайн сайхан болгох бодлого явахгүй. Би өөрийн номдоо цухас дурдсан. Дэлхийн улс төрийн 2 том бодлого явж байна. Түүнийг хоёр нэр томьёогоор зааглаж болох хоёр үзэгдэл байна. Нэг нь геополитик үүний учрыг бид гайгүй сайн мэднэ. Цаана нь реалполитик гэж.

Энэ бол бодит улс төр. Чи хүснэ үү, үгүй юу хамаагүй. Бодитоор нүүрлэдэг улс төрийг реалполитик гэдэг. Өнөөдөр бид геополитикоо биш реалполитикоо сайн харах хэрэгтэй. Тэртээ тэргүй Хятад, Орос хоёроо бид чинь нэг муу юм мэдээд байна шүү дээ. Геополитикоос айхаас урдаар барууны ертөнцийн реалполитикоос айх хэрэгтэй. Тэр реалполитик дотор Монгол яаж харагдаж байгаа нь сонин байгаа юм.

Тухайн нэг үзэгдэл юмс хүний болоод өөрийн нүдээр нэг л юм харагдана шүү дээ. Бид өөрсдийгөө хараад үндсэндээ геополитик дотор яваа үзэгдэл нөгөө барууны ертөнц гэдэг аврагч байгаа юм шиг сайхнаар бодоод байгаа. Нүүдэлчдийн нэг гэнэн хонгор санаа сэтгэл чинь ингэж л илэрдэг байхгүй юу.

Гэтэл барууны ертөнцөөс реалполитик л явна. Зах зээлийн нийгэмд бодитоор нүүрлүүлдэг улс төр байхгүй. Зах зээлийн ёс. Тэдний нүдээр харахаар Монгол гэдэг чинь нэг их сайхан нөөц нутаг. Хүн ам цөөтэй. Байгалийн баялаг нь эхнээсээ маш том томоор илэрч байгаа. Ёстой арааны шүлс асгаруулсан нутаг байж байгаа. Эрдэнэтийг их ашигласан гэхэд л ганц толгой байна шүү дээ.

Эрдэнэтийн уул гэдэг чинь Алтайн ойлголтоор хэлбэл нэг өндөрхөн толгой. Хүнгүй эзгүй баялагтай нөөц нутаг гэж бид гадныханд харагддаг. Барууны нөгөө манайд ирээд явдаг Мадлен Олбрайт юу гэж хэлсэн гэж бодож байна вэ?, “Өнөөдөр байгалийн баялагтайгаа хоцорсон байх явдал бол шударга биш явдал” гэж хэлсэн. Монгол ийм байгаа нь шударга биш байх нь л дээ. Яагаад гэвэл байгалийн баялагтайгаа хоцорсон. Нөгөөдүүл байгалийн баялгаа капиталист үйлдвэрлэлдээ зарцуулаад дууссан. Энэ үгийг манай улстөрчид ч ажиглаагүй. Ажиглаад хэлж байх ёстой сэтгүүлчид та нар ч анзаараагүй өнгөрсөн. Гэтэл энэ үгнээс Монгол биш Орос цочирдсон.

-Яагаад тэр вэ?

-Орос бол ялгаагүй Сибир талдаа байгалийн баялаг нь үлдчихсэн. Нефть, гааз гээд. Нэн ялангуяа буриадын нутгууд. Буриадын засаг захиргааны нэгжийг устгаад оросууд нэгтгээд байгаа нь учиртай. Тэнд чинь гол баялгууд илэрч байгаа. Шударга биш юмыг чинь шударга болгох хэрэгтэй биз дээ.

Монгол ингээд байгалийн баялагтайгаа үлдсэн нь шударга биш юм бол шударга болгохын тулд хамгийн хямд хэрэгслээр болж өгвөл үнэгүй зөөж аваачих асуудал тавина биз. Тэгж байж шударга явдал тогтоно гэж. Монголчууд юмыг анзаардаггүйгээсээ тэгээд л өнгөрсөн. 5, 6 жилийн өмнөх явдал. Оросууд мэдээлэлтэй ажиллаад сурчихсан улс учраас маш цочирдсон. Сибирийг таслан тусгаарлах үзэл санаа явдаг л даа.

Сибирский республик гэж Октябрийн хувьсгалын дараа ч бий болж байсан. Түүнийг дахиж сэргээгээд сибирь нэг их хүн амтай юм биш баахан хятад ажилчид оруулаад байгалийн баялгийг нь хямдхан ачаад явах нь гэж айж цочирдсон. Гэтэл бид юм мэддэггүй тулдаа тайван суугаад байгаа юм. Гадаадынхан реалполитикийн нүдээр Монголыг ингэж л харж байгаа. Оюутолгой, Тавантолгой ялгаа байхгүй. Аль болохоор хямд авах гэж үзнэ.

Оюутолгойг хямд авчихлаа л даа. Уг нь монгол хүн овсгоотой, ухаантай, зальтай. Үнэхээрийн овсгоотой, зальтай хүний нэг нь энэ Баабар. Баабарын нийтлэлийг харах юм бол үнэндээ бодь сэтгэлгээ нэвтрүүлэхийн төлөө яваа юм шиг. Тэгээд тэр бодь сэтгэлгээ нэвтрүүлэхийн төлөө явж байгаагаараа монголд нэр олоод хамаг байдаг шагналыг нь эндээ аваад суугаад байгаа юм. Гэтэл тэр Баабарын нийтлэлд ганцхан ашиг сонирхол байна.

Тэр нь гадаадыг лоббидох. Үндэстэн дамнасан ком­паниудыг лоббидох. Нөгөөдөх нь асар өндөр цалинтай ажил үүрэг. Би өнөөдөр Монголын төлөө монголыг лоббидох гээд олон жил зүтгэлээ. Надад ямар ч цалин, урамшуулал байхгүй. Гэтэл Баабар өөрийнхөө талаас ч баахан төмөр сэлт цуглуулж чадаад нөгөө талаас цалин харамжаа аваад сууж байгаа. Тухайлбал Оюутолгойг лоббидсоныхоо төлөө сардаа 29 мянган доллар авдаг гэж хэвлэлд гарсан л байсан.

Дунд нь монголчууд нь ганцхан Баабарыгаа уншаад. Одоо та нарын дунд ч ганцхан Баабарыг уншдаг хүмүүс л ихэнх нь байгаа. Надтай олон жил ажилласан миний бүр багаас нь мэдэх өндөр боловсролтой хүн хүртэл би ерөөсөө Баабарыг л уншдаг шүү дээ гэдэг. Баабарыг уншиж болно. Гэтэл нөгөө Баабар чинь нэг гараараа монголын төлөө ажиллаж байгаа юм шиг дүр үзүүлээд нөгөө гараараа өөр юм хийж байна. Наад зах нь Оюутолгойг. Цаашаа ярих юм бол барууны ертөнцийг лоббидоод тэрнийхээ цалин хөлсийг аваад сууж байгаа юм.

-Тэгэхээр бид бүгдээрээ Баабараар тархиа угаалгаад суугаад байгаа юм байна шүү дээ…

-Тэгэхлээр шинэ тогтолцоо, ардчилсан дэглэм, ардчилсан хувьсгал хийгээд эцсийнхээ дүндээ ганц Баабарыг уншаад баруун, зүүн хоёр гараараа ажиллаж байгаагийн дунд нь гацаад байна. Баабар инээж байгаа л даа. Муухай шогч хүн шүү дээ. Муусайн юмнуудыг гоё аргалж байна гээд…

Надад бий “Алтан боломжоо алдахгүй” гэж байгаа. Гэтэл нөгөө тал нь авдагаа авчихлаа. Нэгэнт шийдсэн асуудал боллоо шүү дээ. Асуудал үндсэндээ шийдэгдээд ирэхээр нөгөө цаад компаниуд нь Рио Тинто, Айвенхоу Майнз өөр юу байдаг юм бэ Баабарт өгөх мөнгө нь багасаад ирнэ. Цаашид Баабар лоббидох хэрэггүй болж байгаа байхгүй юу. Баабар үүний эсрэг баахан хүнийг шүүхэд өгөх байх гэсэн тэгээгүй. Фрийдланд чинь тэнэг амьтан биш шүү дээ.

Баабарт мөнгө өгөөд яах вэ гэж бодно биз. Тэгтэл Баабар чинь тэнэг амьтан биш. Наад “Алтан боломжоо алдваа” гэж бичээд Фрийдландад очиж дахиад 29 мянган доллараа авах нь л дээ. Иймэрхүү юмыг реалполитик гэж байгаа юм. Яг цаана чинь юу болоод байна вэ, хэн монголыг юу гэж үзээд яагаад байна вэ?. Монголчууд дотор чинь реалполитикийн гар хөл, зэвсэг техник нь болоод байгаа ямар хүчин байна вэ?, энэ бүхнийг ялгаж салгахыг эцсийн дүндээ сэтгүүл зүй хийх ёстой.

-Реалполитик чинь тэгээд шинэ юм уу, хуучин юм уу?

-Реалполитик хуучин социализмын үед ч байсан. Социализмын үед реалполитикийг Монголоос гадагш нь хийж байсан газар бол МОНЦАМЭ агентлаг. Дашрамд хэлэхэд МОНЦАМЭ агентлагийн гар хөл, хэл амаар Монгол Улс чинь ихээхэн том улс төр явуулдаг механизм байлаа. Гадаад яамнаас урд. Одоо тэр механизм чинь ажиллаж байна уу, үгүй юу? мэдэхгүй. Баабарыг шүүхэд өгөх хэрэггүй л дээ. Хөөрхий гадаадын лоббий хийх хуулийн дотор зүйл байдаг юм. УИХ-д ч гадаадын лобби нар сууж байх ёстой.

Тэгэлгүй яах вэ, Монгол Улсын ашиг сонирхол гадаадтай холбоотой учраас гадаадын ашиг сонирхлыг нааш нь татах лобби байх ёстой. Энэ чинь ямар ч хуулиар гадуур зүйл биш. Нөгөө талд нь Монголыг өөрийг нь лоббидох хүчин хаана байна вэ?. Энэ төр засаг дотор Монголыг хэн лоббидоод яваад байгаа юм бэ?. Төр, засгийн дотор чинь Америкийн, Хятадын, Оросын, Английн, Канадын, Австралийн талынхан гээд бүр тодорхой бол­чихсон.

Гэтэл яг Монголын лобби энэ төр засаг дотор, нийгэмд чинь байна уу?. Байхгүй. Тэгэхээр өрөөсгөл болчихож байгаа юм. Ерөөс гадны нөлөөл яваад байдаг. Реалполитик л яваад байна. Нөгөөг нь монголчууд улам ойлгохгүй тал руугаа л яваад байх. Эцэстээ энэ чинь нэг тэсрэлтэд хүрнэ. Хүмүүс, нийгэм тэнэг байж болно. Тэнэг байх бол гэмт хэрэг биш. Улс төр тэнэг байх бол гэмт хэрэг байдаг. Хүн, нийгэм чинь тэнэгтэж тэнэгтэж өөрийнх нь ашиг сонирхол хохироод ядуураад ирэхээр ямар ч сайн сайхан үг сонсохгүй.

Зэвсэг бариад л босно. Монголын нэг онцлог нь айл болгонд л нэг буу байж байдаг шүү дээ. Ц.Нямдорж эд нар яг тиймэрхүү юмыг олж хараад айлын буунуудыг хурааж авах гээд байгаа биз дээ. Жагсаал цуглааныг цагдаагаар зохицуулах биш бүр зэвсэгт хүчнээр турхирах бодлого барьж байна. Реалполитикийг ганц би ойлгоод ярьж байгаа биш. Ойлгодог хүмүүс бас бий. Гэхдээ ялгаа нь юу вэ гэхээр би энэ асуудлыг эерэг талаас нь шийдэх учгийг гаргаж ирж байгаа.

(Үргэлжлэл бий)

Д.Догсмаа

Эх сурвалж: “Монцамэ”

Leave a Reply

Labels