ҮНЭН ҮГ, ҮЛГЭР ХОЁРЫГ ЯЛАНГУЯА СЭТГҮҮЛЧИД ЯЛГАЖ САЛГАЖ ОЙЛГОХ ХЭРЭГТЭЙ
Огноо: 2012-02-15 10:59:26
www.superunified.org
“Их гурвалжин”, “Супер нэгдлийн онолын үндэс” бүтээлээрээ олны танил болсон сэтгүүлч, судлаач Ч.Эрдэнэ саяхан “Бид ялав” номоо уншигчдын гар дээр хүргэлээ. “МОНЦАМЭ мэдээ” сонины сэтгүүлч, уран бүтээлчид түүнтэй уулзаж шинэ ном, судалгаа шинжилгээний ажлынх нь талаар сонирхсон асуултдаа хариулт авсан юм.
-Бүх юмны нууц тоонд байдаг гэж. Пифагорын томьёо, онол гээд л байна. Үүнийг хөөцөлдөөд “Да Винчийн код” ч гэж кино байдаг. Бүх юмны нууцыг тайлсан томьёо нээчих юм бол ертөнц сөнөх ч юмуу, амьдрал утгагүй болчих юм биш үү?
-Энд бол туйлын мэдлэг гэсэн нэр томьёон дээр их тулах ёстой. Би бурхан биш, би судлаач. Би судлаад энэ онолыг хийчихээд дэлхий сөнөх тавилантай байдаг юм бол сөнөнө л биз. Надад ямар хамаатай юм бэ. Шинжлэх ухааны ёс чинь энэ шүү дээ. Хүн төрөлхтөн байгаад түүний танин мэдэхүйн үйл явц гарцаагүй байна шүү дээ. Ухаантай амьтан учраас танин мэдэхийг хүссэн хүсээгүй сониучирхаад явна. Танин мэдэхүйн зам мөр гэж байна.
Танин мэдэхүйн дотор шинжлэх ухаан, шашин гэж хоёр урсгал байдаг. Хүн төрөлхтөн байгаагийн зорилгыг Стивен Хокинг гэж Кембрижийн их сургуулийн нэртэй профессор хэлсэн байдаг юм. Саяхан тэтгэвэртээ гараад Канадууд шинжлэх ухааны том төв байгуулаад тэнд ажиллуулах гээд аваад явчихсан байна лээ. Стивен Хокинг юу гэж байна вэ гэдгийг дэлхий дахин сонсдог. Тэр юу гэж байна вэ гэхээр “Хүн төрөлхтний туйлын зорилго бол Ертөнцийг тайлбарлах шинэ суурь онолыг л олох ёстой юм” гэсэн. Туйлын зорилго нь тэр. Туйлын зорилго яагаад тавигдаж байна вэ гэхээр хүн төрөлхтөн чинь амьдарч үлдэхийн тулд ертөнцийг эцэст нь хүртэл мэдээд тэр мэдлэгээ үйлдвэрлэл, технологи, соёл иргэншлийн шинэ шинэ дэвшил болгож ашиглах л гарцыг хайж байгаа юм. Тийм гарц олохгүй бол Улаанбаатарчууд чинь хүссэн хүсээгүй утаандаа хахаад бүгд уушгины өвчнөөр үхнэ. Утаагүй зуух гэж дэмий үлгэр яриад хэдэн тэрбум төгрөгийг хувааж идэж байгаа нь зүгээр хувааж идэж байгаа л хэлбэр.
-Утаагүй болно гэж байхгүй гэсэн үгүү тэгээд?
-Ямар үлийгээрээ утаагүй нүүрс олох гээд байгаа юм бэ. Байгаль дээр тийм юм байхгүй. Хэдэн тэрбум төгрөг хувааж идэх л арга зохиож яриад байгаа хэрэг.Хэн үнэн юм ярьж байна вэ, хэн үлгэр ярьж байна вэ гэдгийг нэн ялангуяа сэтгүүлчид маш сайн ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Надад худлаа хэлэх шаардлага наад зах нь байхгүй. Хувааж идэх мөнгө надад байхгүй. Хэрэв байсан бол би элдэв арга зохиож чадах байх л даа. Тэгтэл мөнгөтэй нь тэрнийгээ хувааж идэх гээд утаагүй зуух, хоггүй дэлхий гээд янз бүрийн юм зохиогоод хэлчихдэг. Заримдаа бүр инээд хүрмээр. Ер нь туйлын мэдлэгт хүрсэн мөч маш эгзэгтэй байх юмаа гэдгийг дэлхийн утга зохиолд маш их хэлсэн байдаг юм билээ. Нэг талаас аврал, нөгөө талаас бүх юмыг мэдээд авчихаар юу болох вэ. Үнэхээр энэ “Супер нэгдлийн онол” гэдэг чинь математик хэлбэрээрээ бүх юмыг мэдэж авах нь байтугай тооцож байгаа юм шүү. Та нар зүгээр тооны машинтай болж аваад өөрсдөө тооцож болно. Надаас асуух хэрэг гарахгүй. Тийм нарийн тунгалаг аргачлалтай, хялбар, энгийн. Тэр энгийн аргыг мэдэж авах нь чухал. Туйлын мэдлэгт хүрснээр гарц гэж үзэх нь мэдээж шинжлэх ухааны ёсонд хамгийн нийтлэг. Аврал байх юм гэж.
Гэтэл туйлын мэдлэгт хүрнэ гэдэг чинь хүний цааш танин мэдэх сониуч оюуны сонирхол байхгүй болоод дуусах аюул нүүрлэнэ. Үүнийг ХХ зууны алдарт физикч Нобелийн шагналт Ричард Вейман номдоо бичсэн байгаа. За яахав ертөнцийг мэднэ гэдэг 100 хувь юм гэж бодьё. Тэгэхээр эцсийн онолд хүрлээ гэдэг нь 99 хувь болчихлоо. Цаана нь үлдсэн 1 хувийг мэдлээ ч яалаа, байлаа ч яалаа. Хүн гэдэг чинь оюуны сонирхол дээр байгалиасаа сониуч, үнэрч шинжээч хогийн зан дээр тулж явдаг учраас юугаараа цаашаа амьдрах вэ. Зүгээр л хоол идэх гэж амьдрах уу. Одоо бидэнд ашиг сонирхол маш өндөр учраас тэмцээд хөлхөөд мөлхөөд л байгаа юм. Надад одоохондоо энэ онолыг дэлхийд түгээгээд өгчих юмсан гэдэг сонирхол байна.
Тараасны хойно надад ямар ч сонирхол үлдэхгүй. Тэр бол их аюул байх юм байгаа юм шүү. Үүнийг физикт, философид ч ярьдаг л асуудал. Исламын шашинд бүр дээр үед хэлж байсан юм билээ. Омар Хаяамийн хэлсэн үг байдаг. “Эцсийн мэдлэгт хүрснээр хүн төрөлхтөн мөхнө” гэж. Улс төрийн философид ч бас ийм зүйл ярьдаг. Надаас Железников гэж орос хүн асууж байсан. “Супер нэгдлийн онол” байдаг байж. Түүнийг Эрдэнэ гэж хүн Монголд олоод нээжээ. Энэ бүгдийг ойлгож байна. Гайхах ч юм алга. Шинжлэх ухааны онолыг хэн ч хэзээ ч, хаана ч нээж болно. Гэтэл энэ онол чинь үнэмлэхүй мэдлэгийнхээ хэмжээнд үнэмлэхүй зэвсэг л болно биз дээ гэж. Зэвсэг болоод гараад ирэх л байх.
-Үнэхээр ийм аюул байгаа хэрэг үү? үүнээс зайлсхийх арга зам байхгүй гэж үү?
-Хүн юу л мэднэв тэр нь зайлшгүй зэвсэг болж хувирдаг. Энэ бол байгалийн хууль. Арай хийж нэг гар нь газар дээр тулж явахаа болиод хоёр гар нь жаахан чөлөөлөгдөөд ирэхээр чулуу аваад цохиж алдаг юм сурчихаж байгаа юм. Цаашаа сарвуу нь хөгжөөд ирэхээр модны мөчир аваад гуяддаг. Олс, дээс гараад ирэхээр дүйгүүрдэж холын юмыг очиж агнадаг. Ямар л чадвар, ямар л мэдлэг эзэмшинэ вэ тэр нь дандаа зэвсэг болдог. Атомын физик бий болсны төлөө л атомын реактор бий болоод атомын бөмбөг бий болж дэлхийг устгах аюул нүүрлээ биз дээ. Одоо ч тэр аюул байж л байна шүү дээ. Хойд Солонгосын нөхдүүд цөмийн зэвсэгтэй болчихлоо л гэж байна. Миний ганц сонирхож байгаа зүйл бол шинэ технологи, хувьсгалт технологи бий болох.Хүн чөлөөтэй нисэх, хэт дамжуулагч материал бий болгох гэх мэтчилэн. Энэ бүхэн бол ийм аюул учруулна. Тийм аюул бодитой учруулах учраас эргээд хүн төрөлхтний сэтгэл зүй, логик, сэтгэхүй, нийгмийн бодлого асар өөрчлөгдөх ёстой.
Даяарших учиртай юм. Бие биенээсээ нууцлаад баахан нууц лаборатори байгуулаад тус тусдаа зэвсэг хийгээд байх биш. Нэг том төвөөс шинэ хувьсгалт технологиуд гаргаж аваад түүнийг нь нийтээрээ хэрэглэдэг бодлого болох юм. Тийм төвийг л Хархоринд байгуулья гэж яриад байгаа юм. Би ухаандаа ерөнхийлөгч байсан бол англиар бичсэн миний том онолын номыг аваад л Давосын чуулганд оролцох юм. Давосын чуулган гэдэг чинь жил бүр төр засгийн тэргүүнүүд, баахан тэрбумтанууд цугладаг. Тэндээс та нар юу гарахыг үзсэн юм бэ, Давосын чуулганаас ямар гайхамшигтай шийдэл гараад дэлхий даяныг яасан юм бэ, юу ч гардаггүй л байхгүй юу. Юу ч болж чадахгүй. Миний та бүхэнтэй яриад сууж байгаа энэ онолоос л бүх шинэ санаа, шийдэл гарна. Эхлээд дэлхийд хүргэж өгөх, хүргэж өгөхдөө нийтлэг хүргэж өгөх шаардлагатай. Ийм шаардлага надаас өмнө ч үүссэн. Атомын физик бий болоод түүний онол туршилт буй болсноор ямар асуудал үүсэх вэ гэхээр үхэх үү, болих уу гэдэг асуудал үүснэ. Атомын зэвсэг байж болох юмаа гэдэг чинь харагдаад ирсэн.
Энэ тухай Нильс Бор их эрдэмтэн хэлэхдээ нууцлахаа больёо гэж. Америкт эхлээд цөмийн зэвсгийн хүрээлэнг бий болгосон, асар том зардалтай эд шүү дээ. Америкийн эдийн засаг чинь бараг эцсийн нөөцөө шавхаж байж цөмийн зэвсэг хийсэн. Гэтэл Нильс Бор Оросуудад хэл. Нээгээд бичээд өгчих, битгий нууцал. Тэртээ тэргүй цаадуул чинь хийх чадал байгаа. Америк, Орос хоёр цөмийн зэвсгээр өрсөлдөж эхлэх юм бол цөмийн дайн гарна. Тэгээд наад дэлхий чинь сөнөнө гээд байсан. Гэтэл Америкууд чинь өчнөөн тэрбум доллараа зарчихсан улс. Оросуудад юу гэж зүгээр хэлэх юм бэ, хэрэв хэлчихвэл эргээд бидний эсрэг ашиглана ч гэдэг юмуу. Тэгж нууцалсаар байгаар хүйтэн дайн гарсан байдаг юм. Дэлхийн хоёрдугаар дайнаас 1990-ээд оны сүүлч хүртэл хүйтэн дайны үйл явц өрнөсөн шүү дээ. Одоо тэгэхээр дахиад ийм асуудал шинэ нээлт, шинэ технологиос үүснэ. Би бол Нильс Бор шиг бодож байгаа юм.
-Хорвоо ертөнцийг хэн удирдаж байна вэ, Америкийн ертөнц ч юм шиг. Өнгөрсөн зуунд Англи ч гэдэг юмуу. Улс үндэстнүүд дэлхийд ээлжилж ноёрхох гээд тэмцэлдээд байсан юм шиг. Заримдаа харахаар хэдхэн гэр бүл удирдаж байх шиг. Одоо Масончууд гэж ярьдаг шүү дээ. Масончууд хорвоо ертөнцийг удирдаад таны яриад байгаа онолыг эзэмшчихсэн юм биз?
-Эзэмшинэ гэж байхгүй. Хамгийн нарийн учир чинь энд байгаа юм. Масончууд дэлхийн нийгэм улс төрийн ээдрээтэй үзэгдэл, Дундад зууны үеэс магадгүй эртний Египетийн үеэс гаралтай гэдэг. Үүний цаана Жүүдүүдийн түүх соёл, шашин суртлын үндэслэл явж байгаа юм. Энд одоо Масончууд руу ороод яриад байх юм бол дуусашгүй яриа болно. Жүүд, Монгол хоёрын тухай товч ярья. Жүүд, Монгол хоёрын хооронд ямар адил, ондооших зүйл байгаа юм бэ. Адил тал нь Жүүдүүдийн Иудаизм гэдэг шашин бол байгалийг бурханчлан үздэг пантаист шашин. Монотеист шашин гэдэг нь нэг бурхантай, политеист шашин гэдэг нь олон бурхантай. Пантаист шашин нь байгалийг бурханчлан шүтдэг шашин. Тэгвэл пантаист шашин буюу байгалийг бурхан гэж үздэг хоёр үндэстэн бол Жүүд, Монгол хоёр. Жүүдүүдийн хувьд тасралтгүй явсаар ирсэн. Монголчуудын хувьд бөөгийн шашин байгалийг бурханчилдаг. Байгаль дээр олон юмс үзэгдэл байдаг учраас олон тэнгэртэй. Жалга болгон нэг онготой, бут болгон нэг бурхантай гэж ярьдаг.
Энэ талаараа Жүүд, Монгол хоёр адил. Бас нэг адил тал нь “Жүүдүүд бурхнаас сонгогдсон үндэстэн мөн” гэж судар номд нь бичсэн байдаг бол Монголчуудыг “Дээд тэнгэрээс заяат төрсөн” гэж судар номд нь цагаан цаасан дээр хараар бичсэн байдаг. Ийм хоёрхон үндэстэн бол Жүүд, Монгол. Өөр ямар ч улс орныг тэгж судар номд бичсэн нь байдаггүй. Асар дээрээс түүхэн хувь заяатай хоёр үндэстэн болж таарч байгаа юм.
Нэг бол дээшээ их цойлж гардаг, үгүй бол байх байхгүйдээ тулдаг сонин хувь заяатай үндэстэн. Юу нь өөр юм бэ гэвэл асар том ялгаа бий. Жүүдүүд бурхнаас сонгогдсон гэдэгтээ 100 хувь итгэж амьдардаг. Муу явсан ч ялгаагүй сайн явсан ч ялгаагүй итгэдэг. Муу явахдаа бурхнаас сонгогдсон учраас бурхан биднийг цээрлүүлэх биш шалгаруулж байгаа юм гэж үздэг. Бүр арчаагаа алдсан нэг Жүүд “бурхан гэдэг золиг нь арай өөр үндэстэн сонгох болоогүй юм байхдаа” гэсэн яриа ч бий. Бурхан сонголтоо өөрчлөхгүй л дээ. Ямар манай намууд биш. ХХ зууны шинжлэх ухаан Жүүдүүдийн шинжлэх ухаан шүү дээ. Өнгөрөгч зууны гайхамшигтай шинжлэх ухааны нээлт, ололт, шинэ технологи бүгд Жүүдүүдийн бүтээл байдаг. Ямар нэгэн Орос, Англи, Герман байх гэж бодоод намтарыг нь урагшлуулаад харахаар Жүүд рүү шилжээд орчихдог. Бурхнаас сонгогдсон гэдэг нь арай үнэн юм биш биз гээд дэлхий хоёр мянган жил судалж л байна. ХХ зууны шинжлэх ухаан бол Жүүдүүдийн шинжлэх ухаан. Гэтэл Жүүдүүд дэлхий даяар тоолоод 10 сая байгаа. Израильд энд тэндээс цуглуулсаар байгаад 5 сая хүрсэн. Европт жүүдүүд бараг үлдээгүй. Германд 60, 70 мянга байх шиг байгаа юм. Жүүдүүд бурхнаас сонгогдсон гэдэгтээ итгэдэг, тэр нь батлагдаад байдаг байна. Муугаараа ч сайнаараа ч. Израиль гэдэг чинь жижиг мөртлөө асар хүчтэй. Наана чинь 2, 3 сая хүнтэй Арабын ертөнцийг тэнцүүлээд дээр нь ноёлж байгаа улс. Монголын ялгаа нь “Дээд тэнгэрээс заяатай төрсөн” гэдэгтээ ерөөс итгэдэггүй. Жүүдүүд тэрэндээ итгэдэг. Монголчууд судар номынхоо үгэнд итгэдэггүй. Чи дээд тэнгэрээс заяатай төрсөн, агуу лут хүн шүү дээ гэхээр өмнөөс муугаа мэдэж байна хулгайчаа хохь чинь шүү гэдэг. Ялгаа нь энэ.
-Өөрөөр хэлбэл монголчуудын мандан, буурч явдгийн гол зангилаа энд байна уу?
Тийм. Судар номынхоо үгэнд итгэдэггүйээс ядуурч, буурч, доройтсоор 500 жил болжээ. Итгэж байх үедээ “Мөнх тэнгэрийн хүчин дор, Их суу залийн ивээл дор” хэмээн бүгдийг ялж дэлхийг ноёлж байлаа шүү дээ. Итгэхээ больсон байна. Итгэхээ больсон шалтгаан нь гадна талд их уусаад гол гол цөм хүчнүүд гадагш шингээд тэдний нөлөөнд автаад итгэхгүй болжээ.
Итгэхгүй болохоор тэнгэр бурхан нь доройтуулжээ. Би үүнийг ойлгож та бүхэнд хэлээд, та бүхэн ойлгоод дахиад бид дээд тэнгэрээс заяат гэдэгтээ итгэдэг болвол ямар ч байсан тун багаар бодоход ХХ1 зууныг монголчууд оройлно. Худлаа гэвэл тэр онолыг нь бид хийгээд хэвлээд гаргачихлаа. Итгээд эхлэхээр тэргүүлэх, оройлох, манлайлах үндэслэлийг чинь бичээд өгчихөж байгаа биз. Би саяхан нэг телевизээр Нагаанбуу гэж хүнтэй хамт орж ярилцлага өгсөн.
Тэр хүн “Итгэлзүй” гэдэг нэр томьёо хэлж байна лээ. Одоо бид сэтгэлзүй их яриад байгаа. Гэтэл цаана чинь юу мартагдсан бэ гэхээр итгэл нь мартагджээ. Хүн гэдэг амьтан чинь итгэл бишрэлээр явдаг. “Итгэлээ алдвал сүг болдог, сэтгэлээ алдвал буг болдог” гэсэн үг бий. Дээд тэнгэртээ итгэлээ алдсан учраас сүг болчихсон. Тэрнээсээ болоод сэтгэл зүй нь ядуураад сүг болчихсон. Буг болчихсон улс чинь бие биенээсээ айдаг. Үнэн үг хэлсэн хүнээс үхтэл айгаад байгаа нь сүг, болоод буг болчихсон итгэлгүй сэтгэл зүй. Одоо эргээд итгэлээ олоод авахаар бусад нь хялбар, сэтгэл бодролын асуудал. Жүүдүүд бурхнаас сонгогдсон үндэстэн нь үнэн юм байна. Худлаа гэх арга байхгүй. Үүнтэй хэн ч маргахгүй. Тэгвэл тэнгэр заяат төрсөн Монголчууд түрүү үедээ түүхээрээ батлагдаад ирсэн дараагийн үеийг нь бид яриад сууж байна даа.
(Үргэлжлэл бий)
Д.Догсмаа
МОНЦАМЭ Агентлаг
Abonnieren
Kommentare zum Post (Atom)