Түүх, Таамаглал, Прогноз

0 Сэтгэгдэл бичих:

              Аливаа мэдлэг, туршлагын гол зорилго нь урьдчилан харах, зөгнөх.
              Шашин шинжлэх ухааны утга учир нь ирээдүйг тодорхойлох ба тайлбарлах.
Дэлхийн хөгжлийн хурдац эрс өссөнөөр аливаа юмс үзүгдлийн 20-иос цаашхи жилийн төлвийг урьдчилан харах боломжгүй гэж судлаачид үзэж байна. Бид жишээ нь, 1970 онд 1990 оны үйл явдлыг тааж байсан уу? Бид  ерөөс социализм нурахыг зөгнөж байсан уу? Би мэдэж байсан гэх хүн лав Монголд олдохгүй байгаа юм. Тэгвэл дээрхи үйл явдлууд зүй тогтолт бус , санамсаргүй тохиолдол байв уу? Зүй тогтолтой байсан бол яагаад бид урьдчилан харж, тооцож чадсангүй вэ? Тохиолдлын юм бол бид хэрэггүй зүйл хийсэн биш биз?
             Гэвч асуудал үүнд бус. Асуудал 2020 оны Монголын төрх төлвийг урьдчилан харах арга зам байна уу гэдэгт оршино.
          Арга зам бий. тийм арга зам олохын тулд бид урьдахаа маш үнэн бодитой шинжлэн, чухам яагаад бид буруу замаар будаа тээхдээ өөрсдөө ч мэдээгүй явсныхаа учрыг олох ёстой юм. Ингэхгүйгээр бүх алдаа дутагдал маань хор хохиролтойгоо хамт давтагдах болно.
             Миний мэдэхээр, Монголд коммунист итгэл, үнэмшилтэй хүн байгаагүй. хараат оронд тулгасан харийн номлолыг жинхэнэ ёсоор судлах, мэдэх шаардлага байсангүй. Судлаж үзээд, худлаа юм байна гэж хэлэх нь хориотой учраас үнэн л байфгаадаа гээд залбирахаас өөрцгүй. Арай амьжиргааны ухаантай нь мэддэг, итгэдэг коммунистуудын дүрд тоглох нь амьдралын хууль. Бүр амины ухаантай нь социализм байгуулцгаа гэж шаарддаг том ажилтай болоод төрөлхийн хөдөлмөрч нэг хэсэг нь үхэн хатан зүтгэж улс орныг үй түмэн залхуучуудтай нь тэжээж байв. Аль ч анги давхрага нь социализм , коммунизм нь ирэх ёстой гээд  Маркс, Ленин заачихсан хойно амь зогоох арга болгоод явж байх нь өлзийтэй гээд аялдан дагалдана. Ядаж хөөрүү романтик сэтгэлээр яваа чин үнэнч ганц коммунистыг би олж хараагүй. Тэгсэн мөртөө социализмын эсрэг үг хэлж, үйл бүтээсэн хүн бас байгаагүй. Бүгд л  нэг их улс төрч, үзэл сурталч дүрийг хичээнгүйлэн эсгэнэ. Өөрөө итгэхгүй юмаа бусдад ятгах урлагийг суртал ухуулга гэнэ гэж Абба Эбан хэлжээ.
              Монголчууд бид аялдан дагалдагчид буюу конформистууд байв. Бид үнэнийг мэдэх , хэлэх бүү хэл, мэдэхийн төлөө бодож үзэхээс ч айдаг конформистууд мөн. Тийм ч учраас бодит байдлыг суртал ухуулгаас бяцхан салгаж бодоод ямар нэг таавар зөгнөл дэвшүүлэх чадвараа бүрмөсөн алдсан байв. Тиймээс ирээдүйн  тухай таамаг, төсөөлөлтэй байхын тулд ардчилалын аялдан дагалдагч байх хүндтэй үүргээс ч бие, сэтгэлээ чөлөөлж, бодитой сэтгэж, чөлөөтэй шийдэж сурах шаардлагатай. Ардчилалын агуулга нь түүнд үнэнчээ илэрхийлэхэд бус, хувь хүн өөртөө үнэнч байх шаардлага ба боломж юм. Зөвхөн үхсэн загас л урсгал дагаж хөвдөг гэсэн үг туйлын сургамжтай. Аялдан дагалдагчид учраас бидэнд өөрийн толгой байсангүй. Бид уураг тархины үйл ажиллагаа, зүрх сэтгэлийнхээ уриа дуудлагыг бүрмөсөн орхигдуулж, хоол боловсруулах эрхтэнийхээ тусын тулд амьдарч ирэв. Гачлантай нь, энэ сүүлчийн эрхтэнээр ирээдүйг таамаглах хийгээд хүссэнийхээ хэрээр байгуулахын аль аль нь боломжгүй байж. Амьтан болгоныг авч явдаг нэг гол эрхтэн бий. Гумбараа матарт араа шүд ба хоолойны хэмжээ нь байдаг. Хүнд бол тэр нь уураг тархи юм. Таны толгой доторхийг урьд ч нийгэмчлээгүй, одоо ч хувьчлаад хүнд өгөөгүй. Уураг тархи бол хүний эрх чөлөөний эрхтэн билээ. Энэ бол эхлээд эрх чөлөөний, хоёрдугаарт оюун ухааны эрхтэн мөн. Энэ учрыг сайтар ойлгох хэрэгтэй. Та хүсэхгүй бол таны толгой доторхийг хэн ч захирч чадахгүй. Хүсэх эсэх нь харин хүн чанарын ба эр зоригийн асуудал юм. Хэрэв хүсээд толгойгоо бариад өгчихсөн бол үүнд нийгмийн, түүний дотор дарангуйллын нийгмийн буруу байхгүй. Тийм нийгмийг та хүссэн, хүлээн зөвшөөрсөн учраас л тэр байсан. Эрх чөлөө гэдэг ойлголт зөвхөн оюуных байдаг. Оюунаа задалж өгөхгүй бол ямар ч ардчилал тусыг үл өгнө. Бид бүхэн оюун сэтгэлгээний эрэлт, эрх чөлөөнөөс хэтэрхий төсөөрч тасарсанаа хүлээх наад захын зориг гаргах хэрэгтэй байна. Бид оюуны салбарт тэргүүлэх ач холбогдол өгөхгүйгээр урагш алхахгүй. Өнөөгийн ба ирээдүйн үйлдвэрлэл, баялаг нь зөвхөн эрдэм мэдлэгт хамаарна.
         Яг энэ цаг мөчид бидний өмнө өрнөн буй ил, далд үйл явцууд ирээдүйн төлвийг тодорхойлно. Бид харж буй бүхнээ үнэн зөв үнэлж, дүгнэж, хэлж чадаж байвал ирээдүйн прогноз таны толгойд хүнээс асуултгүйгээр бүрэлдэж байх юм. Ардчилал нь аваад явчих юм яриад байгаа, байдал хэцүү ч хэлэхээр ад болохын нэмэр гээд суугаад байвал социализмын туршилт тэр чигээрээ давтагдана.
               Онол аргха зүйн хувьд зөн таамаглал нь өнөөдрийн байр байдал, аяс хандлагын яв цав бодит үнэлгээнээс өөр юм бус. Энэ үнэлгээг бид өнөөдөр ч хийж чадна. Өнөөдөр ямар үзэгдэл давамгайлж байна, ирээдүй тийм байна. Тэгвэл өнөөдөр аялдан ба зугуйдан дагалдах араншин хэвээр, хомхойчлон бэлэнчилэх нь хэвээр, урагшгүй залхуу, унхиагүй гоомой нь хэвээр, оюуны эрчим сул, сэтгэлийн цар явцуу хэвээр, хүн доройтож, байгаль сүйрсэн хэвээр, үндэсний үзэл мөлхөж, эрээгүй санаархал хөлхөсөн хэвээр. Тамын тогоо харин хэвийн бус том ангайж байна. Өнөөгийн Монгол нь биеэ мэрсэн өлсгөлөн араатан мэт бөгөөд энэ шугамаар нь авч үзвэл 2020 онд хэдийнээ мэрээд дуусчихсан араг яс нь хэрзийж байхад зайлуулж хаячихаад шинэ эзэд сууна. Энэ прогноз хатуу ч биш, зөөлөн ч биш, ул үндэстэй л таамаглал. Энэ бол олон улсын хэмжээнд хийсч яваа хий үзэгдэл. Энэ бол та бид бүхний толгойд яана даа гэсэн зовнил шаналалын хамт оршин буй нийтлэг таамаглал. Тэгээд таны ч толгойд буй далд таамаглалыг ил гаргаад хэлэхийг нонконформизм буюу аялдан үл дагалдах гэж буй юм.
                 Бидэнд дээрхи мэт зөн таамаг буюу ийм бодит ирээдүй зохисгүй бөгөөд таалагдахгүй нь мэдээж. 2020 оны цэцэглэн хөгжсөн өнө их ирээдүйтэй Монголыг таамаглах байтугай байгуулах хялбархан: бидний цус маханд шингэсэн дээрхи үзэгдэл, хандлагыг таягдан хая. Муу юмыг махтайгаа огтлоод хаясан ч гарзгүй.
                Таамаглал бол алс холын бүрхэг балар зөн биш, өнөөгийн тодорхой шийдэл, эр зориг мөн. Таамаглал бол хүлцэнгүй хүлээх зүйл бус бүтээн байгуулах хувь заяа. Үнэн зөв таамаглалын арга зүй нь: хамгийн муугаар төсөөлөх тиймээс хамгийн сайнаар хийх. Муугаар төсөөлж, сайнаар хийсэн учраас жинхэнэ зөв прогноз хэзээ ч хэрэгждэггүй. Тиймээс худлаа болж буй юм. дээр өгүүлсэн таамаглалыг Монголчууд худлаа болгох оюун ухаан, хүч чадлыг олж чадна. Энэ бол жинхэнэ таамаглал.
                Дэлхийн үйл явц эрчимжсэн нь прогноз, футурологийг (ирээдүйг тоймлон судлах) зарим талаар хялбарчилж буй юм. Түүнчлэн ирээдүй маань түүхэн дотор байж байдаг. Угтаа нэг л хэлхээ холбоотой зүйл. Эл бичээчийн зугаа хообий нь аливаа төрлийн прогноз юм. Чухам энэ шалтгаанаар түүхээр сонирхон оролдсоны зарим үр дүн нь энэ ном.
                Тиймээс хувийн жишээ авахдаа хүлцэл өчсү. Бид социализмд итгэж, шимтэж байгаагүй. Би ч ялгаагүй. Энэ бол дорой ирээдүйгүй нийгэм гэдэг зөн совин, бүх юмыг өөрчлөх хэрэгтэй гэдэг үзэл Монголд жараад оны эхэнд огцом бүрэлдэж, төдөлгүй бут цохигдсон билээ. Тэр үеийн 18-тангууд хүртэл "Бүх юмыг өөрчлөхгүйгээр цаашид явцгүй" гэж яриад сууцгааж байсан юм. Бид социализмын хүрээнээс гадуур бодож сэтгээгүй юмаа гэхэд  заавал социализмын хүрээнд ч бас зөгнөж байсангүй мэт санагдана. Ямар боловч Бүх юмыг өөрчлөх гэсэн хэллэг байв. Энэ бол нэг сэжим. Цааш нь, тавиад онд намайг алс бөглүү нутгийн сургуулийн сурагч байхад цэргээс халагдаж, намын болов уу түр курс төгссөн Д гэгч гоонь залуу намын үүрийн дарга байх. Тэр үед хөзөр анх дэлгэрээд байв. Нэг өдөр Д надад илбэ үзүүлэв. Надаар холиулсан 42-ын багцнаас миний хэлсэн модыг шууд татаад байх юм. Илбээ заагаад өг гээд хэдэн өдөр дагалаа. Эцэст нь хэлж байна: Чи арай сурах болоогүй. Илбэ ч бас шүү. Том болоод сурах биз. "Неконкретная экономика" гэдэг номонд байдаг юм гэв. Монголоор " Тодорхойгүй эдийн засаг" гэнэ. Энэ бол гайхамшигтай илбэ байсан юм. Тэр Д-ын илбийг олж үзэхийн тулд дээрхи номыг 50 жил эрж хайгаад олсонгүй. Гэвч замд нь жишээ нь, Адам Смитийн Үндэсний баялаг-ийг их эрт олоод үзчихэв. 1932-онд байна уу, оросоор гарсан нь номын сангийн нилээд далд байх. Капитал-тай зүйрлэшгүй энгийн яруу логиктой ном. Хүн ийм, тийм болохоор эдийн засаг ба нийгэмд тэгвэл, ингэвэл тийм, ийм үр дүн гарна гэх шүү өгүүлнэ. Энэ логикийг социализм ба марксизм онол, практикаар бут ниргэж хэрэг дээрээ чадахгүйг аажмаар олж харахад хэцүү биш байв. Бүх төлөв байдал социйлизмын талд яавч биш нь явцын дунд илэрхий болж ирэв. Тэгээд хэзээ, яах бол гэдэг аймшигтай асуулт гарна. Түүхээс үзвэл, аливаа нийгмийн ба үндэсний дарлал зайлшгүй төгсгөлтэй байж. Дарангуйлал нь ямар нэг хугацаа эзлэх боловч тэр хугаацаа ямагт богиноссоор иржээ. Тиймээс социализм төгсөнө, түүний нас хэдэн зуу биш, хэдэн арван жил байх магадлал их. Тиймээс би, манай үед төр эргэхийг үзэх юм байна гэсэн найдвар төрнө. Найдварыг итгэл болгохгүй хаалт нь ЗХУ байв. Бодит байдлыг мэдэхийн хувьд, олон үндэсний асуудал огт шийдэгдээгүйг бодолцоод ч энэ гүрэн унах магадлал баг биш юм шиг санагдсаар, хариуг эрсээр байв. Гэтэл цайз дотроосоо бутардаг. Гүрж ардын зүйр цэцэн үг. Огт хэрэггүй юмнаас санаандгүй олж харчихаад би босоод ирж билээ. ЗХУ-ын дотоод аюул нь үндэсний гэх мөнхийн асуудал мөн юм чинь дотроосоо хагарна. Харин хэзээ? Социализм ба ЗХУ нь ерөөс нэг юм чинь дэм дэмэндээ хамт унана. Манай үеийн хүмүүс үзэхүйц ойрын хугацаанд буюу мөнөөх 2000 оны хавьцаа унана. Ийнхүү прогноз маань найдвараас итгэл болов. Тэгээд яахав? Ажлаа сайн хийгээд л сууж бай. Цагийн юм цагтаа. Ер нь ямар ч нийгэмд ажлаас өөр нэмэр хандив байхгүй. Энэ бол ёстой үнэмшил байв. Ажил дээр ахиж, амьдралаа сайжруулахын тулд намын гишүүн баймаар. Байх ёстой зарим ажил үүрэг эрхэлж байсны хувьд шахалт шаардлага бишгүй. Намын гишүүдээс ой дотно нь: Чиний энэ ярьдаг муу юмыг засахын тулд намын эгнээнд байж, дотроос нь засах ганц замтай гэнэ. Социализм ирээдүйгүй гэж хэлж болохгүй учраас засаад юу шалих вэ дээ. Тун ухаалаг хүн ч засаж чадна гэж бодоод намд элссэн нь цөөнгүй. Өнөөг хүртэл чадаагүй явна. Дотно итгэлтэй хүмүүс намд орно гээд гүйхээр нь битгий ор гэж хэлдэг байсан нь миний антисоциалист ганц үйлдэл байв. Тэд гайхна, янз янзаар бодно. Миний сайн анд халамцуудаа: Чамайг ч манай нам тоодоггүй байхаа даа гэсэн удаатай. Би танай намыг тоохгүй цаг ирнэ гэж баттай хэлж байв, ер нь бол намд үл элсэх шалтгааныг: Түүхэн хариуцлагаас мултардаг юм байхгүй. Энэ нам хариуцлага хүлээнэ. Чи зүгээр байж байгаад хүний хариуцлага хүлээж яана вэ гэж тайлбарлана. Бүр их гайхна. Учир нь нам хариуцлага хүлээх нөхцөл үүсэх тухай төсөөлөх аргагүй. ЗХУ социализм чи бидний үед нурна гээд яриад унавал солиорчихож гэж бодох нь тэр цагтаа зөв. Гэвч хариуцлага хүлээх нөхцөл үүсэхийг зөгнөж мөрөөдөж байснаас яг хариуцлага тулгаад яллахын эсрэг байлаа. 1987 оны үес гэхэд социализм унах нь ажиглаж байсан хүнд тов тодорхой байв. Энэ үед намтай тооцоо хийх хувьсгалт сэтгэлгээнээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй байв. Нам гэдэг чинь тэр үед 100000 хүн. Шүүгээд, буудаад эхлэхийг хэн байг гэхэв. Энэ үүднээс Чойбалсангийн тухай өгүүлэл шинэ үед анх нийтлуулж, түүхэн бодит нөхцөлд ажиллаж асан хүмүүсийн үйл ажиллагааг тэр нөхцөл, өнөөдөр буй үр дүнтэй нь харьцуулж үнэлэх санаа илэрхийлсэн нь хожим талаар болоогүй мэт... Гэх мэт нуршсан улс төрийн ч гэмээр хэсгийг энэ гутгаар хэвлэлд авч хаялаа.
              Асуудал ганцхан: Өнөөдрөө зөв үнэлэх маргаашаа тооцоотой таамаглах. Яг өнөөдөр харах юм бол Монгол маань ноцтой асуудлын зааг завсарт дэнжигнэж байна. Маргаашийг өнөөдөр бүтээх үндэслэлүүд бэлэн байна. Түүхийн салхийг Тэнгэр нааш нь эргүүлчихсэн. Гэтэл газар дээр итгэл бишрэлээр хомсхон, эдийн засгаар ядуухан, эрч хүчээр сулхан 
              Монголчууд та бид л оршин байх ба хэрхэхийг хэн мэдлээ. Ийм л прогноз байна.

 Супер нэгдлийн онол үнэн худал эсэх, үнэн байваас үр нөлөө нь хэзээ, юу байх, яг танд тусах тус нэмэр нь ямар шинж чанартай, хэр хэмжээний зүйл байх гэх мэтийг таамаглуулахын тулд л зах зээл байна. Таамагласан юмуу, тооцсоноо айж бэргэлгүй хэлж ярих нь ардчилсан эрх чөлөөний асуудал.

Leave a Reply

Labels