Монгол Улсын Ерөнхийлөгч
Цахиагийн Элбэгдорж Танаа
Өргөн мэдүүлэх мину:
Ил захидал ¹ 1, 2-т хөндсөн нь супернэгдлийн онол, холбогдох асуудлууд. Угтаа Дээр Тэнгэрээс дэлхий дахины өрлөг түүхийг Монголоор өртөөчлөн даяарчлах ээлжит үйл явцын тухай асуудал. Эх сурвалжийг тод заах нь бичээч миний үүрэг, учрыг ухах эсэх нь бусдын хэрэг.
Хамгийн үнэ цэнэтэй юм ер юу вэ гэвэл, азтай тохиолдол гэж 2900 жилийн өмнө эртний их найрагч Хесиод хариулжээ. Эл цуврал ил захидлуудад өнөөдрийн Монгол Улсад тохиолдон буй аугаа азын тухай өгүүлэн буй. А. Эйнштейн нэгэнтээ санаашран зөгнөхдөө: “Хэрэв хүн төрөлтөн физик, биологи, сэтгэлзүй, нийхэм судлал болон ер бүх шинжлэх ухааны нэгдмэл үндэслэлийг нээж чадваас жинхэнэ гайхамшиг байхсан. Хэдийвээр үүний эсрэг элдэв долоон юм донгосч болох боловч бид чухамхүү ийм зорилтод тэмүүлмой” хэмээжүхүй. Тийм зорилт нь супернэгдлийн онолоор хэрэгжив. Энэ бол үлгэр домог, зүүд мөрөөдлийн хэрийн азтай тохиолдол. Европын Сэргэн мандлын их найрагч Данте ертөнцийн гурван тойргоор аялах зуур тамын оронд зовж зүдэгсэдийг зөндөөн харжээ. Гэтэл бусдаас бүүр дэндүү дор орчихсон хэсэг бүлэг хүмүүс ялгарч байх юм гэнэ. Гайхсан Данте хөтөч Вергилийд хандан асууваас: тухайн үедээ тэдэнд тааралдсан азтай тохиолдлуудыг огоорсон муусайнууд одоо өөрсөддөө гомдон гутарч суугаа нь энэ гэжээ.
Мөнх Тэнгэрийн хүчин дор, Их суу залийн ивээл дор Монгол Улсад түүхэн аугаа аз тохиолоо. Тэнгэр оршин байна. Гэтэл тийрэн бас байна. Ертөнц хоёр туйлтай. Дунд нь түмнээ төлөөлсөн төр нь тэргүүнтэйгээ бас байх ёстой. Гэтэл буй эсэх нь үл мэдэгдэнэ. Тэнгэрт тэтгүүлсэн бус, тийрэнд дөрлүүлсэн энэ төрийн харгайгаар монголчууд азтай тохиолдлыг огоорон тамд унахдаа тулахнээ. Энэ тийрэнг нэр ус, зүс царай, үйл хөдлөлөөр нь ил захидал ¹ 4-т тодрууламз. “Төр гэж гай л болохгүй бол их юм болсон” гэж миний үг биш, Н. Жанцанноровын үг. Супернэгдлийн онол, эргэн тойрны асуудлын үүднээс ба энэ хүрээнд манай төр гай болж байна. Юув гэвэл, нэгдсэн онолын нээлт ололт байна, гадаад ертөнцөд бэлхнээ харж байна. Энэ онол аливаа шүүмж хэлэлцүүлгээс гадуур үнэмлэхүй баталгаатай нь илт байна. Энэ нь Эрдэнэ хэмээгчийн сайн юмуу, мууд бус. Ертөнц гэж үнэмлэхүй баталгаа нотолгоотой математик систем юм. Энэ онолыг өөр бусад улс оронд нээж олсонсон бол зар реклам нь өнөөдөр дэлхийг бүрхээд тэсэлж байгаа. Гэтэл Эрдэнийн ард ямар нэг улс, аливаа нэг төр харагдахгүйд дэлхий гайхаад барахгүй байна.
“Том төрөөс ухаалаг төр рүү” гэж юуг яая гэсэн хэл болохыг таахад тун бэрх байна. “Smart phone” гэдгээс ургуулан бодсон улс төрийн утгагүй лоозон. Төр маань төсвийн мөнгөөр электронжиж дуусаагүй юмуу, хаашаа юм. Дуусгая гэвэл түншийнхээ компанид тендер өгөөд л болоо бишүү. 9911-ээс өөр дугаараас залгахад дуудлага авдаг болох төр засаг цогцлоно гэсэн үлгэр үү. Эргүүтэж гүйцээд эцэст үгээ олж хэлэхээ ч больчихсон төр байгаа юм бус уу. Төрийн тэнэг, эсвэл гар утасны хэрийн ухаалаг эсэх нь дараагийн асуудал. Эхлээд ерөөс зөвхөн төрийн асуудал оршин байна. Энэ асуудал шийдлээ хүлээсээр цөхөрч байна. Өнөөгийн төрөөс төрийнхөө асуудлыг дэвшүүлсэн түвшин нь С. Цогтбаярын шог зургаас тод харагдаж байна. Төр асуудлаа тоглоом болгож тавьсан нь шоглоомоор үл барам монголын улс төр гэгчийн завхрал, мунхаглалын тунхаглал болов. Асуудлыг бүр эхнээс нь эргэн харж, үндсэн ойлголтуудаа дээр дооргүй цэгцэлж авахгүй бол төлөв байдал замхарсаар эцэст гар утсаар ам таглах, нүүр тахлахдаа тулахнээ.
Үндсэн хуульд “Монголын ард түмэн бид…эх орондоо хүмүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно” хэмээжүхүй. Улс төрийн сурталчилгааны үг хэл хэрэглэгдсэн учраас дийлэнхи олонхи хүмүүс үүнд төөрөлдөж явдаг. Одоо энэ байгаа чинь нөгөө хүмүнлэг, ардчилсан нь юмуу гэж үнэн голоосоо гайхаж асуудаг.
Хариулт нь дараахи болно. Нэгд, Үндсэн хууль маань угтаа капитализм байгуулах зорилт дэвшүүлсэн байх. Гэхдээ хэн мэдлээ. Ямар боловч “ардчилал, зах зээл” гэж удирдагчид, улстөрчид яриад явахыг бодоход капитализмыг хэлж байлтай. Хоёрт, одоо цогцлоод буй хүмүнлэг, ардчилсан нь авлига-арилжааны феодализм мөн. Жинхэнэ нэрээрээ.
Үгийн утгыг үргэлж тодотгож байваас төөрөгдлийн хагасыг арилгана гэдэг. Нэртэй юмыг нэрээр нь нэрлэхийг шинжлэх ухаан (ШУ) гэнэ ч гэдэг. Тодотговоос, Үндсэн хуулийн зорилт бол ШУ-ы нэрээрээ капитализм. Капитализм бол шинжлэх ухаан, үйлдвэрлэл. Үйлдвэрлэл байхгүй учраас арилжааны феодализмаас өөр юм цогцлохгүй. Фердализмд нь ШУ хэрэггүй. ШУ хэрэггүй газар капитализмын үнэр ч тогтохгүй. Ингээд чөтгөрийн тойрог битүүрдэг. Гадаадад сүнсгүй алдаж, дотоодод ичгүүргүй мөлждөг адгийн мулгуу арилжааны феодализм цогцлов. Авлигыг нь нэмвээс, манж маягийн бурангуй феодализм бусармаг дүрээрээ тодорлоо. Гэхдээ Ерөнхийлөгч авлигыг ор сураггүй арилгахаас өмнө утга учрыг нь тодотгож амжих хэрэгтэй. Монгол Улс капиталын анхны хуримтлалын үе шатанд байна. Анхны капитал хуримтлуулах олон арга замын дотор шудрага хөдөлмөр гээч юм багтдаггүй. Мөлжлөг, авлига, луйвар. Ертөнцийн энэ гурваас авлига нь арай нааштай цааштай нь юм.
Бас зайлшгүй тодруулах ёстой нь ардчилал. Энэ тухайд хүмүүсийн гэнэн төөрөгдөл арилахгүйгээс элдэв дэмий гомдол их гарах юм. Капитализмд хөрөнгөтний ардчилал л байна. Илүү сайхан нь юмуу, үүнээс муу нь байдаггүй. Капитализмд хөрөнгөтнүүд төр барина. Чухал нь, хөрөнгөтний ардчилал ичих нүүртэй, ичингүйрэх ёстой байдаг. Хөрөнгөтний ардчиллын ичих нүүрээ хаах арга нь төлөөллийн ардчилал. Үүний хэлбэр дүрс нь парламент. Түлхүүр үг нь төлөөлөл. Эзэд өөрсдийн лагс бөгсөөр түшээдийн суудал эзлэвээс олигархизм болчихдог. Эзэд мөнгө хаяад төлөөний хүмүүсээ сонгуулна. Төлөөний хүн нь эзнээ сайн төлөөлж дахин дахин сонгогдохын тулд улс орны эрх ашгийн зүйлд дуртай дургүй ч оролцох болдог. Эздийн хувьд элгэн халуун эх оронч үзэл санаа нь пүүс компаниудаараа хязгаарлагддаг. Хөрөнгөтний ардчилалд том компаниуд л төр барина. Төлөөллийн ардчиллын нөхцөлд төлөөлүүлсэн компаний эрх ашиг улс орныхтой өрсөлддөг, ер нь бол тэргүүлдэг. Ердөө л амьдралын хууль. Төлөөлүүлсэн компаниудын өрсөлдөөн дундаас л нийгэм ямар нэг юм олж долоодог. Манай улс төр, нийхэм, хүн ард Үндсэн хуулийнхаа хүрээний суурь ерөнхий ойлголтуудыг үнэн бодитоор нь, жинхэнэ нэрээр нь мэдэж авмаар, тунгаан болгоомоор байна. Эсбөгөөс, нэг нь хуураад, нөгөө нь хууртаад яваа мэт хачин балай, цаашдаа осолтой байдал арилахгүй. Түлхүүр үг маань капитализм. Капитализм бол ангит нийхэм. Капитализмд нийхмийн доод анги давхаргууд хөрөнгөтнүүдийн гарын салаагаар гоожсоноор л амьдардаг байгалийн хууль байна.
Хүний нийхэмд хэрэгтэй хэрэггүй, болох болохгүй юм сонирхон судалдаг шалихгүй нимгэн давхарга зайлшгүй үүсдэг. Хүн гээч амьтны гай ч энэ, гавъяа ч энэ. Дээд ангиудын гарын салаагаар санаандгүй савирсан хэдэн будааны хүчинд өнөөг хүртэл цэцэглэн хөгжсөн үзэгдэл бол шинжлэх ухаан, технологи. Түүхийн туршид авч үзвэл, дэлхий дахин ШУ-д зарцуулсан хөрөнгө гэж хүн үнэмшимгүй жоохон юм байдаг. Чухам жоохон ч гэсэн хөрөнгө оруулалт хамгийн агуу ашиг өгдөг нь ШУ, технологийн салбар. Арав гаруй жилийн өмнө юм, манай нэг магнат цахим калькулятораа миний хөл дор унагасныг би завшчихсан. Үнэ нь 130 ам. доллар л юм. Чухамхүү тэр калькулятораар сая сая үйлдэл хийсний хүчээр л өнөөдөр миний бие супернэгдлийн онол гэдэг Монгол Улсын үндэсний үнэмлэхүй баялгийн тухай Ерөнхийлөгч Танаа өргөн мэдүүлээд сууж байна. Минималь зардлаар максималь ашиг олдог нь ШУ. Монгол Улсын “Алт” хөтөлбөрөөс Монгол Улсад мөнхийн ашиг болж орсон нь дурдсан 130 ам. долларын өртгөөр тооцож олсон хэдэн томъёо, тэгшитгэл л байх болно.
Гэтэл хөрөнгөтөн ангийн гараас алдрах дуслууд цөөрсөөр эцэст сураггүй болоод удаж байна. Үүнд дэлхийн санхүүгийн хямрал энэ тэр огт падлийгүй. Яав, юу болов? Монгол шиг их мөнгө зах замбараагүй эргэлдсэн газар өөр байхгүй. Тэр их эргэлтийг хуу ховх сороод үлдээдэггүй ямар хомхой долоосон тийрэн гараад ирэв ээ? Хариулт нь Монгол Улсын Ерөнхийлөгчид бэлэн байх болуужин гэх үүднээс азнаад дараахийг дурдъя.
Ид сайхан хуучин үе юм. Танин танихгүй хүмүүс, чи хөө, Бал даргад нэг их сайхан захиа оросоор бичээдхээч гэж шахаад байдаг болвоо. Ер нийгэмд нэг тийм хэрэгцээ хий үзэгдэл мэт бий болсон нь мэдрэгдэж байсан. Хүмүүс юу хэлэх гээд, юу хэлүүлэх гээд байгааг би бүрнээ мэдэж байсан. Их бодлоо. Тэгээд бичээгүй. Учир нь, хүмүүс юу хэлэх гээд буйг Ю. Цэдэнбал бусдаас илүү мэдэж байсан. Социализм бүхэлдээ том том асуудлуудтай тулгарлаа гэдгийг соцлагерийн хүрээнд анх мэдэрсэн ганц удирдагч бол мань хүн юм шүү. Үгүй, тэгээд хэн хэн нь мэдэж байгаа юмыг нэг нь нэгэндээ бичлээ гээд яах юм? Цаана чинь социализм гэдэг хүчирхэг машин системээрээ зогсож байна. Социализмыг социализм чигээр нь сайжруулж болохгүйд л хамаг учир байсан юм. Мэдлээ хэллээ гээд юу ч гарахгүй. Системийн хүрээнд юу ч гарахгүйг мэдсээр байж бичвээс бас адилхан мэдээд байгаа нөгөө хүний дургүй хүрнэ биздээ.
Гэлээ гээд миний бие төрийн дээд удирдлагад нэг юм бичиж хүргэх нигууртай юмдаг уу. Ю. Цэдэнбалд би бичээгүй. Танд бол бичиж байна. Зарчмын ялгаа байна. Хуучин тогтолцоог Ю. Цэдэнбал яаж ч чадахгүй байсан. Харин шинэ тогтолцоог яасан ч Таны бүрэн эрхийн ба дурын хэрэг юм. Зарчмын ялгаа нь энэ. Миний одоо хэлэх гээд байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч надаас олон дахин илүү мэдэж байгаа. Монголд мөнгөнөөс их юм байхгүй. Тиймээс хэрэгтэй юманд зарагддаг мөнгө гэж бас байхгүй. Мөнгөний эргэлтийг ховх сордог хомхой долоосон тийрэн бол манай улс төр. Ядуу оронд хамгийн ашигтай бизнес нь улс төр байдаг хуультай. Тиймээс Монголд улс төр гэж цэвэр утгаараа байхгүйг эрүүл ухаантай болгон мэднэ. Ерөнхийлөгч илүү мэднэ. Мэдэхээ хэрэгжүүлэн “бусармаг бүхнийг арилгах” 2-р хувьсгалд тань олон нийтийн зүгээс өдөөлт сэдэлт хэрэгтэй байж тун магад.
Ерөнхийлөгч Таны сонгуулийн 1-р хугацаа үндсэндээ үр дүнгүй өнгөрчихсөн. 2-р хугацаандаа хийвэл хийх юм их ч биш, олон ч биш. Үнэндээ ганцхан байна. Намуудын хуулиар намын гишүүнчлэлийг хориглох. Хувьсгал хийхдээ тултал бусармагтсаны цаад дахь машин механизм, мотор генераторыг Ерөнхийлөгч зөв олж харж байна уу, үгүй юү. Энэ бол манай намууд гэх мамууд. Асуудал нам гэдэг үзэгдэл юмандаа биш. Парламентын засаглалын нөхцөлд субъект объект нь нам. Аюул ба асуудал нь юув гэвэл, манай намууд гишүүнчлэлтэй. Болдог газар, боловсон нийгэмдээ болдог байхыг үгүйсгэхгүй. Харин манай бодит нөхцөлд Монголыг бусармагтуулж, төрийг устгаж буй машин бол намын гишүүнчлэл гэх хатуу журамлагдаж баримтлагдсан үзэгдэл. Намын том жижиг, нэр нөлөө, жин хэмжээ нь гишүүдийнхээ тоогоор тодорхойлогдоно. Улмаар дараахи байдал товчдоо үүсч, Монголыг төр засаг, түмэн олонтой нь мэрж идэж байна. Д. Сосорбарам хэлсэн байна: “Ардчилсан намд зусар бялдуучид, авлигачид, гэмт хэргээс өөрийгөө авруулах гэсэн хүмүүс шигдчихэж” гэж. Зай завсаргүй шигдээд өгөөч гэж намууд өөрсдөө гуйж гүйдэг механизм нь намын гишүүнчлэл. Том намуудын мөнгөний хэрэгцээ хязгааргүй. Мөнгө нь зусарчид, авлигачид, луйварчдад л байгаа. Гишүүнчлэлээ тэдэнд борлуулах нь санхүүгийн гол эх үүсвэр. Борлуулсан хойноо тэднийг төрийн өндөр шатны албанд чихэх өртэй үлдэнэ. Дээр нь ерөөс бараг бүх гишүүдээ төрийн бүх шатны албанд чихэх хариуцлага намуудад ногддог. Үр дүнд нь төрийн ажлын дөр хамаргүй “том төр” бүх шатандаа нүүрлэв. Ийм механизм хадгалагдсан нөхцөлд “ухаалаг төр” хэзээ ч бий болохгүй. Учир нь намууд гишүүнчлэлтэй, тиймээс гишүүддээ улс төрийн өртэй, гишүүд нь намаасаа ёс суртахууны авлагатай, намд гаргасан хөрөнгө хүчээ төрийн албанаас нөхөх ганцхан болзолтой байхад мэргэжил, туршлага, ерөөс үндэсний боловсон хүчин, түүний нөөц гэх мэтийн тухайд дурсах нь хүний дургүй хүргэхээс цаашгүй илүүц зүйл болж байна. Сайд дарга нар албадаа өөрийн намын өөрийн хүмүүсээр бүрдүүлнэ. Төрийн ажилтан, түшмэлийн толгойд, би намын хүн, даргын хүн гэсэн ганцхан ойлголт байх ба дарга нар ч тэгэж итгүүлж үнэмшүүлэн дарамталснаар төрийн тухай ухагдахуун арилж байна. Ерөнхийлөгчийн ажлын албад гэхэд Ерөнхийлөгчийн намын Ерөнхийлөгчийн хүмүүс л байж таарна. Намын гишүүнчлэлийн нөхцөлд Ерөнхийлөгчид ч намаасаа цааш харах эрх чөлөө байхгүй.
Нам төвт төр хол харайхгүйнээ. Эхнээсээ л тодорхой байсан зүйл. Төр төвт Монгол Улсын төлөө цагаан морин жилд нэгдэн жагссан монголчууд Ялгуугсан хөх хэмээх модон морин жилд төр төвтэй тогтолцоотой сая золгох заяа тавилан байна уу, үгүй юү. Системийн хямрал, толтолцооны дампуурал гүнзгийрч, цаашдаа үндэсний сүйрэлд хүргэх магад хандлагууд даамжирч байна.
Өргөн мэдүүлсэн Бэсүд Ч. Эрдэнэ
www.superunified.org