Ил захидал ¹ 1 Монгол Улсын Ерөнхийлөгч Захчин Цахиагийн Элбэгдорж Танаа

0 Сэтгэгдэл бичих:

Ил захидал ¹ 1


                                                Монгол Улсын Ерөнхийлөгч 

                                         Захчин Цахиагийн Элбэгдорж Танаа                                            


Санааг ину авбаас 
бие инү хаа холдох.
                                                                                     Хиад Боржигин Тэмүчин Чингис Хаан 

The empires of the future are 
the empires of the mind. 
                                                                                Sir Winston Leonard Spencer-Churchill


Өргөн мэдүүлэх мину:

Эшлэвээс, Таны бие бээр “Би Монголын түүхэнд сайн нэртэй Ерөнхийлөгчийн хувьд үүрд үлдэхийг хүсч байна” хэмээжүхүй. Ерөөлөөр болтугай. Үүний тул “Би хоёр дахь хувьсгалаа эхлүүлж байна”  хэмээн зарлан тунхагласныг тань ард нийт анхааралдаа авсан буйзаа.

               Ийн сацуу иргэн Бэсүд Ч. Эрдэнэ миний бие монгол угсаатны Сэргэн мандал, үндэсний дэвшлийн хувьсгалын үзэл санааг 1997 онд дэвшүүлж, улмаар тийм боломж нөхцөл, бодит үндэслэл зарчмын хувьд байх эсэхийг судалсаар байна. Үүнд,

              1-рт, монгол угсаатны түүхийг 12000 жилээр урагшлуулан авч үзвээс, дэлхийн соёл иргэншлийн монгол-төвт үзэл баримтлалын нилээд нягт логик загвар бүрэлдэн тогтож, цаашид боловсрох зам мөр нээгдэв.

              2-рт, байгалийн шинжлэлийн эцсийн суурь онол болох супернэгдлийн онолын асуудлыг анх А. Эйнштейн 1923 онд дэвшүүлсэн ба мөхөс миний бие энэ 2013 онд тэрхүү туйлын асуудлыг шийдвэрлэж эцэслэн төгсгөлөө. Нэрт физикч Стивен Хокингоос цохон дурдатгаснаар: “Туйлын зорилт маань орчлон ертөнцийн бүрэн төгс онол”. Монголчууд бид энэхүү зорилтыг нь хүн төрөлхтөнд хэрэгжүүлж өглөө. Энэ бол ар өвөртөө үнэмлэхүй математик баталгаатай үйл хэрэг юмаа.

              Цаашилбал, өнөөдөр огтоос нууц биш болсон хамгийн ноцтой асуудал юув гэвэл, энэ 21-р зуунд дэлхий дахин, түүний соёл иргэншил даяар сүйрлийг тойрч гарахад маш бэрхшээлтэй. Учир нь, өнөө буй шинжлэх ухаан, технологийн нөөц шавхагдлаа. Улмаар өнөөгийн соёл иргэншил өсөлтийнхөө хязгаарт хүрч мухардлаа. Дэлхийн үйлдвэрлэл, хэрэглээ өсөх боломж хаалттай боллоо. Үр дүнд нь бүх салбарт хямралын үйл явц нэгэнт нүүрлэн цаашид глобаль сүйрэл зайлшгүй. Ийм мөч тулгарах тухай тооцоо нь стратегийн судалгаанд аль эрт хийгдсэн зүйл. Цаг урсаад дуусч байна гэсэн дүгнэлт стратегийн судалгааны далд хүрээнээс хэтрээд НҮБ-ын баримт бичигт ил орчихсон шүү дээ.

              Нэн таагүй үйл явцыг эргүүлэх, мухардлаас гарах ганц боломж нь ямар боловч супернэгдлийн онолд хүрэх явдал. Онолын физикийн ухааны албан ёсны үзэл баримтлалууд үр дүнд хүрсэнгүй өдий хүрлээ. Хөгжингүй ертөнц, их гүрнүүд эцсийн арга хэмжээнүүд авч байна. Туршилтын шугамаар ямар нэг сэжим олдох болуужин хэмээн 13,5 тэрбум доллар зарж аврага хурдасгуур барилаа. Тэргүүлэх онолч-физикчдэд толгой дараалан 3 сая доллар олгож эхэллээ. Энэ тухай дахь цаад наад нарийн ширийн учир начрыг дараа тодруулна.

              Ер өгүүлэн буй үйл явцтай уялдуулан бодвоос Харвардын их сургууль нь их муу сургууль юмуу гэсэн хар надад төрөөд байна. 21-р зууны тухайд хийсэн стратегийн гол прогноз нь юув гэвэл, соёл иргэншил цаашид ердийн замаар үсрэнгүй хөгжих боломж нэгэнт хаалттай болжээ гэсэнд оршино. Ердийн зам хаалттай бол ер бусын ямар нэг арга зам олоход найдахаас өөрцгүй. Энэ тухай Харвардын их сургууль монголын тэргүүлэх улстөрч Танд хэлж зааж өгсөнгүй бололтой. Энэ ер бусын нь муу Монголд маань тохиолдохгүй биз гэсэн бодол Та тэндээс тээж ирэх ёстой байсан юм, угтаа. Харин АНУ-ын засаг захиргаа Таны хойноос мэргэн гэж болохуйц нэгэнт шийд гаргасан. Юув гэвэл, хөгжингүй ертөнцөөс ер бусын зүйл гарахгүй нь тодорхой ба тийм шалтгаанууд бэлхнээ бий. Хөгжиж буй гэх ядуу буурай орнууд цаана нь үлдэнэ. Тэнд ашиглагдаагүй, хэрэггүй хэвтэж буй ганцхан нөөц бий. Энэ нь ядуу буурайчуудын уураг тархины бор бодис. Чухам энэ нөөц эцэст үгээ хэлэхгүй гэх газаргүй гэж сэтгэсний үндсэн дээр АНУ-ын төр засаг Мянганы сорилтын сан зарласан. Ер бусын шийдлийн зүйл олоод ирвэл бэлэн мөнгө тоолно гэж шууд хэлсэн. Энэ бол АНУ-аас гармааргүй мэргэн стратеги гэдгийг хэлэх хэрэгтэй. АНУ нэг чухал хүчин зүйлийг маш зөв тооцсон.  Юув гэвэл, 20-р зууны гол гавъяа нь магадлалын тархалтыг дэлхий даяар, улс үндэстнүүдээр жигдрүүлсэнд оршино. Бор бодас хаа сайгүй боловсрол гээч юмаар цэнэглэгдсэн. Худлаа гэвэл, Таны бие өнөөдөр онол, практикийн тэргүүн ардчилагч дэлхийд байна. Үүн лүгээ супернэгдлийн онолыг нэг муу монгол олоод ирэхгүй гэх газаргүй орчин нөхцөл, соёл иргэншлийн тийм түвшинд Та бид амьдарч ажиллаж байна л даа. Магадлалын тархалт гэдэг математик үзэгдэл жигдэрсэн. Үлдсэн нь Тэнгэрийн мэдлийн асуудал. Оюу ба Тавантолгойг Монголоос хүлээх бол геологийн ухааны энгийн мэдлэгийн хэрэг, өндөр магадлалтай зүйл. Монголоос хүний толгой, оюуны нөөц хүлээх нь Америк, Япон, Орос, Хятадаас хүлээхээс илүүгүй, бас дутуугүй магадлалтайг АНУ тооцсон нь алдаа хэрхэвч бишийн учрыг түрүүнд дурдсан.

             Түрүүчийн улаан мөрд дурдсан нь Танд бус, Харвардын их сургуульд хамаатах шүүмж. Стратегийн анализ, прогнозын зүйлийг сургалтандаа орхигдуулдаг байна. Молхи хүн толхи судлаач миний бие ч Барууны сургалтыг дамжаад авсныг Та мэднэ.

             Танаа биечлэн хамаатах шүүмж бас хэлмээр байна. Та Монголын түүхийг тухайлан сайн мэддэггүй, гүндээ ойшоож үздэггүй хүн болох нь ажиглагддаг. Гэхдээ энэ бол нийтлэг үзэгдэл, зарим нийтлэлчдээс захиалгаар нэвтрүүлж хэвшүүлсэн үзэл суртал. Үндэсний түүхээ судлахын учир нь түүний логик ба философийг индуктив аргаар гаргаж авахад оршино. Хүннү гүрэн, Монголын эзэнт гүрэн цогцолсон түүхэн оньсогын цаана ямар нэг логик, шалтгаан нөхцөл буй эсэхийг олж мэдэхийн тулд монгол угсаатны ба дэлхийн түгээмэл түүхийг 12000 жилээр урагшлуулан үзэх шаардлага гардаг. Ингээд үзэхээр дэлхийн соёл иргэншил үүсэл гарвалиараа өвөг алтай-монгол төвт харагдахгүй гэх газаргүй болдог. Ер нь бол хэн хүчирхэг байсан нь дахин хүчирхэгжинэ гэсэн аксиом түүхийн философт бий юм. Монгол угсаатан дахин хүчирхэгжих логик байгалиар нөхцөлдсөн бус уу гэсэн дүгнэлтээс цаашид дедуктив гаргалгаанд шилжих боломжтой. Чингэвээс хэрэв монгол-төвт концепци ул үндэслэлгүй биш бол супернэгдлийн онолыг буюу авралын замыг Монгол Улс олох ёстой теорем урган гарна. Энэ теорем батлагдлаа гэж би үзэж байна. Тухайн цагтаа тухайн судлаач ганцаараа зөв байдаг, зөвөө мэдэж байдаг юмыг шинжлэх ухаан гэнэ.

             Ерөнхийлөгч Таны энэ удаагийн 2-р хувьсгал бол 3-р удаагийн 2-р хувьсгал байх. Үйлдвэржүүлье гэх мэт 2-р хувьсгалууд түрүүнд нь зарлагдаад л байсан. Таны бие хийсэн ба хийх хувьсгалын тухайд зарим шүүмж, санамжийн зүйл хэлмээр байна, хүлцэл гүнээ өчсү. Алсаас нь эхлэж, алгуур үгүүлье. Ардчилсан хувьсгалаас өмнө юм. Өнөө Монгол Улсын Баатар Э. Бат-Үүл над дээр ирж, танай дунд үеийнхэн хувьсгал хий гэж шахаж шаардсан удаатай. Бүхэл бүтэн үе хэрхэхийг хэн мэдэх, харин би хувьдаа эрс татгалзсан. Татгалзсан гол шалтгаан нь  дараахи юм. Гадаад гаралтай хувьсгалуудын ач тус, хор хохирол эцэстээ тэнцдэг дүр зурагтайг Манжаас тулгасан буддист хувьсгал, Оросоос муйхардсан марксист хувьсгалын түүхээс харж эрхбиш болох. Би болохоор биеээ голохгүй цэвэр дотоод өдөөлт сэдэлт, үндэсний хүчин зүйл, угсаатны санаа зоригт дагнан тулгуурласан тийм монгол хувьсгалын талд үзэл бодлоороо нилээд эртнээс зогссон хүн. Гадаад гаралтай хувьсгалаар эзэд л солигдох ба Ерөнхийлөгч Та гэхэд ардчиллаа авлигатай нь АНУ-д илтгэхээ урьтал болгоод эндэхээ нэг их анзаарч ойшоохгүй яваад байх мэт. Ер гадаад өдөөлттэй хувьсгалын зүй тогтол нь ийм, Таны буруу биш.

               Ардчилал байна. Ардчиллаа гээд авдаг оноогоо Та ч авсан, Монгол Улс ч авсан. Одоо монголын ардчилал хэнд ч сонин бус болсон, хувь хувьсгалаар худалдаж идээд дуусчихсан. Одоо ардчиллаа өмнөө барьж улиглаваас хүн амьтны инээд барсан ханиад болно. Одоо ардчилсан Монгол яах ийх нь л сонин болсон. Ардчилал бол нийгмийн дэвшил. Лав Монголдоо. Өөр газар биш ч байж болно. Гаднаас нөхцөлдсөн ардчиллын дотоод зорилго нь юу вэ?  Энэ асуудал тодорхойгүй үлдсээр байна. Ардчиллын төлөө ардчилсаар Монгол маань либераль ардчиллаараа АНУ-аас холоо даваад явчихсан. Эцэс төгсгөлгүй ардчиллаад суултай биш, одоо энэ сайхан ардчиллынхаа эхний ба эцсийн зорилтыг тодорхойлмоор байна. Уг нь төрийн хэрэг, засгийн явдал. Гэхдээ хүний эрх хэмжээнийхээ хүрээнд миний бие хувьдаа: Монгол дахь ардчилсан тогтолцооны эхний ба эцсийн зорилт нь монгол угсаатны шинэ Сэргэн мандал гэж үздэг. Монголын ардчиллын зорилт нь монгол хэл цуст угсаатны Сэргэн мандал байж болохгүй юү? Болохгүй гэвэл энэ ардчиллаар ер чухам юу хийх гэж буй билээ?

              НҮБ-д бүртгэлтэй улс орнууд рейтинг чинсаагаараа жагсаж байгаа. Түүхэн рейтинг ба тухайн энэ мөчийн чинсаа гэсэн хоёр бодат үзүүлэлт байна. Хамгийн аугаа эзэнт гүрнийг байгуулж асан монголчуудын түүхэн рейтинг 1-рт жагсдаг. Үүнтэй маргах ухаантан ч, тэнэг ч өнөөдөр дэлхийд олдохгүй болсон. Харин өнөөгийн энэ манай Монгол Улс маань үндсэн үзүүлэлтүүдээр 90-120-р байрт явна.

              Ерөнхийлөгч Таны ба гудамжны хүн миний өмнө монгол угсаатны түүхэн 1-р зиндаа чинсааг өнөөдөр батлах зорилт зогсож байна. Дэлхийн түүхэнд хэзээ ч тохиолдож байгаагүй үнэмлэхүй хүнд зорилт. Учир нь, Чингисийн монголчууд хэт өндөр босго тавьчихсан. Монголыг сэргээн мандуулна гэхээр Чингисийн Монголын Эзэнт гүрний нэр нөлөөг тэр чигээр нь өнөөгийн энэ өндөр хөгжсөн дэлхий дахинд сэргээнэ гэсэн үг шүү дээ. Үлгэр домгоос ч давсан хэрэг. Гэвч, нэгд, түүхэн логик гэдэг хүчирхэг хүчин зүйл араас түлхэж байна. Хоёрт, таатай нөхцөл, азтай тохиолдол гэж ерөөс хүн, нийгмийн түүхийг бүтээдэг хүчин зүйлүүд байна. Таатай нөхцөл нь дараахи юм. Өнөөгийн дэлхийд шийдвэрлэх хүчин зүйл нь шинжлэх ухаан (ШУ). Сэлэм агссан хэдэн түмэн морьтон бөмбөрцгийн талыг эзлэн давхих хэрэгцээ ч, боломж ч байхгүй болсон үе. ШУ нь төгсөх шатандаа ороод үлдсэн ганц асуудал нь супернэгдлийн онолын асуудал. Бас бус асуудал гээч юм орчин үеийн соёл иргэншилд байхгүй. Түүнийг шийдэхүл түүхэн хосгүй  1-р зиндаа чинсаагаа хосгүй шинэ түүхэн ололтоор баталгаажуулсан Монгол Улсын рейтинг 1-рт мөнх жагсаж байгаа юм. Дахин хэлье, тухайн цаг дор ганцхан хүн зөв байгаад зөвөө мэдээд байдаг юмыг ШУ гэнэ.

               Их монголчуудын түүхнээ “Сэлмээ хөндлөн барьж орох уу” гэсэн нэг сонин үг тохиолддог. Юуг яахыг хэлдэг юм бол гэж эртнээс гайхдагсан. Сергей Бодров үнэхээр том уран бүтээлч, сэтгэгчийнхээ хувьд “Монгол” кинондоо түүнийг тайлсан байналээ. Та тэр эпизодыг зориуд дахин анзаарч хараарай. 21-р зуунд хөндлөн барьж орох сэлэм маань супернэгдлийн онол.

               Чингис хааны хэлснээр санааг нь аваад, Чёрчиллийн хэлснээр оюун санааны эзэнт гүрэн байгуулах үндсийн үндсэн үндэслэлийг танай толхи судлаач бий болгож, Төрийн тэргүүн Танаа барив.  Танд зориг дутаж, хэрэг хомсдож болноо, болно. Гэвч Монгол Улс хүссэн хүсээгүй Тэнгэрийн үйлсэд хөтлөгдөн замнана.

               “Том төрөөс ухаалаг төр рүү” гэж чухам юуг яахаа хэлээд буйг тэр болгон ойлгохгүй байна. Монгол Улсад ердөө төр шиг төр л хэрэгтэй. Үндэсний төр чинсаа зангаргаараа том, оюун санаагаараа хурц, үйл хөдлөлөөрөө давшингуй байх ёстой. Зүгээр ердөө төр л хэрэгтэй. Англид суралцах зуур хуучин номын мухлагт логикийн сурах бичиг олж харлаа. Логик алдаа гэсэн гарчиг байна. Алдааны 1-рт заасан нь: бусад хүн амьтныг сайжруулна гэвэл логик алдаа, хүн өөрөө л сайжирч болно, сайжрах ёстой, логик нь энэ гэжээ. “Бусармаг бүхнийг арилгана” хэмээн Та тунхагласан байна. Бас л нэг утгагүй хоосон лоозогнол болгохгүйн тулд Та өөрөөсөө, төр өөрөөсөө эхлэх ганцхан логиктой.

                Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлд миний бие мэдээллээ электрон ба цаасан хэлбэрээр илгээгээд удаж байна. 22 хуудас зүйл. Иргэний зүгээс төрдөө мэдээлэл илгээх бол хаана ч, хэзээ ч төрт ёсны ердийн журам. Тодорхой нөхцөлд тухайн иргэн тухайн асуудлаар төр засаг, төрийн тэргүүндээ илтгэх нь Үндсэн хуулийн тодорхой заалтуудаар нөхцөлдсөн иргэний үүрэг, хариуцлага байдаг юм. Энэ үүрэг, хариуцлагаа биелүүлэхийн тулд ҮАБЗ-д мэдээлэл илгээсэн хэрэг л дээ. Энэ бол гэмт үйлдэл, наад цаад элдэв дээд санааны зүйл хэрхэвч биш. Миний бие төрд мэдээллээ электрон ба цаасан хэлбэрээр илгээсэн. Манайд ажиллаж буй интернет сүлжээ хангалттай найдвартай ажиллагаатай. Миний имэйл ҮАБЗ-ийн компьютерт нэгэнт орсон гэж компьютер тань хариулж байгаа. Гэтэл төр гэж компьютер биш. Мэдээллээ төрд хүргэх гэж байгаа шүү дээ. Энэ нөхцөлд төр, түүнийг төлөөлсөн ямар нэг түшмэл, үгүй ядахдаа ҮАБЗ-ийн вэбсайтыг хариуцсан оператор “Хүлээн авлаа” гэсэн хоёр үг эргүүлээд чулуудчихад л иргэн миний үүрэг, төрийн хариуцлага хоёр нэгэн зэрэг биелээд явчих юм шүү дээ. Тэр мэдээллийг анзаарч авч үзэх эсэх нь төрийн бүрэн эрхийн асуудал. Харин мэдээллийг ямар боловч хүлээж авснаа мэдээллийн эзэнд мэдэгдэх нь төрт ёсны туйлын энгийн ердийн журам юм. Иймхэн юмыг мэддэг чаддаг нь төрд үгүй болсноор монголчууд, манай төр гэж хаана, юу байна гэж үгүйлэн эрж хайсаар хорь гаруй жил болж байна. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч өөрөөсөө эхлэх цаг тулгамдсан. Бусад нь үлгэр аваад сайжраад, ухаажаад явчих байх. Та бээр ЗХУ-д цэргийн талын сургууль төгссөн хүн. Орчлон дэлхийд үнэн бодат ганцхан лоозон байдгийг Та тэнд олонтаа сонссон: “Над шиг хий” гэж. Та ҮАБЗ-ийнхөө компьютер, бичиг хэргийг нягтлаад үз. Миний мэдээлэл байхгүй хаачив гэж. Удирдлагын түүхий эд нь зөвхөн мэдээлэл, өөр нь байдаггүй. Энэ бол удирдлагын ухааны үндсэн ганц аксиом. Үндэсний аюулгүй байдал гэж мэдээлэл авах, боловсруулах, шийд гаргахаас өөр юм биш. Тэгээд өгөөч гэж миний бие шаардахгүй, гагцхүү миний мэдээлэл ҮАБЗ-д хүрсэн эсэхийг мэдмээр байна. Төрт ёсны туйлын энгийн журам дэглэмийн зүйл. Илүү харсан зүйлгүй.

                 Өгүүлэн буй асуудлаар миний бие ҮАБЗ-д мэдэгдэхгүй аваас Монгол Улсын Үндсэн хуулийн зарим тодорхой заалтуутад нийцгүй зүйл, харшилсан хэрэг болох юм. Чухам ямар заалтууд болох тухайд Та өөрөө болгоож үзээрэй. Монгол Улсын Ерөнхийлөгч Танаа аль ч иргэн, ямар ч асуудлаар хандаж нь зүй бус бус боловч харин Үндсэн хуулийн хичээл заах гэвэл арай хэтэрсэн хэрэг болуужин.

Хүндэтгэн ёсолж өргөн барьсан Бэсүд Ч. Эрдэнэ 

Leave a Reply

Labels