Акад. Б.Ширэндэвийн мэндэлсний 100 жилийн ойд

0 Сэтгэгдэл бичих:

2012 ОНЫ 4-Р САРЫН 01, НЯМ ГАРИГ, 04:45

www.superunified.org

Бэсүд Ч. Эрдэнэ /сэтгүүлч/

Сэтгүүлчийн дурсамж

Акад. Б.Ширэндэвийн мэндэлсний 100 жилийн ой тэмдэглэх тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоол гарч, ойн арга хэмжээнд зориулан 186 200 000 төгрөг төсөвт тусгахаар заажээ. Хүн нь томын тухайд маргаангүй. Монголын социалист төрийн хамгийн үр дүнтэй зүтгэлтэн, шилдэг зохион байгуулагчийн нэг. Түүний ойг тэмдэглэн өнгөрүүлэх хөрөнгө мөнгө нь ч их юм.

Хуучин үед Мэдээлэл, радио, телевизийн Улсын хороо гэж байх. Мэдээлэл нь МОНЦАМЭ агентлаг. Засгийн газрын официоз статустайгаараа онцлог эрх үүрэг бүхий байгууллага байлаа. Миний бие МРТУХ-нд ажилд ороход С.Жалан-Аажав дарга: “Геологи, уул уурхайгаас ирсэн чи ууж иддэг адуу шиг амьтан биш биз” гэсэн билээ. Түүнээс өмнө намайг цэрэгт татагдахад Улиастайн Мянган цэргийн карантины дарга хав хэмээх дэслэгч Чимид бас яг тэгэж хэлсэнсэн. Тухайн үедээ дургүй хүрч л байсан тохиолдлууд. Харин одоо бол сайн адуу болж төрөхөөс илүү хувь заяа үгүй гэж алдарт уяач нар хэвлэлээр зарласан нь оргүй биш байх. Зүгээр өнөөгийн нийгмийн ханшаар ярилаа гэхэд хээр зүсмийн нэг азрага 800 000 000 төгрөгийн үнэд хүрчээ. Мань мэтийн үнэ гэвэл хятадын пүүсээс зээлсэн 21000.

Чингээд нөгөө адуу шиг нөхөр нь хэд хэдэн тодорхой салбар, түүний дотор монголын шинжлэх ухааны ололт амжилтыг гадаадад тогтмол мэдээлж сурталчлах ажил үүрэг биечлэн хүлээх болов. Түүнээс арван жилийн дараа юм, МРТУХ-ны дарга нэг өдөр дууддаг юм. Люся чамтай уулзана гээд байна, уулзаарай гэв. Орос, англи хэлээр гардаг “Монгол Улс” сэтгүүлд Люся гэх зөвлөлтийн мэргэжилтэн авгай байв. Дур хүсэлтэй бол орос авгай нь орж ирж уулзана биз гээд хоёр хонотол дарга ууртайхан утасдаад, Люся уулзана гээд байна, яваад очоодхооч гэв. Очлоо. Люся нь: чи ШУА-ийн Ширэндэвийн тухай нэг сайхан юм бичээдхээч, би сэтгүүлдээ хэвлүүлнэ гэж байна. Найруулал маягийн юм оросоор бичих даалгавар юм. Б.Ширэндэвийн туслах нь намайг 1-р ангид ороход манай сумын сургуулийн захирал байсан Ламжав багш тул ШУА-ийн Ерөнхийлөгчтэй уулзаж ярилцахад хүндрэл учирсангүй. Урьд нь холбогдох зүйлс нилээд үзэж харсан нь мэдээж. Уулзлаа, бичлээ, хэвлэгдлээ. Ердийн л үйл явдал.

Нэг өдөр МАХН-ын ТХ-ноос дууддаг юм. Бас л ердийн хэрэг. Очлоо. ТХ-ны айхтар том тогтоол гарсныг оросоор орчуулах юм байна. Гарчгийг нь хартал Б.Ширэндэвийн тухай юм байна. Оросоор бол Ширендыб гэж бичдэг заншилтай. Бас нэг орчуулагч ирсэн нь өнөөгийн рок-поп, хип хопын Пентатоник академийн Ерөнхийлөгч Б.Долгион. Чухам хэн дарга дуудаж үүрэг өгснийг одоо ер санах биш. Тэр даргын өрөөнд бид хоёр тогтоолыг хувааж аваад суулаа. 20 хуудас зүйлийг 2 цагт багтаан оросоор орчуулах яаралтай үүрэг ТХ-ноос аваад амжуулж л байсан рекорд хэрийн хурдацтай тул тогтоолыг орчуулаад шуурч байтал, манай зарим сэхээтнүүдээс Б.Ширэндэвийг магтан дөвийлгэх зохисгүй хандлага энэ тэр болоод явчихав. Дотор палхийж байна. Яг үнэндээ акад. Б.Ширэндэвийн тухай тусгайлан бичсэн юм байхгүйтэй адилыг би мэдэж байв. Түүний бэрийн бичсэн бяцхан товхимол “Сын Хангайских гор”, миний нөгөө найруулал маягийн юм л гол төлөв байгаа. Тогтоолоос миний бие хань хамсаатан болоод явчих улс төрийн асуудал үнэртэж байх тул эвгүй оргиж хэд хоносон боловч зүгээр өнгөрсөн.

Хуучин үед Шинжлэх ухаан, техникийн Улсын хороо байх ба дарга нь Д.Майдар. Майдар дарга бээр Ю.Цэдэнбалын хамгийн дотнын хүн мэт харагдах, ер түүний зиндааны бодгаль мэт дүр эсгэх дуртай хүн байв. Тэрбээр зарим судлаачдын бүтээлийг эмхэтгэн өөрийн нэрээр хэвлэх сонирхолтой байсан нь эцсийнхээ дүнд буруу ч биш бололтой. Миний нэг багшийн судалгааг Майдар дарга авъя гэж байна гэж надад хэлэхэд нь өгч хэрэггүй гэж зөвлөсөндөө одоо ч харамсаж явна. Тэр судалгаа хожим үрэгдсэн байна. Майдар дарга ШУТУХ ба ШУА-ийг нэгтгэж өөрөө даргалах сонирхолтой тухай хов жив нилээд олон жилийн түүхтэй. Хов живд үнэмшвээс, зөвлөлтийн Демичев (соёлын сайд байсан, УТТ-нд ч орж байсан) дарга Д.Майдарт мөнөөх Люсяг хариуцуулж өгсөн гэдэг. Ингээд Ширендыбын эсрэг Майдар даргын явуулах операцид Люся хамрагдаад, Люся нь намайг золиосонд татсан хэрэг байж таарлаа. Угтаа Б.Ширэндэв нь Бал даргын их дотнын хүн байсан атал яагаад тэр тогтоол гарах болов гэвэл Ширэндэвийн эсрэг хандах шалтгаан Анастасия Ивановнад байсных юм. 1980-аад оны эхнээс Ю.Цэдэнбал хувь хүнийхээ хувьд суларч ирснийг тойрон хүрээлэгчид нь ашигласан жишээ ганц энэ биш юм. Ж.Батмөнх даргын хувьд ерөөс сул хүн тул аливаа зөрчлөөс гадуур явах.

Түүнээс хожим миний бие “Монголия” сэтгүүл эрхэлж байсан ба энэ сэтгүүл 30000 хувь тарах тул БНМАУ-ын төсөвт багагүй хувь нэмэртэй хэвлэл байв. Тэр үед Люся нь манай орос сонинд шилжсэн ба мөн тэнд Ольга Балдорж гэх оросын буриад бүсгүй ажиллах. Ольга, Люся хоёр байн байн муудалцах бөгөөд Ольга нь Люсягаа үсдэж орж ирээд зарга шүүлгэх гэж их зовооно. ЗХУ-ын хоёр иргэний зарга шүүх гэвэл сүүлд нь жинхэнэ улс төрийн хэрэгт орох нь тодорхойг би нэг муу мэдээд байсан байдаг.

Акад. Б.Ширэндэвийг албан тушаалаас буулгаж ялласан нь монголын нийгэмд нилээд гэнэтийн санамсаргүй үйл явдал болсон. Түүний дараа онолын физикч акад. Ч.Цэрэн ШУА-ийг толгойлсон санагдана. Тэгээд ямар нэг том хурал зөвлөлгөөн удирдаж байхдаа, НАХ-ын нөгөө хэн билээ үг хэлнэ гэж зарлажээ. Зүй нь бол Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны сайд генерал нөхөр… гэж зарлах ёстой нь мэдээж. Ингээд тэр хүн албан тушаалаа үг дуугүй өгч таарав. Хаа газрын томоохон физикчид ерөнхийдөө нилээд ойворгогүй хүмүүс байдаг нь 20-р зуунд физикийн ухаан оройлох болсонтой холбоотой.

Ер нь бол улс орнуудын үндэсний ШУА-ийг байгалийн шинжлэлийн нэрт томоохон хүмүүс нь удирдах заншилтай. Учир нь шинжлэх ухаан (Science) гэдэгт байгалийн шинжлэлийг, бусдыг хүмүнлэгийн ухаан (Humanities)-д хамаатуулдаг юм. Тиймээс ШУА-ийг физикч толгойлох нь буруу биш боловч нөгөө нөхөр нь Б.Ширэндэвийн хэрийн зангарагтай удирдагч байна гэвэл горьдсоны гарз юм.

1970-аад он бол монголын шинжлэх ухааны ид идэвхижлийн үе байсан гэж үйл явцыг гадарлах сэтгүүлчийн хувьд бодож байна. Гэтэл мөнөөх тогтоол нь “хөгжлийнхөө гараанд тэнцэж ядаж байгаа үндэсний шинжлэх ухаан руугаа дайрсан зүйл байсан” гэж генетикч акад. Ц.Жанчив өнөөдөр “Шинжлэх ухаан, амьдрал” сэтгүүлд дурссантай санал нийлж болох. ШУА уруудсаар шинэ тогтолцооны үед төрийн төсвийн хүснэгтийн нэг бөглөөс нэрнээс цаашгүй болсон нь тусдаа сэдэв юм.

Leave a Reply

Labels