Тусгаар тогтнол

0 Сэтгэгдэл бичих:
Бэсүд Ч. Эрдэнэ
Тусгаар тогтнол


            Тусгаар тогтнолыг баталгаажуулах бүх ард түмний санал асуулгын 70 жилийн ой. Их гүрний дараахи үеийн феодалын задрал бутралын харгайгаар монголчууд цэрэг зэвсгээрээ туслах замаар манж нарыг ихэд өндийлгөн хүчирхэгжүүлж эргээд өөрсдөө тэдний цохилтод өртөхдөө эцэст Манж-Чин гүрний хараат улс болжухуй хоёр зуу гаруй жилийн түүхтэй. 
            Гадаад улстөрийн баримжаалал гэсэн үндэсний аюулгүй байдлын стратегийн асуудал эхнээсээ эцсээ хүртэл байна. Энэ тухайд Орост тал татах уламжлалыг Галдан Бошигт хаан анх тогтоосон түүхтэй.Хаан бээр Оросоос цөөн тооны цэрэг гуйж, бид байлдуулахаас түтгэлзэнэ, харин манж нарт жагсааж харууламз хэмээн удаа дараа хүссэн боловч бүтээгүй юм. Монголын ард Орос холбоотон нь байж магад нөхцөлд манжууд төдийлэн эс хөдлөх нь тодорхой байв. Чухам энэ үеэс Орос улс Хятадаас нилээд бэрхшээн аливаа халз тулгаралтаас болгоомжлох сэтгэлзүй тогтсон гэлтэй. Энэ байдал хожим Гурван улсын хэлэлцээр болон бүр 1945 он хүртэлхи ЗХУ”-ын бодлогод ч илэрсээр байв. Энэ нь Хаант ба Зөвлөлийн засагт Орос орон Монголын тусгаар тогтнолын эсрэг байсан хэрэг хэрхэч биш. Тэд төлөө байсан боловч Монголын асуудлаар Хятадтай халз тулгарах эрсдэлээс аль болохоор зайлсхийх бодлогыг бид ойлгож болно, ойлгох ч ёстой.Монголын тусгаар тогтнолын төлөө И. В. Сталин баттай зогсож, улмаар Дэлхийн дайны төгсгөлийн үр дүнг мэргэн оновчтой ашигласнаар манай тусгаар тогтнол эцэслэн баталгаажсан билээ.1960-аад оны эхнээс Зөвлөлт-Хятадын харилцаа туйлдаа хүртэл хурцадсан нөхцөлд БНМАУ умард хөршийн талыг дагнан барив.1967 он. Би гэж шинэ цэрэг. Чойбалсан хот. Зөвлөлтийн дивиз, хороод миний хажууд ирж зогсов. Зөвлөлт, монголын цэрэг бид дайн хэзээ эхлэх тухай л таамаглал дэвшүүлж байснаас дайн болох тухайд эргэлзээ байсангүй тийм хэцүү үе л дээ. Энд нэг сонин асуулт гардаг. Зөвлөлтийн цэргийг оруулаагүй тохиолдолд Монголын байдал хэрхэх, хаашаа эргэх байсан бол? Таах аргагүй. Цэрэг оруулсан нь ЗХУ ба БНМАУ-ын эрх ашиг тавь тавин хувь хангагдсан цэрэг-улстөрийн стратегийн хэрэг байжээ гэлтэй.
           Хятадад хувьсгал ялсан шалтгаанаар 1950-иад оны эхээр БНМАУ хилийн цэргээ татан буулгаж, хуаран байр бүү хэл, хувцас хэрэглэлээ шатаасан байдаг. Энэ тухай хуучуул харамсан ярьдаг байв. Гэтэл чухам 1967 оноос БНМАУ-ын толгойг эдийн засгийн хувьд жинхэнэ өвтгөсөн нь хилийн цэргээ цулгүй газар дахин байгуулах явдал байв. Ардын армийн цэрэг бид ч Чойбалсан, Зүүнбаянд анхны гарнизонуудыг цулгүй газар улаан гараар барьж байгуулсан. Гэтэл монгол, зөвлөлтийн цэргийн хотхонуудаас дахиад л цулгүй цагаан газар үлджээ.
          “Монголын асуудал” гэх нэр томъёо утгазохиолд байсан, зарим талаар байгаа нь Орос, Хятадын завсар дахь Монголын оршихуйн асуудлыг хэлж буйюм. 1910 оны хавар буюу манжийн сүүл үе, Богдхаантын өмнөхөн үед Москвагийн худалдааны экспедици Монголд ирж бүх талын судалгаа явуулсан итлгэл 1912 онд хэвлэгдсэн нь одоо зуун жилийн өмнөх Монголын байдлын нилээд нэвтэрхий толь болж байна. Судалгааны ангийн сонирхол нь үнэхээр орос-монголын худалдаа байсан боловч Урянхайн хязгаар буюу Тува гэж үнэн хэрэгтээ эзэн харъяалалгүй шахам газар байсныг ажиглаад угтаа хар аяндаа Оросынх болох ёстой гэх мэт тэмдэглэсэн бий. Манжийн захиргаа хэвээр байсан боловч монголчууд дээр дооргүй Орост илүү найрсаг хандаж буйг том бага жишээгээр өгүүлсэн бий. 
           Оросын цэрэг-улстөрийн тагнуулч Ю. Кушелев хэмээгч Богдхаантын торгон эхэнд Монголд ирж хөндлөн гулд аялаад “Монгол ба “Монголын асуудал”номоо 1912 онд хэвлүүлсэн байдаг. Монголын асуудал гэдгийг хашилтанд авсан нь сонин хэрэг, бас зүйн хэрэг. Кушелев ихэд нухацтай цохон тэмдэглэснээр, тэр үеийн монголчуудын ганц найдвар нь Орос болсон байжээ. Хожим Богдхаан Ардын намынхны захидалд тамга дарахдаа улаан, цагаан ямар боловч Оросыг тал татах сэтгэлзүйд баригдсан хэрэг байх.
             Бошигт хааны үүсгэсэн уламжлалын өнөө, ирээдүйн асуудал нэн сонин байна. Энэ нь гадаад бодлогодоо Оросыг баримжаалах эсэх стратегийнчиг шугамын асуудал. Цагаан хаант Орос, улаан коммунист Орос аль аль нь Монголын тусгаар тогтнолын стратегийн хүчин зүйл байсантай маргахгүй биз.Өнөөгийн Орос аль аль нь биш, гэхдээ их гүрэн хэвээр байна, цаашид ч байх магадлал өндөр.Шинэ тогтолцооны Монголд Оросын нөлөө бүх салбарт хумигдаж, хятадынх олон салбарт эрс давамгайлсан. Хэн яаж харьцана, түүнтэй тэгэж л харьцана гэсэн үзэл санаа өнөөгийн Оросын төрийн бодлогод давамгайлж байна. Өөрөөр яах юм гэлтэй ч бас тийм биш. Хэрэг дээрээ цагаан, улаан Оросынхоос илүү хатуу хандлага, шулуухан бодлого гэж харагдана.Орост арми, флот хоёроос өөр холбоотон хэзээ ч байхгүй, бусад нь урваад алга болдог гэсэн Александр хааны үгийг оросууд өдөр алгасахгүй дурсаж байна. Оросын төрийн бодлого ч, олон нийтийн сэтгэлзүй ч ийм болсон. Энэ нөхцөлд Монгол маань саяхан хүртэлхи холбоотон Оросоос урвах юмуу, урвасан мэт ойлгогдохуйц ямар нэг үйл хөдлөл хийхээс зайлхийх ёстой болно. Оросууд аливаа асуудлыг шулуухан ба тодорхой тавьдаг болсон.Жишээ нь, Крымын хойг Орост нэгдсэн.Оросуудын логикоор энэ нь Крым хүн амынхаа санаачлага, санал хураалтаар эх орондоо эгэж ирж нэгдсэн зүй ёсны хэрэг. Барууны ойлголтоор энэ нь оросууд Крымыг тусгаар улс Украинаас таслаад авчихсан (Annexation)зүй бус хэрэг. Нэгдсэн, нэгдэгсэн гэх нь хоёр өөр ойлголт. Тэгвэл Монгол Улс юу гэж үзэж байгаа юм? В. В. Путины Орос орон ийм л асуулт тавьж, хариултыг хүлээх нь дамжиггүй. Гэтэл Монгол Улс байр сууриа тодорхойлох, илэрхийлэх нь үнэндээ хүндрэлтэй. Дуугүй байх нь зөвшөөрсний тэмдэг гэдгээр явж буй байх. Гэлээ гээд өнөөдрийн Оросын хувьд энэ ч хангалтгүй. Орост дэмжлэг хэрэгтэй тийм цаг үе. Улс хоорондын дипломат харилцаа бол урт удаан хугацааны нарийн нягт тооцоотой, өгөө аваатай үзэгдэл, үйл явц. 
           Өнөөгийн Орос ерөнхийдөө шудрага бодлого баримталж байна, баримтлахыг хичээж байна. Үүнийгээ стратегийн хувьд алсдаа өгөөжтэй, ирээдүйтэй гэж үзэж байна. Ингэж хэлэх нь Барууны ертөнц шудрага биш гэсэн үг хараахан биш. Их гүрнүүдийн стратегийн өрсөлдөөний арга хэрэгслүүд олон. 
          “Монголын асуудал”гэгчийг хашилтад авах Кушелевын уламжлалыг бид баримтлах нь зүй боловч монголчууд бид Монголынхоо асуудлаас хаа холдох.“Монголын асуудал” нь орос-монгол-хятадын гурамсан харилцааны асуудал бидний хувьд байсан, цаашид ч байна. Үүнээс цааш гарахаар гуравдахь хөршийн асуудал тавигдана. Гуравдахь хөрш маань АНУ гэвэл Орос, Хятад хоёрын аль алинд оппозици.Иймэрхүү логик зөрчилтэй нөхцөлд “Монголын асуудал” нь манай гадаад бодлогын стратегийн баримжааллын түвшиндээ түвэгтэй болж ирнэ. Гэхдээ энэ түвэгтэй орчин нөхцөлд ч бид гол баримжаагаа сонгож авах, практик дээр баримтлах шаардлагатай болно. Учир нь олон улсын байдал бүхэлдээ нэн түвэгтэй болж ирэв. Оросыг тал татах уламжлалаас татгалзах эсэхээ шийдэх хэрэгтэй болно. Ахмад үеийнхэндийлэнхидээ  асуудлыг ойлгож яваа. Харин залуу үеийнхний хувьд оросууд гэхээр хөл бөмбөг тоглож чаддаггүй рашн гэхээс илүү ойлголт, мэдлэггүй нь дийлэнхи. Их мэдлээ гээд бензинийхээ үнийг бууруулж Монголд тусладаггүй Орос л гэж мэднэ. Монгол юугаар Орост туслачихаад хариу хүсч буй билээ. Гэхдээ гол асуудал энэ мэтхэнд бус.
           Монголын Эзэнт гүрний уламжлал сайн муутайгаа шингэж үлдсэн өргөн уудам бүс нутаг бол Еврази дахин. Жишээ нь,“Алтан Ордын Бат хаан бол Орос улсыг үндэслэгч”гэсэн ном саяхан Орост гарсан л байна.Евразид тохирох нь Ерөнхийлөгчийн засаглал. Улмаар үндэсний томоохон лидер жолоодогчийн мөрөөдөл ба биелэлийн асуудал. Путин, Си Жиньпин, Назарбаев, Карымов, Алиев гэхээр үл барам, Рамзан Кадыров. Монгол дахь либераль ардчилсан тогтолцоо бол энэхүү олон хар хэрээний дунд тохиолдсон ганц цагаан хэрээ. Энэ нь сайхан хэрэг гэлтэй боловч олон улсын харилцааны орчин нөхцөлд харилцагч талуудын дээд удирдлагын хуулийн статус, бүрэн эрхийн зөрөөнд хүргэх зэрэг зөрчлийг агуулахгүй гэх газаргүй.
          Тусгаар тогтнол. Монгол Улс бол шинэ тогтсон тусгаар улс биш, уламжлалт улс. Дэлхийн хэмжээний Эзэнт их гүрний голомт төв байсан Монгол Улсын тусгаар тогтнол нь олон улсын тавцанд автоматаар хангагдаж, илүүц тайлбар сэлтгүй ойлгогдож байх ёстой. Тиймээс Монголчууд өөрсдөө тусгаар тогтнолыг улиглан ярьж хэлэлцэх хэрэгцээ төдийлэн байхгүйг анхаарах хэрэгтэй. Улиглан ярих нь Монголын тусгаар тогтнол гэж ямар нэг эмзэг ээдрээтэй асуудал байдаг мэт сэтгэгдэл олон улсад төрүүлэх осолтой.
         Үлгэрлэвээс, Улаанбаатар дахь Тусгаар тогтнолын ордон-г гаднын хүний нүдээр харахул эднийх тусгаар тогтнолынхоо хувьд тулгамдсан эмзэг асуудалтай юмуу гэх сэтгэгдэл төрдөг байж тун болзошгүй. Хоёр хөршийн хувьд ч эднийх одоо тусгаар тогтноогүй юм шиг юу гэх гээд юу байнаа гэсэн асуулт гарахгүй гэх газаргүй. 
         Тиймээс эл бичээч миний бие хэзээнээс нам бус боловч хуучин үед МАХН-ын ТХ-ны техникийн түвшний ажил хэргийн гүйцэтгэгч чамгүй олон жил байсны хувьд өнөөгийн МАН-ын удирдлагаас хичээнгүйлэн хүсэх нь: дээр дурдсан ордноо Imperial Palace хэмээн даруй шинээр нэрлэмү. Дэлхийн олон нийт монголын түүхээр бахархах нь нийтлэг. Зочид, түүний дотор АСЕМ-н дээд хэмжээний уулзалтынхан хаана ирснээ хараад бахархаг л дээ. Монголчууд бид юмыг томоор нь сэтгэх, гүйцээж бодох чадвар тун дульхан болжээ. Хуучин хотын намын хорооны хоёр давхар байшинг нураахад ахмадууд нь их дургүй байсныг би мэдэх юм. Тэнд би хотын удирдах хүмүүстэй долоон хоног өдөр шөнөгүй сууж оросоор бэлтгэсэн материалыг Б. Алтангэрэл дарга Москва хотын дарга В. Гришинтэй хийх хэлэлцээрт авч орсны үр дүнд 4-р хороолол боссон түүхтэй. Тийнхүү монгол Манхаттен бүрэн цогцолжухуй.Гришин дарга 08 цагт бууна гэж байхад сүүлчийн материалыг би 02 цагт хүргэж өгөхөд Алтангэрэл дарга гэртээ бэлэн хүлээж байв. Одоо тийм дарга цэрэг байдаг ч уу, үгүй ч үү.Манайх тэнд “Ардчилал”-д хүссэн байрандаа орсон. Хотын намын хорооны нэг нөхрийн диссертацийг би орчуулж өгсөн ба яг байр хуваарьлах тэр өдөр мань хүн гудамжинд тааралдаад, чи юун их баяртай явна вэ, хөө гэв. Байр авах боллоо гэтэл, яг ямар байр авахаа хэл, би ороод ирье гэлээ. Дээд давхарт наран талд гээд тэр ёсоор болсон. Тэр үеийн авлига, хээл хахууль, арын хаалга гэмээр юмуу даа. Миний оролцоотой том барилга байгууламж ганц энэ биш л дээ. Тиймээс Imperial Palace-н тухайд би нэг их алдахгүй шүү. Энэ эрхэм нэрийг одоо өмчлөхгүй бол хожим хождоно доо. Empire Building гэж бас болох талтай. Хотын намын хорооны хуучин 2 давхрыг шөнө дөлөөр нууцхан нураагаад аччихсан юм. Түүнлүгээ нэг шөнө хаягаа сольчих. 
          Гадаад бодлогын салбарт “төвийг сахих” гэдэг үг ойлголт яригдаж эхэллээ. Төвийг сахидаг тусгаар тогтнолын асуудал үүсэхнээ гэж томъёолохул эхнээсээ логик зөрчилгүй биш харагдана. Гэхдээ тусдаа асуудал тул энд орхихоос.
         Түүхнээ хамгийн аугаа Эзэнт гүрний уламжлалт Монгол Улсын тусгаар тогтнол бол нийгмийн аливаа хэлэлцүүлэг, илүүц сурталчилгаанаас гадуурбайгалийн хэмжээний үнэмлэхүй үзэгдэл юмаа гэж монголчууд бид өөрсдөө томоор нь сэтгэж сурвал зохино. 

Мөр хооронд хавчуулах нь

                 Ардын эрхэм уран зохиолч

              Ийм цолтон хэд байсныг мэдэхгүй. Лав нэг нь Л. Цэнд-Очир. Түүний охин жүжигчин Ц.Цолмон хэвлэлд ярилцлага өгсөн далимаар мөр хооронд хэдэн үг хавчуулъя. 1984 онд юм. Орос, англи хэлээр гардаг “Монгол Улс” сэтгүүлийг би эрхэлж байв. Бидний Бурханы зураг гэж ярьдаг зүйлийг угтаа танка гэнэ. Буддын шашны урлагийн үндсэн төрөл. Сэтгүүлдээ хэд гурван монгол танка тавьсу гэж санаанд ороод хөөцөлдөж эхэллээ. Намын ТХ-гоор орлоо. Тэндээс Соёлын яамны сайд агсан Дондогийн Цэвэгмид гуай руу илгээгдлээ. Тэндээс мөн Соёлын яамны хэлтсийн билэв үү, тасгийн билэв үү дарга Л. Цэнд-Очир гэдэг хүн дээр очиж шийдүүлэхээр боллоо. Очлоо. Хэрэг зоригоо хичээнгүйлэн тайлбарлахаар ам нээх завдал өгөлгүй мань хүн шулуухан хэлж байна: “За, хүү минь чи бид хоёр маргааш өглөө НАХЯ-ны 3-р хэлтэст дуудагдахад яг бэлэн болоод байна даа”гэж. Өврөөсөө хавтас нь нилээд илэгдсэн бэсрэгхэн тэмдэглэлийн дэвтрээ гаргаж ирээд дээд газрын тогтоол, заавруудыг нэг бүрчлэн уншиж өглөө.Би шоконд орж нурууны үс босч байна. Хэвлэлд Бурханы зураг тавьж болохгүйг би нэг муу мэдэлгүй яахав, гэхдээ тийм олон тогтоол, заавар холбогдоод ирэх юм гэж хэн мэдлээ. Хэрэв би сэтгүүлдээ музейгээс танка зураг өнгөтөөр татаж тавина гэж зүтгээд, Л. Цэнд-Очир гуай зөвшөөрөхүл НАХЯ-нд дуудагдахаар үл барам тэндээс буцаад гарах найдлагагүй нь тодорхой байлаа. Редакцид эргэж ирээд ийм юм боллоо гэж нэг ахмад хүндээ хэлсэнд, аргагүй ээ, хөөрхий, их хэлмэгдэж явсан хүн шүү дээ, цаадахь чинь гэв.

                Дондогийн Цэвэгмид

          Нэрт зохиолч,  дипломатч түүхэн хүн. Дээр дурдсан тохиолдлоос өмнө юм. Саарал байшин луу намайг дуудаад ямар нэг юм оросоор орчуулах даалгавар өглөө.Орчуулаад туслахад нь өгтөл, даргад өөрөө өг гэв. Өглөө, мань хүн, хүүд нэг юм өгөх гэсэн юмсан гээд ширээгээ онгичоод ихэд удлаа. Би зогсоод байлаа. Хуучин үеийн дарга нарын том ширээний нүднүүдийг нэг бүрчлэн онгично гэж барагдахгүй ажил. Энэ одоо юу өгөх хүн юм бол гэж гайхаад байлаа. Тэгтэл арай гэж олоод над руу сарвайсан нь ганц бохь. Тэр үед ганц бохь гэдэг чинь ховор том бэлэг. Хувааж зажлана, бие биеийнхээ амнаас гуйж авч зажлана шүү дээ. Би их баярлаж билээ, бохинд нь бус, настай хүн хишиг хүртээх гэж тэгэж их санаа талибаж, зүтгэл гаргасанд нь. 
          Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, Соёлын яамны сайд Д. Цэвэгмид гуай миний нэр мэдэж, зүс мэдэх болсноор Л. Цэнд-Очир гуайд, наад хүүхэд чинь Бурханы зураг тавина гэж хөөцөлдөөд хэрэгт орохнээ, чи нэгсайн ухуулаач гэж утасдсан хэрэг байх.
          Чухал нь юув гэвэл, мэндэлснийх нь 100 жилийн ойд зориулсан ном саяхан гарчээ. Д. Цэвэгмидийн хувийнх нь тэмдэглэл, дурсамжуудаас бүрдсэн маш сонин сайхан, өнөө үеийнхэнд үлэмж сургамжтай ном байна. Монголын социалист төрийн томоохон зүтгэлтний өв сангаас өнөө цагийн төрийн ажилтан, албан хаагчид суралцууштай. 

                      НАХЯ

                   Бурханы зургийн асуудал бүтсэнгүй тул шинэ сэдэв олох хэрэгтэй боллоо. Цагдаа, аюулаас хамгаалахын илрүүлсэн хуучин хэргүүдийн материалыг архиваас үзэж найруулал бичье гэж бодлоо. Ер нь бол олон улсын хэвлэлд анхаардаг сонирхолтой сэдэв л дээ. Санал тавьлаа. НАХЯ-ны намын хорооны дарга хурандаа Юндэндорж гэдэг хүн аймаар найрсаг хүлээж авлаа. Дэмжиж байна гэж жигтэйхэн. Хотын цагдаагаас нэг офицерыг дуудаж надад туслах үүрэг өгч байх юм. Тэр даруй би ээлжийн амралтаа авлаа. Амраад иртэл намайг ажлаас халчихжээ. НАХЯ-наас хүн ирж явцуу хүрээнд хурал хийлгээд халсан гэнэ. Байгууллагын захиргаа болохоор надгүйгээр бүтэхгүйгээ мэдэх тул ажлаа хийж бай гээд асуудал мартагдаж өнгөрсөн. 
          Түүнээс нилээд өмнө юм, НАХЯ-ы залуу ажилтнуудад орос хэл аах үүрэг авлаа. Долоон хоногт нэг удаа юмдаг. Орос хэлтэй залуус байсан, гэхдээ орос хэлтэй байх, соёлтой, идэвхитэй, бүх талын хэрэглээний орос хэлтэй байхын хооронд хол зайтай. Хичээлийн үед миний ам халж болох болохгүй юм ярих тохиолдол байсан байх. Тэгээд нэг өдөр Бугын Дэжид сайд болиул гэжээ.
          1990 онд Англид сурахаар одлоо. Суралцагсдын дотор Монголын НАХЯ-ны нэг хүн зайлшгүй байхыг сургуулийн багш нар мэднэ. Намайг гэж бодоод, ажиглаад нилээд явсан хэрэг. Монголд байдал ноцтой эргэсэн тул буурал үстэй бурхиа энэ удаа тавьжээ гэж итгэжээ. Гэтэл би гэдэг хүн сэтгүүлч, тэгээд үнэхээр сэтгүүлч л харагдаад байдаг.Жинхэнэ сэтгүүлчийг олон улсад хялбархан таньдаг, сэтгүүлчид ч бие биеэ холоос хараад таньдаг юм л даа. Яваандаа багш нар хэн нь хэн болохыг таниад нэг удаа манай хүнийг шууд чи Монголын Кэй-Жи-Би гэж хуруугаар чичлэн зааж билээ.
        Английн тусгай албад ч маш нарийн ажилладгийг биеэр зарим жишээгээр мэдэх боловч энэ нь тусдаа асуудал.


Leave a Reply

Labels