Монголын Нийгмийн Гэгээрэл Сэхээрлийн Асуудал

0 Сэтгэгдэл бичих:
Судлаач Бэсүд Ч. Эрдэнэ


           Ийм сэдэв. Энэ сэдвийг хөндөж сэдрээхгүйгээр монголын өнөөгийн нийгэм санаатай санамсаргүйн хооронд маанагтсаар Монгол Улсын ирээдүй хойчид аюул занал учруулж болзошгүй байна. Ингэж хэлэхэд хэтрүүлэг байлаа гээд тун ялихгүй.
            Соён гэгээрүүлэгч ТВ байна. Цаана нь мэдээж бодлого зорилго буй. Гэтэл монголын нийгэмд соён гэгээрэх эрэлт хэрэгцээ, эрмэлзэл тэмүүлэл нь байгаа юмуу? Зөөлрүүлж хэлбэл, байхгүйтэй адил. Угтаа байхгүй.
            Эрэлт байхгүй нөхцөлд хангалт хийх ямар ч боломжгүй. Харанхуй дүлий хар хад мөргөж байна. Оюуны сэрэл үүсэхгүйгээр манай нийгэм мэдрэмжээ бүрмөсөн алдах магад боллоо. Мэдлэг хүртэж, мэдээлэл хүлээн авах чадвар нийгмийн бүх түвшинд устаж мөхлөө.
Чухам ийм таагүй нөхцөл, бурангуй орчинд бид цуврал лекц хийх юм. Үндэсний эрхэм дээд ашиг сонирхлын үүднээс маш чухал, баталгаа нотолгоо бүхий мэдлэг, мэдээлэл өгнө. Шинэ мэдлэг, ноцтой мэдээлэл нь  байна уу, байна. Харин ийм юмыг монголын олон нийт, Монгол Улсын төр засагт хүргэхэд нэн хүндрэлтэй нь өнгөрсөн жилүүдийн гашуун туршлагаар харагдлаа. Капиталист анхны хуримтлалын үе шатанд зайлшгүй үүссэн энэхүү нөхцөл байдлыг та бид даван туулах ёстой. Даруй эргэлт хийж, даван туулахгүй аваас цаашид Монгол Улсын хоцрогдол, монгол үндэстний сүйрэл эргэлт буцалтгүй нүүрлэх болно.
Эн түрүүнд өнөөгийн төв монгол үндэстний оюун сэтгэхүйн эрүүл ахуйн асуудалд ард нийт, төр засгийн анхаарлыг хандуулах шаардлага тулгамдлаа.
Зөвхөн сонирхуулах төдий бус, үндсэндээ сургалтын чанартай манай цуврал лекц дараахи сэдвүүдийг дэс дараалан хамрана. Үүнд:
1.     Нийгмийн оюун сэтгэхүйн эрүүл ахуй,
2.     Орчин үеийн сэтгэлгээний соёл,
3.     ШУ-ч аяс хандлага, төлөв түвшин,
4.     Мэдээллийн соёлын учир зүй,
5.     Монгол-төвт үзэл баримтлал, түүний баталгаа,
6.     Супернэгдлийн онолын үндсэн постулат, түүний баталгаа,
7.     Тэнгэр шүтлэг, бөө мөргөлийн физик онолын үндэслэл,
8.     Ирээдүйн ШУ, технологийн асуудал.
9.     Монгол Улсын стратегийн бодлого, зорилгын асуудал.

            Нийгмийн сэтгэл мэдрэлийн эрүүл ахуй гэсэн ойлголт бий. Онцгой анхаардаг, ноцтой зүйл. Капиталист анхны хуримтлалын үе шатны амь өрссөн ширүүн зөрчил тэмцлийн явцад энэ эрүүл ахуй бүрнээ алдагдаад, аюултай нь, бүрмөсөн ужиграх төлөвтэй. Энэ тухайд анхаардаг цөөн хэдэн ерөнхий зүйл бий. Тун товчилбол, бодит сэтгэлгээний л асуудал. Гэхдээ бодит сэтгэлгээ нь заримуудын хүчтэй сурталчилж, хүчээр нэвтрүүлж буй прагматик бэртэгчин үзэл баримтлалд огт хамаарахгүй. Прагматизм нь хар аяндаа тэнэг болгодог зүйл. Учир нь, хүн бидний гол эрхтэн маань  эрхбиш толгой, уураг тархи шүү дээ. Бүдүүн нарийн гэдэс, бэлэг эрхтэн сэлт хараахан бус. Нийгмийн эрүүл ахуй алдагдсан нөхцөлд бэртэгчин нийгэм үүсч, улмаар оюуны сонирхол, эрүүл саруул, эрчимтэй сэтгэлгээний эрэлт хэрэгцээ устаж, улс үндэстэн зогсонги байдал, мөхлийн замд ордог.            
            Хоёр соёл байна. Оюун сэтгэлгээний соёл. Уран сайхны соёл. Хэзээ ч хоёр төрлийн соёл байсан. Жамны ёсны зүйл. Гэвч орчин үеийн нөхцөлд асуудал нь хурцадсан. Хурцадсан нь хоёр соёлын зохистой харьцааны асуудал. Аль нэг нь ач холбогдлоор илүү юмуу, дутуудаа бус. Хоёр соёлын тэнцвэр алдагдсан. Өрөөсгөлдөх болсон. Энэ тухай; 1959 онд английн зохиолч, физикч Чарльз Сноу лекц уншиж, ном бичсэн нь дэлхий даяар хэлэлцэгдсээр байна.
            Орчин үеийн соёл иргэншил шинжлэх ухаан (ШУ)-д тулгуурлаж байна. Энэ бол үндсэн баримт. Оюун сэтгэлгээний соёл, ШУ-ч аяс хандлага, чиг баримжаа, бодлого зорилго давамгайлах үр нөлөө, ашиг тустай байна, байх ёстой гэсэн үг.
Монголын өнөөгийн нийгэмд хоёр соёлын харьцаа бүрэн алдагдаж, хэтэрхий өрөөсгөлдсөн байна. Сайн дурын уран сайханчдын хувьд монголчууд бидэнтэй эгнэх нэг ч улс үндэстэн дэлхийд байхгүй. Уран сайхны соёлын талд хэт хэлбийж, түүндээ уусан автсанаар оюун сэтгэлгээний соёл гэж бас байдгийг анзаарч мэдэхгүй явсаар байна. Энэ нь эцэстээ үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн үйл явц болох нь одоо ч илт.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л. Гантөмөр саяхан 100 компанид хандаж, нийгмийг гэгээрүүлэгч байхыг уриалжээ. Гэгээрүүлэх үүрэг нь энэ сайдын хариуцсан яаманд ногдох боловч гэгээрэл гээчийн тухай ерөөс санасан нь бас сайн хэрэг. Суурь ерөнхий боловсрол навс унаад нэг үе өнгөрч хоёрдахь үедээ орсон нөхцөлд гэгээрүүлэх нь БШУЯ буюу угтаа сонгомол утгаараа гэгээрлийн яамнаас эхлэх ёстой.
Үүний мөрөөр нийтлэлч Д. Мөнгөндалай “Сэтгүүлчид мухар сүсгээс ангид байж, шинжлэх ухаанчаар нийгмийг гэгээрүүлнэ”  гэж амлажээ. Шинэ үеийн сэтгүүлчид мухар сүсгээрээ аливаа бусдаас илүүгүй, дутуугүй, харин ШУ-ы боловсрол, бэлтгэлээр даанч санаа зовмоор нимгэн. Ер мухар сүсэг гэж их ярих, эрс тэс хэлэх нь өөрөө мундаг мухар сүсэг юм шүү. Философи ба логикт сайшаадаггүй зүйл. Мухар сүсэг, сохор итгэлийн сэжим хүний төрмөл зөнд байтугай,  ШУ-д ч зөндөөн байна. Тэр бүү хэл, ШУ нь тэр чигээрээ үнэн хэрэгтээ мухар сүсгийн шинж чанартай явж иржээ гэсэн дүгнэлт ШУ-ы талаас гараад ирэхүл хэрхэх. Гараад ирчихсэн. ШУ-д маргаан мэтгэлцээний горим л байх боловч ийм ба иймэрхүү дүгнэлтүүдтэй маргаж мэтгэлцсэн нь огт алга. Нарийн ширийн учир байдлыг хойшид дурдана.
Сэтгүүлчдэд байтугай, Монголд тэр гэгээрүүлэх ШУ нь байгаа юмуу? Байдаг бол сайд нь тийшээ хандмаар юм. Сая Монгол Улсыг ерөнхийлөхөөр дахин сонгогдсон Ц. Элбэгдорж гэдэг хүний мөрийн хөтөлбөрт “шинжлэх ухаан” гэсэн үг алга. Монголд байхгүй юмыг ор тас мартчихсанд юу нь буруу байхав. Харин ер цаад дэлхийд тань ШУ гэж юм байдаг гэж сануулаад ч хүлээж авдаггүй хүн юм билээ, Элбэгдорж.      
 Мөн сайдын уриалгын мөрөөр Б. Нямаа “Сэтгүүлчид нийгмийг гэгээтэй болгох бүхнийг сөнөөж байна” гэжээ. Гэгээтэй болгох юу, ямар юм хаана, хэзээ байгаад, яагаад заавал сэтгүүлчид нь олж очиж сөнөөгөөд байгаа юм бол. Үнэн бол хэцүү л хэрэг. Нотлох баримт сэлт нь байна уу, үгүй юү. Сэтгүүлзүй бол хүссэн хүсээгүй нийгэм өөрөө л байдаг. Сэтгүүлзүй нь нийгмээс онцгой сондгой тасарч гараад эргээд гэгээрүүлэх алба үүрдэг институци огт биш. Танай нийгэм гэж ийм юм байна гэдгийг хэлж өгч, үзүүлж харуулахаар нийгэм нь яах ийхээ бодвол бодох, үгүй бол үгүй, ийм л юм. Гэгээрүүлье гэж сайн дурын үүрэг хүлээж, иргэний идэвхи санаачлага гаргавал сайн л хэрэг, тийм жишээ баримт ч сэтгүүлзүйд байна. “Соён гэгээрүүлэгч” телевиз ажиллаж байна. Олон нийтээс завшааныг ашиглан оролцож байна.
Ер нийт байдал, нийгмийн ерөнхий төлвийг ажваас, эхлээд уламжлалт ба орчин үеийн оюун сэтгэлгээний  соёлын тухай тодорхой, хамгийн энгийн ойлголтуудыг нийт нийгмийн хүрээнд, нийгмийн бүх түвшинд өгөхгүйгээр гэгээрүүлэх тухайд ярихын ч хэрэггүй нь илэрхий байна. Энэ бол эмгэнэлтэй, гутамшигтай дүр зураг.  
Гэгээрлийн тухайд ажил хариуцсан сайд нь сая нэг санаж, нийтлэлчид худал үнэн дагаж хийрхэхдээ хаягаа андуурч будилаад байна. Энэ нь монголын нийгмийн эрүүл ахуй бүх түвшиндээ осолтой алдагдаж өвчилсний шинж.
Гэгээрүүлэх үүрэгтэй субъект хоёр байдаг. Энэ нь төр ба шашин. Соёлт иргэний нийгэм ийм зарчимтай. Төрийг энэ тухайд сайд Л. Гантөмөр төлөөлөх тул ШУ-даа хандаж уриалах байтугай, тушаал гаргаж суух эрх, үүрэгтэй. Шашин нь төрөө дээдлэх тул төрийнхөө гэгээрүүлэх бодлогод даган баясаж, шашны буюу ёс суртахууны гэгээрлийн асуудлыг даах ёстой. Гэтэл ШУ нь байхгүй, шашин нь язгуур утгаа умартсан нөхцөлд төрийн сайд сэтгүүлчдэд хандаж, тэднийг Б. Нямаагийн үгээр бол “Гэгээрээд өгөөч ээ” гэж гуйсан нь аргагүйдсэнийх байх. Сэтгүүлчид хичнээн гэгээрлээ гээд, нийгмээ соён гэгээрүүлэх гэж хичнээн зорьж зүтгээд төр, шашныг орлон тоглож чадахгүй шүү дээ.
Боловсрол, гэгээрэл, сэхээрэл бол хүний нийгмийн хөгжил, дэвшлийн үндсэн хүчин зүйл. Гурамсан үзэгдэл. Боловсрол, гэгээрэл, сэхээрлийн асуудлыг Оюутолгой, Тавантолгойгойн горьдлогоор орлуулж сольж хэрхэвч болдоггүй. Иргэний төр боловсрол, ШУ-аа хариуцна.  Шашин нь ариусал гэгээрэл, ёс суртахууныг хариуцдаг.
Төр нь шашнаа хүндэтгэхийн тулд тийнхүү хүндэтгэх учир шалтгаан барим тавим тодорхой байх ёстой. Шашин нь нийгмийн өмнө, улс үндэстний өмнө тодорхой үүрэг хариуцлага хүлээх ёстой гэсэн үг. Ямар үүрэг хариуцлага? Хөгжингүй нийгэмд энэ талаар баримталдаг зарчим бий. Амьдрал дээр нь арай илүү мэдэхийн хувьд Англиар жишээ авъя. Ноцтой гэмт хэрэг тэнд ч тохиолдоно. Ийм тохиолдолд төр засаг, түмэн олон нь шашинтайгаа хариуцлага тооцож эхэлдэг, буруушаан шүүмжилж, бөөн хэлэлцүүлэг улс орон даяар өрнөдөг. Төв, орон нутгийн хамбууд нь тэр гэмт хэргийн гол буруутан болдог. Төр засаг нь гэмт хэрэгтнийг олж бариад шүүхээр хуулийнхаа дагуу ял шийтгүүлэх л үүрэгтэй. Харин гэмт хэрэг гаргуулахгүй ёс суртахуунтай болгох, байлгах үүрэг нь шашинд ногддог. Хөгжингүй нийгэмд үүрэг хариуцлагын хуваарьлалт ийм зарчимтай.
Тэгвэл Монголд байдал ямар байна? Хүүхэд залуучууд ахуйн газ үнэрлэж мансуурсан хэрэг 16000-ыг Монголын цагдаа бүртгэсэн мэдээ хэвлэлд байна. Түүний дотор амь насаа алдатлаа хордож мансуурсан тохиолдол цөөнгүй гэнэ. Архи, пивоны хэрэглээ, нөлөөг ярихын ч хэрэггүй. Химийн бодисоор мансуурах үзэгдэл нийтлэг хэмжээнд нүүрлэжээ. Яагаад? Төр нь хүндээ зөв сэтгэх мэдлэг боловсрол өгч чадахгүй байна. Оюун сэтгэлгээний талыг ор тас орхигдуулсаар  байна. Үр дүнд нь уураг тархи нь мансуурах зориулалттай, маанаг тэнэгийн эрхтэний үүрэг гүйцэтгэх боллоо. Байгалиас заяасан эрхтэн нь нэгэнт буй учраас тэр нь зүв зүгээр байж чадахгүй. Тэгээд бэлэн олдсон ганц боломж нь мансуурах. Монголын нийгэм нийтдээ дээр дооргүй мансуурлын төлөвт орчихоод, түүнийгээ ч мэдэхгүй дэмий тэнэж яваагийн учир энэ мэт.        

Мухар сүсэг, сохор бишрэл нь ШУ, шашинд хоёуланд нь ав адилхан харш зүйл. Үүнийг мэдэх нь аль аль талдаа их чухал. Манай нийтлэлчид шашныг мухар сүсгийн тоонд оруулж бичих нь элбэг үзэгдэнэ. Энэ нь энгийн наад захын боловсролгүйн харгай.
Дураар дэмий балай чалчих, санаан зоргоор хйи бурах нь хэвлэл, мэдээллийн эрх чөлөөнд харш гэдгийг бас хэлэх хэрэгтэй. Нэг үе олон улсын хэвлэлд хамгийн чалчаа үндэстнийг жил бүр шалгаруулдаг байсан. Одоо Political correctness буюу улстөрийн хувьд зүй зохистой байх гэж нэг ёсзүйн чанартай зарчим яригдах болсон тул чалчааг шалгаруулахаа больчихож. Албан ёсоор шалгаруулсан үгүй монголчууд бид чалчаагаараа толгой цохих болоод 20 гаруй жил боллоо. Энэ их эх захгүй чалчаа нь клиникийн хэмжээний оюуны хоцрогдлын ноцтой онош тэмдэг. Ийм хоцрогдол цаашдаа сэтгэл мэдрэлийн согог өвчин болж урхагшдаг. Ийм хоцрогдол, өвчнийг тэнгэр шүтлэг, бөө мөргөлд тархины тураал гэж нэрлэдэг юм байна. Маш оносон нэр томъёо. Аль нэг эрхтэнийг байгалиас заяасан зориулалтаар нь ажиллуулахгүй бол тураалд орж, хатаж хорчийгоод зүйл дуусдаг. Энэ нь ердөө л биологийн хууль.
Зах замбараагүй чалчааг улс төр, сэтгүүлзүй хоёр хүч хавсран нэвтрүүлж байна. Чалчаа нь сэтгэл мэдрэлийн согог, оюуны хоцрогдол, ердөө л ырваатлын шинж тэмдэг. Их бодох, бага ярих. Сэтгэлгээний соёлын хэм хэмжээ энэ. Ж. Гүррагчаа сансарт нислээ. Түүнтэй цэрэгт хамт байсан хоёр ч хүн надтай ажиллаж байсан юм. Гүррагчаа чухам ямар төлвийн хүн болохыг тэднээс сонирхон асуухад, ер нь бол аливаад хамгийн сүүлд дуугардаг, гэхдээ нилээд жинтэй дуугардаг маягийн залуу байсан гэж билээ. Энэ нэг юм хэлээд байгаа биз.    
Мухар сүсгийн асуудлыг тодотгож өгөхгүй бол энэ тухай дахь төөрөгдөл, самуурал их байна. Итгэл бишрэл, мухар сүсэг хоёр нь хавьтахгүй өөр өөр үзэгдэл. Хольж сольж будилах хэрэггүй. Шашин бол итгэл бишрэл. Ямар нэг дээд хүчин, эцсийн үнэн оршин буй тухайн итгэл бишрэл. Энэ үүднээс ШУ-ы шашинлиг шинж чанар урган гардаг тухай Эйнштейн ч авч үзэж байсан. Учир нь ертөнцийн оршихуй хувьсахуйн эцсийн учир шалтгаан, эх сурвалж оршин буй гэж итгэж биүрээд түүнийг нээж олоход ШУ-ы туйлын зорилго оршино. Энэ тухайд бид дараа дараачийн лекцэнд дэлгэрэнгүй ярилцах боловч энд дурдууштай нь дараахи юм. Онолын физикийг үндэслэгч Исаак Ньютоны үзсэнээр, Бурхан нь Дээд Оюун санааны тухай ойлголт юм. Ертөнцийг тодорхойлж буй тэр оюун санааг яаж нэрлэх нь нэрийн төдий асуудал. Монголын уламжлалд Тэнгэр гэдэг. Тэнгэр, Бурхан нь үнэмлэхүй буюу оюун ухааны оршихуй юм бол тэр нь суурь ШУ-ы үүднээс универсаль математик машин байхаас өөрцгүй юм.
 Мухар сүсэг нь гэмтэй гэмгүй юу ч байж болно. Хүний дотоод итгэл бишрэл нь үндсэндээ төрмөл талдаа үзэгдэл, байгаль, түүхийн зүй тогтолтой төлөв. Харин мухар сүсэг нь цэвэр таримал талдаа үзэгдэл. Мухар сүсгийн зүйлийг тарьж төрүүлдэг нь мухардаж гацсан, гажиж гуйвсан, буруу зөрүү тайлбарлагдсан ШУ ба шашин. Аливаа ардын заншилд гэм хоргүй мухар сүсгийн зүйл бишгүй бий. Атомын физикийг үндэслэгч Нильс Борын нээлтийг мөнхжүүлэх зорилгоор Данийн пивоны концерн онолын физикийн хүрээлэн байгуулж өгсөн нь дэлхийн ШУ-ы нэг сонгомол төв одоо ч байна. Хүрээлэнгийн байр ашиглалтад ороход нь Бор гол хаалганыхаа тотгон дээр европ заншлаар морины тах зоочихсонд гайхсан хүмүүс, та хүртэл ийм юманд итгэдэг юм биш биз дээ гэсэнд Бор, итгэдэггүй хүнд ч тус болдог юм гэсэншдээ гэжээ. Энд ардын заншил дахь мухар сүсгийн гэм хоргүй тал илэрч байна.
Энэ тухайд бас нэг зүйлийг анзаарч мэдэх шаардлагатай. Социализм нурж унахтай уялдуулан Барууны судалгааны төвүүд, тусгай албад социализмд төрж өссөн хүний ерөнхий шинж төрхийг судлахад ихэд хичээнгүйлэн анхаарсан юм. Тэгээд гарсан дүгнэлт нь юув гэвэл, социализмаас шилжиж буй хүн ард ШУ-ы боловсролын түвшнээр дориун юм, тийм мөртөө яагаад ч юм мухар сүсэг ихтэй юм гэж. Миний бодоход, шашингүйн орчин нөхцөлд шашныг мухар сүсэг орлосон хэрэг байх. Тиймээс өнөөгийн нөхцөлд уламжилсан мухар сүсэг нь дарангуйллын тогтолцооны улбаатай. Танай судлаач миний бие тийм судалгааны объект болохдоо зориудаар мухар сүсгийн зүйлийг фантазлаж өгсөн удаатай. Гаднын стратегийн зориулалттай судалгааг тэр мэт төөрөгдүүлэх нь Их Монгол Эзэнт гүрний үеийн уламжлал юм байна билээ. Рубрук ирэхдээ үздэгээ үзэж, хардгаа хараад ном бичсэн. Түүнээс гадна монголчуудтай ярилцаж тэдний үзэл бодол, мэдлэг мэдээллийг тандсан байгаа юм. Тэгэхэд нь монголчууд баахан хачин фантаз юм яриад өгчихсөн нь бас нэг номын хэмжээний юм байх ба тэр нь далд байгаад сүүлийн үес ил гарлаа.  
Бид дэлхийн байдлын нэн эгзэгтэй цаг үед амьдарч байна. Олон улсын стратегийн судалгаа нь дэлхийн улс төр, эдийн засаг, байгаль орчныг хамардаг. Ерөнхий дүгнэлт, прогноз нь гэвэл, өнөөдөр дэлхийн байдалд юу ч тохиолдсон гайхахааргүй тийм эгзэг осолтой үе ирлээ гэж. Дэлхий дахины улстөрд терроризм бараг ердийн үзэгдэл боллоо. Тухайн үедээ терроризмын анхны үүр уурхайг монголчууд устгасан байдаг. Тэгээд АНУ-ын засаг захиргаа ч мухар сүсгээс ангид биш учраас ядаж ганц рот монгол цэрэг терроризмын эсрэг энхийг сахиулах үйлсэд оролцуулахаар махран зүтгэсэн юм. Дэлхийн дахин санхүү-эдийн засгийн хямралын ирмэг дээр л дэнжигнээд байгаа. Байгалийн гамшигт үзэгдлүүдийн тоо, цар 5 дахин нэмэгдсэн. Зарим гамшигт үзэгдэл 18 дахин өссөн байна. Энэ нөхцөлд 2012 оны 12-р сарын 21-нд ямар нэг аюултай үзэгдэл болох магадлал бага биш. Монголчуудын 30 хувь нь айж сүрдэж хүлээсэн гэж зарим нийтлэлчид буруушаан бичих нь ухаалаг явдал хэрхэвч биш, зүгээр л худал ухаантай царайлсан тэнэг хийрхэл. Байгалийн зөнтэй ард түмнийхээ хувьд монголчууд болгоомжлох нь зүйн хэрэг. Дараахан нь одон орончид огт ажиглаж мэдээгүй солир оросын Челябинскийн тэнгэрт тэсэрлээ. Хот дотор дэлбэрсэн бол тэнд чинь стратегийн зэвсэглэлийн үйлдвэрүүд төвлөрсөн газар. Тэсрэлтийн энерги нь Хиросимад хаясан цөмийн бөмбөгнөөс 30 дахин их гээд бод. Тэр солирыг агаарт нэг хар юм хойноос нь гүйцэж ирээд тэсэлж байгаа бичлэг байна. Хаанахын юу байх вэ. Урьд ч, одоо ч зарим осол сүйрлийн үеэр тэнгэрт тэр мэт үзэгдэл ажиглагдсан нь баримт. Ер нь бол харь хүчний ямар нэг оролцоо, хяналт бодитой болсныг АНУ-ын Ерөнхийлөгч НҮБ-ын индрээс мэдэгдээд олон жил өнгөрсөн. Орчлон ертөнцийн бодит оршихуй, үзэгдэл юмс нэн нууцлаг үлдсээр байна. Энэ нөхцөлд хүн төрөлхтөний суурь мэдлэгийн сан туйлын хангалтгүй ядуу байна. Үүнийг ч дэлхийн ШУ ухаарах боллоо. Ингэж ухаарсан нь оюун сэтгэлгээний томоохон эргэлт.
     


 Монголын нийгэмд ШУ орхигдож, шашин гол төлөв зах зээлийн зорилгоор сэргэж буй учраас оюун санааны гэгээрлийн урьдчилсан нөхцөл алга байна. Эхлээд сэхээрэл баймааж, эрэлт сонирхол үүсч, улмаар гэгээрлийн замд шилжих номтой.  
Төр, шашны зүгээс сэхээрлийн хүчтэй өдөөлт сэдэлт үүсч, үйл ажиллагаа өрнөхгүйгээр нийгэм гэгээрэхгүй.
 Энэхүү удиртгал лекцийн төгсгөлд холбогдох ганцхан зүйлд анхаарал хандуулъя. Дээр хэлсэн бүгд нь завсрын, дайвар дагавар зүйлүүд. Аливаагийн үндсэн эх сурвалж, сэрэл мэдрэл, хөдөлгөгч хүч нь оюуны сонирхол. Монголын нийгэмд оюуны сонирхол унтарсан байна. Тун гайхалтай ба гамшигтай үзэгдэл. Шалтгаан нөхцөл нь юу вэ? Олон олон том жижиг учир шалтгааны хам үйлчлэл байх.
Гэлээ гээд монголын олон нийт дээр дооргүй ганц хүний бичсэнийг сонирхдог, уншдаг, үнэмшдэг. Энэ ч бас сайшаалтай хэрэг. Баабар саяхан бичихдээ: “Хөгжил буурай, хүн ам цөөн, … нийгмийн сэтгэлгээ нь дорой хийгээд ертөнцийн тухай ойлголт нимгэн ийм газар” нь Монгол гэжээ. Би хэлээгүй, Баабар ингэж хэлж байна. Баабартай манайхан маргадаггүй шүү дээ. Тэгээд одоо яахав, яалтай билээ? Хөгжил нь буурай, сэтгэлгээ нь дорой, ойлголт нь нимгэн ийм улс орон цаашид хэрхэх буй? Ерөөс  “…цорын ганц эх үүсвэр гэвэл Монголд ердөө л уул уурхай…” хэмээн Баабар дүгнээд “өөр юугаараа бусдын сонирхол татах билээ” гэж басамжилсан өнгөөр асуужээ. Өөр юугаараа? Үнэхээр ийм асуулт Монгол Улсын өмнө байна. Сонирхол олон янз. Чухам ямар сонирхол болохыг Баабар орхигдуулахаа мэдэж байна. Уул уурхай бол бусдын хомхой ашиг сонирхлыг л татдаг. Улмаар олон улсын стратегийн зөрчил тэмцлийн бай болгож хаядаг. Ийм бай эцэстээ сарампай болж үлдэх аюултайн жишээ баримт дэндүү олон.

Монголоос авах юм нь цорын ганц уул уурхай гэж тэд байтугай, бид итгэж байна. Тэд бидэнд тэгэж үнэмшүүлж байна. Гэтэл хүний нийгмийн түүхнээ цорын ганц эх үүсвэр байдаг. Энэ нь хүний хүчин зүйл. Тэгвэл Монголын хөгжил буурай, хүн ам цөөн, сэтгэлгээ дорой, ойлголт нимгэн нь монгол хүний хүчин зүйлийг үгүйсгэх шалтгаан мөн үү? 

Leave a Reply

Labels