СУПЕР НЭГДЛИЙН ОНОЛ

0 Сэтгэгдэл бичих:


СУПЕРНЭГДЛИЙН ОНОЛ
(буюу дайсны их буу панхийсэн нь)
Би эрж явдаггүй, харин олдог.
Пабло Руис Пикассо
Уншигчид  товч бичихийг хүсэмжилж байна. Тиймээс нэг нь товч тодорхой бичье, нөгөө нь харин яв цав ойлгох шаардлагатай. Үүнд:
  1. 1. Супернэгдлийн онол гэж ер юу байх ёстой вэ?
Ертөнц оршин байна. Хүн төрөлхтөн оршин байна. Орчлонд амьдарч үлдэх нь хүн төрөлхтөний туйлын зорилго. Тиймээс ертөнцийн зүй тогтлыг судалж, аль болох бүрэн гүйцэд танин мэдэх ёстой. Энэ талын зүйлийг физик гэдэг суурь шинжлэх ухаан хариуцдаг. Ажиглалт, туршилтын физик байна. Онолын физик байна. Аль аль нь хөгжсөөр физикийн ухаан төгсөх шатандаа оржээ. Чухам яв цав яг таг төгсгөхийн тулд хамгийн эцсийн суурь онол хэрэгтэй байгаа юм. Энэ онолыг супернэгдлийн онол гэх юм физикчид нийтээр тохирсон. Яагаад супернэгдлийн гэх вэ гэвэл, ертөнцийн үүсэл, хувьсал, өнөө ажиглагдан буй төлөв, ертөнцөд оршин буй бүхий л үзэгдэл юмсыг цорын ганц логик ба математик үндэслэлээр тайлбарлах ба тооцох чадалтай универсаль математик онол байх ёстой юм.



Нэрт физикч Стивен Хокингийн хэлснээр, “Манай туйлын зорилт бол орчлон ертөнцийн бүрэн төгс онол”. Чухамхүү тийм онолыг супернэгдлийн гэх ба тэр онолыг нээж олох нь хүн төрөлхтөний туйлын зорилт байх нь байна шүү дээ.
  1. 2. Тэгвэл супернэгдлийн онолын асуудал шийдэгдэв үү?
Шийдэгдлээ! Барууны утгазохиолд Final theory, Theory of everything гэх мэт хэн бүхэнд ойлгомжтой нэр томъёо хэрэглэдэг. Нэгэнт эцсийн онол, буй бүхний онолын асуудал учраас шийдэл нь үнэмлэхүй хэмжээний хүндрэлтэй болох нь 20-р зууны турш харагдсан юм. Гэвч шийдэгдлээ. Шийдлийг үзэж судалъя гэвээс миний“Супернэгдлийн онолын үндэс” ном монгол хэлээр бэлэн буй. Илүү дэлгэрэнгүй бичлэгтэй ном англи хэлээр бас буй.
  1. 3. Нэг монгол шийдлээ гэж үү дээ?
Тийм л болж таарлаа. Ийм л юм болчихлоо. Үүнд анхаарваас зохих нь: а. Шинжлэх ухаанд асуудал байваас эрт орой хэзээ нэг цагт, хаа нэг газар шийдэгддэг жамтай. Монгол хүн суурь онолын ухаанд хавьтаж хүртэж болохгой гэсэн хориг саад, хорио цээр байгальд ч, нийхэмд ч байхгүй л дээ. б. Манайхан Мулдашевыг их сонирхон уншдаг бололтой. Мулдашев номынхоо эхэнд цохон тэмдэглэхдээ: Суут буюу хэт авъяас чадвартай хүмүүс гэж байдаггүй юм. Харин дотоод ертөнц нь цэвэр ариун, ажилч хөдөлмөрч хүмүүс  байх ба Бурхан тэдэнд шинжлэх ухааны нээлтүүдийг зөн билгийн хэлбэрээр хүртээдэг юм гэжээ.
Ердөө л ийм юм. Тэнгэр мэдээд Эрдэнэ хэмээгчээр бичээчээ болгоод хүн төрөлхтөнд супернэгдлийн онолыг илгээж, хүн төрөлхтөний туйлын зорилтыг хангаж өгчээ гээд л ойлгочих. Ойлгохгүй байсан ч зүгээр мэдээд, санаад авчих.
4. Тодруулбал? Оксфордын нэрт физикч, математикч Рожер Пенроузын хэлснээр, хүн төрөлхтөн өнөөг хүртэл ямар нэг юм мэдэх бүү хэл, ерөөс мэдэх арга замаа ч олоогүй яваа гэнэ. Яагаад тэр вэ? Яах юу байхав, Эйнштейний хэлснээр, хоёр хязгааргүй оршин байна: нэгд, ертөнц нэг хязгааргүй, хоёрт, хүний тэнэг нэг хязгааргүй. Тэгээд хүн гээч хязгааргүй тэнэг амьтан юм мэдэх байтугай, мэдэх арга замаа ч олоогүй л яваа байхгүй юү. Шинжлэх ухааны нээлт нь хүний ухааны илрэл хэзээ ч байдаггүй юм. Ямагт хүний тэнэгийн баталгаа байдаг жамтай. Ялангуяа суурь онолын салбарт. Нээлт гарахаар хүмүүс, пээ, иймхэн юм миний санаанд ордоггүй байхгэж гэж амаа барьж, толгойгоо шаадаг жамтай. Хязгааргүй тэнэгтээ л супернэгдлийн онолыг олоогүй байж. Тэгээд Эрдэнэ гэгч чухамдаа тэнэгтээ л олоод авсан хэрэг гэж ойлговоос огт буруудахгүй. Хүний тэнэгт атаархаж хорсох нь мэдээж илүүц хэрэг. Хүний тэнэг хязгааргүй нь бүх нийтийг хамарсан түгээмэл үзэгдэл. Тиймээс шинжлэх ухааны хувьсгал нүүрлэсэн үед худлаа ухаантай царай эсгэж донгиотох огт хэрэггүй байдаг юм шүү. Ялигүй ч гэсэн үнэн ухаан зарах хэрэгтэй болно.
Супернэгдлийн онол бол ердөө л арифметик ба алгебр. Хүн төрөлхтөн бага сургуулийн 1-р ангиас арифметик үзэх боловч арифметикаа мэдэхгүй явсаар ирсэн юм байна. Мөнөөх хязгааргүй тэнэгийн харгай юм. Зүгээр захын жишээ авъя. Арифметикийн хуулиар бол 21-р зуун, гутгаар мянган 2001 оны 1-р сарын 1-нд эхлэнэ биздээ. Гэтэл яалаа? Жилийн өмнө тэмдэглэчихээд хожим баахан гэхүү, жаахан гэхүү ичингүйрсэн. Пүүс компаниуд орлого ашгаа олох гэж яараад тэнэг юм хийлгэчихлээ гэсэн дүгнэлт олон улсын хэвлэлд, түүний дотор математикийн хэвлэлд ч бий. Манай пүүс компаниуд түвд, хятад зурхай ба манж ёсоор Цагаан сар гээч юм рекламдаж хийлгээд манийхаа ахуй амьдрал, ажил үйлсийг баллачихдагтай адил юм. Монгол ёсоор бол өөр юм байгаа л даа.
Монгол ухаанаар бол “Үгийн сайн тоо” гэж эртнээс мэддэг байж. Боржгин Е. Тэмүчин тэгэж хэлсэн байдаг юм. Үнэхээр орчлон ертөнц тооноос бүтдэг болохыг супернэгдлийн онол баталж байна. Үгийн сайн тоо бөгөөтөл дуустал үл өгүүлэх гэж Тэмүчин хэлсэн нь орчин цагийн нэр томъёогоор математик континуумыг хэлсэн хэрэг. Тиймээс супернэгдлийн онол нь математик континуумын онол юмаа. Монголын Нууц Товчоон нь супернэгдлийн онолын математик код түлхүүрийг агуулж байсан юм байна. Дэлхийн соёл түүхийн гол хэдэн томоохон дурсгалууд тус тусын код түлхүүр агуулдаг юм байна.
Ингээд та бид супернэгдлийн онолын нөлөөгөөр ил оршихуйгаас далд оршихуйд шилжиж байна. Энэ нь миний галзуурсан солиорсонтой огт холбоогүй, ердөө л 1934 онд батлагдсан Курт Гёделийн теоремын гарцаагүй мөрдөлгөө юм.
  1. 5. Баабарын “Сюпернэгдлийн онол” өгүүлэл ӨС-д нийтлэгдсэн. Х. Намсрай гэдэг хүн бас шийдсэн юм биш үү?
Товчдоо дараахи юм. а. Нэгдсэн онолын асуудал бол Баабарын мэддэг улс төрийн хов жив, түүний чаддаг гадаадын пүүс компаниудын лобби хараахан биш юм. б. Акад. Х. Намсрайн хийсэн хэрийн ажил физикт үй түмээр тоологдоно. Х. Намсрай байтугайн ажилд юу ч байхгүй, учир нь онолын физикт авч үзэн буй бүх хуучин үзэл баримтлалууд хүчингүйг эрүүл ухаантай философчид, физикчид бүгд мэднэ. Цоо шинэ суурь концепци, үнэмлэхүй үнэн математик постулатын асуудал.
Шинжлэх ухаан, танин мэдэхүйн шинэ ба эцсийн хувьсгалын асуудал. Ийм хувьсгалыг хэн дуртай нь хийдэг юм биш тухайд дээр цухас дурдлаашдээ. Гэлээ гээд уншигчид Баабараа баастай бурханчлаад явна уу, байна уу, хүний эрхийн асуудал. Гэхдээ товчхон тайлбар хэлье. Хүний эрхийн үндсийн үндсэн зүйл нь оюуны эрх чөлөө буюу ухаан зарах эрх чөлөө юм. Аливаад ухаан зарж сонголт хий гэсэн үг. Харин тэнэг төрсөн бол худлаа ухаантай царай эсгэх хэрэггүй гэж хэлдэг  нь муухай хатуу үг боловч шинжлэх ухааны түүхэн уламжлал юм шүү.
Бас зарим тодруулга. 1998 оны намар юмдаг. МУИС-ийн дугуй танхим. Доктор Ц. Дэмбэрэл (одоо Гавъяат багш) зар тарааж, зохион байгуулснаар чамлахааргүй олон хүн цуглав. Супернэгдлийн онолын асуудлаар би нэг иймэрхүү математик постулат дэвшүүлсэн маань зөв зүйтэй юмшиг байна гэж мэдээлэл хийлээ. Хуран цугларагсад орилолдоод эхэллээ. Зарим нь гар зангаад босоод ирж байна. Манай нэр бүхий нэг физикч: “Барууны суутуудын чадаагүй юмыг чи муу тэнэг монгол юу ярих гээд юу яриад байгаа юм” гэж учиргүй хашхиран ширээн дээгүүр давж унатлаа урагш над руу тэмүүлэн сарвалзах юм. Бусдууд нь бас босч ирээд зангидсан гараараа агаар нударгалан уухай түрэх юм. Шинжлэх ухааны шинэ, тэр тусмаа эцсийн хувьсгалыг монголчууд та бид хийх бололтой болоод явчихлаа гэхээр өмнөөс ийм аймаар бослого дэгдэж, амьдаар минь барьж идэх бэлтгэл хоромхон зуур хангагддаг юм билээ. Хоёр хоноод байна уу, миний огт танихгүй, урьд хожид зүс үзээгүй Халтар гэдэг математикч утасдаж, чи бууж өгч болохгүй шүү, хөө гэж билээ. Тэр олны дундаас ганц хүн олдсон нь чамлах юм биш.
МУИС-ийн дугуй танхим дахь тэрхүү үймээн самууны эцэст би бас бархиран хэлсэн: Миний нээлт цааашид онол болохдоо энэ 21-р зуун, гутгаар мянганы дэлхийг авч явах болно, хараарай гэж. Одоо харж ангайгаад байх юм ч байхгүй. Цаг нь ирчихсэн, үйлс бүтнэ.
Миний бие хоорондоо огт холбоогүй ч юм шиг хоёр төрлийн суурь судалгааг эхлээд байсан үе. Юун тухай суурь судалгаа вэ? Уншигч эрхэм машид хичээнгүйлэн анхаараарай. Нэгд, дэлхийн соёл иргэншлийн монгол-төвт үзэл баримтлал анхлан дэвшүүлж, улмаар батлах зорилготой судалгаа. Хоёрт, шинжлэх ухаанч танин мэдэхүйг эцэслэн төгсгөх ёстой супернэгдлийн онолыг нээж боловсруулан байгуулах судалгаа.
Аймшигтай том үг, агуу амлалт! Үлгэр домгоос ч үлэмж илүү гайхалтай, галзуу солиотой сонсдож буй байх. Гэлээ гээд уншигч эрхэм балмагдаж цочирдох, уур унтуу, инээдэм ханиадам болох огтхон ч хэрэггүй. Учир нь, дурдсан хоёр суурь судалгаа амжилттай өндөрлөсөн, үр дүнд нэгэнт хүрчихсэн, асуудал төгсчихсөн, галт тэрэг яндангаа хангинуулаад хөдөлчихсөн, цаашид хурдаа огцом авч дэлхийн түүхийг хөтөлж эхлэнэ, хараарай.
Судалгаа, түүний үр дүн эцэстээ ном л болдог номтой. Тиймээс дэлхийн соёл иргэншил хэрхэн яагаад монгол-төвт байсан, байгаа, цаашид ч байх тухай концепци, түүний өрнөл, холбогдох баталгаа нотолгоог монгол хүн мэдсүгэй хэмээвээс хэвлэгдсэн ном, товхимол, цаас бичиг сэлт нэгээр ч тогтохгүй, хоёроор ч тогтохгүйг уламжлъя.
Мөн түүнчлэн супернэгдлийн онол гэж угаас юуг яах асуудал болох, түүнийг нэг муу монгол яаж яваад ямар арга замаар шийдсэн болохыг мэдье гэвэл монгол, англи, оросоор хэвлэсэн ном товхимол, нийтэлсэн зүйлс нилээд хэдээр тоологдлохыг бас мэдэгдсү.
Миний суурь судалгаанууд 15 жил үргэлжлээд өнөөдөр эцэслэн цэгцэрч байна. Тэнгэрийн цаг ирснийх юм, миний сайных юмуу, муугийнх хэрхэвч биш. Энэ хооронд юм юм болсон. Эсрэг этгээдүүд, сөрөг хүчин 2008 оны 9-р сарын 11-нд Интернетээр миний эсрэг дайн зарласан. Би гэдэг хүн дайны объект юмуу, субъект байхаар том амьтан биш. Тэд монгол үндэстний түүхэн шинэ Сэргэн мандлын эсрэг дайн зарласан гэж би үзэж байна. Огноог нь анзаараарай. Зориуд сонгон авсан сар өдөр байна. Үүний цаана Аль-Каида биш, наанаа худал инээж маасагнаад цаанаа Монгол Улс, монгол хүн, монгол угсаатан үндэстний үйл хэргийн эсрэг дайсагнах үзэл агуулсан дотоодын дайснууд байгаа юм. Захиалагч, гүйцэтгэгч нарыг ч гайгүй лавтай гадарлахтай л. Хэвлэл сониноор ч чимхэх байтугай, шөвөгдөж л байдаг. Заримд нь үнэмших юм бол, юун онол номлолтой манатай, монгол хүн гэж хоёр хоёрын тав гэж зүтгэх хэрийн тэнэг амьтан байгаа юмуу, байх ёстой болж байна. Дайсагнахдаа дэгсдүүлэхээс буцахгүй болжээ, тэд.
Нэг талаас, миний судалгаа олон жил үргэлжилж, миний бие тухай бүр тодорхой мэдээлэл харамгүй өгсөөр өнөөг хүрч байна. Үүний үр дүнд монголын олон нийт ерөнхийдөө энэ асуудлаар ямар нэг хүлээлттэй болчихсон. Энэ Эрдэнэ гэгч үнэн яриад байхыг урьдаас үгүйсгэж юухэв гэж зүгээр ердийн эрүүл ухаан, саруул санаатай олон нийт бодож байна. Монголын заяа гэж байлгүй яахав гэж итгэж найдагсад цөөнгүй, гэхдээ олонхи бас биш.
Нөгөө талаас эсэргүүцэн тэмцэгчид үйл явцыг анхааралтай ажиглан тухай бүр сөрөг довтолгоон хийх аяг маяг үзүүлсээр ирсэн. Жингийн цувааг жингэрүүд дагаж хэсэг хуцаж боргоогоод орхидогсон. Харин энэ дайснууд эцэст үхэр буугаа панхийлгэж үзэж байна. Бас нэг муу горьдлого тээгээд явах юм, чааваас. Ер нь бол дайсан, тэр тусмаа дотоодын дайсан гэж ярих нь улстөрийн хувьд зөв биш, буруу байдаг. Political correctness гэж орчин үед их баримталдаг зарчим. Энэ зарчмыг миний бие эхнээсээ өнөөг хүртэл баримталж ирсэн. Шинжлэх ухааныг шинжлэх ухааны хүрээнд нь ярьж хэлж, мэдээлж сурталчилсаар ирсэн. Дайснууд дайн зарлаж буйгаа ил тод зарлан тунхаглаад байхад ч би тэднийг дайсан гэхээс дөлж ирсэн. Харин өнөөдөр хийх ажил маань хэдийнэ дуусч, хэлж ярих цаг нь ирлээ.
Нэг юмыг анхаар. Дэлхийн түүхэн үйл явц Дээрээс, байгалиас эх сурвалжтай өрнөдөг. Зүй жам нь он цагийн мөчлөгт захирагддаг. Монголын хүчирхэгжилтийн мөчлөг ирчихсэн. Энэ бол таамаглал биш, тооцоо болохыг цохон дурдъя. Тэнгэрийн цаг ирсэн тул илийг ялж, далдыг дарна.  Их монголчууд ингэж ярьдаг байж. Аюутугай, биширтүгэй гэж бас ярьдаг байжээ.
Саяхан миний бие Соён Гэгээрүүлэгч ТВ-ийн санаачлагаар “Бид Ялав” номын эргэн тойронд бүтэн хагас цагийн юм ярилаа. Ингээд дайснуудын тэвчээр барагдах, бачимдан балмагдах шалтгаанаар тэд эцэст үхэр буугаа панхийлгэх боловуу гэсэн миний хүлээлт, таамаг биеллээ. Баабар ӨС-ы өөрийн буландаа “Сюпер нэгдлийн онол” өгүүллээ нийтлүүлжээ. Баабар гарчгаа хашилтад авчээ. Бодвол, ерөөс тийм юм байдаггүй, байж болохгүй, Эрдэнэ гэгч л зохиож худлаа яриад хайран сайхан төр түмнийг дэмий тэнэтэл хуурч мэхлээд яваа юм гэж олон нийтэд ойлгуулах гэсэн санаа байх. Уг нь бол кирил үсгийн бичигт “Супер” гэж зөв зүйтэй бичээд Баабар бид хоёроос аль амбасын өмнө заншчихсан юм гэх мэтийг болье. Гэхдээ зарим ноцтой асуудлаар харьцангуй дэлгэрэнгүй тодруулга хийе.
Төр засгийн бүх шагнал урамшуулалт Баабар бол өөрөө аймаар амьтан биш гэдгийг эхлээд хэлье. Юу нь үнэхээр аюмшигтай вэ гэвэл, шинэ тогтолцооны монголчуудын уншдаг, үнэмшдэг ганц хүн нь Баабар. Манай үеийн батаар нь Баабар гэлтэй юм. Зүсэн бүрийн элий балай үзэл суртал номлогчийнхоо хувьд Баабар бээр Монголдоо Маркс-Энгельс, Ленин-Сталин, Чойбалсан-Цэдэнбалтай харьцуулшгүй илүү нэр нөлөөтэй болчихсон. Одоохондоо эрх мэдэл нь Пол Пот-Иенг Сарийнхаас дутаад байна. Түүнээс биш танай муу судлаачийг Шархад руу ачуулахад хэзээд бэлхэн нь түүний дохио зангаанаас илт. Нийтлэлч Баабартай нийтлэлчийнх нь хувьд барьцаж байгаа юм биш шүү. Тэрэндээ тулбал би Баабартай барьцаж доошоо орох огт хэрэггүй өндөр мэргэжлийн сэтгүүлч. Очиж очиж Баабараар заалгаж зуруулах гэж л монголчууд ардчилсан хувьсгал хийсэн юмуу гэж бодохоор инээдтэй ч юмшиг, эмгэнэлтэй ч юмшиг. Баабар ер нь солиорчиж. Тэр өгүүлэлдээ Жич гэж онцлоод: “Зохиогч Их сургуулийн физикчийн дипломтой болно. Гэхдээ хулхи биш жинхэнэ ориг диплом. Яагаад гэвэл жинхэнээсээ сурч байж төгсөөд авсан юм” гэжээ. Үнэн байх, хөөрхий. Харин хэн Си-Виг нь тэгэтлээ сонирхож лавласан юм бол? Алга цаасаар айлгаж дарамталдаг цаг ардчилал, зах зээлээр арилсан гэж ардчилал, зах зээлийн энэ онолч мэдэхгүй юү. Баабарын байтугай дипломтангуудыг би эрхбиш мэдэх байлгүй яах вэ.
Энд  түүх хэний хүчээр яаж явдаг тухайд хоёр жишээ хэлье. 1. Орчин цагийн соёл иргэншил ердөө ганцхан хүчин зүйл, тулгуур баганатай. Энэ нь Майкл Фарадейн нээсэн цахилгаан-соронзон өдөөлтийн үзэгдэл. Майкл гэж ядуу, бараг гудамжны хүүхэд байсан. Түүнийг барьж аваад хуучин ном сэлбэж хавтаслах мэргэжил сургаад гаргажээ. Дашрамд хэлэхэд, энэ бол маш чухал, Баруундаа бол сонгодог ажил, мэргэжлийн нэг. Хүний ховор ном сайхан хавтаслах чинь 1000 Стерлингийн паунд хүртэл үнэ хөлстэй байдаг юм. Гараар гоё хавтасласан номын үзэсгэлэн Британий номын сан гэх дэлхийн аугаа их сан хөмрөгт тогтмол гардаг.
Хуучин ном хавтаслагч Майклыг химич Дэви шил угаагчийн ажилд авчээ. Дэви нь их харгис хатуу хүн тул Майклд ажлын бус цагаараа ном хавтаслах үүрэг ногдуулжээ. Шөнө дөлөөр хуучин сарампай ном хавтаслах зуураа бас гүйлгэж уншаад амждаг байж. Тэр үес цахилгаан ба соронзон үзэгдэл судлаачдын анхаарлын төвд орсон нь Майклд илэрхий болж. Тэр үед нэгэнт байсан батарей маягийн юманд төмөр утас холбоод цахилгаан гүйдэл гүйлгэхээр соронзон орон үүсдэгийг Эрстед нээснийг Майкл мэдсэн. Үгүй тэгвэл эсрэгээр буюу соронзон орноор цахилгаан гүйдэл үүсгэж болохгүй юу гэж Фарадей бандийн толгойд оржээ. Тэгээд 10 жилийн турш өдөр шөнө ялгалгүй 11000 хол гаруй туршилт тавьсан. Цахилгаан-соронзон индукцийн нээлт болсон туршилтын дугаар 11641 гэж тэмдэглэгдсэн гэдэг санагдана. Одоо та бид бүхэн ийм туршилтыг 6-р ангидаа давтан тавьдаг. Тун хялбархан. Гальванометр гэж нэг их том данхайсан бүдүүлэг юм бөглүү зах хязгаарын сумын сургуульд ч байх. Багш нэг ороомог маягийн юм залгаад нүх рүү нь соронзонгийн хэлтэрхий оруулж гаргахаар гальванометрын зүү гозос гозосхийдэг шүү дээ. Ердөө л иймхэн юм, иймхэн нээлт. Фарадей суут хүн байсан. Гэтэл иймхэн юманд тийм их хүч хөдөлмөр зарсан байх юм. Хамгийн гайхалтай нь, цахилгаан-соронзон долгион байх ёстой гэж Фарадей анх хэлээд Баабар, Намсрай мэтийн юмс хаа сайгүй байх тул ноцож боорлохоос нь болгоомжлохдоо зурвас бичээд архивт хадгалуулчихсан байдаг. Хуучин ном хавтаслагч Фарадейн туршилт дээр соёл иргэншил чинь зогсоогүй гэвэл гэрлээ унтраагаад гар утсаа бохирын хоолойгоор явуулчих.
2. Фарадейн үе өнгөрөөд Баабар маягийн физикчийн дипломтой хүмүүс хөтөлж яваа байх гэж бодох байна уу? Үгүйшдээ. Супернэгдлийн онолд хүрэх горьдлогтой америкийн ба дэлхийн ганц олимпийн найдвар нь Эдвард Виттен гэх жүүд хүн. Түүнийг суут хүн, өнөө үеийн Эйнштейн гээд байдаг нь үнэн байх. Гэтэл энэ Виттен нь Брандейс билэв үү, хэн ч үл мэдэх нэг их сургуулийн түүхийн анги төгссөн байдаг юм. Тэгээд түүнээс сурвалжлагч асуужээ: Та түүхч ухаантай юмшиг байна. Гэтэл та тэргүүлэх зэргийн онолч физикч гэгдэх нь ямар учиртай юм бэ гэж. Виттен хариулсан нь: Үгүй яахав, америкийн шинжлэх ухааны давуу тал гэдэг чинь энэ шүү дээ гэж.
Тэгэхээр АНУ-д диплом асууж лавлаад, хэвлэл сониноор зарлуулж бичүүлээд байдаггүй юм байна. Тэр нь давуу тал учраас АНУ тэргүүлэх гүрэн юм байна.
Юм сонирхдог хүмүүсийн хувьд энд нэг онц сонирхолтой асуулт гарна. Юув гэвэл, 20-р зууны физик бол үнэндээ дан ганц еврей үндэстэн хүмүүсийн бүтээл. Цаашид ч Виттен зэрэг суут жүүд хүмүүсээс л супернэгдлийн онолыг горьдсоор яваа. Гэтэл танай хажуу орц, хамар хашааны нэг муу монгол нөгөө онолыг нь олчихлоо гээд байдаг. Энэ чинь үнэндээ нийтлэлч Баабар, Хавтгайн Намсрай хоёр байтугай бас бусдууд гайхаж цөхсөндөө боож үхэхэд багадмаар хачин гаж үйл явдал.
Тэгвэл үүний цаана ямар учир жанцан байна вэ? Жүүд нарын Ай-Кю хэт өндрийн тухайд маргадаггүй. Тэгээд нэг жүүд хүн 456 жилийн өмнө зөгнөж хэлэхдээ, хүн төрөлхтөний тусын тулд туйлын мэдлэгийг еврей нар бус, харин монгол газар тодорхой нэр бүхий монгол хүн нээх юм гээд холбогдох нарийн ширийн зүйлийг бараг математик хэлээр нь заачихсан байдаг юм байна. Чухам үүгээр жүүд үндэстэн суут болохоо дахин, тэр тусмаа үнэмлэхүй түвшинд баталлаа. Бишрэхтүн.
Бэсүд Ч. Эрдэнэ

Leave a Reply

Labels