Онолын Физик, Академич Хавтгайн Намсрай ба 100 сая төгрөгийн шагналын асуудалд

0 Сэтгэгдэл бичих:
ХХ зууны туйлын зорилго ч, хүрсэн оргил нь ч онолын физикийн ухаан байлаа. 1900 Макс Планк квант онолыг, 1905 онд Альберт Эйнштейн харьцангуйн онолыг үндэслэсэн юм. Онолын физикч гэдэг ажил мэргэжил, албан тушаалтай албан ёсоор болсон анхны хүн нь Планк. Монголын  боловсролд шинжлэх ухаан жинхэнэ ёсоор орж ирсэн түүх гэвэл 1943 онд Москвад монгол бичгээр хэвлэж нааш нь ачуулсан Шулуун шугамын тригонометр ном юм. Дэлхийн дайны ид үед тийм юм хийж явдаг энэ коммунистууд гэж бас сонин хүмүүс. Энэ мэт номоор суралцсан монголын анхны дээд боловсролтой багш нараар анх  заалгасан нь акад. Х.Намсрай бидний үе. Надад гэхэд геометрыг сөнөөгч нисгэгч байсан Норпил багш заасан гэх мэт.




 Энэ үеийнхэн 1960-аад онд төрөл бүрийн мэргэжил массаараа эзэмшиж, тэдний дотроос манай анхны онолын физикчид төрж гарсан билээ. Улмаар онолын физик гэдэг нарийн дээд ухааны үндэсний сургууль бий болсон гэж  элж болно. Хуучин үед юм. МУИС-ийн физикийн профессор Д. Батсуурьтай хийсэн миний нэг ярилцлага орос, англи хэлээр хэвлэгдсэн байдаг. Профессор хэлэхдээ, ерөөс монголын хамгийн ухаантай хүн гэвэл, Цэрэн, Очирбат хоёр л шүү дээ гэж билээ. Ямпий хэмээх Д. Цэрэн гуайтай би нилээд хожмын боловч гайгүй сайн танил байсан. Очирбат гэдэг хүний нэрийг дуулснаас цаашгүй. Хуучин номын худалдаанаас миний олж авсан Современная квантовая теория ном Очирбат гэдэг хүнийх байсан байдаг. Проф. Д. Батсуурь агсан Х. Намсрайн нэрийгдурдаагүй нь түүний гол ажлууд явцын дундаа байсантай холбоотой байх. Харин акад. Х. Намсрай бол монголын хамгийн ухаантай хүний нэг. Тэгвэл монголдоо л лав ухаантай хүн маань Монголдоо юу хийв гэсэн асуулт гарна. Монголдоо юм хийнэ гэдэг бол дэлхийн хэмжээний юм хийнэ гэсэн үг. Жинхэнэ ёсоороо бол босго өндөр, шалгуур хатуу. Өгүүлвээс, чи барилдах аяддаг бол энэ жалгандаа начин болох гэж найрч явж үлийгээ хийнэ, Олимпийн аваргын төлөө үзэж алд гэсэн үг. Чингээд онолын физикч акад. Х.Намсрайн Монголдоо хийсэн нь дэлхийн цар түвшний шалгуураар  хэр хэмжээнийх вэ? Эхлээд нэг юмыг ойлго. Онолын физикийг дэлхийн цар түвшин, энэ суурь ухааны туйлын зорилгоор нь авч үзвээс, шийдэл хүлээсэн гол асуудал, эцсийн зорилт нь ганцхан. Энэ нь акад. Х. Намсрайн хэлснээр, материйн нэгдсэн онол босгох асуудал юм. Үүнээс өөр тоймтой том бүү хэл, жижиг асуудал ч үнэндээ байхгүй. Олигтойхон онолын  физикчид хүссэн хүсээгүй энэ асуудлаар л шууд ба дам, ил ба далд оролдсоор 90 жил болж байна. Учир нь  тэр онолыг босгох асуудлыг 1923 онд А. Эйнштейн анх дэвшүүлсэн тавьсан гэж үздэг. Манай хүн ч ялгаагүй, энэхүү эцсийн, тиймээс асар хүндрэлтэй нь нэгэнт нотлогдсон энэ асуудалд л шууд ба дам, ил ба далд байдлаар хандсаар өнөөг хүрчээ. Шинжлэх ухаанд үр дүнгээр л хэлэлцдэг. Тэгвэл акад. Х. Намсрай ямар үр дүнд онолын физикийн салбартаа хүрсэн хэрэг вэ? Нэгдсэн онол босгох асуудлаар дэлхий даяар баримталж оролддог үндсэн үзэл баримтлал олон биш бөгөөд олон байхын ч аргагүй юм. Түүхийн хувьд анхных нь суурь уртын гэдэг чиглэл юм. Үүгээр оролдож ноцолдоогүй том бага, нэртэй нэргүй физикчийг бараг олохгүй байх. Манай хүн ч энэ чиглэлээр ажиллах болсон нь гарцаагүй тухайн үеийнмоод, цаг хугацааны тохирооны зүйл. Тэгээд яав гэвэл, суурь урт-ын үзэл баримтлалыг Х. Намсрай цааш үргэлжүүлж, локал бус квант онол, стохастик квант механик гэх мэт болгоод явчихсан. Тэгээд явчихсан нь бага хэрэг. Хамгийн чухал нь, акад. Х.Намсрай орчин үеийн онолын физикийн сонгомол чиглэлийг ердөө л гүйцээгээд дансыг нь дугуйлчихсан. Одоо акад. Х. Намсрайн дараа суурь урт-ад хамаатах үзэл баримтлалаар оролдож ажиллах хэрэгцээ огтхон ч байхгүй. Манай хүн шавхаад хаячихсан. Гэтэл энэ чиглэлд материйн нэгдсэн онол олдсонгүй, байсангүй. Өөрөөр хэлбэл, энэ чиглэлд нэгдсэн онол байдаггүй, байх учиргүйг акад. Х. Намсрай баталжээ гэсэн үг. Шинжлэх ухаанд хүссэн үр дүн байхгүйг батлах нь байгааг батлахтай яг тэнцүү ач холбогдолтой байдаг юм. Теоремыг батлах ба няцаах нь ав адилхан ач холбогдолтой шүү дээ. Энэ байдлаа акад. Х. Намсрай өөрөө ч нэг их сайн ойлгож, товойлгож тавьдаггүй байдалтай юм. Энэ бол том судлаачдад цөөнгүй тохиолддог зүйл. Тэгэхээр орчин үеийн онолын физикийн нэг сонгомол чиглэлийг бүхий л боломжтой сэдэл сэжмүүдээр нь гүйцээсний төлөө Монгол Улс 100 сая халтар төгрөг гаргавал гаргахаар юм. Хэрэв улс шиг улс юм бол шүү дээ. Гэхдээ акад. Х. Намсрай урьд үеийн гол ажлаа орхиод шинэ үеийн зарим ажилдаа ач холбогдол өгөөд байх шиг байна. Жишээ нь, бутархай зэргийн уламжлал гэдэг бараг үлгэр домгийн асуудал хэзээнээс, бүр дифференциал, интеграл тоолол буюу сонгодог математик анализыг үүсгэсэн Ньютон, Лейбницийн үеэс байна. Акад. Х. Намсрай бутархай зэргийн уламжлал авах арга оллоо гээд англи хэлээр хэвлэгдсэн онолын нэг номондоо тодорхой үзүүлсэн байдаг. Ийм нэг үлгэр домгийн шахам асуудал байдгийг ер матанализ үзсэн оюутан болгон мэднэ. Асуудал нь бүдүүн тоймоороо юув гэвэл, 1-р эрэмбийн уламжлал нь хурд байна, 2-р зэргийнх ньхурдатгал байна. Тэгвэл, жишээ нь, 1,5 буюу бутархай зэргийн уламжлал нь хурд ч биш, хурдатгал ч биш, тэгээд өөр юу байх юм гэхээр гарцгүй гацаанд оруулаад дуусдаг асуудал юм. Хэрэв акад. Х. Намсрай үнэхээр үнэн зөв арга зам олсон бол энэ нь Ньютон-Лейбницийн математик буюу нарийн шинжлэх ухааны үндсэн арга хэрэгслийг мөнхүү гүйцээчихсэн хэрэг болох юм. Чухамхүү энэ аргаа манай ШУА гэгчийн чуулган гэгчид талибахдаа акад. Х. Намсрай бээр, Монголд экспертүүд байдаггүй нь гутамшиг гэж хэлж бичсэн хэрэг. Миний хувьд, бутархай уламжлал авах, тийм юм ерөөс байгальд байдаг эсэх асуудлаар хэлж мэдэх юм огтоос алга. Гэхдээ акад. Х. Намсрай яв цав нэг мөр цаашид математик ба физикт хэрэглэгдэх арга зам олоогүй байлаа ч ямар нэг зам мөр гаргаж байгаа болов уу гэж бодмоор, тэгэж найдмаар. Том хүмүүс алддаг, гэхдээ учиртай алддаг гэдэг бол онолын физикийн философийн нэг чухал баримтлал юм. Том бага хүмүүсийн ялгаа зөрөө гэж эрхбиш бас байлгүй яахав. Ер шинэ математик нээлт ололт байваас түүнийгээ практикт, тухайлбал, физикт, хэрэглэх жишээ баримт үзүүлэх шаардлагатай болдог. Ийм шаардлагын өмнө акад. Х. Намсрай тулгарахдаа тэрхүү жишээ баримтынхаа чиг баримжааг нэг л буруу аваад, түүнийгээ арай л дөвийлгөж үнэлээд байна уу гэлтэй удаа дараа харагдлаа. Тэр бүү хэл, үнэхээр шинэ математик арга олсон бол гудамжны хүмүүст зүгээр дэмий ярих завсартаа ойлгуулахаар боловсруулж талибах ёстой гэсэн том зарчим бий. Өгүүлвээс, миний бие акад. Х. Намсрайн хажууд зүгээр гудамжны хүн. Тэгвэл би, жишээ нь, хялбар дөхмийг нь бодоод ердөө л 1,5 зэргийн уламжлал авмаар байна, тэгээд тэр нь хурд ч биш, хурдатгал ч биш, өөр юу физикт байна вэ гэж асуухаар манай академич бэлэн зэлэн хариулах ёстой юм. Манай академич бас бус сэдэл, сэтгэмж, сэжмүүдээр ажиллаж буй байх. Чухал нь, дээрхи хоёржишээнээс харвал, мань хүн суурь шинжлэх ухааны асуудлыг хамгийн томоос нь барьж авдаг оюуны агуу зориг эрмэлзэлтэй, тийм чадавхитай хүн юм. Энэ бол дангаараа Монголд түүхэн үлгэр жишээ, сургамж болох ёстой. Боловсролын систем навс унасны харгайгаар үнэн хэрэгтээ суурь боловсролгүй нэг бүхэл бүтэн үеийг бид алдаад одоо дараагийн үеийг бас алдах байдалтай байна. Улмаар Оюутолгой, Тавантолгойгоос өөр толгой байдгийг мэдэх бүү хэл, санахгүй залуу үе гадаа сүргээрээ билчиж, зах зээлийн аар саархан бузар буртгаар идээшлэн байна. Энэ тухайд акад. Х. Намсрайн өөрийнх нь хэлж бичсэн үүнээс илүү хатуу үг ч бий. Акад. Х. Намсрай бол онолын физикт тууштай дагнан чин зорилгоор зүтгэсэн гарын таван хуруунаас ч цөөхөн монгол хүний нэг. Тэрбээр монгол хүн онолын физикт орчин үеийн дэлхийн түвшинд ажиллаж чадах юмаа гэдгийг бодитой, баттай харуулсан үнэндээ ганц хүн. Түүний хөдөлмөр бүтээл үгүүлшгүй нөр их. Наад зах нь, түүний гарын үсэгтэй Бодисын Бүтцийн тухай Физик Онолын Үндэс ном  миний өмнө байна. Энэ бол орчин үеийн онол, туршилтын физикийн хүрсэн үр дүн болох Стандарт загварын их сургуулийн сурах бичиг. Өөрийнх нь физикч үндэснийхээ хэлээр бичсэн Стандарт загварын  сурах бичигтэй улс орон дэлхийд олон байхгүй шүү. Энэ чинь хангалттай өндөр түвшний асуудал. Нарийн ухааны суурь асуудлаархи нөр их хөдөлмөр, хүчин зүтгэл, хүрсэн үр дүнгээрээ акад. Х.Намсрай бол одоогоор Монголд ганц хүн. Монгол Улс энэ хүнээр үлгэр жишээ болгоод нэг үзмээр байгаа юм. Хэрэв улс шиг улс бол шүү дээ. Энэ бүхнийг миний бие акад. Х. Намсрайд сүрхий сайндаа бичсэнгүй. Монгол нь монголдоо дургүй, муна гадсандаа дургүйн үлгэр бид хоёрын харьцааг мэдээж тойрохгүй, дайрсан. Бид хоёрын харьцаа цаагуураа ч, наагуураар ч муу. Би өөрийнхөөсудалгааг эхэлсэн 1998 онд акад. Х. Намсрайг ятгасан юм. Энэ манай ШУА гэж баларсан юмнаас та гараад жинхэнэ ШУА байгуул гэж. Тэгээгүй. Уг нь тэгсэн бол улс оронд их хэрэгтэй байсан юм. Даруухан хүн юм, цар түвшин, байр сууриа ашиглаагүй нь санаа хоёрдож, цаг үрэхгүйн шалтгаантай байх. За,  одоо ч дахиад нэг ятгаж үзмээр ч бодогдоно. Нөгөөтэйгүүр, ер шинжлэх бол шашнаас долоон дор шашинждаг хандлагатай үзэгдэл. Учир нь, одоо шинжлэх ухаанд мэдээд байгаа нь бас ямар нэг баталгаатай юм байдаг. Тэр хэрээрээ акад. Х.Намсрай ч онолын физикийн өнөөгийн түвшнээс өөр юм сонирхохгүй, тоохгүй. Энэ бол зүйн хэрэг. Тийм логиктой, тийм зүй тогтолтой. Материйн нэгдсэн онолыг Х. Намсрай, бас бусдууд босгож чадаагүй өдий хүрсэн бол хэн ч босгож чадахгүй байсан нь дээр гэдэг бол ерөөс хүн гээч амьтны мөн чанар юм. Мөн нөгөөтэйгүүр, онолын физик гэдэг өөрийнх нь ажил мэргэжил, амь зуулганы салбарт гэв гэнэт нэг аюултай ч байж магад өрсөлдөгч гарч ирлээ гэж бодоод акад. Х. Намсрай надад маш дургүй байх ба энэ нь бас миний дурыг гутааж гүйцдэг жишээтэй. Монгол нь монголдоо дургүй, муна гадсандаа дургүй нь үнэн боловч ерөөс Монгол гэж нэг олон улсын түүхэн ба орчин үеийн үзэгдэл яавч байна. Энэ тухай академич бээр бас мартах ёсгүй. Монголд экспертүүд байхгүй нь гутамшиг гэж хэлэх ёстой хүн нь акад. Х.Намсрай өөрөө хэрхэвч биш. Чухам түүнийг онолын физикийн үндэсний эксперт байлгахын тулд хуучин шинэ Монгол Улс цалинжуулаад л яваа бишүү. Миний бие акад. Х. Намсрайгаар дамжуулж Монголоо овойлгож товойлгох гээд байдаг, мань хүн болохоор өөрийгөө Монголгүйгээр овойлгож дөвийлгөх юм бодоод явах шиг. Энэ бол алдаа, гэхдээ том хүмүүс алддаг, гэхдээ учиртай алддаг номтой. Энэ тухайд учир нь юув гэвэл, Монгол Улс өөрөө монгол хүний толгой тархи гэж нэг юм бийг мартаад 22 жил болж буйд оршино.Акад. Х. Намсрай надаас бэргэж болгоомжлох хэрэггүй. Материйн нэгдсэн онол нэгэнт боссон. Товч тойм байтугай, дэлгэрэнгүй материал миний Superunified. org сайтад бий. Энэ жалгандаа өрсөлддөг арсалддаг нь би хэрхэвч биш. Материйн нэгдсэн онол нэгэнт босгосныхоо төлөө би дэлхийн шинжлэх ухаанд ер байдаг бүх том бага шагнал бүгдийг хурааж авах ёстойгоо мэдэж байна. Даанч улс нь улс шиг юм биш болсон учраас ялигүй удааширсан боловч цаг нь ирсэн. Ийм байна. Харин  Монголдоо бол 100 сая төгрөгийн шагнал байдаг бол  олгомоор нь энэ түрүүнд акад. Х.Намсрай. Улс нь улс шиг юм бол зүгээр ухаантай хүнээ нэг удаа үнэлээд үз.  Энэ нийхэмд оюун сэтгэлгээ, тархи мэдрэлийн талын ямар нэг сэрэл өдөөлт өгөх хэрэгтэй байна. Шинжлэх ухаан гэж юм байдаг гэж сануулмаар байна. Энэ тухайд олон нийт ч үгээ хэлж, нөлөөгөө харуулмаар байна. Найрааны начин зааны төлөө хэл амаа билүүдэж, хэрүүл шуугиан тарьдгаасаа жаахан цааш хармаар байна. Акад. Х. Намсрай бид хоёрын харьцаа муу муу. Гэлээ гээд шинжлэх ухаан бол бодит сэтгэлгээний муж. Х. Намсрай бол монголын ухаантай хүний нэг. Миний бие лав Монголд ухаантай хүний тоонд орохгүй. Харин бодит сэтгэлгээний талдаа бол дэлхийд ч дээгүүр орох байж тун магад нь материйн нэгдсэн онолыг босгосон явдал юм. Чингээд Акад. Хавтгайн Намсрайг 100 сая төгрөгийн шагналд дэвшүүлэхдээ бодит сэтгэлгээний үүднээс хандлаа шүү. Ер нь бол мөнөөх материйн нэгдсэн онолын асуудал хэт удааширсан нь соёл иргэншлийг осол сүйрэлд оруулах байдал нүүрлэсэн тул шинжлэх ухаанд Нобелийнхтай тэнцүү, түүнээс ч 2 дахин их, бүр болиод  3 дахин томроод байна. Өөр аргагүй болсон. Акад. Х. Намсрайг ахуй амьжиргааны асуудлаас нь чөлөөлөөд хэдэн жил зүтгүүлж хийлгэх юм Монгол Улсад зөндөөн байна. Дэлхийн бодлого ч ийм боллоо. Өөр арга байхгүй.

Leave a Reply

Labels