АВРАЛЫН АСУУДАЛ БУЮУ ӨСӨЛТИЙН ХЯЗГААР

0 Сэтгэгдэл бичих:
Танай судлаач цэргээс халагдаж, өнгөтийн уурхайд нэвтрэгч байгаад нийслэлд ирж нэгэн төв байгууллагын ажил албанд орсны дараа жил энэ ном хэвлэгдсэн бөгөөд дэлхийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр жинхэнэ шуугиан тарьсан билээ.
Энэ бол “Өсөлтийн хязгаар” хэмээхүй. 1968 онд 10 орны 30 хүн Ромын Accademica dei Lincei буюу Шилүүс нүдтэний академид Италийн хөрөнгөтөн доктор Аурелио Печчеи хэмээгчийн санаачилгаар хуран цугласнаар Ромын Клуб бий болж, хүн төрөлхтөний өнөө, ирээдүйн хувь тавилангийн асуудлыг судлан хэлэлцэж эхэлжээ. Судлан хэлэлцсэний үр дүн энэ ном. (Италийн шинжлэх ухааны академи нь бүр Галилеин үеэс тийм нэртэй бөгөөд судлаачид шилүүс лүгээ хурц хараатай байх ёстойг бэлгэдсэн хэрэг). Энэ номын сэдвээрхи утга зохиол гэвэл уул овоо мэт. Социализм энэ сэдвийг сөрөг сурталчилгаанд хэрэглэхийг ихэд хичээсэн. Юув гэвэл, соёл иргэншилд өсөлтийн хязгаар буй нь төдийлэн аюултай биш, харин капитализм байгаа учраас өсөлтийн хязгаарыг даваад сүйрэлд орох нь аюул гэж байв. Үнэндээ Баруунд ч социализм аврал байх биш биз гэсэн бодол санаа харьцангуй нилээд хүчтэй байсан үе бий.

Өсөлтийн хязгаар нь бараг Библьтэй нас чацуу сэдэв. Домогт Томас Роберт Мальтусын “Хүн ам ба хүнсний математик” өгүүлэл надад байна. 1950-иад онд “Математикийн Ертөнц” гэдэг 4 ботид сонгодог ажлуудыг эмхтгэсэн нь одоо асар ховор ном болсон ба танай судлаач 1999 онд Нью- Йорк дахь Колумбын их сургуулийн үүдэнд нэгэн согтуу толгойгоос 4 доллараар 2 ботийг олж авсан дотор Мальтусын өгүүлэл байна. Мальтус бол марксизмын аюултай дайсан гэсэн суртлыг хуучин үеийн хүмүүс санаж буй байх. Учир нь Мальтусын математик нь созиализм, бүр коммунизм гэдэг нийгмийг харгалзахгүй байна гэнэ.
Ер нийгмийн дэвшил гэж нэг хүүхэд айлгадаг хэрэгсэлээс хүн төрөлхтөн салахгүй явсаар дуусах бололтой.
Нийгмийн дэвшил гараагүй биш, гарлаа. Капитализм дангаар ноёрхох болов. Энэ нөхцөлд хүний түүх, философ бүхэн төгсөж, нэг ёсны диваажинд хүрч буй тухай америкийн япон нийтлэлч Фрэнциц Фукуяма хэмээгч шилжилтийн эхэнд тунхаглаад дэлхийгээр нэг шуугиан тарьж, бас зарим арай эрүүл нэгний хөх инээд хүргэсэн удаатай.
21-р зууны чиг хандлагын тухайд танай судлаач Фукуямагаас өмнө бичсэн бөгөөд чингэхдээ улс үндэстнүүдийн соёлын өрсөлдөөний зуун гол төлөв байх болно гэсэн билээ. Зарим хүмүүс “соёл иргэншлүүдийн мөргөлдөөн” гэсэн нэр томъёо хэрэглэсэн нь бас ч байж болохгүй гэх газаргүй. Гэхдээ улс үндэстнүүдийн соёл ухааны уламжлал, шинэ ололтын өрсөлдөөн гол асуудал болж энэ зуунд дэвшин гарах хандлага илт ажиглагдана. Энэ үйл явц эерэг сөрөг олон хэлбэртэй байж болох бөгөөд ямар боловч нийт нөхцөл байдал Фукуямагийн диваажингаас ихээхэн хол байх болно. Энэ үзлийг танай судлаач олон улсын хурал дээр ч албан ёсны фукуямалаг чиг баримжааны эсрэг хэлж байсан бөгөөд хожим гаднын мэргэжил нэгт хүмүүс миний зөв ч байж магадыг үгүйсгэхгүй болсон юм.
Өнөөдөр бол би бүр хүчтэй хэлмээр байна. Ерөөс хүн төрөлхтөннэг удаа ч болов нэг их сайхан амсхийж, амар тайван жаргах хүсэл мөрөөдөлтэй юм. Гэтэл оросын их яруу найрагч Тютчевын ( эсвэл Брюсов?) хэлснээр “Покой только снится” . Хүн гэж нэгэнт ийм заяагүй амьтан учраас ерөөс ертөнцийн зовлонт амьдралыг мартчих нь дээр гэж буддизм сургах нь бас л нэг үг гэлтэй.
Гэтэл байгаль хүнийг бүтээхдээ зүгээр тэгээд нүдээ аниад замарчих гэж хэлээгүй баймаар.
Хүн төрөлхтөнд ямар нэг зорилго сансрын оюунаар өгөгдсөн байх ёстой юм шиг. Үнэн хэрэгтээ философийн гол асуудал нь энэ шүү дээ. Философид ингэж хэлээгүй боловч ямарч философи эцсийнхээ дүнд энэ асуудалтай л зууралдаад эхэлдэг. хүн төрөлхтөний эцсийн зорилго нь юув гэвэл, космологийн үзэгдэл, материйн хувьслын титэм үр дүнгийнхээ хувьд мөнх амьдарч үлдэх явдал. Чухамхүү энэ зорилгыг хангахад 21-р зуун шийдвэрлэх мөч байх болно. Энэ миний хэлэх гэсэн чанга үг. Үнэн хэрэгтээ үүнийг их Ньютон аль эрт хэлсэн буй. Ньютоны амаар Ньютон ярьдаггүй учраас л Ньютон байдаг юм болов уу гэж би одоо бодох болоод байна.
Өнөө үеэс өсөлтийн хязгаарын тухай прогнозууд бүрнээ биелэлээ олоод үр дагавар нь шууд мэдэгдэж, дарамталж эхэллээ.
Ерөөс Ромын Клубын тавьсан асуудал бол өсөлт ба сүйрэл. Маш эгзэгтэй асуудал. Учир нь өссөөр байх нь сүйрэлд зайлшгүй хүргэх үйл явц. Өсөхгүй байх нь бас сүйрэл.
Өнөөгийн дэлхийн байдал, хандлага гэвэл:
1. Суурь онол зогсонги байдалд ороод, өөрөөр хэлбэл , шинэ нээлт, нэвтрэлт хийгдсэнгүйгээр наад зах нь 50-н жил боллоо. Энэ нь байгаль ертөнцийн суурь хууль, тулгуур үнэний талаар бид юу ч мэдэхгүй хэвээр байна гэсэн үг.
2. Өнөө буй суурь онолын хүрээний технологиуд нөөцөө шавхлаа. Квант онолд түшиглэсэн микро технологи л гэхэд үүрэн телефоноор дуусаж цаашид жишээ нь электрон техник, компьютерийг боловсронгуй болгох боломж зарчмын хувьд хаалттай болов.
3. Өнөө буй онолын шинжлэх ухаан, технологийн нөөц дууссанаар дэлхийн эдийн засгийн өсөлт зогсоно. Зах зээлд шинэ төрлийн бүтээгдэхүүн гаргах боломж хаалттай болсон нь өнөөдөр бараг илт. Өнөөдөр дэлхийн эдийн засгийн ямар нэг өсөлт бий бол тэр нь экстенсив өсөлт. Чанарын өсөлт, дэвшил огт алга.
4. Экстенсив яльгүй өсөлтийг нь терроризмын эсрэг тэмцэлд идээд дуусах хандлагатай. Цэргийн зардал ч өссөөр байна. Ер цэргийн зардал буурахгүй юмдагаа. Зэвсэглэлийн талаархи гэрээ хэлэлцээр эхнээсээ цуцлагдаж байна.
5. Өнөөгийн технологийн нөхцөлд байгаль орчны хөнөөл, бохирдолоос зайлсийх ямар ч боломжгүй. Утаагаа багасгах тухай Киотогийн протколд АНУ нэгдэхгүй байгаа нь ердөө шударга байр суурь. Үйлдвэрлэлээ зогсоолтой биш. Өнөөгийн үйлдвэрлэл, технологи бол өнөөдрөө бодож яваад л төөргөө харахаас өөрцгүй байдалд тулгаж байна.
6. Өнөөгийн үйлдвэрлэл, технологи нь дэлхийн цаг уурын дулааралд нэгэнт хүргэлээ. Улмаар дэлхийн цаг уурын горим эвдэрч хэзээ, хаана, юу болохыг хэн ч мэдэхээ болив. Миний хувийн ажиглалтаар дулаарал, цаг уурын өөрчлөлт эхлээд 30-н жил үргэлжилж байна. Энэ мөрүүдийг бичих үес Европын нэг хэсэг халуунд шатаж, түймрээ унтрааж хүч хүрэхгүй байхад Английн арал усанд автаад байна гэх мэт. Улаанбаатарт бээжингийн халуун өдрүүд тогтворжоод, ойн түймэр газар сайгүй дэгдэв. Энэ бүхнийг бүртгэх, мэдээлэхэд цаг хугацаа хүрэхгүй хэмжээнд хүрчээ.
7. Экологийн эрчимтэй сүйрэл генетикийн түвшинд өөрчлөлт оруулж байна. Дэлхийн унаган байгалийн нөхцөлд биологийн хувьслаар зохицон үүссэн дээд амьтдын, тухайлбал хүний генетикт өөрчлөлт орсноор ДОХ гэх зэрэг гүн далд учир шалтгаантай өвчнүүд шинээр бий болов. Сүүн тэжээлтэн дээд амьтдын амьдрах нөхцөл муудах хэрээр энгийн амьтад, хорхой шавьж, вирус идэвхжих замаар биологийн хувьсал буцах араандаа орох үйл явц нэгэнт эхэлсэн дүр зурагтай.
8. Дэлхийн хүн амын өсөлтийг зогсоож чадахгүй байна. Ядуурал буурсан юм огт алга. Хэт ядуурлыг хэзээ ч билээ хоёр дахин багасгана гэнэ. Харин яаж? НҮБ-ын тунхагуудыг шохойтой цаасан дээр хэвлэсэн юм гээд иддэг болох юмуу.
9. Олон жилийн цөмийн туршилтын улмаас болон бусад олон шалтгаанаар газрын цардаст өөрчлөлт орсон байж магад ба үүний үр дагаварыг тооцох аргагүй.
Товчдоо иймэрхүү нөхцөл байдал бүрэлдсэн нь хэн хүнд илэрхий ойлгомжтой болсон цаг үе. Үүнд анхаарал татаж , аймшиг төрүүлэхүйц ноцтой 3-н зүйл:
1. Гарц харагдахгүй байна. Дэлхийн дээд хэмжээний уулзалтууд хурц асуудлуудыг түүж хэлэлцээд, тохиролцоод тунхаг бичиг гаргаад л байна. Эдгээр тунхаг хэрэгжих боломжгүй нь 1990 оноос хойш долоо хоногт нэг л өглөө сонин авч уншдаг надад ч ойлгомжтой боллоо. Буй бүхий л арга хэрэгсэлийн үйлчилгээ хүчингүй болчиж. Шинэ арга хэрэгсэл, нөөц боломж алга.осолтой нь тийм юм байх эсэх нь огт тодорхойгүй.Өнөөгийн таагүй хандлагаууд мэдрэгдэм хурдацтай байх атал тэдгээрийг эргүүлэх хүчин зүйл харагдахгүй байна.
2. Дэлхийн түүхэнд байгаль, нийгмийн аль ч талаасаа хүнд хэцүү үе тохиолдож байжээ. Гэхдээ энэ удаагийнх хэд хэдэн онцлогтой. Наад зах нь өнөөгийн Соёл иргэншил гэвээс асар эмзэг үзэгдэл болчихсон. Энэ соёл иргэншлийн өндөр түвшин нь түүний амьдрах чадварыг хэрэг дээрээ бууруулж байна. Хүмүүсийн төвлөрөл хэт ихэссэн нь дангаараа аюул болов. нөгөө талаар байгалийн давагдашгүй хүчин зүйлийн оролцоо ихсэж, аюул гамшиг глобал шинж чанартай нүүрлэж байна. Басхүү нэгэнт бий болсон хэрэглээний нийгмийн хэрэгцээг хязгаарлах боломжгүй, хэрэгцээг бууруулах нь дангаараа сүйрэл гэсэн үг гэх мэт.
3. Байгаль орчны сүйрэл, цаг уурын горимын эвдрэл, дэлхийн геофизикийн бүхий л үзүүлэлтүүдийн өөрчлөлт эргэлт буцалтгүй болох боломж бий нь маргаангүй. Энэхүү эргэлт буцалтгүйн цэгт ойртсоор яваа нь одоо маргах зүйл нэгэнт биш болсон. Тэгвэл энэ хорионы улаан шугамыг давчихаас өмнө амжих хэрэгтэй болно. Гэтэл юу амжих, яаж амжих, хэзээ амжих тухайд ямар ч ойлголт байхгүй байна.

Ийм нөхцөл байдал үүсэхийг Ромын Клуб урьдчилсан харсан бөгөөд дээр дурдсан ном асуудлыг ойлгоход хамгийн сайн эх сурвалж одоо ч байна.
Ромын Клубын дүгнэлтээр, дэлхийн дахин “ Даяар тэнцвэрийн төлөвт “ шилжихээс өөр арга замгүй гэнэ. Энэ их нарийн эгзэгтэй, ээдрээ зөрчилтэй ойлголт. Эцэстээ дэлхий байгаль, хүн төрөлхтөн хоёр л тэнцвэржих асуудал яригдаж буй. Энэ тэнцвэр нь, жишээ нь, хэрэглээг хязгаарлаж, бас тэгшитгэнэ гэсэн хэрэг. Өөрөөр ямар тэнцвэр байхав. Чухам энэ учраас Барууны сэхээтэн анги давхаргад социалист үзэл нилээд сонирхолтой болсон нэгэн үе бий. Чухам энэ үед Барууны улс төр социализмыг унагаах талаар бүхий л хүчин чармайлт тавьж эхэлсэн билээ. Энэ үйл явцыг өдөр сар, нэр хаяг, дэс дарааллаар нь хөөгөөд үзсэн ч болно.
Тэгэхээр аливаа хязгаарлалт, тэгшитгэл, улмаар даяар тэнцвэрийн төлвийн тухай Ромын Клубын зааварчилгааг өнөөгийн даяар капитализм хүлээн авахгүй талдаа байх болно. Нэг талаар, Ромын Клубээс өгөх өөр зөвлөмж байж чадахгүй. Нөгөө талаар, жишээ нь, Хятад үйлдвэржээд, утаагаар баагаад, улмаардэлхий дулаараад, Монгол цөлжөөд байхгүйг даяар тэнцвэрийн төлөв гэх бөгөөд ингэж тэнцвэржихийн тулд хэн яах ёстой юм бэ гэхээр үгүй ядахдаа үлгэр зохиох ч арга олдохгүй.
Тэгээд өөр яах вэ гэсэн асуулт гарна. Яах ч арга байхгүй, нүдээ аниж туусаар байгаад л төөргөө харахаас гээд ямар нэг азтай тохиолдолд найдахаас өөр үзэл санаа өнөөдрийн бодит байдалд байж чадахгүй юм. Нэгэнт асуудлыг шийдэх хүчин зүйл харагдахгүй учраас Их Наймын удирдлага гэхэд глобаль хурц асуудлууд хэлэлцэхээс зайлс хийх хандлагатай байна. Саяхны хэвлэлийн мэдээгээр, Их Найм “Дулаарлын эсрэг тэмцэхээр тохирлцлоо” гэнэ. Энэ чухам юу гэсэн үг болохыг бид байтугай, тэд өөрсдөө үл мэднэ. Чухам үүнийгээ мэдэж буй учраас тэртээ тэргүй тавиад туучихсан асуудлыг хэлэлцээд ч яах юм биз.
Ромын Клубын тунхаг бол “Өсөлтөөс тэнцвэрт” хэмээх цагаан дээр хараар бичсэн буй. Тэнцвэр гээд орхивоос зогсонги байдал байх бөгөөд өнөөгийн нөхцөлд зогсонги байдал бол бууралт байх юм. Бууралт нь эцэстээ бас сүйрэл. Тиймээс энэ “Тэнцвэр” гэдэг үгийг зүгээр тоть мэт тальтагнаж давтахаас цаашгүй байж болохгүй. Өнөөгийн Монголын эдийн засгын нөхцөлд байгаль, хүний тэнцвэр огт боломжгүй. Өсөлт шаардлагатай учраас энэ тэнцвэр боломжгүй. Өнөөгийн дэлхийд аливаа тэнцвэр боломжгүй байна.
Тиймээс Ромын Клуб “Тэнцвэрийн доторхи өсөлт” –ийн боломжийг товч боловч авч үзсэн буй. Чингэхдээ тэнцвэрийн доторхи өсөлтийг зөвхөн технологид хамаатуулсан байна. Технологийн тухайд ч асуудал тун ээдрээтэйг Ромын Клуб бас анзаарсан байдаг. Гэхдээ энэ талыг нь энд орхие. Ямар боловч “Тэнцвэртэй өсөлт” гэсэн ойлголт амин чухал болж байна. “Тогтвортой хөгжил” гэж буруу зөрүү, дутуу дулимаг орчуулсан нэг юм донгосоод байдаг нь тэр болгон хүнд ойлгомжгүй хэллэг. Тэгж яриад яваа хүмүүс өөрсдөө бүрч ойлгодоггүй нь ажиглагддаг. Тиймээс “Байгаль, хүний тэнцвэрт өсөлт” гэсэн нэр томъёог монголчууд бид оруулах гээд үзвэл яасан юм бэ. Энэ бол манай уламжлалт ойлголт. Бид дэлхийг даяарчлан монголчлох шалтгаан байна.
Ромын Клубын үүсгэл санаачлага, чиг шугамаар хийгдсэн олон улсын судалгаа зөндөөн бий бөгөөд ном зохиол, зөвлөмжүүд гарсан, харин шийдэл байхгүй байна. Өсөлтийн хязгаарт тулж очсоны нэг гай нь энэ. Асуудал байдаг, шийдэл олддоггүй.
Жишээ нь, хамгийн амин чухал асуудал маань энерги. Атомын энергийг эзэмшлээ. Асуудал түүхэн урт удаан хугацаанд шийдэгдсэн мэт. Гэхдээ эргээд харахаар бас л нэг аюул, тэр тусмаа үнэмлэхүй чанарын аюул нэмэгдэснээс өөрцгүй. Тиймээс энергийн асуудал огт шийдэгдээгүй байна. Тиймээс Оросын академи энергийн салбарт сая долларын шагнал амлаад байна. Тэгвэл тэр энергийн шинэ, тэр тусмаа аюулгүй эх үүсвэр нь юу, хаана байна вэ?
Ромын Клубын Гүйцэтгэх хорооны зургаан хүн дээр дурьдсан номыг дараахи үгээр төгсгөсөн буй, үүнд: “Асуудлын цөм юу вэ гэвэл, хүн гэдэг төрөл зүйл амьтны аймаг зөвхөн амьдраад үлдэхээс илүү арчаагүй доромж оршихуйд орчихгүй шиг амьдраад үлдэхэд оршино”. Муу явахаар сайн үх гэсэн үг л дээ.
Асуудал юу гэхээр, хүн төрлөхтөн амьдарч үлдэх асуудал. Их ч биш, бага ч биш, ийм л асуудал. Хэрэв үүнээс илүү чухал асуудал байваас тэр нь хүн гээч амьтны нэр төр чанар чансаатай амьдарч үлдэх асуудал.
Чингээд асуудалын асуудал бол авралын асуудал. Асуудал үүндээ тулаад буйг уншигч ойлгох эсэхээс энэ асуудлын хувь заяа хамаарах юм.
Асуудлын асуудлын асуудал бол ерөөс хүний соёл иргэншилд аврагдах боломж зарчмын хувьд байна уу, үгүй юуд оршино. Энэ бол хүн төрлөхтөнд өөрийн ухамсар бий болсон цагаас хэлэлцэж ирсэн асуудалаа.
Тухайн цагтаа Бурхан бууж ирж хүн төрлөхтөнийг шүүж шалгаж үзээд аврах эсэхээ шийдэх юм гэсэн шашны ойлголт эртнээс байна. Шашинаас өмнөх домог сэтгэлгээ ч мөн энэ тухай өгүүлэх нь олонтаа.
Шинжлэх ухааны хувьд гэвэл, ерөөс амьдралын үзэгдлийг тайлбарлахын төлөө л байна. Өнөөгийн шинжлэх ухааны бүхий л мэдлэгийн хүрээнд асуудлыг авч үзвэл, амьдрал боломжгүй, амьдрал үүсэх магадлал тэгт тэмүүлнэ гэсэн дүгнэлт гардаг. Гэтэл газар дээр амьдрал байна. Тиймээс Ертөнцөд өөр амьдрал, ысоёл иргэншил буй үгүйн асуудлыг ихэд анхаардаг. Одоогоор тийм юм огт ажиглагдахгүй байна. Энэ юу гэсэн үг вэ тухайд хэд хэдэн тайлбар байж болох ба байдаг. Энэ талын асуудлын тэргүүлэх мэргэжилтэн В. Шкловскийн эцсийн дүгнэлт гэвэл, өөр амьдрал байдаг байлаа ч практик дээр бид ганцаар гэж бодохоос өөр гарцгүй гэсэнд оршино. Энэ асуудлыг супернэгдэлийн онолын үүднээс өөр газар авч үзнэ.
Ер соёл иргэншил нь өөрийгөө устгах хүчин зүйлүүдийг өөрийн эрхгүй бий болгодог хууль үйлчилж буй тухайд судлаачид санал нийлдэг юм. Бодит байдал дээр бэлэн зэлэн үйлчилж буй зүй тогтол, үзэгдэж буй үйл явцын тухайд санал нийлэхгүй гээд ч яах билээ. Монгол эрчимтэй цөлжиж, нэлэнхүйдээ хордож байна. Энэ нь Монгол устаж буй хэрэг. Хүн, мал хоёр өөрийгөө устгах ажил хийсээр нэг үеийн дотор дуусгачих хурдац авлаа.
Түүхийн үйл явц хурдассаар байдаг нь хууль байна. Өнөөгийн өндөрлөгт бүхий л үйл явцын хурдац ба далайц аймшигтай болсон цаг үе. Тиймээс хүний соёл иргэншлийн нас ер нь тун богинохон юм биш биз гэсэн асуудал дэлхийн нийтлэлд аль хэдийнээ ороод ирсэн. Сүмэрээс тоолоход 4500-5000 жил өнгөрчээ. Одоо цаана нь хэчнээн нас үлдээд байна гэсэн асуулт босч ирж байна.
Стратегийн судалгааны объёкт нь Авралын асуудал боллоо. Энэ асуудлыг дэлхийн шинжлэх ухаан ба улс төрийн гол асуудал болгож тавьсан дээрхи “Өсөлтийн хязгаар” номын зохиогчийн эрхийг Деннис Л. Мидоуз 1972 онд авсан байгаа. Түүнээс хойш даруй 35 жил өнгөрөхөд “даяар тэнцвэрийн төлөв”-т шилжих нэг ч алхам хийгдээгүй байна. Түүгээр ч үл барам, соёл иргэншил өөрийгөө устгах үйл явц рекорд хурдац авч амжлаа.
Аврал зарчимын байна уу, үгүй юу соёл иргэншлийн аврал зарчимын хувьд, өөрөөр хэлбэл, байгаль ертөнцийн зүй тогтолд ерөөс байдаг уу, үгүй юу гэсэн асуулт толгой дээр бууж ирлээ.
Ромын Клуб дээрхи номондоо ч, түүнээс хойшхи стратегийн судалгаа, прогноздоо ч онолын шинэ суурь нээлтийн боломжийг авч хэлэлцээгүй байна. Энэ ч аргагүй юм. Учир нь тийм нээлт ололт бол зүүд мөрөөдөл, үлгэр домгийн зүйл болохыг бид өөр газар дурьдсан буй.
Тиймээс Ромын Клуб буй бүхий нөхцөлийнхөө хүрээнд л даяар тэнцвэрийг олох ганцхан боломжийг зааж зөвөлсөн юм.
Аврал хаана, юунд байж болох вэ?
Аврал зөвхөн шинэ хүн төрлөхтний шинэ хувьсгалт дэвшилт байж болно. Энэ дэвшил нь байгаль ертөнцийн эцсийн нууцыг танин мэдэх шинэ суурь онолоор тодорхойлогдоно.
Энэ хувьсгалт дэвшил, улмаар аврал нь Супер нэгдлийн онол байх ёстой ба байж ч байна.

Leave a Reply

Labels