Бэсүд Ч. Эрдэни: Монгол соёл түгсэн дэлхий ертөнц ойрхон байж болохыг үгүйсгэх аргагүй

0 Сэтгэгдэл бичих:

www.superunified.org
Судлаач Ч.Эрдэнийн цуврал ярилцлага - 6

-Та түрүүн дээр байгаа нөхдүүд гэж хэд хэдэн удаа ярилаа. Дээр байгаа нөхдүүд гэж хэнийг хэлээд байна вэ?

- Хүн гээч амьтан чинь эхлээд өөрийнхөө сайнд юм хийгээд байна гэж боддог. Амбийцтай юм болохоор. Хэдэн жилийн дараа хаанаас юу яваад ямар нэгэн далд хүч надаар юм хийлгээд байна уу гэдгийг мэдэрдэг. Нийгэм үндсэндээ дэвшил хөгжилгүй, зогсонги, бууралтын байдалтай үед миний итгэл алдарч энэ олон жил хэрэгтэй ч юм хийгээд байна уу даа, үгүй юу гэж бодогдоно биз. Цалин мөнгөгүй, идэх уухаас эхлээд хүний хэрэгцээ дутаад ирэхээр сэтгэл, санаа тавгүйтэх үе ирнэ биз. Би зүгээр ердийн чаддаг юмаа хийгээд явахад гэр бүлээ өлхөн тэжээгээд явах байтугай мөнгийг олж чадах хүн. Үгүй ядаж барууныхны лобби болоод бичих юм бол Баабараас хэд дахин илүү хийчихнэ. Яагаад гэвэл энэ Монгол Улсын чинь гадаад сурталчилгааг хуучин, шинэ системийн үед насаараа хийсэн хүн шүү дээ би.

Гэхдээ үгүй. Энэ Монгол Улсын сэргэн мандал надаар дамжиж явж байгаа үйл явц юм гээд ойлгоход буруудахгүй. Дээр байгаа нөхдүүд хэн юм бэ гэж асуулаа. Түрүүн Номинчимэд бөөгийн шашны тухай ярьсан. Энэ улс үндэстнүүд өөрийнхөө үзэл санааны уг учгийг олж авч өөрийнхөө онцлогоор үндэсний бахархалаа томьёолох, тэрэндээ шингэх эрмэлзлэл хаа сайгүй. Тэр байтугай Америкт ч байна. Америкт бүр байхаас өөр арга байхгүй. Яагаад гэвэл олон үндэстэн байгаа учраас нэгдсэн үзэл баримтлалаа шинээр сэргээхгүй бол эдийн засаг, улс төрийн байдал нь асар осолтой нөхцөлд байгаа. Тийм осолтой нөхцлийг би урьдчилж харж байсан. Ц.Майдар гэж залуу бид хоёр Америкт хамт явж байхдаа “Америк нэг л ангайж юм болгоныг тоохгүй байж байгаад алуулна даа” гэж ярьж байлаа. Майдар бид хоёрт Америкт татаагүй хаалга гэж бараг байхгүй. Хэрэгтэй байна уу, айл байна уу, том, бага байна уу хаалга болгоныг татаад явсан. Гэтэл бид хоёр тэр хоёр өндрийн хаалгыг татах байтугай хараа ч үгүй. Яагаад гэхээр нэг л дургүй хүрээд байсан. Дэлхийн худалдааны төв гээд нэг их нүсэр том обьект. Ядуу орны хоёр судлаачид тэр ямар хэрэгтэй юм бэ, хэнд хэрэгтэй юм бэ. Америкийн бахархал л байгаа биз. Тэндээ л бахархдаг юм байгаа биз. Бид хоёр 1999 онд явж байсан л даа. Хоёр жилийн дараа л тэр хоёр өндөр чинь байхгүй болоо биз дээ.
Эндээс юу хэлэх гээд байгаа юм бэ гэвэл ямар нэгэн юм байвал хүнд хэрэгтэй л бай. Жирийн хүнд, зүгээр нэг муу захын ядуу судлаачид хэрэг бол. Жирийн хүнд үйлчилдэггүй юм бүхэн устддаг юм байна. Баяр хүргээд байх юм алга. Бараг 5 мянга гаруй хүн булшлагдсан тэр газар үнэхээр эмгэнэл болсон. Ядуу орны, хоёр ядуу судлаач явж байхад тэр дэлхийн худалдааны төв гээд байгаа хоёр гозгор барилга ямар нэгэн талаар хэрэгтэй л байх байсан байхгүй юу. Магадгүй нэг удаа дор нь үнэгүй хооллоод гаргачихдаг. Ерөөсөө л хүнд хэрэгтэй бай. Тансаглах, чамирхаад тэр нь хүнд хэрэг болдоггүй юм болгон иймэрхүү дүр төрхтэй болдог. Тийм баян дэлхий байгаад, тийм сүрхий худалдаа байгаад, тийм өндөр байшин бахархал байдаг юм бол тэгвэл бид хоёр үнэгүй шөл цохичихоод гарсан бол сэтгэлээсээ талархана даа. Эндээс өнөөгийн дэлхийн соёл иргэншлийн их том сургамж болсныг анзаарсан шүү. Хоёр том байшин барихад ядах юм алга. Гэтэл тэр хэнд хэрэгтэй юм бэ, юу юм бэ. Дэлхийн худалдааны төв гээд байгаа юм. Дэлхийн худалдаа нь угаасаа хэрэгтэй юм юу байна вэ. Иймэрхүү юмыг хүн бодоод суувал учрыг нь олоод гүнзгийрээд явдаг юм. Ном дотор хоёр зураг бий, унш тэгээд өөрсдөө болгоо. Энд бол тийм юмыг нэг их тодорхой хэлээд байдаггүй юм. Тэр хоёр зургийг чинь бид нар хөөцөлдөж явж байгаад олсон юм биш шүү дээ. Өгөхийн тулд өгдөг замаараа л өгч байгаа юм. Түүнийг яаж ойлгох нь та бүхний асуудал. Би мэдээллээ. Оролцоод олон юм яримааргүй байна.

-Оны өмнө ерөнхийлөгч дэлхий даяар тархан суусан Монголчуудаа нэгтгэх тухай уриалга гаргасан. Монгол Улсын ерөнхийлөгч анх удаа дэлхий даяар тархсан монголчуудаа нэгтгэх талаар дуугарлаа. Монголчуудаа нэгтгэх нь таны хувьд Монголыг дэлхийн төв болгоход ямар чухал ач холбогдолтой вэ?

-Элбэгдорж ерөнхийлөгчөөс аль олон жилийн өмнө дуугарсан үг шүү дээ. Монголын ардчилсан хувьсгалаас өмнө ардын хувьсгал гэж юм байсныг одоо ахмадууд нь хүртэл мартах гээд байна. Энэ бол аюул байгаа юм. Ардын хувьсгалын эхэн үед 2 сая хүн оруулж ирье гээд гадагшаа харсан байгаа юм. Гадагшаа харах дээр Халимаг, Буриад чинь тусгаар тогтносон автономит эрх энэ тэр гэж байхгүй., одоогийнх шиг. Мажарууд буюу Унгарууд бол хэдийгээр европын улс боловч ерөнхийдөө монгол үүсэлтэй гэж яригддаг. Боловсролтой, европын хүмүүс соёлтой. 2 сая мажар хүмүүс оруулж ирж эрчимтэй Монголын соёлыг бий болгоё гэсэн үзэл санаа байсан. Бичигдэж үлдсэн баримт. Түүхийн хүрээлэнгийн архиваас олж уншиж байлаа. Гаднаас хүн хүч нэмж авах буюу интенсив эрчимтэй соёл бий болгох санаа хэзээнээс байсан. Одоо Улаанбаатарт хүн цуглуулаад аймаг, сумын төв хоосроод байгаа нь эрчимтэй соёл бий болгох нэг нөхцөл л дөө. Нэг кв метр газар, нэг кв км нутагт хичнээн хүн байж энэ соёл, боловсрол чинь эрчимждэг юм бэ, хүмүүсийн оюун сэтгэлгээ эрчимжиж ажилладаг юм бэ гэдэг асуудал байдаг. Монголчууд монгол төвт үзэл ярьж байгаа энэ үед ерөнхийлөгч нэг дуугардаг нь үнэхээр зөв. Өнөөдөр олон Монголчууд, ухаандаа Халимагийн Цагаанзам иргэншил гуйгаад явж байгаа гэж дуулсан. Авсан, үгүйг мэдэхгүй. Тэр хүн бол гай ч болохгүй, гавьяа ч байгуулахгүй нэг хүн шүү дээ. За тэгвэл жирийн Өвөрмонгол инженер ч байдаг юмуу, багш ч юмуу Монголд ирье гэх тийм нөхцөл байдал өнөөдөр манайд байна уу. Тэр тусмаа Оросын Халимаг Цагаанзамын араас цуваад ирэх үү, үгүй юу. Тэнд ямар нөхцөл байгаа юм бэ. Манайд ямар нөхцөл байгаа юм бэ. Миний хийсэн ажил, хэлж байгаа үгийн ул мөрөөр Монгол хамгийн сонирхолтой улс орон болох нь тодорхой. Зүгээр хүний оюуны сонирхол байдаг юмуу ямар нэгэн сонирхлын үүднээс. Гадаадад байгаа монгол цусны хүмүүс байтугай, өөр бусад гадаадууд хүрээд ирэхээр сонирхолтой улс орон болох нь тодорхой. Ер нь тэгдэг. Яриад сууж байхад бүх юм худлаа харагдаад байдаг. Гэтэл бид англи хэл соёлын бүрэн нөлөөн дор байна. Английн соёл ч хэл ч ялгаагүй нөлөөн дор байна. Үүний үндэс нь юу байна вэ гэхээр Ньютоны “Principia Mathematica” гэж ганц ном байдаг юм. Ньютоны номоор үүссэн шинжлэх ухаан чинь дуусч байгаа шатанд миний “Супер нэгдлийн онолын үндэс” ном гарч ирж байгаа юм. Сүрхий хөөргөн бодох юм бол энэ дэлхий чинь хэдэн жилийн дараа өнөөдөр англиар ярьдаг шиг Монголоор ярьдаг болохыг хэн үгүйсгэх юм бэ. Яг хэлээр нь яриад эхлэхгүй ч Монголын соёлын нөлөө тэр хэмжээгээр өнөөгийн англи соёл яаж нөлөөлж байгаа шиг тэр хэмжээгээр нөлөөлөхийг үгүйсгэх аргагүй биз. Хүн болгон хөөмийлсөн, америк, европгүй хуур барьчихсан дуугаргаад, өөр юу байдаг юм бэ. Монголын соёл шингэсэн ийм ертөнц ирэхийг огт үгүйсгэхгүй. Ийм нөхцөлд гадны Халимаг, Өвөрлөгчид, Хазар байдаг юм уу, өөр хэн хаана байгаа юм бэ олноор хүрээд ирэх нөхцөл бүрдэх юм. Гадаадад байдаг Монголчуудаас гадна гадаадын хүмүүс илүү олон ирнэ. Барууны хүмүүсийн сэтгэлзүйд сонирхолтой газар амьдрах юмсан гэдэг үзэл баттай байдаг юм. Идэвхтэй хүмүүжсэн хүмүүсийн үзэл шинэ газар хаана байна вэ, газар зүйн нээлт гэдэг шиг. Нэг ухаандаа газарзүйн нээлт л болно. Америкчууд их олноор орж ирнэ. Ажилтай, амьдралтай байх байхгүй нь хамаагүй. Барууныхны онцлог байдаг юм. Өөрөө сонирхоод шаардлагатай гэж үзвэл заавал ахуй, амьжиргаагаа эрхэмлээд байдаггүй улс. Ерөнхийлөгчийн үг хангалттай хэмжээгээр хоёр үзүүртэй. Монголчууд илүү орж ирэх үү, аль эсвэл цэвэр гадныхан илүү орж ирэх үү.

-Яг өнөөгийн нөхцөлд бол хэн нь орж ирэхээр харагдаж байна танд..?

-Өнөөгийн ийм ядуулаг нөхцөлд гадныхан илүү орж ирнэ. Халимагийн нутаг сайхан нутаг. Их Петр хаан муу нутаг өгөөгүй. Тэнд мал үржүүлж болно, загас барьчихна, тариа, цагаан будаа тарьж болно. Халимаг үхэр гэхэд одоо болтол Оросын гол үүлдэр хэвээр байна. Тэр нутгаа орхиод ирэх үү? Тэгээд бас эрх нь өргөжчихсөн. Илюмжинов чинь “Дэлхийн шатрын холбоо”-ны ерөнхийлөгч байна. Оюуны амьдралыг барьж байгаа гол хүний нэг. Өвөрмонголын ахуй амьдрал биднийхээс илүү болчихсон.Улс төрийн шахалт хавчилт юмуу бид Хятадуудын дор байгаад байна гэсэн сэтгэлзүйн дарамт л байгаа болохоос биш. Яг амьжиргаа нь биднээс хамаагүй илүү. Өнөөгийн нөхцөлд Буриадууд ороод ирнэ гэх ямар ч шалтгаан нөхцөл харагдахгүй байгаа юм. Нутаг нь сайхан боловч ерөнхийдөө ахуй, амьжиргаа нь манайхаас ядуу. Буриадууд, Халимаг ч ялгаагүй Оросын түүхэнд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн улс. Тэнд олигтой хүмүүс гараад ирвэл Орост маш том том байр эзлээд явчих байхгүй юу. Тэгж чадахгүй жаахан дарамтад байдаг. Ялимгүй улс төрийн дарамт Монголд ирэх шалтаг болохгүй. Энд цувж ирээд тэд юу хийх вэ. Буриадын том сэхээтнүүд бий. Зоригтуев гэж эрдэмтэн “Монгол, Буриадын угсаатны зүйн гарал” гэдэг ном бичсэн байна лаа. Жинхэнэ Эргүнэ Хунд очиж малтлага хийгээд түүн дээрээ үндэслэж ном бичсэн байсан. Гэх мэтчилэн. Буриадын том сэхээтнүүд том гүрний бүх бололцоон дээр суугаад судалгаа хийж байна. Эргүнэ Хун чинь монголчуудын үүслийн анхны газар гэж та нар дуулсан байх. Тийм ч байхаар. Тэгэхээр Эргүнээ Хунд би очоод малтлага хийх боломж байна уу, байхгүй. Гэтэл том гүрний дотор сууж байгаа Буриадын Зоригтуев аль 2005 оноос хойш экспедиц зохион байгуулаад тэнд ухаад л. Тэр Эргүнэ Хун чинь одоо Хятадын нутагт байгаа газар. Амар мөрнөөс урагш. Том гүрний хаялга нөөц боломж бол хязгааргүй. Хүн амын өргөн шилжилт бол заавал ядуугаас эхэлж үүсдэг. Амь зуухын тулд үүсдэг. Дээд хэсгээс ердөө үүсдэггүй. Эхлээд хоригдлууд, цөллөгийн хүмүүсийг гавалж аваачаад амьд үлдвэл тэндээ л амьдар. Наашаа ирж зовлон битгий бол гэдгээс үүсч байсан. Монгол руу бас тэгж болзошгүй. Бас нэг хурц үзүүр нь тэр. Бүр нэг лүмпен хэсэг ирж магадгүй юм. Буриадууд гэхэд л ёстой өнөө архичин буриадууд л хамгийн түрүүнд ороод ирнэ шүү дээ. Том сэхээтнүүд орж ирэхгүй. Их гүрний агуу боломж дээр ажиллаж байгаа юм чинь. Над шиг ингэж суух юм бол буриад хүн тэвчихгүй. Янз янзын үзүүрүүд бий. Эндээс хамгийн гол нь барууны хүмүүс сонирхож ирнэ.

-Америкийн судлаачид Индианчуудын ген одоогийн Алтай, ялангуяа Монгол алтайгаас урагш Говь-Алтай тал руугаа суурьшиж байгаа хүмүүсийн генитэй 30 хувьтай таарч байна гэсэн судалгаа хийсэн байна байсан. 10 мянган жилийн өмнө Индианчууд нүүхдээ ер нь Төв Азиас, тодруулбал Говь-Алтайгаас нүүсэн байх судалгаа байна билээ?

- Тэр тухай бид номон дээрээ өөр өнцгөөс нь бичсэн байгаа. Майяагийн хамгийн хөгжингүй, боловсронгуй овог нь Майяа Кечэ. Ийм омог байсан, одоо ч байгаа юм. Майяа гэдэг бол умай гэсэн үгээс гарсан. Газар дэлхий дээр байдаг бүх Майяа гэдэг үг Алтай хэний умай гэснээс гарсан. Христийн эх онгон бүсгүй чинь Майяа. Бурхан багшийн эх ч бас Майяа. Ийнхүү өвөг алтай, өвөг монголын домог үзэл чинь дэлхийн соёлд тэртээ тэргүй даяарчлаад шингэчихсэн. Нөгөө Монгол төвт үзэл чинь үүнээс л эхэлж байгаа юм шүү дээ. Майяа Кечэ омог Майяа нар дотроо хамгийн соёл боловсролтой, дайчин омог. Одоо хүртэл байна. Майяагийн уламжилсан гол утга зохиол бол майяа кечэ хэл зохиол байдаг. Алтай, өвөг Алтайчууд бол угтаа Алтай хэлээрээ Алтай кечэ хүмүүс болно. Оросын алтайчуудыг ч алтай кечэ гэдэг. Тэгэхээр Америк тийвийн Майяа кечэ гэдэг чинь Алтай кечэ нар очсоны, илрэл, уугуул Алтайгаа орхиод Этүгэн, умай хэмээн нэрлэдэг эх газрынхаа нөгөө талын бөмбөрцгөөс ирснээ мэдэж байгаагийн илрэл шүү дээ. Өргөн утгаараа газар дэлхийн умайгаас ирсэн Кечэ нар л байхгүй юу. Тэгэхээр бидний асар дээд өвөг Алтай кечэ нар. Энэ зүгээр орчин үеийн хэлээрээ ч тодорхой ойлгогддог. Ж.Нүрзэд гэж хүний Сорхогтани Бэхи хатанаас уламжилж ирсэн АЛТАН АЯЛГУУ-нд кечэ гэж үг байнга байгаа. Өнөөдрийн хүмүүс уншаад ойлгохгүй. Кечэ гэж юу юм бэ гэж. Кечэ гөрөөс гэдэг нь Алтайн эртний хүн. Майяа Кечэ гэдэг омог чинь Алтай кечэгийн цусан төрлүүд. Энэ номон дотор майяагийн жижиг баримал бий. Ерөөсөө л надтай яг адил. Иймэрхүү сэжмийг хөөгөөд явбал маш олон юм бий.

Д.Догсмаа

Leave a Reply

Labels