Дэлхийн шинжлэх ухаан технологийн төвийг Хархоринд үүсгэчих байхгүй юу?

0 Сэтгэгдэл бичих:

“Их гурвалжин”, “Супер нэгдлийн онолын үндэс” бүтээлээрээ олны танил болсон сэтгүүлч, судлаач Ч.Эрдэнэ саяхан “Бид ялав” номоо уншигчдын гар дээр хүргэлээ.
“МОНЦАМЭ мэдээ” сонины сэтгүүлч, уран бүтээлчид түүнтэй уулзаж шинэ ном, судалгаа шинжилгээний ажлынх нь талаар сонирхсон асуултдаа хариулт авсан юм. Ч.Эрдэнэ тус агентлагт сэтгүүлч, сурвалжлагчаас эхлээд ерөнхий захирал хүртэл бүхий л албан тушаалыг хашсан байдаг. Түүний “Бид ялав” ном нь мянга гаруй хуудастай 20-иод жилийнх нь нөр их хөдөлмөр шингэсэн. “Их гурвалжин”, “Супер нэгдлийн онолын үндэс” бүтээлийнх нь үргэлжлэл аж.

Дэлхийн соёл иргэншлийн түүх Монгол төвтэй
-Миний номд хоёр томхон чиглэлийн судалгааны эцсийн үр дүн байгаа юм. Уншигч олон түмэндээ хялбаршуулж товчилж хүргэж байна. Эхний судалгаа нь Дэлхийн соёл иргэншлийн түүх «Монгол төвтэй» гэдгийг батлах тийм үзэл санааг дэвшүүлсэн. Нөгөө судалгаа нь “Байгалийн шинжлэлд, шинжлэх ухаанд түүний дотор физикт бүр нарийвчилбал онолын физикт шийдэгдээгүй үлдээд байгаа ганц асуудал бол “Супер нэгдлийн онолын үндэс” үүнийг шийдсэн. Сүүлийн 14, 15 жил яс сууж хийсэн ажил . Хоёулаа асар хүндрэлтэй, ноцтой асуудлууд. Түүнийг хэрэв шийдсэн бол асар том ололт амжилт байх юм.

Тэгэхээр эхнээсээ хамгийн эгзэгтэй нь юу вэ гэхээр Дэлхийн түүх, дэлхийн соёл иргэншлийн түүх Монгол төвтэй байсан одоо ч байгаа, цаашид ч байх болно гэж хэлж байна. Ингээд хэлчихээр аймшигтай ноцтой сонсогдож байгаа байх. Ийм ноцтой асуудлыг хөндөж тавихаар цаанаасаа судалгааны ажил ноцтой гүнзгий түвшинд их өргөн хөрс дэвсгэрээр хамарч явах ёстой. Тэгж ч хийсэн. Хүн миний хэлснийг зүгээр л хийсвэрээр Дэлхийн соёл иргэншлийн түүх Монгол төвтэй байж болохгүй юу гээд асуучих. Асуучихсан хойно өөрсдийн чинь толгойд нэг бодол орж ирнэ биз. Хүннү гүрний 2220 жилийн ойг тэмдэглэлээ. Хүннү гүрэн чинь ямар учиртай гарч ирээд яагаад дэлхийг даяарчилсан том хүчин зүйл болж байв. За тэгээд Чингисийн Монгол нь гарч ирээд бас л дэлхийг даяарчлаад дэлхийн төв болоод явсан. Хүн жаахан бодоод ирэхээр гайхаад, эргэлзээд байх зүйл огт биш. Тэгвэл бүр Хүннүгээс урагшлуулаад Чингисийн Монголоос урагшлуулаад яг өнөөдөр энэ мөчид ирэхээр тэр дэлхийн түүх чинь Монгол төвтэй байсан бол өнөөдөр батлагдах учиртай биз. Тэр логик чинь устаж арилаагүй. Логик хэзээ ч устаж арилдаггүй. Монгол дэлхийн төв байх логик байсан л бол одоо ч үйлчилж байна гэж ойлгох хэрэгтэй. Тэр үйлчилсэн логик чинь ямар нэгэн үр дүнг дэлхийд өгчээ.
Тэр үр дүн нь ухаандаа “Супер нэгдлийн онол”. Тийм том агуу ололтыг энд өгч байж нөгөө Монгол чинь дахин дэлхийн төвд байх учиртай биз. “Бид ялав” ном бол миний урд өмнө хэвлүүлж байсан “Их гурвалжин” номын үргэлжлэл. Судалгаа үргэлжилсээр байгаа хэрэг. Урьд нь хоёр дахин хэвлүүлсэн. Тухайн үед 10-аад мянган хүнд хүрсэн юм шиг байгаа юм. Нэг тийм олон хүн дамжуулж уншсаар байгаад навсайгаад тасарчихсан бор, хар ном яваад л байсан. Одоо тэр нь ч олдохоо байж. Уншигчдын дунд нэлээд эрэлттэй болсон. Яагаад гэвэл нийгмийн захиалга. Өнөөдөр чинь дэлхий дээр хий үзэгдлүүд яваад л байна. Дэлхий гэж өөрийнхөө авралыг ирсэн хий үзэгдэл явж байна, Монголд үсрэнгүй хөгжлийн мөчлөг ирчихсэн юм шиг, үгүй ч юм шиг. Дэлхийн шинэ өрнөлийн, Монголын шинэ сэргэн мандалтын үндсэн баримт бичиг нь “Бид ялав” ном болох байх.
Хэрэв болохгүй бол надаас сүүлд асуугаарай. Тэгж л ойлго. Тэртээ тэргүй энэ дэлхий чинь аварлаа хайж байна. Монгол Улс өөрийнхөө сэргэн мандлын боломжуудыг эрж хайж байна. Ийм л мөчлөг дээр ийм үйл тохиож байгаа гэж ойлгох хэрэгтэй. Айл бүхэнд энэ ном нэг байх юм бол бүгдээрээ уншаад орсон гарсан хүмүүс хоорондоо хэлэлцээд юуг нь хэтрүүлэв, юуг дутаав, юун нь зөв, буруу гэдгийг хэлэлцээд Монгол төвт үзлийн үзэл баримтлал дээр үндэсний үзэл санаа төвлөрөх ёстой. Манай улс төрийн намууд Үндэсний үзэл санаа гэж ярих гээд байдаг болсон нь олзуурхууштай. Үзэл санааг томьёолох юмсан гэж худлаа, үнэн дуугардаг. Тэгэхдээ худлаа нь голлоод байх юм. Улс төрийн намуудын цаана ерөөсөө өөрийнх нь төлөвшсөн чин санааны зорилго ерөөс байдаггүй юм. Үндэсний үзэл санааг томьёолох эрмэлзлэл, зорилго Монголын нийгэмд ямар нэг замаар, хэлбэрээр очиж яваа бол миний “Их гурвалжин” хэмээх ном байсан. Одоо үргэлжлэл нь “Бид ялав” гэж ном гарлаа. Жирийн иргэд үүнийг маш сайн ойлгодог, ойлгосоор ирсэн.
Номын тухайд ийм л мэдээлэл өгөх байна. Тодорхой асуултад хариулья. Эхлээд хүн ямар нэгэн онол номлолын зүйл ярьж байгаа бол хүмүүс түүнийг хамгийн түрүүнд мэдэж авах ёстой. Түүний оронд манай хүмүүсийн дунд шинжлэх ухааны шинэ нээлт, ололттой харьцах хэвшил, заншил горим журамд нэвтрээгүй. Юу ч мэдэхгүй, уншиж ухаж ойлгодоггүй мөртлөө нэг их мэдэгчийн дүр эсгэж элдэв долоон юм донгосоод байдаг. Тэгж болохгүй. Энэ номд энэ хүн юу хэлж вэ гэдгийг ердөө эхлээд мэдээд ав. Мэдээд авсан хойно шүүмжилмээр юм байвал хэл. Түүнээс мэдээгүй байж шүүмжлэх, сайшаах нь утгагүй. Зөв горим журам заншилд сурах хэрэгтэй. Шинжлэх ухаанд хэн юу хэлж байна вэ, түүнийг мэдээд ав. Хэрэглээд үз. Шинжлэх ухаан чинь яаж үүссэн билээ.” Дэлхий явж, нар зогсож байгаа гэж “ хэлсэн. Гэтэл өглөө босоод хартал нар нь яваад дэлхий зогсож байгаа. Гэтэл Коперникийг худлаа хэлж байна гэж бодоо биз дээ. Гэтэл энэ хүн тийм юм хэлж гэдгийг мэдээд л авчихсан байхад аяндаа Коперникийн зөв байсан нь батлагдаа биз.
Би Дэлхийн төв Монгол гээд хэлэхээр хэн ч итгэхгүй, худлаа гэх гээд байдаг. Хөгжингүй дэлхий эргэн тойрон байна. Монгол гэж ядууралтай, хоцрогдолтой улс сууж байдаг. Харваас худлаа гэхийн оронд миний хэлж байгааг мэдээд ав. Энэ нөхрийн цаана ингэж хэлэх үндэслэл байгаа юм байна, логик гогцоо нь схем үүсгээд цаашаа гинжин урвал болоод явчихжээ гэдгийг зүгээр мэдээд л авчих. Мэдэж аваад сонирхоод байх юм бол батлагдаад явчихна.

-Монгол төвт үзэл өмнө нь хэдий үеэс эхэлж байсан юм бэ, Та бол нэлээд хүчтэй гаргаж тавьж байна л даа?

-12 мянган жилийн өмнөөс чулуун зэвсгийн үеийг гурав хуваадаг. Эртний, дундад,шинэ гэж. Энэ үе бол палеолитийн эцсийн үе гэж яг түүхэнд онолчилж хэлмээр байгаа юм. Үндсэндээ палеолитийн эцсийн үе буюу 12 мянган жилийн өмнөөс энэ дэлхий дахин Монгол төвтэй. Ер нь яг хүний түүх, соёл иргэншлийн түүхийг сүүлчийн 12 мянган жилээр авч үзвэл их оновчтой, бодитой байдгийн шалтгаан нь их мөстлөгийн дараах 12 мянган жил байгаа юм. Өөрөөр их мөстлөг дууссан үе чинь 12 мянган жилийн өмнөх явдал.
Дэлхийн бөмбөрцөг чинь зузаан мөсөөр хучигдсан байх үед хүн ам нэг их өсч үржээд байсангүй. Мөсний дор ч юмуу цоорхойд сүрэг бүдүүлэг чулуун зэвсэгтэй хүмүүс байжээ. Мөс хайлаад дэлхийн бөмбөрцгийн өндөрлөг хэсгүүд наранд хайлж ил гарч дулаацаад мөс доошилж хуурай газар тэлэх тусам хүн ам мэдээж үржиж өсөөд түүнийхээ хэрээр чулуун зэвсэг нь боловсроод ахуй амьжиргааны зүйлд дэвшилд орсон анхны газар бол Төв Азийн өндөрлөг. Төв Ази өндөрлөг учраас мөсөн дороос анх цухуйгаад наранд ээгдэж тэнд сүрэг хүмүүс олширсон. Тэр хэрээрээ соёл иргэншлийн анхны үзэгдлүүд хадны зураг, дүрсүүд анхны түүх соёлын дурсгалууд Төв Азид хамгийн элбэг. Хадны зураг гэдэг чинь хамгийн эхний дурсгалуудын гол хэлбэр шүү дээ.
Тэр чинь одоо Монголд л байна. Хамгийн өргөн дэлгэрсэн газар Монгол. Өөр газар байхдаа Дундад Ази, урагшаа Ордосын нутаг гээд мөн л дахиад Төв Азийн эргэн тойрны ойролцоох газруудад байна уу гэхээс биш нэг их холоос эртний хадны зураг дурсгалын томоохон илэрцүүд байхгүй. Монгол төвт үзэгдэл зүй жам нь 12 мянган жилийн түүхтэй гэж ойлгох хэрэгтэй. Азийг нь орхичихьё. Европын Хүннү гүрэн гэдэг чинь Ромын их гүрнийг тэнцүүлж байлаа. Эцсийн тулалдаанд хайнцаж өнгөрсөн агуу том үзэгдэл шүү дээ. Дараа нь дахиад Чингисийн үед газарзүйн цэгээр нь ярих юм бол Хархорин дэлхийн төв байлаа. Гадаадын Элчин сайдууд, , гар урчууд, олзны хүмүүс ирдэг дэлхийн том төв байсан. Одоо дахиад дэлхийн төв болох үндэслэл нь “Супер нэгдлийн онол”-ыг бид олоод нээсэн юм чинь Дэлхийн шинжлэх ухаан технологийн шинэ төвийг Хархоринд үүсгэчих байхгүй юу. Одоо юм үүсгэнэ гэдэг чинь таван давхар байшин бариад л болох биш үү.
Интернэтэд утас залгана биз. Дэлхийн түүхийг Монголын талд эргүүлэхэд хоёрхон цагийн миний лекцийн асуудал л байгаа юм даа. Энд юу саад болж байна вэ гэхээр Монголчуудын өөрийнх нь сэтгэлзүйн саад байгаа юм. Энэ дэлхийн соёл иргэншил Монгол төвтэй байхгүй юу гээд хэлэхээр гараад харахад утаа униартай хот, хог новш, ядуу иргэд, худлаа ярьдаг улстөрчдийг хараад Эрдэнэ худлаа хэлээд байх шиг санагдана. Гэхдээ жаахан толгойгоо ажиллуулаад эргээд Хүннү гүрэн рүүгээ, Чингисийн Монгол гэж яагаад яриад байгаа билээ. Ямар учиртай болохоор нь дэлхий яриад байдаг юм бэ, цагийн мөчлөгөөрөө Монголчуудын өвөг хэн байгаад хаана очсон бэ гэдэг асуудал миний номд тодорхой байгаа. Маш том гинжин урвал байгаа юм. Тэр нь явж явж миний хийсэн судалгааны ажил болчихлоо. Нэгд Монгол төвт дэлхийн үзэл, Супер нэгдлийн онол асар том түүхэн үйл явцын эцсийн хариулт. Би сайндаа хийгээд байгаа юм биш. Дээр хийлгэдэг субьектууд байна. Би бол обьект, цаанаас нь хийлгэж байгаа, цагийн мөчлөг нь ирээд Монголчуудыг сэргэн мандуулах гэж зүтгээд байгаа, дахиад дэлхийн төв болгох гэж байгаа субьект чинь тэр дээр байгаа юм. Тэр субьектуудын мессеж зураг миний номд бий.
Монгол дахин сэргэх нэг мөчлөг ирчихсэн
-Монголчууд дэлхий ертөнцийн төв болох түүхийн учир шалтгаан бэлхнээ байдаг. Үйлийн үр ч юм уу, генийн ч байдаг юмуу дэлхийн ертөнцийн төв болох өөр ямар учир шалтгаанууд байж болох вэ?

-Шинжлэх ухаан гэж юу юм бэ, ертөнцийн бүх юмс үзэгдэл дандаа байгалийн үзэгдэл байдаг. Хүний нийгмийн түүх, хүний нийгмийн үзэгдэл чинь бас л байгалийн үзэгдэл шүү дээ. Байгаль дээр байгалийнхаас өөр юмс үзэгдэл байхгүй гэдгийг шинжлэх ухаан гэдэг. Монголын түүх байгалиас тасархай, хүн гээч юмны өөрийн түүх гэж битгий андуур. Энэ шиг том алдаа байхгүй. Хүн гээч бөөснүүд чинь ердөө байгалийн түүх.
Монголын түүх, дэлхийн түүх байгалийн үзэгдэл гээд бодчихвол тэр байгалийн үзэгдэл чинь ямар зүй тогтлоор явдаг юм бэ, түүний гол хүчин зүйл нь юу байдаг юм бэ гэдэг рүү тодорхой орчихно. Байгалийг захирч байгаа юм чинь цагийн мөчлөг. Одоо нөгөө Нар чинь өөрөө яваад цагийн мөчлөгийг тодорхойлоод байгаа шүү дээ. Өөр үзэгдэл байхгүй. Цагийг зогсоочихсон гэж үзвэл бид өөрсдөө байхгүй. Хүн үхэж байгаа гэдэг чинь цаг зогсчихож байгаа хэрэг. Тэр чинь мөчлөгтэй. Мөчлөгтэй үзэгдлийг л цаг гэж хэлдэг. Богино мөчлөг нь өдөр, хоног, сар, жил. Урт мөчлөг нь 5, 10, 20, 60, 100 жил байна. 100-аас илүү урт мөчлөг ч бий.
Тооцоод үзэхээр сонин тооцоо гардаг юм. Ухаандаа Чингисийн Монголоос хойш өнөөдөр Монгол дахин сэргэх нэг мөчлөг ирчихсэн байна. Хүснэ үү, үл хүснэ үү гэдэг нь хамаагүй. Мөчлөг эргээд үйлчилж байгаа үе. 1997 онд “Их гурвалжин” номынхоо анхны хэвлэлд хэлсэн. Монголын дахин сэргэлтийн мөчлөг хоёр мянганы заагт тохиох юм гэж. Энэ бол зүгээр байгалийн цагийн зүй тогтлын асуудал. Түүнээс би хэлээд босгох гээд байгаа юм биш. Монголчууд нэг их сайндаа юмуу, муудаа та бүхнийг харсаар байтал хөлтэй нь хөлхөж, хөлгүй мөлхөж байгаа юм биш. Цаанаас нь үйлчилж байгаа байгалийн үзэгдэл. Тухайн үндэстэн эрчимд орох тухай Гумилевын том том онолууд бий. Түүнийг унших хэрэгтэй. Үндэстэн эрчимжээд, хийморь сүлд нь ороод, идэвхтэй болоод ерөөсөө юу ч хийхээс буцахгүй зоримог болоод ирж байгаа чинь байгалийн мөчлөгийн асуудал.
Тийм мөчлөг өнөөдөр Монголд орж ирээд явж байгаа юм. Гэтэл Монгол үндэстэн сүүлийн таван зууны турш их буурч доройтож ирсэн учраас бараг удамшил нь сүйрэхдээ тултал доройтож ирсэн учраас нөгөө сэргэн мандлын үйл явцад ороход хүндрэлтэй байгаа юм. Тэр хүндрэлийг давахын тулд нэг том ном буруу, зөв ч бай бичигдэх ёстой байж. Тэгээд хүмүүс алдаг оног унших ёстой. Алдаг оног уншаад ямар нэгэн логик сэтгэлзүй рүү шилжих учиртай.
Үргэлжлэл бий
Д.Догсмаа
Эх сурвалж: “Монцамэ”

Leave a Reply

Labels