Туйлын тойм

0 Сэтгэгдэл бичих:

Төр, түмэнд өргөн мэдүүлэх ину

Бэсүд Ч. Эрдэнэ,

Монгол Улсын Соёлын элч, Соёлын гавъяат зүтгэлтэн


               Монголын түүх нэн өвөрмөц онцлогтойг дэлхий дахин мэднэ. Манай түүхийн өсөлт, бууралтын даялал (Амплитуд) хэтэрхий хол алслалтай. Монгол маань байх үгүйдээ тулах цаг бий. Өсөлтийн мөчлөгтөө Аттилын Хүннү, Чингисийн Монголын цар түвшинд босно. Байгалийн жам нь тийм юм.



Энэ удаа 21-р зууны эхэнд монгол үндэстэнд дэлхийд дахин тэргүүлэх түүхэн аугаа хувь заяа тохиолдож байна. Үүнд соёлт хүн төрөлхтөн огтхон ч гайхахгүй. Нөгөө алдарт юмуу, аймшигтай Монгол нь үгээ хэлэх болоогүй юмуу, дэлхийн байдал хэцүүдлээ гэх зөн совин дэлхийн оюуны элит түвшинд нийтлэг болсон нь хоёр зуун, хоёр мянганы зааг үеийн нэг онцлог. Дэлхийн зөн тэнэг биш, чухам Монголоос аврал хүлээж байна. Харин төв монголчууд бид өөрсдөө өөрсдийнхөө тэнгэрлэг хувь заяаны тохиолоос айж бэргэх хэрэггүй юм.

                          Тиймээ, төв монгол угсаатан та бид хүн төрөлхтөний авралын үгээ хэлж, үнэ төлбөргүй түгээж байна. Энэ үг нь миний эрхлэн буй

                    

www.finaltheory.net



вебсайтад бэлхнээ байна. Хойно ялигүй тодруулна.

                         Дээр дурдсан түүхэн ноцтой учир шалтгаанаар төв монгол үндэстэн их юм мэдэж, их юм ойлгох хэрэгтэй болоод байгаа юм.

    Нэг. Туйлын тойм

            Туйлын тойм гэхийн учир нь хүн төрөлхтөний хувь заяа, төөрөг зурагийн тухай туйлын ерөнхий логик, философи болон математик асуудлыг дэлхий дахины өнөөгийн байдалтай харьцуулан өгүүлэхтэй холбоотой.

            Өгүүлэх инү, хүн төрөлхтөний соёл иргэншил мөнх, эсвэл мөнх бусын тухайд хэн ч тодорхой хэлж зүрхлээгүй. Ер нь бол мөнх бусын ертөнц хэмээн монголчууд бид ярьдаг. Нэн ялангуяа амьдралын үзэгдлүүд насны хязгаартай. Хүн Төрөлхтөн бол бүхэлдээ амьдралын нэгэн үзэгдэл. Тэр тусмаа биологийн шатны материйн хувьслын оргил эцсийн бүтээгдэхүүн.

            Дэлхийн элит оюуны хүрээнд нилээд нийтлэг буй сэтгэгдэл гэвэл дараахи юм. Хүн төрөлхтөн, түүний соёл иргэншил оршихуйнхаа эцсийн шатанд орсон биш үү, цаашид даяар сүйрэл нүүрлэх олон шалтгаан  байна гэнэм. Ном нь дэлхий даяар уншигддаг нэрт физикч Стивен Хоукингийн үгээр бол, соёл иргэншил туйлын осолтой үе шатандаа шилжээд байна, 21-р зуунд даяар сүйрлийг тойрч гарахад нэн бэрхшээлтэй.

           Энэ үзлийн анхдагч нь Хоукинг хэрхэвч биш. Онолын физикийг 1687 онд “Principia Mathematica” номоороо үндэслэсэн их суут Исаак Ньютоны тооцоогоор Христийн тооллын 2060 онд эцсийн шүүх (Last Judgement) ирж хүн төрөлхтөнтэй тооцоо хийх юм. Энэ шүүх нь хүн төрөлхтөний бүхий л булайг өршөөх магадлал тэгт тэмүүлэх нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл, их Ньютон хүний соёл иргэншлийн насыг 2060 оноор хязгаарлан үзсэн гэлтэй. Энэ тухай Ньютоны гар бичмэлийг Израиль худалдаж аваад хадгалчихсан.

          1971 онд стратегийн судалгааны төв Ромын клубээс “Өсөлтийн хязгаар” ном хэвлүүлсэн нь дэлхийн даяар шуугиан тарьсан юм. Монголд маань өнөө ч мэдээгүй явна. Энэ ном нь зүгээр байдаг л нэг чалчаа философи, таамаглал бус, нарийн нягт математик загварчлал юм. Энэ тооцоогоор, соёл иргэншил өсөлтийнхөө хязгаарт хүрчихсэн, цаашид глобаль сүйрэл л нүүрлэх нигууртай.

          Номынхоо төгсгөлд Ромын клубын хэлсэн нэг аймшигтай үг бий. Юув гэвэл, хүн төрөлхтөн яаж ийгээд амьдарч үлдэж болох байх, гэхдээ хүний эрхэмсэг оршихуй, нэр төрөөс хэт доогуур хэтэрхий арчаагүй дорой байдалд амьдарч үлдэх үү, үгүй юү гэсэн асуудал бий гэжээ. Муу явахаар сайн үх гэсэн асуудлыг монголчууд ч ярьдаг.  

         Туйлын гүн гүнзгий, өргөн дэлгэр утгаар нь тоймловоос, хүн төрөлхтөний эцсийн хувь заяаны асуудал хурцаар тавигдах болсон онцгой цаг үед та бид амьдарч байгаа юм. Ингэж ойлго. Эргэн тойрноо хар.

Хоёр. Шинжлэх ухааны тойм

          Эртний Грекээс уламжилсан шинжлэх ухаанч танин мэдэхүй 2500 жилийн түүхтэй юм. Шинжлэх ухаан (ШУ)-ы ерөнхий асуудал нэн эгзэгтэйг сайн мэдэх шаардлагатай. Юув гэвэл, нэг талаас, ШУ төгсгөлийнхээ шатанд орсон. Гэтэл, нөгөө талаар, хүн төрөлхтөн юу ч мэдэхгүй хэвээр тууж явна. Түүгээр үл барам, ШУ маань танин мэдэх үнэн зөв арга замаа ч олсонгүй өнөөг хүрлээ гэсэн дүгнэлт байна.  

            Улмаар ШУ-ы эцсийн онол (Final theory)-ын асуудал 100 жилийн өмнөөс дэвшигдэн гарав. Ерөөс хүн төрөлхтөний туйлын зорилт бол орчлон ертөнцийн бүрэн төгс онолыг нээн олж, боловсруулахад оршино гэж үздэг юм. Тийм бүрэн төгс онол зарчмын хувьд байж магад асуудлыг А. Эйнштейн 1923 онд томъёолсон билээ.

Гурав. Эцсийн онолын мөн чанар

             Эцсийн онол (Final theory), Буй бүхний онол (Theory of Everything)-ыг дэлхийн суутууд 100 жил эрж хайж буй боловч олсонгүй. Харин танай хамар хашаа, хажуу орцны нэг муу монгол үндсэн математик постулатаар нь 1997 оны эцсээр нээж, 2020 он гэхэд бүрэн боловсруулж төгсгөв. Яагаад, ямар учраас нэг муу монгол чадсан нь манайханд гайхал төрүүлж буй байх. Товчдоо, монголын түүхийн чинад нууцын нэгээхэн илрэл нь энэ юм.

             Харсаар үзсээр байтал материаллаг ертөнц оршин байна. Гэтэл энэ нь цэвэр хийсвэр математик машин юм байна. Энэ математик машин нь өөрийгөө хатуу матери гэж харагдуулах арга нь топологи нягтрал юмсанж.

             Математикийн ухаан хоёр хуваагдана. 1. Ньютон-Лейбницийн нээж боловсруулсан хэрэглээний математик. Орчин үеийн ШУ-ы онолын гол арга зүй нь энэхүү хэрэглээний математик юм. 2. Цэвэр математик. Их суут Карл Гаусс 220 жилийн өмнө тооны онол, алгебр, геометрыг нэгтгэн цэвэр математик гэдэг сонгомол суурь ухааныг байгууулсан билээ.

             Тэгэхлээр Ертөнц маань хэрэглээний бус, цэвэр математик машин юм байна. Ньютон-Лейбницийн хэрэглээний математик бол хүний зохиосон зүйл болох нь тодорхой. Харин цэвэр математик нь байгальд эхнээсээ оршин буй байгалийн үзэгдэл. Дэлхийн бүх суутууд энэхүү хялбархан учрыг огт тааж мэдсэнгүй иржээ. Эйнштейний үгээр бол хүний тэнэг хязгааргүй. Суутууд тэнэгтэхдээ хязгааргүй тэнэгтэнэ гэсэн үг.

            Ертөнцийн нууц гэж ер таагдашгүй сонин юм шүү. ШУ-ы эцсийн онолын асуудлыг шийдэх шинэ Эйнштейн төрөхийг дэлхий даяар хүлээж байлаа. Гэтэл их зөнч Мишель де Нострадаме 1555 онд шууд хэлэхдээ, тэр их хүлээсэн хүн чинь хэзээ ч Европд ирэхгүй, Азиас тодроно гэжээ. Түүгээр үл барам, Гурван голоор баримжаатай цуст дайчин уламжлалт үндэстний миний нэрийн эцсийн үсгээр эхэлсэн нэртэй хүмүүн ихэд ганцаардмал нөхцөлд еврейн бус замаар явж үнэмлэхүй мэдлэгийг олно гэсэн буй. Орчин цагийн шинжлэх ухаан бол бараг дангаараа суут жүүд үндэстний оюуны бүтээл юм. Гэхдээ ШУ-ы эцсийн буюу супернэгдлийн онол нь үнэхээр еврейн бус замаар явсны үр дүн юм.

Дөрөв. Монголын метафизик философи уламжлал

              Шинжлэх ухааны ололт үндэсний оюуны уламжлалд тулгуурлах жамтай. Суут жүүд үндэстэнд Тора, Каббала зэрэг эртний олон судар ном байх ба тэдгээрээс Эйнштейн зэрэг олон суутууд төрж гарснаар 20-р зууны ШУ нь бараг дангаараа еврей үндэстний бүтээл юм.. Тэгвэл ШУ-ы эцсийн онолд хөтөлж хүргэсэн монголын уламжлал нь юу юм? Энэ бол дараахи хоёрхон мөрд товчлон үгүүлсэн хосгүй өндөр дээд метафизик философийн уламжлал юм, үүнд:

Мөнх Тэнгэрийн хүчин дор,

Их Суу Залийн ивээл дор хэмээжүхүй.

Мөнх Тэнгэр нь сансар ертөнц. Их Суу Заль нь ертөнцийн универсаль математик машин. Энэ машин нь бүхнийг эрхшээгч Дээд Оюун Санаа. Христийн шашинд үүнийг бүтээгч Бурхан гэж нэрийддэг. Монгол үндэстэн энэхүү Дээд Оюун Санааны ивээлд багтдаг учраас та бид ШУ-ы эцсийн онолыг бүтээв.

    Тав. Үхэж үл болно

                        Бүх салбарын Нобелийн шагналын 26 хувийг жүүд үндэстэн дангаар авсан байна. Энэхүү мөнхийн рекорд амжилтыг цуцлан давж гарах ганцхан боломж нь Эцсийн онолын нээлт. Чухам ийм гайхамшигтай тохиол Монголд учирлаа. Эцсийн онол маань Нобелийн шагналыг физик, биологи, химийн салбарт аваад илүү гарна. Ерөөс ШУ-ы салбарт зарлагдсан олон улсын бүх шагналыг түүж авах ёстой.

                        Гэтэл Нобелийн шагнал нэг ноцтой болзолтой. Нөхөн олгодоггүй. Судлаач Besud Chu. Erdeni амьд арзайж, мэнд мэлтийж байх ёстой гэсэн үг.

                       Эцсийн онол нь онолын физиктээ Superunified Theory of Quantum Fields & Fundamental Interactions гэсэн нэртэй. Энэ бол цэвэр математик дахь олон том нээлтээс бүрдсэн аугаа их нээлт, үнэмлэхүй математик онол юм. Эцсийн онолын үнэмлэхүй дээд шинж чанарыг дэлхийн ШУ-ы олон нийт үг дуугүй хүлээн зөвшөөрлөө. Надад өгүүлэл захиалахгүй ШУ-ы сэтгүүл байхгүй болсон.

                       Монгол Улс, төр засаг, түмэн ард нэг юмыг сайтар сэргээн санаж ойлговоос зохино. Үүнд, соёлт ертөнцөд үндэсний баялгийг ШУ-ы ололтоор тооцдог болоод 500 жил болж байна. Гайхамшигтай нь юув гэвэл, Монгол Улсын Үндсэн хуульд энэ тухай асуудлыг маш сайхан журамлан хуульчилсан байгаа юм.

                      Товчдоо, Нобелийн шагнал бол эрхэм дээд үндэсний баялаг, их гүрнүүдийн хувьд ч зүүд мөрөөдлийн зүйл. Үүний төлөө Монгол Улс тэмцэх ёстой.

                      Том юм том саадтай гэж үг бий. Эцсийн онолыг сонсож мэдээгүй, хүлээн зөвшөөрдөггүй ганц улсаар дэлхийд үлдээд байгаа нь Монгол Улс өөрөө. Үүнд гадаад ертөнц гайхаж цөхрөөд байна. Монгол маань улс шиг улс юм бол өөрийгөө батлан харуулах түүхэн аугаа боломжийг Дээр Тэнгэр бэлэглэлээ. Их Монгол Улсын хаад зарлиг сэлтээ “Тэнгэрт тэтгэгдсэн, Дэлхийд өргөгдсөн” хэмээн удиртгах заншилтай байжээ.

                       Ерөнхийлөгч Х. Баттулга шинэ сайд Л. Энх-Амгаланг хүлээн авахдаа, Монголд шинжлэх ухаан байхгүй гэж анхааруулсан билээ. Үнэн нь энэ. Гэхдээ аливаа бүхэн байгалийн жамаар хоёр туйлтай. ШУ байхгүй тусмаа ШУ-ы эцсийн онол олддог байна. Тэнгэрийн тэтгэлгээр шүү дээ.

                       Шинэ Ерөнхийлөгч У. Хүрэлсүхийн үгээр бол байгалийн дундардаг баялаг ч байна, оюуны ундардаг баялаг ч байна. ШУ-ы эцсийн онол бол дуусашгүй ундаргатай үндэсний баялаг мөн. Үүнийг олборлон ашиглах анхан шатны арга замын талаар миний бичсэн ном ч бий. Энэ тухайд Монголын төр засаг санаж сэрэх буйзаа.

                        Эцсийн онол нь Нобелийн шагналыг ШУ-ы гурван салбарт автоматаар авах бэлэн нөөц. Гагцхүү үхэж үл болно.

                         Мартсанаас мал мэнд үү гэгчээр Монгол Улс ч шагналын системтэй. ШУ-ы салбарт 100 сая төгрөгийн шагналтай л гэдэг. Уралдаанаа явуулаач, би горилъё. Монгол үндэстний дахин Сэргэн мандлын бат ноттой үндэслэлийг Дээр Тэнгэрийн зарлигаар тавьсан миний бие Чингис хааны одонг бас автоматаар горилох ёстой юм биш үү.


Улаанбаатар Хот                                      2021.08.09 
"Цөөвөр" хэмээх цагаагчин төмөр үхэр жилийн
Намрын тэргүүн Улаан бич сарын
Шинийн 1-ний
Гурван хөх мэнгэтэй, шарагчин үхэр өдөр
Continue reading →

Labels