ЦӨМИЙН АСУУДАЛ БА МОНГОЛ УЛС

1 Сэтгэгдэл бичих:

www.superunified.org

Бэсүд Ч.Эрдэнэ
Английн хойгуур Атлантын далайн эрэг дээр Селлафилд гэх жижигхэн хот бий. Тэнд цөмийн түлшний үйлдвэр British Nuclear Fuels PLC байх ба миний бие 1990 оны хавар очиж үзсэн нь хуучин социалист орнуудаас биш юм гэхэд лав Монголоос анхны, одоогоор ганцхан ч байж магад тохиолдол байх. Тийшээ орохын тулд Британий виз авах хэрийн ажил явдал болсон нь мэдээж.
Үйлдвэрээс надад Sellafield гэсэн бичигтэй малгай бэлэглэснийг би үргэлж өмсөх ба энэ нь англичуудын дургүйцлийг ихэд төрүүлнэ. Учир нь тус үйлдвэрийн эсрэг олон нийтийн тэмцэл орон даяар нь өрнөсөн үе байлаа. Өнөө ч үе үе хүчээ авдаг тэмцэл. Гэлээ гээд Селлафилд нь цөмийн түлш боловсруулах Барууны хоёр гол үйлдвэрийн нэг тул яах билээ. Япон ч тэндээс цөмийн түлшээ авдаг. Хоёрт гэвэл, мөн тэнд энхийн зориулалтаар дэлхийд анх барьсан цөмийн реактор Calder Hall байх тул цөмийн энергийн түүхэн төв нь Селлафилд болох учрыг зургаас үзмү.
Монголд АЦС байгуулах нөхцөл боломжийн тухайд академич Н. Содном амьдралынхаа сүүлийн жилүүдэд хэвлэлээр нэг бус удаа дуугарсан. Монголд болон ер социалист орнуудад орчин үеийн физикийн шинжлэх ухаан хөгжүүлэх үйлсэд нөр их хүчин чармайлт талбисан хүн л дээ. Гэтэл ардчилсан тогтолцооны эхэн үед өвгөн академичаар МУИС-ийн Цөмийн физикийн лабораторийн шал угаалгах гэж шахаад үйлийг нь үзсэн гэдэг.


Энхийн зориулалтаар цөмийн энерги ашиглах асуудал зарим талаар зайлшгүй боловч эхнээсээ зөрчилтэйг Колдерхолл-Селлафилдийн жишээгээр ч харж болох юм. Зөрчил нь бодит бөгөөд эцсийнхээ дүнд газар дээр амьдрал байх эсэхтэй холбогдоно. Аюул нь зарчмын шинж чанартайд хамаг учир оршино. Энэ аюулын тухайд гашуун туршлага нилээд хуримтлагдаж амжжээ. Чернобыль байна. Хар домог гэж хөрвүүлж болохоор нэр. Ээлжинд гарсан хэдэн инженер туршилт тавих гэж оролдоод эцэст реакторын ажиллагааг хяналтаасаа алдаад дэлбэлчихсэн дүр зурагтай. Фукушима байна. Fuck-you гэмээр юмуу. Далай дор газар хөдлөх боломж хажууханд нь илт харагдах далайн эрэг дээр АЦС барьчихаж. Тэгээд аваарын дизель станцаа газар дор нуучихаж. Далайн ёроол доргисон, цунамийн давалгаа нөмөрсөн, дизель нь усанд автсан, реакторын хөргөлт зогссон, реактор халсан, АЦС дэлбэрсэн, цацраг идэвхи тарсан. Уг төслийн энгийн алдаанууд эцэст ийм гинжин урвалд хүргэсэн байна.

Үүний мөрөөр дэлхий дахин АЦС-ын асуудлыг дахин ноцтой хэлэлцэж, ширүүхэн маргаж мэтгэлцлээ. Санал нэг мөр нэгдэж, ямар нэг шийдэлд хүрсэн нь мэдээж үгүй. Гэвч ерөнхий чиг шугамаараа дараахи сэтгэгдэл давамгайлах бололтой. Нэгд, цөмийн ослоос учрах аюул үнэмлэхүй шинж чанартайг эрхбиш эн түрүүнд харгалзах. Хоёрт, ер цөмийн ослоос урьдчилан сэргийлэх боломж үнэмлэхүй биш юм байна, тиймээс цөмийн осол сүйрэл гарахгүй гэх баталгаа хаана ч, хэзээ ч алга гэж. Тиймээс цөмийн энергиэс бүрмөсөн татгалзаж, АЦС-уудыг хаахгүй гэхэд эрчим хүчний үйлдвэрлэлдэхь түүний хувийн жинг өсгөх эсэхэд тулхтай анхаарах ёстой гэсэн дүгнэлтэд хүрч байх бололтой.

Цөмийн асуудал зарим талаар жигтэй. Манай Эрдэнэт үйлдвэртэй нэгэн зэрэг Зөвлөлтөд Атоммаш гэдэг аврага үйлдвэр баригдаж байв. Зөвлөлтийн бүтээн байгуулалтын оргил нь гэж үзэж байв. Цөмийн реакторуудыг зүгээр энгийн мотор үйлдвэрлэх лүгээ цувуулж гаргах ёстой байсан. Гэтэл сүүл тийшээ чимээгүй болчихсон. Яав гэвэл, дорхи газар нь цөмөрчихсөн гэдэг.
АЦС-ын тухайд манай хуучин тогтолцооны үед ч бодож байсан бололтой. Хуучин үед Киевт суралцан АЦС-ын автомат удирдлагын инженер болсон нэг хүнийг би мэдэх юм. Гэвч өнөөгийн бодит байдалд

Монголд АЦС барих нь байтугай, жишээ нь, Хятад улс олон АЦС-тай, цаашид олшруулах төлөвтэй нь манай аюулгүй байдлын асуудлыг хөндөхгүй биш юм. Тэр станцууд нь хаана байрладаг юм, хэр найдвартай юм, оросууд, япончууд алддаг бол хятадууд алдахгүй гэх баталгаа байна уу гэх мэт. Даяаршсан асуудлуудын нэг нь цөмийн аюулгүй байдлын асуудал. Цөмийн зэвсэг байна, АЦС байна. Осол аль алинд нь боломжтой. ОХУ-ын хүнд жилүүдэд Ерөнхийлөгч Ельцин ганцхан юм захиад байсан гэдэг. Пуужин-цөмийн зэвсэг дээр сууж буй цэрэг офицеруудыг хэрхэвч өлсгөж болохгүй гэж. Монгол, оросын үйлдвэрийн үхрийн жигнэсэн махан нөөш тэдэнд л хүртэж байсан дүр зурагтай. АНУ ч тэднийг өлсгөж дааруулахгүйн тулд тусламж үзүүлж байжээ гэнэ.

Цөмийн зэвсэг аажмаар дэлгэрч байна. Энэтхэг, Пакистан, Израиль, магадгүй ӨАБНУ гэх мэт. Япон 24 цагийн дотор цөмийн бөмбөг угсрах бэлэн бэлтгэлтэй гэдэг. Ирак хоцрогдлынхоо харгайгаар хүч хүрэхгүй. Иран хүч хүрч болзошгүй. Хойт Солонгос бүх нөөцөө шавхан цөмийн зэвсэг бүтээсэн нь үнэн байх. Ноцтой сөргөлдөөнд татагдан орсон улс орнууд үнэмлэхүй айлгах зэвсэгтэй болсноор аюулгүй байдлаа хангах эрмэлзэлтэй байна. Цэрэг-стратегийн үүднээс үүнийг ойлгож болох. АЦС нь айлгах зэвсгийн зориулалтгүй боловч хэрэг дээрээ бас тийм болчихоод байна. Монголд АЦС заавал барих минь гээд зүтгэвээс хоёр хөрш маань ихэд болгоомжлох нь гарцаагүй. Хөгжлийн түвшин гэж нэг эгзэгтэй юм байх ба Монгол улс АЦС-аар хөөцөлдөх түвшинд хүрсэн эсэх нь эргэлзээтэй. Тэгэж хэсэг айлгаад бид больёо, харин та нар нүүрсний нэг сайхан цахилгаан станц бариад өгчих гэх мэт шантаажлах боломж гарахгүй гэх газаргүй болтлоо АЦС-ын асуудал хурцадсан байна.

Химийн хүнд элементийн цөм задрах урвалд тулгуурласан нь аюултай АЦС бөгөөд задрах урвалыг удирдаж болно. Тэгвэл хөнгөн элементийн цөм нэгдэх урвалд түшиглэвээс аюулгүй халуун цөмийн станц бий болох юм. Гэвч цөмийн нэгдэх урвалыг удирдаж чадахгүй байна. Олон улсад асар их хүч хөрөнгө зарсаар буй боловч шийдэл алга. 90 нас сүүдэр зооглож, 50 жилийн өмнөх онолын ажлаараа Нобелийн шагнал хүртсэн оросын акад. В. Гинзбургийн үгээр бол хэрэв дэлхий дахин үнэхээр хүчтэй хүсэх юм бол халуун цөмийн станц байгуулах боломж одоо ч бий, гагцхүү гаргасан цахилгааных нь өртөг хэт өндөр байх болно гэжээ. Физикийн хэлээр хэлбэл, зарцуулсан энерги нь гаргаж авсан энергиэс нь илүү байх талдаа шатанд энэ талын туршилт явагдаж байх ба туршилтууд нь тэрбум тэрбумын өртөг зардалтай байна.
Фукушимын дараа Оросын тэргүүлэх мэргэжилтнүүдийн ярьж хэлэхийг сонсвоос дараахи юм. Зөвхөн Америк, Орос хоёр цөмийн асуудлыг эхнээс нь оролдож, онол практикийн туршлага хуримтлуулсан сонгодог улс хэвээр байна. Бусдууд, түүний дотор Япон ч ялгаагүй наад зах нь 10 жилээр хоцорч яваа. Тиймээс Фукушимагийн АЦС-ын дотор гадна ослын дараа үүсэх процессыг зөвхөн бид л тооцож чадна, тэгээд чадлаа гэж байна. Оросууд худлаа хуцлаа гэж бусдууд хэлсэн нь харагдсангүй.

1960-аад он. Цөмийн физик тэр үед өнөөгийн хип-хоп, рок-поп шиг сонирхолтой зүйл байлаа. Бөгсөө хөдөлгөх нь үзэл суртлын хориотой учраас толгойгоо ажиллуулах л үлдсэн хэрэг. Тэр үес цөмийн зэвсгийн түүх болон түүний физикт шууд холбогдох анхны ном зохиол гарсан. Анхны ном Энэтхэгт гарсан нь тохиолдлын биш. 1961 онд ЗХУ-д анх цөмийн ба атомын физикийн лавлах номыг инженер-физикчдэд зориулан 28000 хувиар хэвлэжээ. Инженер-физикч гэх нь зөвхөн цөмийн зэвсэг, техникээр ажилладаг цоо шинэ ажил мэргэжил байв. Ийм мэргэжилтэн бэлтгэдэг алдартай сургууль Москвад бий. Социализм нурсны дараа шинжлэх ухааны бүх салбарын тэргүүлэх 900000 мэргэжилтэн, судлаачид Оросоос дүрвэн гарчээ. Түүний дотор зөвлөлтийн цөмийн мэргэжилтэн хэдэн хүн хаашаа тарж очсон тухай тодорхой тоо баримт ч байдаг. Монгол ч гэсэн хэд гурвыг олж авчраад багшлуулсан бол одоо АЦС ярихад зүгээр байхсан.

Инженер-физикчийн лавлах номонд 70 кг жинтэй дундаж хүний химийн бүтэц гэсэн бүлэг бий. Хүний биед 46 химийн элемент байх ба тэдгээрийн тус бүрийн эзлэх хувийг өндөр нарийвчлалтай тодорхойлсон байна. Дашрамд, хүн гэдэг амьтан 46 хромосомтой ба химийн тогтвортой элементийн тоо 92-оор төгсдөг гэх мэтийг анзаарч болох. Инженер-физикчдэд хүний биеийн химийн бүтэц ямар хэрэгтэй байх вэ? Фукушима дэлбэрлээ, цацраг идэвхи цацагдлаа. Энэ нь ойр орчны хүмүүсийн биед, тодруулбал мөнөөх 46 химийн элемент тус бүрээр ямар нэг урвал явуулж үйлчлэнэ. Энэ бүхнийг оросууд аль хэдийнэ судалж амжсан байсан. Судлахын тулд өөрийн цэргийн нэг дивиз дээр агаарт цөмийн бөмбөг тэсэлж, тэсрэлтийн голомт руу давшуулсан байдаг. Арав хорин жилийн дараа тэр дивизээс амьд үлдсэн нь гарын таван хуруунд багтах тооны. Япончууд ийм туршилт тавиагүй, туршлага, мэдлэг хангалтгүй. Тиймээс оросууд л Фукушимагийн дараахи элдэв ил далд процессыг тооцож чадах нь худал биш. Харин Монголд цацраг идэвхит хордлогод тэсвэртэй гэгдэх хулганын төрөл олдсоныг япончууд аваад явсан гэх мэдээлэл байдаг.

Дээр дурдсан анхны зарим ном зохиол хэлтэлж байгаад миний бие цөмийн цэнэгийн критик масс буюу тэсрэх массыг тооцож үзсэнд 100 кг мэт байлаа. Үнэн хэрэгтээ 10 орчим кг болохыг хожим олж мэдэв. 10 дахин алджээ. Гэтэл алдарт физикч, Нобелийн шагналт Вернер Хайзенберг тэсрэх масс нь 1000 кг гэж тооцоод 100 дахин алдсан байдаг. Үүнд итгэсэн фюрер цөмийн зэвсгийн асуудлыг орхиж, холын тусгалтай пуужингийн төсөлд анхаарлаа хандуулж, алдарт инженер Вернер фон Браунаар удирдуулсан байна. Дайны сүүлчийн өдрүүдэд АНУ-ын цэрэгт олзлогдсон фон Браун хожим Ерөнхийлөгч Кеннедийн зарласан Аполлон программыг хэрэгжүүлж, 1969 онд Саранд хүн нисгэхэд цэрэг миний бие Нобелийн шагналт Ричард Фейнманы алдарт лекцүүдийн зарим ботийг Зүүнбаянгийн тэнгэрдэхи тэргэл сарны гэрэлд уншиж байжээ. Дэлхий маань ганц том тосгон.

Орчин цагийн соёлын үндсэн бүрэлдэхүүн хэсэг нь физикийн ухаан гэж Фейнман лекцийнхээ төгсгөлд хэлсэн байдаг. Ямар физик байна, тийм л соёл иргэншил байна. Гар утас, сансарын холбоо, цөмийн реактор зэрэг ололтууд сайнтай муутайгаа өнөөдрийг тодорхойлж байна. Гэтэл өнөөгийн залуу үе маань соёл гэхээр зохиолын дуу, их үсрээд шоу бизнес гэж ойлгох байдалтай. Их гүрнүүд, хөгжингүй орнуудын хувьд тэдний шалдир булдир бүтээгдэхүүнийг бэлэн хэрэглэхээс цааш эрэлт сонирхол, чадваргүй монголчууд л хэрэгтэй. Монголоос тэдний сонирхох юм нь сэтгэгч хүн бус, газар ба газрын хэвлийн баялаг. Тиймээс физикийг болье гэхэд цөмийн асуудлын эргэн тойрныг ил далдтай нь багцаалах чадвар зайлшгүй хэрэгтэй болно. Жишээ нь, үндсэндээ зэлүүд өргөн уудам газар орон маань цөмийн хаягдал булшлах сүүлчийн нөөц газар харагдаж байх нь лавтай. Гол сонирхол нь үүнд байхгүй байж чадахгүй. Монголчууд бид адтай, тиймээс манай заримуудын бодол санаа, ашиг сонирхол ч үүнд шууд тулаад ирсэн бололтой. Цөмийн хаягдал булшлах нь ёстой хоосон газар том мөнгө босгох үлгэрийн шахам ганц боломж. Ингээд гадаад дотоод ашиг сонирхлууд авцалдаж ирнэ. Энэ нөхцөлд монголын олон нийтийн сэтгэлзүйг цөмийн энергийн далбаан дор дасгаж эхлэнэ. Монголд уран олборлож ачаад Селлафилдийн үйлдвэрт боловсруулж авчраад АЦС байгуулах энэ тэр бол өнөө маргаашгүй хялбархан шийдэх асуудал гэж ойлгуулахыг яаравчлана, толгой түрүүгүй сурталчлана. Үнэхээр бодит байдал дээр Монголын ЗГ гэх угтаа хөдөлгөөн нь болхи удаан, эрчим нь сул дорой нэгэн хуулийн этгээд гэнэт цөмийн энергийн асуудал гэж учир тоймгүй бачимдан хөөцөлдөөд эхэлсэн нь цаанаа учиргүй огт биш. Хүмүүс бодож болох юм, манай аймаг, сумын нутагт эзгүй зэлүүд газраас их юм алга, төр засаг тэр хаягдлыг нь булуулаад биднийгээ баяжуулах юм бол хамаа алга гэж. Мэдээж, төрийн дансанд ямар нэг хэмжээний төлбөр хийгдэнэ, гэхдээ булуулах зөвшөөрөл өгөгсөд түүнээс хэд дахин илүү авлига авна. Цаадуул нь цааргалахгүй, гар татахгүй, манайхны аманд багтана. Хэдэн хувь илүү бус, хэд дахин илүү гэдэгт асуудлын гол гогцоо оршино. Ийм боломжийг мангартаад алдахгүй нь хөгжиж буй капиталист зах зээлийн хууль. За яахав, АЦС барилаа гэж бодъё. Манай цөмийн хаягдлыг ачаад аваад явах тэнэг лав энэ ертөнцөд олдохгүй. Эндээ хаягдлаа аргалж суутал за, монголчууд минь, их барьсан ч баас өмхий, бага барьсан ч баас өмхий гэж та бүхэн өөрсдөө муухай балиар боловч мэргэн үг хэлэлцдэг. Одоо танайх ерөөс цөмийн булшны газар болчих гэхээр бид санал нийлэхээс өөрцгүй болно. Ер нь бол АЦС барих ч шаардлагагүй, шав тавьчихаад барина барихгүй гэж шантаажлаад асуудлаа шийдэх, шийдүүлэх боломжтой.

АЦС бол хүн төрөлхтөний ирээдүй хэрхэвч биш нь эхнээсээ тодорхой байсан. Тиймээс халуун цөмийн урвалд шилжих зорилт эхнээсээ тавьсан нь технологийн хувьд болж бүтэх найдвар тун хомс байна. Өнөө үеийн өндөрлөгт 70-аад жил хүчлэн оролдоод чадаагүй бол цаашид чадах магадлал байхгүйтэй адил.

Гэтэл хүн төрөлхтөний төөрөг зураг энергийн эх үүсвэрийн асуудалтай шууд холбоотой. Ингээд шинжлэх ухаанд фантазлах хэрэг гарна. Энэ нь эн түрүүнд чөлөөт энергийн гэх асуудалд хамаатна. Энэ нь үнэндээ өнөөгийн шинжлэх ухаанд хориотой асуудал болох мөнхийн хөдөлгүүр-ийн асуудал болно. Чухамдаа мөнхийн хөдөлгүүрээс ч гүнзгий асуудал. Энд аймшигтай нь юув гэвэл, мөнхийн хөдөлгүүр байж болохгүйг мэдэх нь боловсрол гэж Баабар хэлсэн байдаг. Ардчилал, зах зээлийн энэ сайхан үед монголчуудын айдаг ганцхан юм байдаг. Энэ нь Баабарын хэл аманд өртөх. Манай ахмад үеийнхэн гэхэд мөнхийн хөдөлгүүр боломжгүйг дунд сургуулийн 6-р ангиас мэднэ. Дэлхий даяар мөн ийм багцаатай. Баабарын мэдэх хэмжээний боловсрол хаа сайгүй байна уу, байна. Гэлээ гээд дэлхий даяар чөлөөт энерги, мөнхийн хөдөлгүүрийн асуудлаар ил далд оролдсоор ирсэн, одоо улам шаргуу оролдох болов. Монголд ч оролддог хүмүүс байна. Саяхан гэхэд нэг инженер орж ирээд уг асуудал шийдтэй тухай ярьж л байна. Хүн төрөлхтөний ээлжит зорилт юу болохыг ойлгох нь боловсрол болжээ гэлтэй. Хүн төрөлхтөний ээлжит зорилтууд тухай бүр эхлээд үлгэр домгийн юм харагдах боловч тухай бүр шийдэгдсээр иржээ. Гэхдээ тусдаа асуудал тул дараа болъё.

One Response so far

Leave a Reply

Labels