ОЮУН УХААН: ЛОГИК БА СЭТГЭЛЗҮЙН ХАРЬЦАА, ЗӨРЧИЛ

0 Сэтгэгдэл бичих:
Бэсүд Ч. Эрдэнэ
"Чинад Нууцын Монгол Орон" номын хэсгээс...
ОЮУН УХААН:

 ЛОГИК БА СЭТГЭЛЗҮЙН ХАРЬЦАА, ЗӨРЧИЛ


                   Энэхүү номыг нэг нь бичиж, нөгөө нь уншихад аль алиндаа нилээд хүндрэлтэй талдааг эхнээсээ анхаарах хэрэгтэй. Учир нь ноцтой асуудлууд дөнгөж эхлэн хөндөгдөх мөртөө бас даруй шийдэгдэх итгэмээргүй сонин гаж зам мөртэй юум. Тиймээс зарим туйлын ерөнхий асуудлаар урьдчилан санал солилцож, болжгэм санал нэгдэх нь зарчмын хувьд зүйтэй байх.
                         Туйлын ерөнхийн тоонд оюун ухааны асуудал багтахаар барахгүй тэргүүлнэ. Тэгвэл тэр оюун ухаан гэгч нь чухам юу юм? гэхээр тоймтой тодорхой хариулт шинжлэх ухаанд өнөө хэр алга. Бэлэн зэлэн хариулт алга учраас та бид өөрсдөө л энэ тухайд ажиглаж бодолхийлхээс өөр замгүй. Та бид өөрсдөө оюун ухаан санаатай амьтад учраас өөр хэнд, юунд уг асуудлыг даатгах билээ.
                          Ер нь бол оюун санаа нь уураг тархины бүтээгдэхүүн гэхээс илүү сүрхий сайхан тодорхойлолт олдохгүй. Энэ бүтээгдэхүүн нь хийсвэр сэтгэлгээний зүйлд хамаарна. Улмаар оюун ухааны хэмжүүр нь гол төлөв хийсвэр сэтгэлгээний чадвар бололтой. Уул шугамаараа ийм боловч хүний  оюуны чадавхи нь 200 гаруй хүчин зүйл, нарийн ширийн сэжмээр нөхцөлдөн буй дүр зурагтай гэж үзэж байна. Холбогдох судалгааны тойм үр дүн иймэрхүү.
                      Энэ бол их чухал үр дүн. Оюуны чадавхи нь хэт олон гэмээр сэжим хүчин зүйлээр нөхцөлдөн буй учраас магадлалын тархалтын зүй тогтлоор хүмүүс бидний оюун ухаан дунджаар адилхан нэг түвшнийх болж таарна. Зарим сэжмээр А этгээд давамгай бол бусад сэжмээр Б хүн илүү байна гэх мэт. Эцэст хүний оюун ухаан гэсэн дундаж нэгэн үзэгдэл л оршин байна. Ерөөс лут ухаантан, угаас тэнэг хүн гэх мэт ялгаж салгах нь буруу ойлголт, зөрүү хандлага. Хувь бодгалийн оюуны шинж төлвийн онцлогийн асуудал тэргүүлэх үүрэгтэй нь илт байгаа юм. Жишээ нь, 20-р зууны нэг суут математикч Давид Хильберт гэхэд ердийн нөхцөлд  маш дүйнгэ донгио, гайхмаар удаан ойлгоцтой хүн байсан тухай намтарчид нь цохон тэмдэглэдэг. Хүний ухаан гэж ийм зөрчилтэй үзэгдэл юм. Хильберт нь нэг талаар суут, нөгөө талаар тэнэг хүн байжээ. Дунджаар та бидэнтэй л адилхан дундаж нэгэн байсангүй гэх газаргүй. Нэгэнт дүндээ дүн, адилдаа адил годилдоо годил юм бол та бид Хильберттэй математикчийнх нь хувьд ч маргаж мэтгэлцэж болохгүй огт биш үү гэсэн асуулт гарна. Ер математик бол тов тодорхой ухаан, тиймээс үнэндээ тэнэг хүний ажил гэсэн сонин үзэл байдаг нь эцэстээ үнэний ортой ч байж мэдэх. Хэрэв тийм бол та бид Хильбертээс ч илүү ухаалаг математикчид байж бас магад юм биш үү гэж өөрсдийгөө багагүй бодит үндэслэлтэй дөвийлгөн бодож болох.
           Дээр өгүүлснээс үзвэл, шийдвэрлэх ач холбогдолтой нь хувь бодгаль хүний оюуны өвөрмөц онцлог байна. Өөрөөр хэлбэл, та бид оюун санааныхаа төрмөл ба олдмол онцлог хүчтэй ба сул талыг ажиглаж мэдэх нь чухал юмаа гэсэн үг.
           Уураг тархинаас логик сэтгэлгээ урган гарна. Мөн сэтгэл зүй гээч юм урсан гарна. Хосмолын хууль юм даа. Үндсэн нэгдэл ба зөрчил чухам энд байгаа юм.
          Логик гэж бүх боломжтой ертөнцүүдэд ганцхан байдаг юмыг хэлнэ гэсэн тодорхойлолт бий. Тиймээс та бид бүхэн нэг л логиктой. Энэ тухайд зарчмын ялгаа зөрөө огт байхгүй. Энэ тухайд буруу зөрүү ойлголт их байдгийг хэлэх хэрэгтэй. Манай нэг олигарх төрсөн дүүдээ нэг чухал ямны чухал албан тушаалхудалдаж аваад өгчихөж. Нөгөөх нь хүн болгон өөр өөрийн логиктой гэж яриад сууж байгаа юм. Тэр хүмүн та биднээс өөр логиктой байгаад төр засгийн хэрэгт оролцвоос цусгүй ална биз дээ. Гэвч хүн болгон үнэхээр тус тусдаа өөр өөр. Юугаараа өөр вэ гэвэл, сэтгэлзүйгээрээ, оюун санааныхаа шинж төлөв, чиг хандлагаар.             Хүн болгон өөр өөрийн логиктой гэж бодох нь сэтгэлзүйг эндүүрч буй хэрэг. Энэ бол маш бүдүүлэг бөгөөд нилээд нийтлэг тохиолддог логик алдаа.
            Хаана логик, хаана сэтгэлзүй явж буйгаа тов тодорхой ялгаж салгаж сурахаас сэтгэлгээний соёл гээч юм эхэлдэг. Сэтгэлгээний соёл гээч нэр томъёог ихэд анхаарч болгоож, ийм соёлд суралцах хэрэгтэй болдог. Ахуй амьдрал, нийгэм орчин маань оюун сэтгэлгээний үр дүн. Нэгэнт сэтгэлгээний асуудал тавигдсан нөхцөлд логикоо урьтал болгож хэвшиж занших шаардлагатай. Гэтэл хүн бид маань хүн л юм болохоороо аливаад сэтгэлзүйгээ өмнөө барьж гүйдэг. Их бага алдаанууд эндээс л гардаг. Логик хоцорч, сэтгэлзүй түрүүлж давхиж болдоггүй.
            Хүйтэн толгойтой, халуун зүрхтэй байхтун гэсэн үндсийн үндсэн сургаал байна. хатуу чанд логикоор сэтгэж, чин сайн санаа баримталж явахтун гэсэн үг...
үргэлжлэл бий...


...Цэвэр оюуны сонирхол!.
Хардверынхээ хувьд хэт хөгжсөн ч байж магад уураг тархи, түүнд суулгасан софтвер буюу орчин цагийн боловсрол, либерал ардчилсан дэглэм гурав нийлээд оюуны сонирхлыг харьцангуй цэвэр утгаар нь Монголд ихэд түгээмэл хөгжүүлмээр мэт боловч хэрэг дээрээ огт үгүй байдалтай. Үүний шалтгаан нөхцөл олон бөгөөд ноцтой.
Хамгийн ноцтой нь? 
Монголын нийгмийн ерөнхий хоцрогдол. Үүний үр дүн, тод илрэл нь төр засгийн түвшний дорой буурай төлөв байдал, бурангуй хоцрогдмол шинж чанар.
Хүмүүс юу юуны өмнө ядуурлыг нэрлэх гээд байдаг.
Гэтэл ядуурлын шалтгаан чинь хоцрогдол. Энэ хоцрогдол маань нийгмийн дээд түвшин, төр засагт очоод архагшиж төвлөрөх нь урьдаас тааж болох үйл явц.
Олигархууд маань уяачид, их сайндаа бөх байлагчид. Манжийн үеийн феодалууд. Манжийн үеийнхээс ялгаатай нь гэвэл, эрхбиш цагаа дагаад загвар өмсүүлэгчид, шоу зохиогчид бас байна. 
Дээд давхрага маань ийм.
Доогуураа бол зохиолын дуу, захиалгын шүлэг, солонгос кино гэсгээд оюуны эрэлт, хангалтын аль аль нь дуусгавар болно. 
Үгүй юмуу?...

Continue reading →

Labels